Өнгөрсөн долоо хоногт гарааны бизнесүүдийг дэмжих, залуучуудыг ажлын таатай орчноор хангах зорилготой Улаанбаатар Инновацийн төв нээлт болсон билээ. Дундын оффис, бизнес инкубатор, бүтээгчдийн лаборатори бүхий тус төвийг санаачилсан Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд "амжилтын хонх"-ыг цохин үүдийг нь албан ёсоор нээсэн билээ. Улмаар Инновацийн төвийн анхны эвент болгон бид хотын даргатай "Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлагаа нээлтийн үеэр хийснээ хүргэж байна. Тэрээр Төв аймагт 10 жилийн сургуулийг, 1990 онд ХААДС-ийг инженер-багш мэргэжлээр дүүргэсэн бөгөөд 2002 оноос УИХ-ын гишүүнээр дөрвөнтөө сонгогдож, 2016 оноос Нийслэлийн засаг даргаар ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байв.
Байршил: Монгол Улс. Улаанбаатар хот
Одоо хашиж байгаа буй ажил, албан тушаал: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Улаанбаатар хотын 32 дахь дарга.
Хэрэглэдэг гар утас: iPhone 8
Хэрэглэдэг компьютер: “Dell” notebook
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Хурдан, шуурхай, багаар ажиллах зарчим баримталдаг.
Сошиал хуудас: Sunduin Batbold
Таны ажлаа ямар арга барилаар хийдэг вэ?
Төр, захиргааны байгууллагад 30 гаруй ажил ажилласан хүний хувьд хамтран ажилладаг баг, хамт олондоо өөрөөрөө сэтгэж, өөрсдөө хийх боломж олгохыг илүүд үздэг. Даргын даалгаврыг биелүүлэхээс илүүтэй бүтээлч сэтгэлгээтэй, шинийг санаачлагч байхыг хүсдэг юм. Учир нь орчин цагийн хөгжлийн хурдацтай хөл нийлүүлэн алхахад “Хэн сэтгэж, хөдөлмөрлөж байна. Тэр хүн илүү амжилт, илүү их ажлыг бүтээж байна” гэж боддог. Тиймээс багтаа итгэл өгөхийг илүүд үздэг арга барилтай.
Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай ажлын хэрэгсэл, программ, апликэйшинээсээ нэрлэнэ үү?
Мэдээж би чинь социализмын үед дунд сургууль, их сургуулиа төгсөж, төрийн албанд ажилд орсон хүний хувьд “үзэг”-ийг илүүд үздэг. Тэмдэглэл хөтөлж, албан бичиг засах, гарын үсэг зурах, санаанд орсноо мартахаасаа илүүтэй цаасан дээр бичиж үлдээдэг. Хэвшсэн зан чанар гэх үү дээ. Жижигхэн тэмдэглэлийн дэвтэр, үзэг биедээ байнга авч явдаг. Орчин үеийн чиг хандлагыг дагаад цахим орчноос мэдээлэл авах, түгээхэд идэвхтэй байхыг чармайдаг. Гэхдээ ажлын цаг заваас болоод багахан хугацааг зарцуулж байна. Үндсэндээ имэйлийг бол байнга хэрэглэж байна. Google-ийн аппуудыг ашигладаг. Мөн Нийслэлийн мэдээлэл, технологийн газраас гаргаж байгаа шинэ аппуудыг татаж авдаг. Нэг талаас хэрэглэгчийн хувьд, нөгөө талаас даргын хувьд санаа бодлоо хэлэхийн тулд ашиглаж байна.
Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?
Цаг хэмнэх таны арга тань юу вэ?
Төлөвлөлт. Ажлаа долоо хоногоор, зарим үед 14 хоногоор төлөвлөдөг. Мөн ямагт цаг баримтлахыг хичээдэг. Аливаа арга хэмжээ, хурал зөвлөгөөнөөс хоцрохыг хүсдэггүй. Цаг барьж байгаа хүнийг хүндэлдэг. Цагийн юм цагтаа гэдэг үг бий. Бид хэзээ ч нэгэнт өнгөрсөн цаг хугацаа, үйл явдлыг нөхөж чадахгүй учраас төлөвлөсөн цаг хугацаандаа хийж байхыг хичээдэг. Заримдаа ажлын шаардлага, удаан сунжирсан хурал зөвлөгөөнөөс үүдээд хоцрох асуудал гардаг. Гэхдээ “Цаг баримтлах зарчим”-аа алдахгүй байхыг хичээдэг. Чухал ажилдаа өдөрт заавал 60 минут зарцуулдаг. Завгүй гээд олон ажил руу үсчихээс илүүтэй чухал, гол ажилдаа ач холбогдол өгдөг.
Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?
Ажлын жагсаалтыг бол туслах маань өдөр бүр надад танилцуулдаг. Харин хувь Батболд гэдэг хүний тухайд хувь, хувьсгалын ажлаа iPad дээр бичиж, тэмдэглэж явдаг. Авч явахад авсаархан, мэдээлэл солилцох, цаг алдалгүй асуудлыг шийдэхэд бас цахим орчин их нөлөөлдөг.
