УИХ 2021 оны нэгдсэн төсвийг баталсан, мөн дотооддоо коронавирусын халдварыг алдсанаас хойш гурван сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Тухайн үед УИХ-ыг "эдийн засгийн нөхцөл байдлаа ихээхэн өөдрөгөөр харж орлогоо төлөвлөсөн, ДНБ-ий 30 хувиас давсан /хоёр их наяд гаруй төгрөг/ алдагдалтай төсөв баталсан" хэмээн шүүмжилж байв.
Гэтэл өнгөрсөн гурван сарын хугацаанд улс орон даяар үргэлжилсэн хорио цээрийн дэглэм, хилийн боомтуудыг хаасан зэргээс болж эдийн засгийн сэргэлт тийм амар ирэхгүй болсныг эдийн засагчид анхааруулж байна. Лав оны эхний хагас жилд төсвийн орлогын бүрдэлт тааруу байх тул өнгөрсөн намар баталсан 2021 оны төсөвт тодотголыг хийх шаардлага үүссэнийг хэлж байгаа.
Гэвч шинэ Засгийн газар энэ гол асуудалдаа анхаарал хандуулахын оронд “Эдийн засгийг сэргээх 10 их наядын төлөвлөгөө” гэх сансрын зүйл ярьж эхэлсэн нь мэргэжилтнүүдийг улам ихээр түгшээж байна. Уг төлөвлөгөөнд нь,
-Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл
-Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг
-Эхний ээлжинд Улаанбаатар хотод барих "Залуус I, II, III" хорооллын дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг
-Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг
-Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг
-Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох зэрэг асуудлууд багтжээ.
Товчоор хэлбэл, УИХ-аар баталсан төсвийн төлөвлөлтөд огт тусгаагүй 10 их наядын төлөвлөгөө олны анхаарлыг татаж байна. /Эсвэл зүгээр л анхаарал татах, шуугиан тарихын тулд босгож ирсэн байхыг үгүйсгэхгүй. Шинээр томилогдсон Ерөнхий сайд өөрөө тийм зүйлдээ гаргуун нэгэн/ Мөн түүнчлэн 10 их наядын төлөвлөгөөний санхүүжилт буюу санхүүгийн эх үүсвэрийн асуудал.
Олон нийтэд мэдээлснээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Хармагтайн алтны бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар санхүүгийн эх үүсвэрийг шийднэ гэжээ. Засгийн газар өнгөрсөн оны наймдугаар сард тус ордын хайгуулын лицензийг төрийн өмчит “Эрдэнэс Силвер Ресурс” компанид өгч, мөн оны аравдугаар сард өрөмдлөгийн ажлыг эхэлж, арванхоёрдугаар сард ордын эхний хэсгийг улсын нөөцөд бүртгүүлсэн юм байна. Хармагтайн бүлэг ордын ойролцоох “Хойд бүргэд” ордод 53.14 тонн алтны нөөц бүртгэгдсэнийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулжээ.
Мөн ордыг ашиглахад 313 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдах ТЭЗҮ-ийг боловсруулсан бөгөөд 2021 оны нэгдүгээр сард багтаан ТЭЗҮ-ийг батлуулж, дөрөвдүгээр сараас ашиглалтыг эхлүүлэх тухай “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Геологи, хайгуулын хэлтсийн дарга Н.Шийрэвдорж сарын өмнө хэвлэлд ярилцлага өгсөн байна.
Товчхондоо, энэ бүхэн 2021 оны улсын нэгдсэн төсвийг баталснаас хойш өрнөсөн үйл явц. Тэгэхээр Засгийн газар хамгийн түрүүнд тус ордын хөрөнгө оруулалтад шаардлагатай 313 тэрбум төгрөгийг энэ оны төсөвт тусгаж, ордоос олох ашгийг ч гэсэн төсвийн орлого хэсэгт багтаан бичих, Төсвийн хуульдаа өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн үг. Үүний дараа ордоос олох ашгийг хааш нь, аль салбарт хуваарилах тухай ярих ёстой. Өөрөөр хэлбэл, Засгийн газар хуулийн хүрээнд ажиллах ёстой гэсэн үг. Тэгэхгүй бол Монгол Улс УИХ-аар баталсан, батлуулаагүй хоёр тусдаа /нэг нь хууль ёсны, нөгөө нь хууль бус/ төсөвтэй явах болчихоод байна.
