Залуучуудын улс төрийн оролцоо гэж юу вэ, бид ямар түвшинд байна вэ?
Монгол улсын гурван хүн тутмын ойролцоогоор нэг нь 30 хүртэлх насны залуучууд байна. Эдгээр шинэ үеийн залуучууд бол ардчилсан чөлөөт нийгэмд өсөж торниж буй анхны үеийнхэн бөгөөд ирээдүйд манай ардчилал илүү бэхжиж чадах эсэх нь тэдний улс төрийн идэвх, оролцооноос шууд хамаарна. Иймд улс төрийн оролцоо гэж яг юу болох, манай залуучуудын оролцоо бусад улсуудынхтай харьцуулахад хэр байгаа талаар энэхүү нийтлэлийг бичиж байна.
Улс төрийн оролцоо гэж юу вэ?
“Энгийн иргэдэд төр засагтайгаа хариуцлага тооцох боломж олгодог ардчиллын амин чухал, салшгүй нэг хэсэг нь иргэдийн улс төрийн оролцоо юм” гэж судлаач Роберт Даль 1973 онд бичиж байжээ. Тухайн үеийн судлаачид төртэй хариуцлага тооцох гэдгийг голдуу сонгуулиар төсөөлдөг байсан учраас сонгуульд санал өгөх, өөрөө нэр дэвших, эсвэл сонгуулийн компанит ажилд сайн дураар ажиллах, намд гишүүнээр элсэх гэх мэт цөөн тооны нийгмийн хэв хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн үйл хэргийг иргэдийн улс төрийн оролцоо гэж тодорхойлдог байв.
Харин орчин үед зөвхөн сонгуульд санал өгөхөөс гадна өөр олон аргаар улс төрд оролцох, нөлөөлөх боломж бүрдсэн байна. Тухайлбал, иргэний нийгмийн байгууллагад элсэх, өргөдөлд гарын үсэг цуглуулах, онлайнаар санал бодлоо илэрхийлэх, эсэргүүцлийн жагсаалд оролцох гэх мэт шинэ оролцооны хэлбэрүүд бий болжээ. Өөрөөр хэлбэл сошиал дээр лайк эсвэл шэйр дарах төдийд улс төрд тодорхой хэмжээгээр нөлөөлөх боломжтой болсон сонирхолтой цаг үед бид амьдарч байна.
Ийнхүү улс төрийн оролцоо гэх ойлголт нь хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдэж байгаа бөгөөд өдгөө ихэнх судлаачид сонгуульд санал өгөх, намд гишүүнээр элсэх зэргийг улс төрийн “уламжлалт” эсвэл “институцийн оролцоо” гэж харин жагсаал, цуглаанд оролцох, онлайнаар санал бодлоо илэрхийлэх гэх мэт үйл хэргийг “институцийн бус” (non-institutional) оролцоо гэж нэрлэж тус тусад нь судалж байна. Учир нь залуучуудын улс төрийн уламжлалт оролцооны түвшин ихэнх улсад эрчимтэй буурч байгаа бол институцийн бус оролцоо нь улам бүр нэмэгдэж байгаа ажээ.
Сонгуулийн ирц
Сонгуульд санал өгөх нь улс төрийн уламжлалт оролцооны хамгийн чухал хэлбэр атал Монгол залуучуудын сонгуулийн ирц бусад насны бүлгүүдээс хамгийн бага байсаар иржээ. Ялангуяа 18-25 насны залуучуудын ирц өмнөх жилүүдэд тун хангалтгүй байв. Жишээлбэл 2012 оны УИХ-ын сонгуульд тэдний ердөө 38%, 2016 оны сонгуульд 50% нь тус тус санал өгсөн байдаг. 2016 онд “Хамтын нөхөрлөлийн орнууд” байгууллагаас Залуучуудын хөгжлийн индексийг эрхлэн гаргасан юм. Уг индексийн улс төрийн оролцооны үнэлгээгээр манай улс дэлхийн дунджаас доогуур оноо авч 183 улсаас 105-р байранд бичигдэж байжээ. Үүнд манай залуучуудын сонгуулийн ирц хангалтгүй байсан нь нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.
