x

Шинэ Засгийн газрын шийдвэрлэх ёстой асуудлууд

УИХ-ын чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун- Эрдэнэ томилогдов. Ардчилал, чөлөөт зах зээлд шилжсэн гуч орчим жилийн хугацаанд Монголын нийгэм олон Ерөнхий сайдын нүүр үзжээ. Тэд сонгогдох бүртээ эдийн засагтаа ямар нэгэн шинэчлэл, өөрчлөлт хийнэ эсвэл ”тийм ч том бүтээн байгуулалт, ийм ч сүрхий-г хийнэ” гэж сүржигнэдэг нь бараг ёс шахуу болжээ. Харамсалтай нь, амлалтын үр дүн нь  тодорхойгүй үлдсээр ирлээ.

Ер нь нийтэд “ам гарсан” асуудлаараа тайлан тавьсан Ерөнхий сайд одоогоор алга. Бид ч “нэхэл дагал” болсонгүй, тэгсхийгээд мартчих юм. “Будаг нь ханхалсан” Ерөнхий сайдын чуулганы индрээс нийтэд хандсан үг хэчнээн чимэгтэй, цэцэн байх тусам, хэдий чинээ олон амлалт амлах тутам биелэхгүй гэдэг нь бараг тодорхой байдаг л даа. Үүнийг  батлах амархан. Ядуурлын түвшин сүүлийн 20 жил 30 хувь орчимд эргэлдэж байна.  Өөрөөр хэлбэл гурван хүний нэг нь ядуу гэдэг үзүүлэлт зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш өөрчлөгдсөнгүй. Нэг хүнд оногдох ДНБ сүүлийн арван жил 4000 ам.доллар-оос хол давсангүй. Хэдийгээр ДНБ монгол төгрөгөөр бодоход өссөн дүр зураг харагдавч, монгол төгрөгийн ханш суларч сүүлийн жилүүдэд 13 тэрбум ам.доллар орчимд “хий эргэж” байгаа билээ.

Харин энэ удаа шинээр эмхлэгдэн байгуулагдсан Л. Оюун-Эрдэнийн кабинетыг эдийн засгийн туйлын хүнд нөхцөл байдал угтаж байна. Монгол улсын эдийн засаг энэ онд дор хаяад 6 хувиар агших нь тодорхой болчихлоо. Олон улсын санхүүгийн байгууллагууд, Монголбанкны төсөөлөл ч ийм байгаа. Тэртээ 1991 онд манай эдийн засаг 8 хувиар агшихад “эдийн засгийн хямрал” эхэлсэн. Эдийн засаг эргэж хэвийн түвшиндээ хүрэхийн тулд бүтэн 8 жил зарцуулж байсан юм.  Тэгэхээр шинэ Ерөнхий сайдад элдэв гоё сайхан зүйлд сатаарах, санаа бодлоо өөр мундаг зүйлд урвуулах цаг хугацаа, санхүүгийн боломж ердөө байхгүй.

Монгол улсын ДНБ-ний хэмжээ энэ оны эхний 3 улирал өмнөх оны мөн үетэй харьцуулахад (-10.7, -9.7, -7.3) дараалан буурсан. Өөрөөр хэлбэл, Монгол улс эдийн засгийн хямралд өртчихөөд байна гэж хэлж болно. Хямралыг үндэсний нийт бүтээгдэхүүн буурах төдийхнөөр төсөөлж болохгүй. Үйлдвэр, аж ахуй нэгжүүд дампуурч ажилгүйдэл эрс нэмэгдэх бөгөөд хүн амын амьжиргааны түвшин огцом буурах зэрэг сөрөг үр дагавар сүүдэр мэт дагалддаг. Бизнесийн үйл ажиллагаа доголдохтой зэрэгцээд улсын төсөвт орох ёстой татварын мөнгө ч дутна. Засгийн газар, төрийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд гадна дотноос зээл тусламж нэмж авахаас өөр гарцгүй болно. 

