Дээхнэ дээ. “Орос Европын гүрэн болоход 150 жил хэрэгтэй гэв үү?” гэсэн гарчгаар оросын голдуу эх сурвалжид түшиглээд нэр бүхий нэгэн сайтад өгүүлэл бичээд тэрийг нь sonin.mn сайт бүхлээр нь эшлээд тавьчихсан чинь уншигчдын дунд Оросба Зөвлөлтийг цээжээрээ хамгаалах өмгөөлөх «сэтгэхүйн шуурга» дэгдэж, золтой л намайг золигт гаргачихаагүй.
«Сэтгэхүйн шуурга» гэж би томруулж яриад байгаа юм алга. Зүгээр л шоглож егөөдөж ярьсан хэрэг. Манайхны туйлшралыг л нэрлэсэн. Орост шүүмжлэлтэй хандвал шууд л “хятад” болж хувирна (хамгийн түрүүн эрлийзээрээ дуудуулна, хөлсний бичээчээрээ цоллуулна, цаашилбал үгээр хэлхэхийн аргагүй бусармаг нэр үгс, хараал); Хятадын хөгжил дэвшлийг магтвал шууд Оросын итгэлийг алдсан дайсан (бас Монголын дайсан) байх ёстой гэх сэтгэхгүй шүү дээ.
Би Оросыг үнэхээр өдөр тутам, алхам тутам судалж, үнэлж дүгнэж явдаг. Судалгаа мэдээллийн арвин сантай. Хөршөө мэдэж танихгүйгээр яаж хамтран ажиллаж, ядаж харилцах вэ?
Монгол-Зөвлөлтийн найрамдлын сэтгэхүйгээр хандаж болохгүй гэдэг байр суурь маань хэвээрээ. Улирч баларсан тэр түүхээр өнөөдөр сэтгэлээ жигүүрлэж «Шинэ Орос»-ыг харах гэвэл горьдлого чинь унтарч, гуниг гутрал руу гулсах болно, тэгээд ч бодитой олж хараад бодит хамтын ажиллагаа явуулаач ээ гэдэг дээрээ дахин нэг «ухуулга» хийх гэж байна.
Ер нь Зөвлөлт Холбоот Улс гэж хэн байв, яагаад нурчихсан юм бэ, Горбачев АНУ-д урваад тэрийг нь нураачихсан уу, Горбачев эх орноосоо урвахдаа улс орноо зарчихсан юм уу гэдэгт дор товчхон хариулт өгөхийг хичээе. Ийм ойлголттой хүн Монголд цөөрсөн байх. Гэхдээ байсаар байгаа учраас хариулах гэж байна.
«Ийм сайхан эх орныг минь нураачих гэж дээ!» Ийм харуусал Оросын коммунистуудаас (ОХУКН) их цухалздаг ба сонгуулийн кампанийх нь гол уриа. Горбачевын «Перестройка» л цэцэглэн хөгжсөн эх орныг нь нураачихсан мэт. Горбачев байсан байгаагүй, тэр хүн сонгогдсон сонгогдоогүй СССР дэлхийд лидердээд явсаар байх байсан уу?
Михаил Горбачевыг засгийн эрхэнд гарч ирэх үед СССР тогтвортой эдийн засаг бүхий хүчирхэг гүрэн байсан, тэр нөхөр л тийм гүрний маанийг уншуулсан!–Оросын коммунистуудын ухуулга. Ямар өртгөөр тийм тогтвортой байдлыг хангаж байсан бэ гэдэгт коммунистууд хариулт олохыг хичээдэггүй, тэгэх ч хүсэлгүй.