Гэхдээ сүүлийн жилүүдэд манай залуучуудын улс төрийн идэвх илт сайжирч байгааг өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар бид харсан. Уг сонгуулиар 18-25 насны залуучуудын 63% нь санал өгч өмнөх жилүүдэд байгаагүй өндөр ирцтэй оролцсон бол 10 сард болсон ИТХ-ын сонгуульд дээрх насны залуучуудын ойролцоогоор 37.4% нь санал өгсөн байна. Энэ нь өмнөх ИТХ-ын сонгуулийн ирцээс 4.8%-аар өссөн байгаа нь олзуурхууштай.
Тэгвэл залуучуудын сонгуулийн ирц дэлхий дахинд ямар түвшинд байна вэ? Олон улсад хийгдсэн судалгаануудаас хархад 1970-аад оноос хойш дэлхийн бараг бүх ардчилсан улсад сонгуулийн ирц буурч байгаа ерөнхий дүр зураг ажиглагдаж байна. 2019 оны байдлаар “Freedom House” байгууллагаас ардчилсан гэж үнэлэгдэж буй улс орнуудад хамгийн сүүлд зохион байгуулсан сонгуулийн ирцийг тухайн улсын хамгийн анхны эсвэл 1970-аад онд хийсэн сонгуулийн ирцтэй нь харьцуулж үзэхэд ихэнхийнх нь ирц буурсан байгааг доорх зураг харуулж байна. Монгол улсын хувьд 1992 оны анхны ардчилсан сонгуулийн ирц нь 98% байсан бол 2020 онд 73% болж 25%-иар буурсан билээ.
Шинэ үеийн залуучууд санал өгөхгүй байгаа учраас дэлхийн дахинд сонгуулийн ирц ийнхүү буурч байгаа гэж олон судалгаа дүгнэжээ. Жишээлбэл, 59 улсын иргэдийг оролцуулсан судалгаагаар 18-25 насны залуучуудын 43% нь сонгуульд байнга санал өгдөг гэж хэлсэн байхад бусад насны хүмүүсийн 63% нь, 50-с дээш насны хүмүүсийн 70-с илүү хувь нь ижил хариулт өгсөн байна. Харин бүс нутгаар нь авч үзвэл, 2015 оны Европын холбооны улсуудад хийсэн судалгаагаар 18-24 насны залуучуудын 60 гаруй хувь нь хамгийн сүүлд зохион байгуулсан сонгуульд оролцоогүй гэж хариулжээ. Мөн Африкийн орнуудын хүн амын 65%-ийг 35 хүртэлх насны залуучууд бүрдүүлдэг боловч тэдний ердөө 55% нь хамгийн сүүлийн сонгуульд оролцсон болохыг Афробарометр судалгаа тогтоосон байна. Азийн орнуудын залуучуудын сонгуулийн ирц бусад насныхнаас ойролцоогоор 15-30%-иар бага байдаг тухай энэ НҮБ-ын судалгаа дурдсан байна. Латин Америкийн улсуудын хувьд мөн ялгаагүй 30-с доош насны залуучуудын ирц нь хамгийн бага байдаг ажээ. Түүнчлэн АНУ-ын 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 18-29 насны залуучуудын ойролцоогоор 52-55% нь санал өгсөн байна.
Ийнхүү дэлхийн ихэнх улсад залуучуудын сонгуулийн ирц хангалтгүй байна. Зөвхөн Өмнөд Солонгосын 19-29 насны залуучууд ахмад насны сонгогчдоос илүү сонгуульд идэвхтэй оролцдог ажээ.