Гэтэл манай гадаад өрийн хэмжээ эдийн засагтайгаа харьцуулахад асар өндөр хэмжээнд хүрсэн. Үүнийг ч Дэлхийн банк зарлачхаад байгаа. Гадаад өрийн хэмжээ зохих түвшнээс дээш гарах тохиолдолд эдийн засгийн макро үзүүлэлтүүд буурч, нийгмийн тогтворгүй байдал нэмэгдэн, улс төрийн нөхцөл байдал хурцдах нөхцөл үүсдэг. Тиймээс хямралыг өдөөхгүй байх нь аливаа  улс, орныг залж яваа удирдлагын багийн анхаарлын төвд байдаг хамгийн чухал асуудал юм.

Ийнхүү эдийн засгаа сэргээх, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн эргэлтэд оруулах, ажлын байрыг хадгалах гэсэн маш тодорхой ажил шийдлээ хүлээж байна.  Олон улсын санхүүгийн шинжээчид, хөгжиж буй улс орнуудын хөгжил хамгийн багаар бодоход 5 жилийн дараа 2020 оныхоо түвшинд хүрнэ гэсэн таамаглал дэвшүүлжээ

Монгол улсын хувьд ч эдийн засгийн нөхцөл байдал туйлын хүнд болсныг 2020 оны макро-эдийн засгийн статистик үзүүлэлтээс харж болно. Монгол улсын ДНБ сүүлийн дөрвөн улирал дараалан өмнөх оны мөн үетэй нь харьцуулахад агшлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцэл 4.5 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. Монгол улс түүхэндээ ийм их хэмжээний алдагдалтай төсөвтэй байсангүй. Мөнгөний нийлүүлэлт зөвхөн 2020 онд 3.4 их наяд төгрөгөөр огцом нэмэгджээ. Үүнийг Монголбанк хадгаламж нэмэгдсэн учраас гэж тайлбарлаж байгаа боловч коронавирус тархаж бизнес зогссон хүнд жил хадгаламж нэмэгдэх ямарч үндэслэлгүй байхгүй. 2020 онд 3 тэрбум ам.долларын интервенц хийсэн боловч төгрөгийн ам.доллартой харьцах ханш 4.5 хувиар суларчээ. Монгол улсын нийт өр өнгөрсөн дөрвөн жилд 3 тэрбум 266 сая ам.доллар-аар нэмэгдээд байна. Аж ахуй нэгжүүдийн дийлэнх нь хаалгаа хаажээ. Ажилгүйдэл, ядуурал нэмэгдээд зогсохгүй баян хоосны ялгаа эрс нэмэгдэж эхэллээ.  Энэ байдал цаашид улам хүндрэх нь нийгмийг донсолгох суурь болохыг үгүйсгэхгүй.  

Л. Оюун-Эрдэнэ ерөнхий сайдын бүхий л анхаарлаа төвлөрүүлж, хүч бололцоогоо дайчлан ажиллах гол асуудал бол “эдийн засгийн хямралыг хөнгөн газардуулах” явдал юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн амьдралд эдийн засгийн хямралын хүндийг аль болох бага “үүрүүлэхэд” чиглэх ёстой. Ингэхийн тулд 2021 оны төсвийн тодотголыг УИХ-д нэн даруй оруулж ирэх хэрэгтэй байна. Хэдий чинээ хугацаа алдана, төдий чинээ нөхцөл байдал хүндрэх нь тодорхой байна. 

