Хавар, зуны улирал болж цэцэг ногоо дэлгэрэхтэй зэрэгцэн эмийн сангаар “харшил”-н эм худалдаж авах гэсэн хүмүүсийн дараалал улам ихэсдэг. Магадгүй та болон таны эргэн тойрны хэн нэгэн хоол хүнс, ахуйн бүтээгдэхүүн, эм эмийн бэлдмэл, муур нохой, утаа тортог, тоос шороо гээд л олон зүйлээс харшлан асуудлаа шийдэж чадалгүй ирсэн бол харшил гэж юу болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна.
Харшил гэж юу вэ?
Тодорхой хvчин зvйлийн нөлөөгөөр бие организм хэт эмзэг, хүчтэй хариу урвал үзүүлж, байх ёстойгоосоо өөрөөр үйлчлэхийг харшил хэмээн томьёолдог билээ. Аллерги гэдэг нь аллос–өөр, эрогос-vйлчлэх гэсэн хоёр vгнээс бvтэж байгаагаас харахад дархлааны тогтолцоо маань өөрөө ердийн бусаар ажиллаж эхлэх гэсэн утга илэрхийлж байна.
Бид эргэн тойрондоо байгаа ямар нэгэн зүйлээс биед сөрөг урвал үзүүлбэл л тэр дор нь харшилтай боллоо гэж ойлгодог. Гэвч энэ нь өөрөө өрөөсгөл ойлголт ба үүнийг ойлгохын тулд бид жинхэнэ харшлаас хуурамч харшлыг ялгаж ойлгох хэрэгтэй болж байна.
“Хуурамч” харшил гэдэг нь бие махбодид таарч тохирохгүй бодистой холбоотой бөгөөд гадаад шинж тэмдгээрээ яг жинхэнэ харшилтай тун төстэй \хавдах, загатнах, чонон хөрвөстөх гэх мэт\ гэхдээ энэ тохиолдолд дархлалын тогтолцоо тэдгээрийг тогтоож авдаггүй. Энэ 2 төрлийн харшлын аль алиных нь үед гистамин цусанд ялгардаг тул илрэх гадаад шинж тэмдэг ч бас адилхан байдаг. Жинхэнэ, хуурамч аль алиныг үүсгэдэг бодис ч бас байна. Тиймээс та харшилтай болсон эсэхээ шинжлүүлж мэдээрэй.
Харшлын хэлбэрүүд
Поллиноз (тоосны харшил):
Хамгийн тод шинж тэмдэгтэй, түгээмэл тохиолддог харшилт үрэвсэл юм. Эхэн үедээ нулимс гоожих, нvдэнд элс орсон мэт мэдрэмж төрөх, хорсох, гялбах, зовхи хавагнах зэрэг шинж илэрнэ. Өөрөөр хэлбэл нүдний салст бүрхүүлийн үрэвсэл буюу “Коньюнктивит” хэлбэр давамгайлна.
Дараа нь хамрын салст бүрхэвчийн харшилт үрэвслийн (“нусгайтах харшил”, “Ринит”) шинж залгадаг. Үүнд: нус гоожих, хамар загатнах, толгой өвдөх гэх мэт.
Хvнсний харшил:
Хvvхдvvдэд голцуу “Диатез” буюу сахарын харшил хэлбэрээр илрэх бөгөөд дархлалын тогтолцооны хөгжлөөс шалтгаалан сулрах эсвэл ул мөргүй алга болох ч тохиолдол байна. Хурц \богино хугацаатай\болон архаг \харшил өгөгч өдөр тутмын хүнсэнд байвал\ байдлаар илэрдэг. Хүнсний хурц харшлын үед загатнаа,чонон хөрвөс, Квинкийн хаван, халуурах зэрэг шинж илэрнэ. Мөн аль аль харшлын үед ходоодны үрэвсэлтэй адилхан гэдэс өвдөх, хэхрэх, цээж хорсох, бөөлжих шинж ажиглагдаж болно.
Эмийн харшил:
Явцын хувьд хүнсний харшилтай төстэй, түгээмэл биш. Эм зүйчид энэ хэлбэрийн харшилд илүү өртөмтхий байдаг.
Дерматит буюу арьсны харшил:
Химийн бүтээгдэхүүн, зарим металл \никель\, үнэртэй ус, резинэн материал зэргээс үүдэлтэй. Илрэх шинж тэмдэг: арьс загатнах, улайх, гүвдрүүтэх \чонон хөрвөс\, квинкийн хаван гэх мэт.
Анафилаксын шок:
Хамгийн хүнд хэлбэрийн харшил юм. Энэ үг нь ana – эсрэг ба philaxis – хамгаалалт гэсэн утгатай грек үгнээс бүрддэг бөгөөд гэнэтийн цочролд орохыг хэлдэг. Ихэнхдээ таарахгvй эм хэрэглэх, эсвэл шавьжинд хатгуулж, хазуулах, таарахгүй тариа, дусал хийлгэснээс болж vvсдэг. Шоконд орох үед арьс маш хүчтэй загатнан, амьсгаа боогдож артерийн даралт огцом буурснаас амь нас эрсдэх аюултай.
Оношлогоо:
Харшил үүсгэгч буюу аллергенийг тодорхойлохын тулд арьсны сорил, онцгой эсрэг биетийг шинжлэх арга, өдөөгч , элиминационны, хvйтэн ба халууны тест, бусад аргуудыг хэрэглэдэг.
Харшил үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс:
1. Ургамлын тоос
2. Тоосны хачиг
3. Хөгц мөөгөнцөр
4. Хоол хүнс
5. Эмийн бодис (антибиотик, вакцин г.м)
6. Амьтны үс