Төрийн гурван тэргүүний шинэ жилийн үгэн дээр иймэрхүү хальт дүгнэлтийг хоёр сар гарны өмнө хийж байв. Цагаан сараар манай гурвын хэлсэн товч үгийг шинэ жилийн үгтэй нь харьцуулахад сонирхолтой байлаа.
Ерөнхийлөгч
Шинэ жилээр шударга ёс гэдэг үгийг онцолсон Ерөнхийлөгч энэ удаа ЭВ ЭЕ гэдэг утгыг онцолжээ. Гэхдээ дахиад л ямар ч тоо баримт, статистик мэдээлэл байсангүй, зүгээр л ерөөл маягийг үг болж хувирчээ. Эвийн хүчийн тухай бараг өгүүлбэр болгон дээр онцолсон ерөнхийлөгчийн өнгөрсөн хугацааны үйлдэл бүхэн шахуу эсрэг байсан нь хорлонтой.
Шинэ жилийн үгэндээ Мөнх тэнгэрт залбирсан Ерөнхийлөгч энэ цагаан сараар "масштаб буурч" Бурхан халдуныг онцолсон нь Хэнтий тал руугаа хэтэрхий далийгаад байгаа мэт санагдав:)
УИХ-ын дарга
ХУВЬСГАЛ гэдэг үгийг хоёр сарын өмнө онцолсон Зандка даргын цагаан сарын үг энэ агуулгаа хадгалжээ. Хууль ёс, эдийн засаг, нийгмийн гурван тулгуурт хөгжлийн хувьсгал гэдэг үгээ тоть шиг давтаж баяжуулсан байна. Илтгэлийн гол цохилт нь нь цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөр гэдэг контекст болжээ. Монголчууд байгалийн баялагтаа эзэн байх ёстой гэж шинэ жилээр онцолсон үгээ энэ удаа мөн нэлээд хатуу бас тоо баримт оруулж бичжээ.
Өнгөрсөн шинэ жилийн үгээрээ эцэг дээдсийн ариун сүнсээ дуудаж байсан УИХ-ын дарга энэ удаа мөнх хөх тэнгэрээ сонгожээ.
Ерөнхий сайд
Хуучин Ерөнхий сайд ард түмэн гэдэг үгийг шинэ жилээр хамгийн их хэлж байсан бол шинэ Ерөнхий сайд ЭДИЙН ЗАСАГ гэдэг үгийг онцолжээ. Гэвч харамсалтай нь ДНБ, эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн хоёр тооноос өөр тоо огт дурдсангүй хийсвэр талдаа үг болж уншигдаж байна. Онцолж давтаж хэлсэн эдийн засгаа сэргээх шийдэл нь эв нэгдэл гэж дурдсан байгаа нь Ерөнхийлөгчийн үгтэй шууд хоршиж байна.
Хэнтий угшилтай Ерөнхий сайд Бурхан халдунаа дурдалгүй шууд "илгасч" Мөнх хөх тэнгэртээ залбирч Алсын хараагаа дурдан, Азийн хүлэг улс болох тухай тухайгаар үгээ дуусгасан нь сонирхолтой байлаа.
ДҮГНЭЛТ
Шинэ жилээр хэлсэн төрийн гурван өндөрлөгийн үгс уул уурхай, байгалийн баялгийн тэгш хуваарилалт дээр илт давхцаж байсан бол энэ удаа Ерөнхийлөгч энэ тухай түй ч дурдсангүй. Энэ сэдвийн тухай хэмнэлээ УИХ-ын дарга илтгэлдээ хадгалж чадсан бол шинэ Ерөнхий сайдын үгэнд илт суларч орж ирэх шиг боллоо шүү.
Ирэх зун хүртэл зай ч байна, бас лай ч байна даа!
В.Ганзориг /baabar.mn/