“Ямар өртгөөр?” гэдэгт гол хариулт байгаа юм. Углеводород буюу нефть, байгалийн хийн дээд зэргийн орлогоор л энэ гүрнийг тогтоон барьж байсан юм. “Углеводород” гэдгийг нүүрс төрөгч+ус төрөгч гэж орчуулалтай биш, тэр чигээр нь л авчихлаа. 1980 он хамгийн оргил жил нь гэхэд СССР-ийн холбооны төсвийн 67 хувийг углеводородын экспортоос босгосон байгаа юм. Гэхдээ 1980-аад оны турш СССР-т бараа таваар үйлчилгээний дефицит тэр 67 хувийг нь дагалдаад тэнгэрт тулж байжээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг хаанаа ч хүрэхгүй, хөдөлмөрийн бүтээмж доод түвшинд хэвээрээ ( тухайн үед энэ үзүүлэлтээр АНУ, Герман, Канадаас 5 дахин доогуур), хөнгөн аж үйлдвэр, хөдөө аж ахуй нь Зөвлөлтийн хүн амын өсөн нэмэгдэх тэр хэрэгцээ хэрэглээг хангаж чадахгүй, хүн ам нь “бараа таваарын өлсгөлөн”, оочер дугаарт нэрвэгдсэн тийм л үе байлаа. 1970-аад оны сүүлчээс эхлэн Зөвлөлт орон дэлгүүрийн лангуу хоосрох үзэгдэлд нэрвэгджээ. Хүнсний хангамж дутагдахын хэрээр хямд өртөг зардлаар хүнс үйлдвэрлэж лангуунуудыг хангажээ. Ус, крахмал их шахсан хиам зэрэг чанаргүй хүнс түгээмэл хэрэглэж байснаа одоо ч оросууд халаглан ярьдаг. Юм ховордохыг дагалдаад үнэ өсч, эдийн засгийн гэмт хэрэг, хээл хахууль газар авчээ.
Ах дүү Зөвлөлт Холбоот Улсаа л яриад байгаа хэрэг шүү дээ. Монгол дагалдаад тиймэрхүү л байсан даа. Мах сүүний байнгын дефицит, орос дэлгүүр гэгч ид шидийн өмнө нийслэлчүүд сөхөрч байсныг биеэрээ мэдэрдэг хүн бичиж байна.
1980-аад он бол социалист лагерьт эсэргүүцлийн тэмцэл далд бугшиж, заримд нь өрнөж байсан үе. Дорнод Европ руу СССР-ээс нэмэлт тусламж илгээхгүй бол цаадуул нь бослого тэмцлийн хөлд сүйрчих гээд болдоггүй. Цэрэг танк оруулаад хядаж өгөлтэй биш (1956 оны Унгар, 1968 оны Чехсловак шиг). СССР-ийн өөрийнх нь төсөв ч маш хүнд дарамтанд байжээ. Афганистанд цэрэг оруулж байлдуулсан биш батлан хамгаалахын зардалдаа даруулжээ. АНУ-аас хоёр дахин доогуур ДНБ-тэй Зөвлөлт орон Пентагонтой цэргийн тэнцвэрийг арай гэж барьж тогтоож байтал дэлхийд нефтийн үнэ унаад эхлэв ээ.
Ийм нөхцөлд эхлээд эдийн засагтаа, дараа нь улс төрдөө реформ яаралтай хийхээс өөрөөр яалтай билээ. Юрий Андроповын үед эхлүүлсэн реформ нь өөртэй нь хамт тасарсан бол 1985 онд Горбачев засгийн эрх авч байх үед цаг алдаж, нэгэнтээ хоцорсон байлаа. Хоёр л сонголт хүлээж байв.
-
Төрийн тогтолцоогоо эргэж харах глобал өөрчлөлт хийх үү;
-
Партократ эрх мэдлээ хүчээр авч үлдэх оролдлого хийх үү?
Хэрэв эхнийхийг сонговол коммунист систем бүхэлдээ нурж унах нь гарцаагүй байлаа. Горбачев эхний зөөлрүүлсэн хувилбар – Перестройка гэдгийг сонгожээ.
Ил тод байдлыг тунхаглалаа. Кооперац гэдгийг зөвшөөрлөө. “Хүйтэн дайн”-аа зогсооё гэлээ. Цэргийн зардлаа хорогдуулъя, тэгснээрээ олон улсын зүгээс туслуулъя гэлээ. Тусламж горьдлоо. Юу нь буруу байгаа юм бэ?
Нефтийн үнэ унасаар, үр ашиггүй найдваргүй хөдөө аж ахуй урагшилдаггүй, бүх салбарт санхүүжилт дутаж, зөвхөн цэрэг-аж үйлдвэрийн салбарт л санхүүжилт хийгдэнэ. Ийнхүү СССР гүрэн бүх нөөц резервээ шавхаж байсан нөхцөлд яах ёстой байсан юм бэ? Перестройка нь СССР-ийг дампуурлаас аврах гарц, зөөллөх хүч, гэвч нөөцөө шавхаад шавхаад хүрэлцэхгүй хэмжээнд очсон байлаа.