Улс төрийн намыг дэмждэг эсэх
Улс төрийн уламжлалт оролцооны өөр нэг хэлбэр нь намд гишүүнээр элсэж, намын үйл ажиллагаагаар дамжуулж улс төрд нөлөөлөх билээ. Харамсалтай нь энэ оролцооны талаар харьцуулсан дата, мэдээлэл тун ховор байна. Гэхдээ “Global Barometer Surveys” хэмээх олон улсад хийгдсэн судалгааны мэдээллийг ашиглаж дэлхий дахинд залуучуудын хэдэн хувь нь аливаа нэг намыг дэмждэг эсэхийг мэдэж болно. Намыг дэмждэг залуучууд тухайн намд гишүүнээр элсэх магадлалтай учраас шууд бус утгаараа энэхүү үзүүлэлт нь дээрх улс төрийн оролцоог илэрхийлэх боломжтой.
Энэхүү судалгаанд оролцсон 89 орны 30 хүртэлх насны 45,191 залуучуудаас “Та аль нэг намыг дэмждэг үү?” гэж асуухад тэдний 48% нь “дэмждэг нам бий” гэж хариулжээ. Иймд дэлхий дахинд дунджаар хоёр залуу тутмын нэг нь намыг дэмждэг гэж хэлж болох юм. Уг үзүүлэлтээр Малави улс тэргүүлж Перу хамгийн сүүлд бичигдэж байна. Малави улсын залуучуудын 72% нь дэмждэг нам бий гэж хариулсан бол Перу улсын залуучуудын 82% нь тийм нам байхгүй гэжээ. Харин Монгол залуучуудын хувьд 2020 оны 11-12 сард хийсэн “Сонгуулийн дараах судалгаанд” оролцсон 30 хүртэлх насны залуучуудын 34% нь аливаа нэг намыг дэмждэг гэж хариулсан бөгөөд энэ нь дэлхийн дунджаас 14%-иар бага байжээ.
Улс төр сонирхдог эсэх
Залуучуудын бүх төрлийн улс төрийн оролцоонд нөлөөлдөг чухал хувьсагчдын нэг нь улс төрийг сонирхдог эсэх юм. Улс төр сонирхдог залуучууд сонгуульд санал өгөх, намд гишүүнээр элсэх, жагсаал цуглаанд оролцох, бусдыг улс төрд татан оролцуулах магадлал өндөр байдаг нь олон судалгаагаар батлагддаг.
Тэгвэл “Global Barometer Surveys” болон “World Values Survey” судалгаанд оролцсон дэлхийн 121 улсын 30 хүртэлх насны залуучуудаас “Та улс төрийг сонирхдог уу?” гэж асуухад тэдний ойролцоогоор 42% нь сонирхдог, 58% нь сонирхдоггүй гэж хариулжээ. Уг үзүүлэлтээр Мьянмар улс дэлхийд тэргүүлж Румын хамгийн сүүлийн байр эзэлж байна. Мьянмар залуучуудын 81% нь улс төр сонирхдог бол Румын улсын залуучуудын ердөө 18% нь ижил хариулт өгчээ. Харин Монгол залуучуудын 40% улс төр сонирхдог гэж хариулсан байна. Энэ нь дэлхийн дунджаас үл ялиг бага байна.
Амьдарч буй орон нутгийнхаа асуудалд шийдэл эрэлхийлдэг эсэх
Амьдарч буй орчин тойрон, орон нутагтаа тулгамдаж буй аливаа нийгэм, эдийн засгийн асуудлуудыг иргэд өөрсдөө гаргаж ирж, хоорондоо хамтран нэгдэж шийдэл хайх нь улс төрийн “институцийн бус” оролцооны нэг чухал хэлбэр юм. Тиймээс өөрсдийн амьдарч буй хороо, дүүрэг, хотдоо байгаа асуудлуудаа ИТХ болон Засаг даргадаа уламжилж, тухайн жилийн төсөвт холбогдох зардлыг суулгуулж, шийдүүлэхэд иргэд бидний өөрсдийн оролцоо нэн чухал гэдгийг “Өглөө” төслийн зүгээс онцлон сануулж #ШийдэлӨглөө аяныг зохион байгуулж байсан билээ.