Сүүлийн жилүүдэд улсын төсөвт “хүнийрхүү” сэтгэлээр хандаж, татвар төлөгчдийн хөрөнгө үрэн таран хийх асуудал хавтгайрсан. Тиймээс энэ асуудалд цэг хатгах цаг аль хэдийн болсон. Шинэ Ерөнхий сайд ч ужгирсан асуудлыг шийдвэрлэнгээ, “төсвийг шинэчлэгч” хэмээн цоллуулах боломж нээлттэй байна. Хэрэв энэ даалгаврыг “онцсайн” дүнтэй биелүүлбэл улс орны төдийгүй залуу улс төрчийн “ирээдүй” гялалзах нь дамжиггүй. Төсвийн үрэлгэн бодлогыг яагаад шинэчлэх ёстой юм бэ гэдгийг тайлбарлахын тулд 2021 оны төсөв рүү анхаарлаа хандуулцгаая.

Коронавирусын цар тахлын ноцтой аюул үргэлжилж, зарим оронд мутаци-д орсон вирус илэрч онц аюултай байдал үргэлжилж байгаа эгзэгтэй үед Монгол улсын Засгийн газар бодит нөхцөл байдалд огт нийцээгүй төсвийг өргөн барьсан байдаг. Учир нь 2021 оны төсвийн үндсэн үзүүлэлтүүд өнгөрсөн хоёр жил(цар тахалгүй төсөв) өргөн барьсан төсвөөс ялгагдахгүй шахам ижилхэн болсон юм. Тухайлбал, Гааль, татвар, газрын цахимжуулалтын шинэчлэлийг хэрэгжүүлж орлогын эх үүсвэрийг бүрэн дайчилна гэх “ганцхан” уриан дор 2019 онд нэгдсэн төсвийн нийт орлогыг өмнөх оноос 3.2 их наяд төгрөгөөр, 2020 онд 1.8 их наяд төгрөгөөр нэмж байсан бол 2021 онд 2.4 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 13.1 их наяд төгрөг байхаар тооцсон. Гэтэл 2020 оны татварын нийт орлого жилийн эцэст 8.5 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 13.4% буюу  1.3 их наяд төгрөгөөр “сох” дутжээ. Орлогын албан татвар гэхэд л 442.5 тэрбум төгрөг буюу төлөвлөснөөс 21.8%, Нэмэгдсэн өртгийн албан татвар 281.0 тэрбум төгрөг буюу төлөвлөснөөс 11.3%, Онцгой албан татвар  86,5 тэрбум төгрөг буюу 10.0%, Бусад татвар, төлбөр хураамжийн орлого 117.0 тэрбум төгрөг буюу 12.8% тус тус дутсан юм. 2020 оны төсвийг батлахад ковидын аюулын талаар мэдээгүй байсан учраас алдаж болох ч 2021 онд өргөн барьсан төсөв яагаад ч ийм өөдрөг байж болохгүй гэдэг нь хүн бүхэнд ойлгомжтой байгаа биз.

Уул уурхайгаас 2019 онд 3 их наяд, 2020 онд 3.2 их наяд, 2021 онд 3.4 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлэх зорилт дэвшүүлж. Гурван жил дараалан 42 сая тн нүүрс экспортолно гэж тооцсон байх юм. Гэтэл 2020 онд ердөө 28 сая тонн нүүрс экспортолжээ. Ийнхүү цар тахлын эрсдэлийг тооцох нь бүү хэл валют олдог үндсэн түүхий эдийнхээ тооцоо судалгааг ч дорвитой хийж чадаагүй төсөв өргөн баригдаж батлагдсан. Жилийн жилд биелэхгүй өндөр орлого төлөвлөж байгаа нь төсвийн алдагдлаа бага дүнтэй харагдуулах, өөрсдөдөө ахиухан хөрөнгө хуваарилах халхавч төдий л юм.

