Одоогоос хэд хоногийн өмнө олон нийтийн сүлжээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын гарын үсэгтэй нэгэн албан бичиг тавигдсан байв. “Кинг энд Спалдинг” хуулийн фирмэд хаягласан энэ бичигтээ Х.Нямбаатар сайд тус фирмийг Монгол Улсын эрх ашгийн өмнөөс Нью Йорк мужийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ сэргээхийг хүссэн байдаг юм.
Мөн өмнө гаргасан нэхэмжлэлийг татан авсанд Монгол Улсын хэн гэдэг эрх бүхий албан тушаалтан чиглэл өгч, шийдвэр гаргасныг тодруулахыг хүссэн байна. Ингэхдээ Монголын Засгийн газрын нэрийг шууд барихаас зайлсхийж, “УИХ-ын гишүүд энэ асуудлаар Засгийн газарт хандсан” гэжээ. Нэртэйгээр нь тэр гишүүдийнхээ албан бичгийг ч гэсэн хавсаргачихгүй дээ. Тэгсэн бол жинхэнээсээ “элэг” болох байсан биз.
Гээд одоогоор дутуудсан ч юм алга л даа. Уг албан бичгийг бүрэн уншвал Хууль зүйн сайд Х.Нямбаатар энэ өдрийг хүртэл УЕП-ын газар уг хуулийн фирмтэй хамтран ажиллаж, тус фирмээр дамжуулан Нью Йоркийн шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар огт мэдээлэлгүй байсан гэж харагдана. Гэтэл мань хүн сайдын албыг дөнгөж өнөөдөр авсан хүн биш шүү дээ. “Кинг энд Спалдинг”-ийн нэрээр анхны нэхэмжлэл шүүхэд очих үед буюу өмнөх Засгийн газарт Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан хүн. Хэрэв тийм зүйл болж гэмээн хамгийн түрүүнд мэдээлэлтэй байх ёстой хүн нь. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдын албан бланк дээр ийм "эрүүл согтуу" зүйл бичээд сууж байж болох уу?
Болдог байж гэмээн яагаад заавал шинэ Ерөнхий сайд томилогдсоноос хоёр хоногийн дараа буюу Л.Оюун-Эрдэнийн танхимд улиран ажиллахаар тангараг өргөсөн өдрөө /өнгөрөгч баасан гаригт/ уг бичгийг үйлдсэн байх вэ?.
Гэтэл үүнээс сар гаруйн өмнө буюу өнгөрөгч 2020 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдөр Монголын талаас “нэхэмжлэл гаргасан” гэх Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-иуд өөрсдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан Монгол Улсын иргэн Сү.Батболдод холбогдох уг нэхэмжлэлийг бүрэн зогсоож буйгаа Нью Йорк мужийн шүүхэд мэдэгдсэн байдаг юм. Шүүхийн шийдвэрт "Төрийн өмчийн хороо, "Эрдэнэт үйлдвэр", "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн хүсэлтээр шүүхийн нэхэмжлэлийг зогсоосон" гээд цагаан дээр хараар биччихсэн байгаа.
Товчоор хэлбэл, Монголын Засгийн газрын нэрийн өмнөөс гаднын хуулийн фирм шүүхэд хуурамч нэхэмжлэл гаргасан /мөн түүнийгээ эргүүлэн татсан/, ард нь Монголын нөлөө бүхий улстөрч бий тухай хэвлэл мэдээллээр сар гаруй шуугисан. Мөн шүүхийн шийдвэр гарахаас өмнө /2020.11.27/ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийн гарын үсэгтэй албан бичгээр УИХ-ын гишүүн Сү.Батболдод ирүүлсэн хариу тайлбарыг мөн нийтэд үзүүлсэн билээ.
Тэнд нь дээр нэр дурьдагдсан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон төрийн өмчит компаниудын зүгээс "УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэл гаргах асуудлаар Нийслэлийн прокурорын газарт хүсэлт тавиагүй" болохыг уламжилсан байдаг. Х.Нямбаатар сайд төдийгөөс өдий болтол энэ тухай мэдээгүй буюу дуугүй байсан нь ч гэсэн бас л сонин.
Тэгэхээр Х.Нямбаатарын “Кинг энд Спалдинг” хуулийн фирмд явуулсан албан бичиг нь өмнө байгаагүй зүйлийг байсан, болоогүй зүйлийг болсон болгож албажуулах гэсэн ажиллагаа байжээ гэсэн үг. Хэрвээ үнэхээр Монголын Засгийн газрын /Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар төлөөлөн/ хүсэлтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, гаднын хуулийн фирм ажиллуулсан байж гэмээн Хууль зүйн сайд нь тэр тухай мэдээгүй байж болох уу?
Хэрэв тийм бол Л.Оюун-Эрдэнэ сайдын гарын үсэгтэй бичиг юу болох вэ? Х.Нямбаатар сайд ямар учраас Хууль зүйн сайдаар улираан томилогдсон тэр өдрөө энэхүү бичгийг үйлдсэн, тэр нь чухам юуны төлөөс байсан бэ? гэдэг ч эрхгүй анхаарал татна. Яг үнэндээ хэн үүний ард хамгийн чангаар дуугарч яваа билээ дээ.
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (3)