Тэгвэл иргэдийн улс төрийн энэхүү оролцооны түвшин дэлхий дахинд хэр байгааг доорх зураг харуулж байна. “Global Barometer Surveys” судалгаанд оролцсон 30 хүртэлх насны залуучуудаас “Та өмнө нь бусадтай нийлж амьдарч буй орон нутгийнхаа асуудлыг гаргаж ирж, шийдвэрлэх гэж оролдож байсан уу?” гэж асуухад тэдний 27.4% нь “Тийм, оролдож байсан” гэж хариулсан байна. Уг үзүүлэлтээр Малави улсын залуучууд дэлхийд тэргүүлж, Өмнөд Солонгосын залуучууд хамгийн сүүлийн байранд оржээ. Харин Монгол залуучуудын ойролцоогоор 27% нь амьдарч буй орон нутгийнхаас асуудлыг шийдэх гэж оролдож байсан гэж хариулсан нь дэлхийн дундажтай ойролцоо байв.
Эсэргүүцлийн жагсаал
Энх тайванч байдлаар эсэргүүцлийн жагсаалд оролцох нь иргэдийн улс төрийн оролцооны хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэр мөн бөгөөд нийгмийн томоохон өөрчлөлт, шинэчлэлийг залуучууд эсэргүүцлийн жагсаалаар хийсэн жишээ түүхэнд дэлхийн олон бий. Тухайлбал, Сербийн дарангуйлагч Слободан Милошевичийг 2000 онд залуучуудаар манлайлуулсан “Отпор” хөдөлгөөн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байж эрх мэдлээс нь салгасан байдаг. Түүнчлэн хоёр жилийн өмнө Чили улсын залуучууд эдийн засгийн тэгш бус байдлыг эсэргүүцэж улс даяараа эсэргүүцлийн жагсаал хийж байж үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, эдийн засгийн томоохон реформыг эхлүүлж чаджээ. Бидний сайн мэдэх Хонконгийн залуучууд ардчилал, эрх чөлөөний төлөө сүүлийн жилүүдэд тасралтгүй тэмцэж байгаа. Мөн саяхнаас манай хойд хөршийн залуучууд ижилэвтэр тэмцлийг эхлүүлээд байна.
Залуучууд эсэргүүцлийн жагсаалаар нийгмийн томоохон өөрчлөлтийг хийж байсан жишээ манай түүхэнд ч бий. 1990-ээд оны эхэн үеийн 30 хүртэлх насны залуучууд нэг намын тогтолцооны эсрэг эвлэлдэн нэгдэж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, олон нийтийг удирдан манлайлж чадсаны үр дүнд ардчилсан хувьсгал Монголд амжилттай өрнөсөн билээ.
Тэгвэл “Global Barometer Surveys” судалгаанд оролцсон олон улсын 30 хүртэлх насны залуучуудаас “Та өмнө нь эсэргүүцлийн жагсаалд оролцож байсан уу?” гэж асуухад 11% нь тийм гэж хариулсан байна. Уг үзүүлэлтээр Пакистан улсын залуучууд дэлхийд тэргүүлсэн бол Өмнөд Солонгосын залуучууд хамгийн сүүлд орж байна. Харин судалгаанд оролцсон Монгол залуучуудын 18% нь эсэргүүцлийн жагсаалд оролцож байсан гэж хариулжээ. Энэ нь дэлхийн дунджаас 7%-иар илүү байв.
Залуучуудын улс төрийн оролцоонд юу нөлөөлдөг бэ?
Залуучуудын улс төрийн уламжлалт оролцооны түвшин ихэнх улсад эрчимтэй буурч байгаа атал “институцийн бус” оролцоо нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа тухай дээр дурдсан. Яагаад ийм харьцангуй үр дүн ажиглагдах болов, үүнд юу нөлөөлж байгаа талаар сүүлийн жилүүдэд олон судалгаа хийгдсэн байгаагаас дараах 4 зүйлийг онцолъё.
