Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төслийн томъёоллыг ХЗДХЯ-ны цахим хуудаст олон нийтээр хэлэлцүүлэхээр нийтэлжээ. Ингэхдээ тус хуулийн хоёр зүйлд өөрчлөлт оруулахаар тусгасан байна. Энэ талаар Хуульчдын холбооны захиргаа, эрхзүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжидээс тодрууллаа.
-Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулахаар олон нийтийн санал асуулга явуулж байна. Өөрчлөлт оруулсан заалтыг танай холбооноос дэмжиж байгаа юу?
-Захиргааны ерөнхий хуулийг 2015 онд баталж, 2016 оны 7 сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Энэ хуулийн гол зохицуулж байгаа харилцаа нь захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд чиглэсэн шийдвэр гаргах журам, хэлбэрийг зохицуулдаг. Жишээлбэл, газар эзэмших, өмчлөх эсхүл цуцлах шийдвэрийг ч юм уу, таны хуулийн этгээдийг бүртгүүлэхэд ямар үе шат, ямар журмаар, ямар хууль зүйн шаардлага хангасан байдлаар захиргааны байгуллага шийдвэр гаргах вэ гэдгийг зохицуулдаг гэсэн үг.
Захиргааны байгууллага гэдэгт Захиргааны ерөнхий хуулийн 5.1.1-д Засгийн газар хамаардаг. Гэхдээ энэ хуулийн 3.1.7-д зааснаар захиргааны байгууллагын улс төрийн шийдвэр гаргах ажиллагааг Захиргааны ерөнхий хуулиар зохицуулахгүй, маргаан гарахад захиргааны хэргийн шүүхэд харъяалагдахгүй юм.
Ингэхээр Засгийн газрын улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа бол захиргааны хэргийн шүүхийн харъяаллын асуудал биш, Үндсэн хууль зөрчсөн бол ҮХЦ-ээр хянагдана. Харин Засгийн газрын захиргааны шийдвэрүүд нь захиргааны хэргийн шүүхээр хянагдана гэдэг зохицуулалт одоогоор хүчин төгөлдөр үйлчилж байна.
Гэтэл захиргааны ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийн саналд тусгаснаар хуулийн 3.1.7-д өөрчлөлт оруулан “Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа”-нд энэ хууль үйлчлэхгүй байхаар оруулсан нь хуулийн үндсэн зарчмын субьектийг үйлчлэх хүрээнээс нь гаргахаар байна.
Засгийн газрын төдийгүй, улмаар түүнийг нь хэрэгжүүлсэн гэдэг үндэслэлээр яам, агентлаг, засаг дарга, ИТХ-ын шийдвэр гаргахад Захиргааны ерөнхий хууль үйлчлэхгүй, улмаар захиргааны хэргийн шүүхээс шийдвэрийг нь хянахгүй болж таарч байна. Тэгэхээр энд нэрлээд байгаа захиргааны ямар нэгэн байгууллага иргэний эрхийг зөрчсөн тохиолдолд үүнийг энэ хууль зохицуулахгүй гэсэн үг юм.
- Нөгөө заалтын тухай тодруулахгүй юу?
- Захиргааны ерөнхий хуулийн 5.1.1-д “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага” гэж байсныг өөрчлөн “төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа” гэж өөрчлөхөөр тусгажээ.
Товчхондоо нэрлээд байгаа хоёр заалтанд оруулах өөрчлөлтөөр Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг аль ч захиргааны шүүхээр хянахгүй байх, хэрэв Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлсэн гэдэг үндэслэл хэлбэл яам, агентлаг, засаг дарга, иргэдийн хурлын шийдвэр ч шүүхээр хянагдахгүй, тусдаа “онцгой бүрэн эрхтэй” гэдэг шиг л байгууллагатай болохоор байна.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хэрэв төрийн байгууллагаар иргэн эрхээ зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд хандаж хамгааллуулах үндсэн эрхтэй юм. Тиймээс Захиргааны ерөнхий хуульд оруулах гээд байгаа энэ нэмэлт өөрчлөлтийг хуульчийн хувьд дэмжихгүй байна.
- Ийм өөрчлөлтүүд орсноор ямар сөрөг талтай юм бэ?
- Засгийн газар маш олон шийдвэр гаргадаг шүү дээ. Замын хөдөлгөөний дүрмээс эхлээд чөлөөт бүсэд зорчигч, бараа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх журам, ажиллах хүч гадаадаас авах тоог тогтоох, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, хувьчлах хуулийн этгээдийг батлах тухай, цалингийн жишиг сүлжээ батлах, концессийн гэрээ байгуулах гээд иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх, хязгаарлах, эсхүл эрхийг нь баталгаажуулах олон янзын шийдэр гаргадаг.
Сүүлийн үед яригдаад байгаа төрийн өмчийн обьектуудыг хувьчлах тухай асуудлыг Засгийн газар шийдэхээр, түүнийг нь одоо хянах шүүхгүй болноо гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зөвхөн онолын хувьд биш, практик хэрэглээний хувьд та бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргавал ямар байгууллага хянах вэ, хууль зөрчсөн бол хэн залруулах вэ гэдгийг шийдвэрлэхгүй байж болох уу даа.
Уг нь Үндсэн хуулиараа 25 жилийн өмнө бүх байгууллага шүүхийн хяналтанд байна, Монгол Улсын иргэн шүүхэд хандах эрхтэй гэдгээ баталгаажуулсан шүү дээ. Одоо энэ Захиргааны ерөнхий хуульд оруулах гээд байгаа хоёр зүйлд оруулах өөрчлөлт чинь өмнө өрсөн байшингийнхаа ханыг нь нурааж байгаатай л адил, хүрсэн түвшингээсээ эрс ухарсан алхам бөгөөд, цаана нь та бидний, нийтийн ашиг сонирхолд хор уршигтай, зөвхөн өнөөдрийн төдийгүй ирээдүйд ч үр дагавар үүсч таарна.
Эх сурвалж: news.gogo.mn