Хоёрдугаарт, эрх баригч МАН УИХ-аар батлаагүй төсөв төлөвлөгөөгөөр улс төрийн пиар хийж эхэлсэн нь дахиад асуудал дагуулж байна. Ялангуяа тус намын генсек Д.Амарбаясгалан саяхан өөрийн твиттер хуудсаар “Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг зарцуулна. Цаашид МАН-ын гишүүддээ, шинээр элсэн орох залуустаа зориулаад хамтрагч нам, олон улсын байгууллагын шугамаар өөр олон боломж, тэтгэлэгт хөтөлбөрүүдийг бий болгоно” хэмээн жиргэсэн нь төв Засгийн газрын бодлого гэхээсээ улс төрийн нэг намын эрх ашиг, гишүүнчлэлээ тэлэх бодлого гэж харагдаж байна. /Энэ талаар өмнө тодорхой өгүүлсэн/
Товчхондоо, Ерөнхийлөгчийн "Өрх бүрт сая төгрөг"-ийн санаачилгыг Л.Оюун-Эрдэнэ "Залуучуудад сая төгрөг" болгоод оруулж ирсэн хэрэг. У.Хүрэлсүхийн Засгийн газар өрх бүрт сая төгрөг олгох Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжсэнийг шинээр томилогдсон Ерөнхий сайд нь унагасан. Оронд нь хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн сургалтын төлбөрийг 500 мянган хүнд амлав. Засгийн газар 10 их наядын төлөвлөгөөг баталж гэмээн хамгийн түрүүнд энэ мөнгө сонгогчдын гар дээр очино, ирэх сонгуулийн өмнө. Сонгуулийн авилга, саналын худалдан авалт сая төгрөгийн үнэ хүрчихлээ.
Энэ мэтчилэн байгалийн баялаг, түүнээс олох ашиг орлогыг улс төрийн нэг намыг сонгуульд ялуулахын төлөө зарцуулах юм бол парламент гэж байхын, төсөв батлахын ч хэрэг алга. Тэр тусмаа цар тахлын энэ үед тасалдаад байгаа төсвийн орлогоо хаанаас нөхөх вэ? Ажил, орлогогүй болсон иргэдээ яаж дэмжих вэ? Хамгийн их эрсдэл хүлээж байгаа боловсрол, эрүүл мэндийн салбараа яах вэ? /Хармагтайн алтны бүлэг орд ашиглалтад орж гэмээн тэндээс олох орлогыг хамгийн түрүүнд ийш нь оруулах ёстой байх/ гэж ярихын оронд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, ирэх таван жилийн төлөвлөгөө, 2021 оны улсын төсөвт тусгагдаагүй цоо шинэ асуудлуудыг сонгуулийн жил гаргаж дэвшүүлсэн нь “эдийн засгийг сэргээх” гэхээсээ илүү дампууруулах төлөвлөгөө шиг харагдаж байна.
Тэр тусмаа ирэх гурван жилд /2022-2024 онд/ төлөх ёстой гадаад өр төлбөр /гурван тэрбум ам.доллар/ дангаараа 10 их наяд төгрөг шахаж байхад энэ хэмжээний мөнгийг улс төрийн нэг нам шийдвэр гаргаад төсвөөс гадуур захиран зарцуулна гэдэг байж болох зүйл мөн үү? Өнгөрсөн оны төсвийн нийт зарлагын 70 гаруй хувьтай тэнцэх хэмжээний мөнгө...
Б.СЭМҮҮН
Сэтгэгдэл (1)