Нэг. Амьдралын мөчлөг
“Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэж Монгол ардын зүйр үг байдаг. Үүнтэй адил залуучууд хувийн амьдралаа хараахан цэгцэлж амжаагүй байдаг учраас улс төр, нийгмийн асуудалд идэвхтэй оролцох цаг зав, боломж, нөөц багатай байдаг гэж зарим судлаачид үздэг. Мөн залуучууд улс төрийн туршлагагүй байдаг тул хэнд, хэрхэн яаж санал өгөхөө мэддэггүй гэж бусад судлаачид тайлбарладаг. Харин нас нэмэгдэх тусам улс төрийн туршлага хуримтлуулах боломжтой тул цаг хугацааны эрхэнд залуучуудын сонгуулийн ирц нэмэгдэх хандлагатай байдаг гэжээ.
Үүнээс гадна сургууль төгсөх, тогтвортой ажил, орлоготой болох, тусдаа гарах, нэг газар суурьших, гэр бүлтэй болох зэрэг насанд хүрснийг илтгэх амьдралын чухал үйл явдлууд залуучуудын сонгуулийн ирцийг нэмэгдүүлдэг байна. Яагаад гэвэл ажилтай, орлоготой хүмүүс хүссэн хүсээгүй улс төрийг сонирхож эхэлдэг. Учир нь улс төрийн шийдвэрээс хамаарч тэдний улсад төлөх татвар ямар байх нь шийдэгддэг. Түүнчлэн хүүхэдтэй болсон хүмүүс сургууль, цэцэрлэгийн асуудалд санаа зовж эхэлдэг. Улмаар боловсролын асуудал төрийн бодлогоос шууд хамааралтайг ухамсарлаж, улс төрийг сонирхож эхэлдэг гэнэ. Улс төр сонирхдог хүмүүс сонгуульд санал өгөх магадлал өндөртэй байдаг билээ.
Насанд хүрснийг илтгэх дээр дурдсан үйл явдлууд нь хэдийгээр залуучуудын сонгуулийн ирцийг өсгөдөг боловч эсэргүүцлийн жагсаалд оролцох магадлалыг нь бууруулдаг гэж зарим судлаачид үздэг байна. Учир нь жагсаалд оролцох нь тодорхой хэмжээний эрсдэл дагуулдаг бөгөөд ажилтай, орлоготой, гэр бүлтэй хүмүүсийн хувьд жагсаалд оролцсоноороо “алдах зүйл” ихтэй тул аливаа эрсдэлд илүү болгоомжтой ханддаг байх магадлалтай ажээ.
Хоёр. Үеийн онцлог
Зарим судлаачдын үзэж байгаагаар орчин үеийн залуучууд, тэр тусмаа 1980-1990 онд төрсөн “Y” үеийнхэн нь хэзээ ч өмнөх үеийн сонгогчид шиг улс төрд идэвхтэй оролцохгүй байх магадлалтай гэнэ. Учир нь одоогийн залуучуудын насанд хүрч бие даасан хүн болох процесс асар удааширсан байж магадгүй юм. Үүнийг тодорхой жишээгээр тайлбарлая.
Орчин үед залуучуудад тохирсон тогтвортой ажлын байр ховордож ихэнх залуучууд хэд хэдэн хагас цагийн ажил хийдэг болсон. Мөн АНУ болон бусад өндөр хөгжилтэй орнуудад их дээд сургуулиудын сургалтын төлбөр асах ихээр нэмэгдсэн тул залуучуудын дийлэнх нь зээл авч байж мэргэжил эзэмшихээс өөр аргагүй болсон байна. Энэ мэт санхүүгийн дарамтаас болж залуучуудын гэр бүл зохиох, тусдаа гарах хугацаа нь хойшилсоор байгаа аж. Тиймээс энгийнээр хэлбэл, орчин үеийн залуучууд биеэ засах гэж асар их хугацааг зарцуулж байгаа тул төрөө засах боломжгүй байгаа байж магадгүй юм.