СССР гүрэн бүх нөөц резервээ шавхлаа, зөвлөлтийн аж ахуйн систем нурлаа гэдгийг анхлан олж харсан хүн нь Юрий Андропов хэмээх еврей (жүүд) улс төрч байсан. Тэрээр жүүд ухаанаараа өөрчлөлт шинэчлэл зайлшгүй, хойшлуулшгүй гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Хөдөлмөрийн сахилга батыг бэхжүүлэх,коррупцтэй тэмцэх, гадаад бодлогоо шавдуулахыг хослуулжээ. Гэхдээ намын удирдан чиглүүлэх үүрэг, өрнөдтэй сөргөлдөхийг тэр чигт нь үргэлжлүүлсэн ба хэрэв үхчихээгүй бол Зөвлөлт Холбоот Улсад реформыг амжилттай явуулах зөвлөлтийн цорын ганц лидер байх байсан болов уу. Андропов бол 15 сар энэ гүрнийг удирдсан еврей гэдгийг сая л оросууд хүлээн зөвшөөрч байх шиг. Туслахуудынх нь дурсамжаар бол Андроповт айхтар төлөвлөгөө байсан, харин тэр нь Хятад маягийн эдийн засгийн гайхамшигт хүргэх байсан эсэх нь тодорхойгүй. Ямар ч байсан эрх барьсан ганц жилд нь аж үйлдвэр 4 хувиар, хөдөлмөрийн бүтээмж 3.5 хувиар өссөн, бараа эргэлт тэр үеийн ханшаар 8 тэрбум рубльд хүрсэн үр дүн харагддаг. КГБ-гийн аргаар төрийн эргэлтэрхүү юм хийж байж засгийн эрх аваад бас тэр аргаараа коммунист намын хамтын удирдлагыг халах гэж мэрийсэн гэх шүүмж байдаг юм билээ. Намд консенсус байх шаардлагагүй гэж лав үзсэн.
Нэг үгээр консерватив шинжтэй реформыг Андропов хүссэн. Тэр дахиад 5 жил засагласансан бол залгамжлагчаа зөв олоод харчих байлаа. Лав тэр жагсаалтад Горбачев бичигдэхгүй байсан байх.
Гэхдээ батлан хамгаалах хүч чадлаа бэхжүүлэх гэснээс болж нийгмийн салбарт хохирол учруулсан. АНУ-тай зэвсэглэлийн салбарт өрсөлдөх, тэр ч бүү хэл давж гарах, дарамтлах гэснээрээ төсвөө сүйтгэсэн, эрэг шургийг чангалснаараа улс орондоо дэг журам тогтоолоо гэхэд өрнөдийн нөлөөнөөс хамгаалах гэж эх орноо ганцаардуулсан. Андроповын еврей ухааны талын талд Константин Черненко хүрэх сачий даан ч байсангүй. Тэрээр 1984 оны хоёрдугаар сараас жил гаранхан засагласан боловч ихэнхдээ хэвтэрт, үхлүүт, эрх мэдэлгүй өнгөрсөн. Тэрээр Намын Төв Хорооны дотоод амьдралыг амжилттай цэгцэлсэн өмнөх туршлагаараа улс орноо авч явж чадаагүй. Оросууд “аппаратчик” гэж нэрлэдэг, тийм л захиргааны ажилтны дүр, юун лидер. Тэр удаан насалсан бол “Брежневийн зогсонги” үеийг л цэцэглүүлэх байсан байх. Андроповын авторитаризм, Горбачевын либерализмын үнэр ч тэр хүнд заяагаагүй. СССР-ийн оршин тогтнолыг мэдээж уртасгана, тэр нь зөрчил хуримтлуулна.Горбачев Черненког залгамжлаагүй байсансан бол яах байсан бэ гэдэгт оросууд элдэв тайлбар хэлдэг. Григорий Романов гэдэг нөхөр Ленинградын мужийн намын хорооны даргаас Москвад шилжин ирж Намын Төв Хороонд нарийн бичгийн дарга болоод үлэмж горьдлого төрүүлж байсан цаг. Хэрэв тэр “1-р хүн” болсон бол мэргэжлийн улс төрч, мэргэжлийн зохион байгуулагч, гэхдээ харгис талдаа, цэрэг-аж үйлдвэрийн комплексын биет төлөөлөл гээд сайн талуудтай. Инновацыг шуурхайлуулж, зөвлөлтийн эдийн засгийг сэргээх хүсэлтэй, шаардлагатай, гэвч улс төрийн амбиц нь Горбачевыг тэсгээхгүй байсан байх.