Та ямар зүйлийг хийхдээ гаргууд сайн бэ?
Шулуухан хэлэхэд, хууль тогтоох байгууллагад 4 удаа сонгогдсон гишүүн байсан учраас хурал удирдах, хууль санаачлах, баг зохион байгуулах, менежмент хийхдээ сайн. Учир нь УИХ-ын байнгын хорооны дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд хийж байсан учраас ямагт баг хамт олныг удирдаж, хамтран ажиллаж, эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэж байсан. Нийслэл хотод ч ялгаагүй. 1 сая 400 мянган хүнийг сайхан амьдруулахын төлөө 3200 төрийн албан хаагч энэ багт ажиллаж байна.
Эр хүний хувьд гэр бүлдээ сайн эцэг, сайн хань байхыг хичээдэг. Өөрөө өнөр бүлд өсөж торнисон болохоор хамтач, нийтэч, бусдыг гэсэн сэтгэлтэй байхыг илүүд үздэг хүн.
Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?
Нийслэлийн Засаг дарга байна гэдэг амар ажил биш. Өглөө бүхэн тулгамдсан асуудалтай нүүр тулна. Нэг асуудлыг шийдэхэд, араас нь ахиад бэрхшээлтэй асуудал ундарна. Хог шорооноос өгсүүлээд сургууль цэцэрлэг, бүтээн байгуулалт, эрүүл мэнд, боловсрол гээд хамрахгүй хүрээ байхгүй. Улаанбаатар хот бол улс доторх улс юм гэж би боддог. Маш их өргөн цар хүрээтэй ажиллахыг шаарддаг. Гол нь хүний амьдралтай шууд холбоотой шийдвэрүүд гардаг учраас их эмзэг ажил гэж ойлгож болно. Сайхан энерги байлгүй л яахав. Засаг даргын гаргасан шийдвэр, захирамжийн үр дүнд баярлаж байгаа иргэд, аж ахуй нэгжүүдийн талархлын үгийг сонсохоор сэтгэл тэнийдэг. Иргэдээ орон байртай болгох, ажлын байраар хангах асуудалд миний бие онцгой анхаардаг. 21 дүгээр зууны хотын иргэн хүн ажилтай, орлоготой, амьдрал нь тэгш байгаасай гэж хүсдэг. Мэдээж миний санасан хүсэл бүхэн амархан биелэхгүй байгаа ч гэлээ шат шатаар ахиулж яваа. Мөн бас нэг сайн тал нь хотын дарга бол өөрөө шийдвэр гаргагч. Өөрийн төлөвлөсөн бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлж чаддаг албан тушаал. Ийм ч учраас би шүүмжлэл, магтаал дунд ажиллаж явахдаа “Нийслэлээ хотын дайтай хот болгохын төлөө” л зүтгэж байна. Бас нэг бэрхшээлтэй асуудал нь хотын дарга үргэлж олны анхаарлын төвд байдаг учраас өдөр бүр сайн, муу мэдээлэл дунд явдаг хүн дээ.
Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцүүлж байна. Энэ хуулийн төсөл Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн жанжин шугам болох тул их ач холбогдол өгч, төвлөрөн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар УИХ-ын дөрвөн ч байнгын хорооны хуралдаанаар дэмжигдээд байна. Нийслэлийн бүтээн байгуулалтын томоохон төсөл, хот тохижилт, нийтийн аж ахуйн ажилд анхаарлаа хандуулж байна. Сургууль, цэцэрлэгийн барилгын ажил, газар чөлөөлөлтийн асуудлыг ч эрчимжүүлэхээр үүрэг даалгавар өглөө. Гэр хорооллыг хөгжүүлэх шинэ бодлого, төлөвлөлтийнхөө хэрэгжилтийн явцтай танилцаж байна.
Та ажиллаж байх үедээ хөгжим сонсдог уу? Ямар төрлийн хөгжим сонсох дуртай вэ?
Поп болон сонгодог хөгжим. Залуу байхад MTV сувгийг их үздэг байлаа. Мэдээж ажиллаж байхдаа хөгжим сонсох боломжгүй. Харин багахан амралтын хугацаанд төгөлдөр хуурийн концерт, оркестр болон хийл хөгжмийн цомог сонсох дуртай. В.А.Моцарт, Ф.Шофены хөгжмүүд илүү сонсголонтой санагддаг. Ер нь хотын залуучуудын урлаг, соёлын салбарын хөгжлийг чухалчлан тавьдаг хүний нэг. Тиймээс залуусыг татсан эвент арга хэмжээ зохион байгуулахыг хичээдэг. Мөн яруу найраг сонирхдог. Зохиолч, яруу найрагч, сэтгүүлчид гээд оюуны хөдөлмөр хийдэг уран бүтээлчдийг чадах чинээгээр дэмжихийг хичээдэг юм. Дуурь, драмын театрыг хот мэдэлдээ аваад олон улс, тив дэлхийн чанартай арга хэмжээнүүдийг зохион байгуулахыг бодолдоо тээж явдаг. Түүнчлэн Монголдоо анх удаа “Convention center” барихыг зорьж байна. Биелнэ ч гэж бодож байгаа.