Уул уурхайгаас олох орлого жил тутам өсөх хэмжээгээр төсвийн зардал данхайж ирлээ. УИХ-ын сонгуулийн 2008, 2012, 2016, 2020 онуудад нийгмийн халамжийн зардал, хөрөнгө оруулалт, төрийн албан хаагчдын тоо, тэдэнд олгох цалин огцом өссөн дүн гарчээ. Үүнийгээ уул уурхайн орлогоос гадна гадаадын зээлээр санхүүжүүлэх болжээ. Дөрвөн жилийн өмнө Монгол гэдэг айлын төсвийн зарлага 6-7 их наяд төгрөгийн хэмжээнд тогтвортой эргэлдэж байсан бол ирэх онд 14 их наяд төгрөгт хүрч хоёр дахин өссөн байна.

 2021 онд 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв өргөн барьсан. Гэтэл  2020 оны төсвийн тодотголоор 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Ийнхүү зөвхөн 2020, 2021 онуудад 7 их наяд төгрөгийн өр үйлдвэрлэх тооцоо хийгджээ. 7 их наяд төгрөгөөр 200 мянган өрхийг шинээр байранд оруулж болно. Нэг бог малыг 150 мянган төгрөгөөр тооцвол Монгол улсын нийт малын 65 хувь буюу 46 сая толгой бог малтай дүйцэх хэмжээний их хөрөнгө төсвөөр дамжин хоёрхон жилд үрэн таран болж байна гэсэн үг. Хайран биш байна гэж үү?

Энэ бүхэн 2021 оны үрэлгэн төсөвт яаралтай цэг тавих ёстой гэдгийг хатуу анхааруулж байгаа хэрэг. Иймээс төсөвт суухдаа авилгын арван хувь өртөгт нь багтсан бүх байшин барилга, концессын бүтээн байгуулалтуудаа нэн даруй царцаах  ёстой. Цар тахалтай, эдийн засаг агшсан хүнд үед аймаг, сум, баг бүрд тамгын газрын байр, урлаг соёлын болон спорт цогцолбор барьж цаашид төсвийн урсгал зардлыг нэмэх гэж чармайх шаардлагагүй гэдгийг тайлбарлах шаардлагагүй. 2021 онд 1 их наяд 388 тэрбум төгрөгийн 1036 төсөл, арга хэмжээ тус бүрийг эрэмбэлж онцын шаардлагагүй, цар тахлын үед ач холбогдол багатай 157 төслийг  царцаахад 441 тэрбум төгрөг хэмнэх боломж байна. Концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийг нэг жил царцаахад 264 тэрбум төгрөг гарч ирнэ. Эрх мэдэлтнүүдийн дураар шийддэг тусгай сангуудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, дэд сайд, агентлагийн дэд дарга зэрэг дарга нарын орон тоог цөөлж, төрийн өмчит компаниудын тансаглалд хяналт тавихад нэг их наяд төгрөг хэмнэгдэх тооцоо байна. Үндэсний Аудитын газраас төсвийн орлого бүрдэх хүндрэлтэй, гадаад өр төлөгдөхөөр хүлээгдэж байгаа өнөө цагт  тэвчиж болох зардлуудыг 20 хүртэл хувиар бууруулах шаардлагатай гэж дүгнэсэн.

Төсвийн байгууллагын аливаа сургалт семинар, хурал зөвлөгөөн, гадаад дотоод албан томилолт болон төрөөс иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг бүх төрлийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөл олголтыг цахимжуулах замаар зардлыг эрс бууруулах бүрэн боломж бий. Тиймээс төсвийн урсгал зардлыг 20 хувиар танахад 2 их наяд төгрөг хэмнэгдэнэ.

Ийнхүү гурван их наяд төгрөгийн “хямралын сан” байгуулж эдийн засгийн хямралыг “хөнгөхөн” даван туулах боломж Л. Оюун-Эрдэнэ сайд таны үзэгний хошуу хөдөлгөх төдийхөнд биелэгдэхээр байна.

Үргэлжлэл бий.

Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 22 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 36 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 43 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 1 цаг 49 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 2 цаг 10 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 15 цаг 12 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 20 цаг 27 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 20 цаг 43 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 21 цаг 26 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 21 цаг 36 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top