1985 оны 3 дугаар сарын Бүгд хурлаар тэрээр Генсек болсонсон бол Зөвлөлт улсад реформ хийхгдэхгүй, Дорнод Европ коммунист эрх баригчдын хяналтад, “Брежневийн дэглэм” хэвээрээ үргэлжлэн, сөрөг үзэл бодлыг нухчин дарж, антисемитизм цэцэглэх байсан гэж зарим түүхч үздэг. Түүнд харизматик Горбачевыг давж гарах чанар байхгүй, тэгээд ч Улс төрийн Товчоонд Романовыг дэмжих хүн олдоoгүй. Виктор Гришин гэж бас нэг өрсөлдөгч Горбачевт байсан, тэр ч мөрөөрөө алга болсон гэх түүх буй.
СССР-т социализм, коммунизмын ялалтад итгэл нэгэнт суларсан нөхцөлд шинэчлэгч Горбачев ийнхүү гарч иржээ. Зөвлөлтөд хямрал нүүрлэлээ гэдгийг ч хилийн чанадаас гярхай ажиглаж өрнөдийнхөн Горбачевт найдлага тавьж эхэлжээ. Хээл хахуультай үр дүнтэй тэмцэнэ, улс орныхоо байдлыг эрс өөрчилнө хэмээн өрнөдөд итгэсэн гэж ТТГ-ын нууц илтгэлд бичсэн байх юм. Гэхдээ энэ нь маш эрсдэлтэй алхам, богино хугацаанд үр дүн нь муугүй, харин хэтдээ эргэлзээтэй гэсэн дүгнэлттэй.
Эдийн засгийг хурдасгах гэнэ, дагалдаад ил тод байдлыг тунхаглана, эрх чөлөөний амт ард түмэндээ мэдрүүлнэ, тэр нь Горбачев ба коммунист намд цохилт болж болзошгүй. Улс төрийн системийн хувь заяа хаашаа эргэх нь тодорхойгүй. Тоталитари дэглэм дэх коммунист намын үүрэг суларвал ард түмэн эрх чөлөөгөө эдлэхтэй давхцаад консерватив хүчнүүд засгийн эрхийг булааж аваад, авторитари захиргаадалтаа харгис аргаар үргэлжлүүлэхээс өөр хувилбар харагдахгүй болсон байв.
Харгислалын зам сонгох, эсвэл коммунист тоталитари дэглэмээсээ татгалзах хоёрхон замын уулзвар дээр Зөвлөлт улс 1980-ээд оны сүүлийн жилүүдийг үджээ. Хэрэв консерватив хуучинсаг коммунистууд засгийн эрх авч харгисласан бол өрнөдийн зүгээс элдэв санкц тавьж, зэвсэглэлээр хөөцөлдөх эргүүлэлтээ татан оруулж, нийгмийг дотроос нь хагалахыг зорих ба тэгсэн тохиолдолд СССР-т цус их урсаж, эдийн засаг нь сүйрч, эцэст нь дэглэм нь унах тавилан хүлээж байв.
Тэгэхлээр Горбачевтой Горбачевгүй СССР нурах тавилантай байжээ гэсэн үг болно. Тиймдээ ч Холбооны БНУ-ынх гишүүн БНУ-ууд бүгд Москвагийн захиргаанаас татгалзаж, сайн дураараа тарж алга болох зам сонгосон биз ээ.
Монгол-Зөвлөлтийн найрамдлын алтан үеийг эргэж мөрөөдөгсөд, дурсагчдад хандаж дээрхийг бичиж байна. СССР-т дотоодод нь ийм аюумшиг нөмөрч байсан нөхцөлд тэд Монгол, монголчуудыг тэтгэсээр, бидний төлөө зүтгэсээр, “Найрамдлын Дархан”-уудыг байгуулж өгөөд байх байсан гэж үү?
Монголчууд бид 70 жил нөхөрлөхдөө зөвлөлтүүдээс юу сурч үлдсэн юм бэ гэдэгтээ дүгнэлт хийгээгүй нь туйлын харамсалтай. Зөвлөлтийнхөн орхиод явахад нийгэм-эдийн засгийн бүх салбар нурсан нь эмгэнэл, гутамшиг байгаагүй гэж үү?
О.Баярхүү /baabar.mn/
Сэтгэгдэл (1)