Гурав. Хүн-ам зүйн нөлөө бүхий хүчин зүйлс
Залуучуудын улс төрийн оролцоонд тэдний боловсролын чанар, нийгмийн гарал үүсэл, болон гэр бүлийн гишүүдийн тэр тусмаа эцэг, эхийн нөлөө чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг хэд хэдэн судалгаа баталсан байдаг. Тухайлбал, урт хугацааны туршид хийсэн судалгаанаас харахад бага, дунд, ерөнхий боловсролын сургуульд сурч байх хугацаандаа иргэний оролцоо, улс төр, сонгууль, ардчиллын талаар хичээл, сургалтад хамаарагдаж байсан хүүхдүүд насанд хүрсний дараа сонгуульд санал өгөх, сайн дурын ажил хийх, улс төрд идэвхтэй оролцох магадлал илүү байдаг байна. Мөн чинээлэг айлын хүүхдүүд илүү улс төрд сонирхолтой байхын сацуу сонгуульд санал өгөх магадлал нь өндөр байдаг ажээ. Түүнчлэн, эцэг, эх нь хүүхэдтэйгээ улс төрийн талаар илэн далангүй ярилцдаг айлын хүүхдүүд мөн адил улс төрийн идэвхтэй болж өсдөг болохыг зарим судлаачид тогтоосон байдаг.
Дөрөв. Институтийн нөлөөлөл
Залуучуудын улс төрийн оролцоонд хувь хүнээс үл шалтгаалах улс төр, нийгэм эдийн засгийн системийн буюу макро түвшний хүчин зүйлс мөн давхар нөлөөлдөг. Жишээлбэл, сонгуулийн мажоритар тогтолцоо залуучуудын сонгуулийн ирцэд сөргөөр нөлөөлдөг байх магадлалтай. Уг тогтолцоо нь залуу нэр дэвшигчдэд халтай байдаг учраас залуучууд сонгуульд тэр болгон нэр дэвшдэггүй байна. Залуучууд нэр дэвшихгүй байх нь эргээд залуу сонгогчдын ирцэд сөргөөр нөлөөлөх үндэслэл болдог. Учир нь залуу нэр дэвшигчид сонгуульд олноороо оролцвол залуу сонгогчид идэвхтэй санал өгдөг юм.
Үүнээс гадна улс төрийн намуудын залуучуудад тулгамдсан асуудлуудыг хэр сайн гаргаж ирж, шийдэл санал болгож байгаа нь залуу сонгогчдын ирцэд шууд нөлөөлдөг. Гэхдээ энэ нь хоёр талтай асуудал билээ. Нэг бодлын хэрэв намууд залуучуудад хандсан тодорхой бодлого дэвшүүлэхгүй бол залуучууд сонгуульд оролцохгүй байх магадлалтай. Нөгөөтээгүүр, залуучууд сонгуульд оролцдоггүй учраас намууд тэдэнд зориулсан бодлого, мөрийн хөтөлбөр санал болгодоггүй байх магадлалтай. Тиймээс, энэхүү чөтгөрийн тойргийг эвдэхийн тулд залуучууд бид эхлээд оролцох хэрэгтэй байна. Бид оролцож байж л биднийг улс төрчид, намууд тоож эхлэх учиртай.
Энэхүү цуврал нийтлэлийг сонгогчийн боловсролыг сайжруулах зорилгоор Зориг сангийн зөвлөх, Япон улсын Васеда их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны докторант С.Болдсайхан бичиж байна.
Энэхүү нийтлэлийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд бичив. Нийтлэлд илэрхийлэгдсэн агуулга нь хувь хүний үзэл санаа бөгөөд АНУ-ын Засгийн газар эсхүл дээрх агентлаг, хүрээлэнгийн албан ёсны байр суурь биш болно.
Сэтгэгдэл (2)