Та одоо ямар ном / нийтлэл уншиж байна вэ?
Яг өнөөдөр гэвэл Баабарын “Яагаад гэнэт ШХАБ-д элсэх болов” гэдэг нийтлэлийг уншиж байна. Ер нь Baabar.mn сайтын нийтлэлчдийн нийтлэл, ярилцлагыг уншдаг. Номын тухайд гэвэл Японы алдарт зохиолч Мүраками Харукигийн “Норвегийн ой” романыг уншиж байна даа.
Та нээлттэй хүн үү, эсвэл дотогшоо хүн үү?
Би бол маш нээлттэй хүн. Бодсон санаснаа шулуухан хэлдэг. Дотроо хадгалж, шаналж бэтгэрээд байдаггүй. Шүүмжлэхдээ ч ил тод, сайшаахдаа ч ил тод байдаг. Хэт их дотогшоо байх нь өөрийгөө ч зовооно, өрөөлийг ч зовооно гэж боддог. Мөн ах дүү олуулаа өссөн учраас нээлттэй байдаг байх.
Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?
23-24 цагийн хооронд унтдаг. Ажлын ачааллаас хамаараад унтах цаг маань хойшлох нь элбэг. Аль болох эрт унтаж, эрт сэрэхийг хичээдэг. Хэдий орой унтсан ч гэлээ өглөөний 6 цагт сэрдэг дээ.
Aжиллаагүй үед ТАНЬ ТАНЫГ хаанаас олж болох вэ?
Ажиллаагүй үедээ гэр бүлдээ цаг заваа зориулахыг хичээдэг. Би чинь 3 хүүгийн эцэг. Миний хань дархан бэр. Би гар утсаа хэзээ ч салгадаггүй. Хотын дарга учраас 24 цаг асаалттай байлгадаг. Манай удирдлагын баг, мэргэжилтнүүд ч ийм зарчим барьдаг. Бүтээмжтэй ажиллахын тулд бие тамир сайн хийх ёстой. Тиймээс “River fitness”-т хичээллэдэг. Тэгэхээр энэ хоёр газраас л намайг олж болно доо.
Та хэнээс, юунаас илүү урам зориг, эрч хүч олж авдаг вэ?
Гэр бүл, тэр дундаа удахгүй сургуульд орох хамгийн бага хүүгээсээ илүү их эрч хүч, энерги авдаг. Миний бага хүү надад инээд хөөр, аз жаргал бэлэглэдэг. Ах нар нь тусдаа гарч, дээд сургуульд сурдаг болохоор тэр бүр гэрт байдаггүй. Бага хүү маань намайг бөөн баяр хөөрөөр угтдаг. Бас багын найз нөхөд, 10 жилийн ангийнхан маань надад их эрч хүч, урам өгдөг. Мэдээж нийслэлийн баг хамт олон минь ажиллах эрч хүч, сайн муу бүхнийг хамтдаа туулж байгаа хамт олон юм.
Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Монгол Улсын Ерөнхий сайд асан П.Жасрай гуайн хэлсэн “Улс төрд хүн орсон бол гарах хаалгаа сайн мэддэг байх хэрэгтэй” гэдэг үг. Ялангуяа өнөөгийн улс төрд орсон залуу үе, орохыг хүсэж байгаа тэр хүмүүст зориулсан үнэн үг. Үнэтэй зөвлөгөө гэж боддог. Ер нь улс төрийн хүнд ч гэлгүй аливаа ажлыг эхлүүлсэн бол дуусгах, халаа өгөх цаг үе байдаг шүү гэдгийг сануулсан үг гэж болно.
Та залуу мэргэжилтнүүдэд нэг чухал зөвлөгөө ӨГВӨЛ?
Мэргэжилдээ үр бүтээлтэй, ахисан түвшинд ажиллаж дэлхийн залуусаас хоцрохгүй хөдөлмөрлөж, суралцаасай гэж боддог. Цагийг үр бүтээлтэй ашиглаж, ажлыг чин сэтгэлээсээ хийдэг байх хэрэгтэй. Сэтгэлээ зориулсан ажил ямагт амжилт, үр дүн авчирдаг гэдгийг хэлэх дуртай. Ноён нуруутай, голтой яваасай гэж хүсдэг.
Энэ буланд та хэнийг санал болгож, ажлынх нь арга барилтай танилцмаар байна ВЭ?
Шинэ санаа, шилдэг инноваци нэвтрүүлж байгаа залуу үеийн төлөөллийг оруулаасай гэж хүсэж байна. Тэдний төлөөлөл болох залуус олон. Тиймээс сонгох эрхийн та бүхэнд үлдээе.
Эх сурвалж: unread.mn
Сэтгэгдэл (1)