Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, эрчимжүүлэх төслийг яаралтай дэгээр УИХ-д оруулж, танилцуулахаар шийдвэрлэсэн тухай УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр мэдээллээ.
Уг төслийг Засгийн газар тавдугаар сард УИХ дахь МАН-ын бүлэгт танилцуулж, дэмжлэг авсан бөгөөд энэ сарын 14-нд болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар мөн дэмжсэн байна. Тиймээс 14 хоногийн дотор УИХ-аар хэлэлцэн дэмжвэл 180 хоногт багтаан “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувьд IPO хийхээр бэлтгэл ажлыг хангана гэв.
ЗТЯ, СЯ, ЭХЯ, УУХҮЯ, “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлага, мэргэжилтэн гээд 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг Тавантолгойн ордын ТЭЗҮ-ийг шинэчлэх, нөөцийн нэгдсэн тайланг шинэчлэх болон баяжуулах үйлдвэр байгуулах, усан хангамж, цахилгаан хангамж, авто зам, төмөр зам зэрэг дагалдах төслүүдийг бэлтгэж байгаа гэв. Мөн ордын нөөц (7.4 тэрбум тонн), 2011 онд хийсэн ордын эдийн засгийн үнэлгээ (5.7 тэрбум ам.доллар) ч бас өөрчлөгдөх боломжтой аж.
"Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, эрчимжүүлэх төслийн хүрээнд Засгийн газар олон улсын хөрөнгийн биржүүд болон хөрөнгө оруулалтын банкуудтай ярилцаж, санал солилцож байгаа юм байна. Тухайлбал, Хонг Конг, Токио, Нью-Йорк, Лондон, Торонтогийн хөрөнгийн биржүүдээс тодорхой саналууд ирсэн байгаа.
"Төрийн өмчит улсын үйлдвэрийн газрыг ашиггүй ажилладаг" гэх ойлголт нийгэмд тархаад байна. Тиймээс бид төр сайн менежер болж чаддаг гэдгийг харуулах үүрэгтэй гэж бодож байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар бүгд Тавантолгойн төслийг яаралтайгаар эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэдэг нэгдмэл байр суурьтай байгаа" хэмээн Д.Сумъяабазар сайд хэлсэн юм.
“Хувьцааны үнэ унах эрсдэлтэй тул эхлээд шууд дотоодын хөрөнгийн биржид хувьцаа гаргахаас болгоомжилж байгаа. Тиймээс дотоод, гадаадын хөрөнгийн биржид давхар IPO хийх нь оновчтой гэж үзэж байгаа” хэмээн тэрбээр тайлбарлав.