x

Ковидын жилийн тууж

-Бурхан минь, юу болоод өнгөрчих нь энэ вэ?

(Мотто)

(Мөнхийн онцгой дэглэм. Вирустэй тэмцэх “Вышинскийн” арга. “Пирл харбор” маягийн омогшил. “Дүрэмгүй” айдсын мөр. Олон фронттой дайн. Араасаа дүрүүлсэн “вирус.” Ковидын дөрвөн хичээл)

Мөнхийн онцгой дэглэм

Нүүдэлчдийн хувьд онцгой дэглэм, гэнэтийн аюул осол гээч бол шинэ юм огоот биш. Харин ч өдөр тутмын амьдралынх нь онцлох шинж тэмдэг байлаа. “Монголын нууц товчоо”-нд:

Одтой тэнгэр орчилдож

Олон улс хямралдаж

Орондоо унтах завгүй

Олзлолдон булаалдаж…

байсан тэр цагт тал нутаг мөнхийн “Онцгой байдал”, байнгын “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг” ноёрхоно. Өдөр бүр л Тайчир ирж адууг нь хөөчих гээд, хэзээ л бол хэзээ Таргудай ирж албатыг нь булаачих гээд юун амар тайван амьдрах вэ? Ядахнаа, тайван архидах ч арга тал үгүй, Татарууд хундаганд нь “новичик” хийчих гээд, үнэн тамтай.

Чингис хаан Их Монгол улсыг байгуулж, энд байтугай дэлхий дахин Pах Мongolica тогтсон ч онцгой байдал “тавигдаж” амгалан тайвнаар, хутга тавилгүй мах идэж хундага эгшээлгүй архи уусан юм бол байхгүй. Яагаад гээч?

Уламжлалт нүүдлийн мал аж ахуй бол байгалиас хэт хамааралтай учраас малчны менежмэнтийг өвөрмөц болгожээ. Мал сүргээ тодорхой төлөвлөгөөгөөр, ашиг шим, үр төлийг нь тооцоолон өсгөх боломжгүй. Малчин хүний ямар ч сайхан тооцоо төлөвлөгөөг ган, зудаас эхлээд байгалийн гэнэтийн араншин дор нь нам дараад өгнө. Учир иймд, нүүдэлчдийн мал маллагааны арга нь эдийн засгаас хол хөндий, харин авран хамгаалах буюу өнөөгийн “Онцгой байдал”-ын удирдлагад ойр менежмэнт юм. ХХ зууны эхээр үйлдсэн хүн амын тооллогын дүнгийн хавтгайг харахад, амжиргааны баталгаажих доод түвшинг ч цөмлөн унасан язгууртнууд, хошуу ноёд цөөнгүй харагддаг. Ноён хүртэл нойль заадаг орчинд амжиргаагаа аврахаас илүү амиа л аврах чухал. Угаасаа нэг аварчихмаар хуримтлал, бизнесийн ертөнц ч байсан биш. 

Суурин маллагаатай фермерийн хажууд нүүдэлчин малчны мэргэжил нь байгалиас өөрийн хоолоо олж иддэг хонь ямаа, азарга нь чононоос сүргээ хамгаалдаг адуу, үр төлөө бараг л өөрөө бойжуулдаг хагас зэрлэг сүргийн ерөнхий зохицуулагч маягийн ажил. Суурин иргэд бизнес хөрөнгийнхөө төлөө амиа өргөдөг, зарим газар түүнийгээ зэвсэглэн хамгаалах эрхтэй байдаг. Харин нүүдэлчид амиа аврахын тулд байгальтай хамтран эзэмшдэг өмч хөрөнгөө дуртайяа золиход бэлэн ажгуу. Өөрөөр хэлбэл, амиа аварсан байхад, эдийн засаг (хэрвээ байсан бол) тэгж ингэж байгаад аяандаа болно. 

Нүүдэлчдийн мөнхийн онцгой байдлын менежмэнт нэг иймэрхүү. Дээр нь тэднийг хот балгадыг хөнөөгч “онцгой байдал” болох тахал өвчин бас нэрвэнэ. Түүнтэйгээ тэмцэх ганцхан арга нь “хөл хорих” явдал. Эдийн засгийн харилцааг аварч үлдэх асуудал байхгүй. Юу яасных нь ачаа бараа тасалдах, элэнцгийнх нь чингэлэг саатах, үхснийх нь өдрийн орлого тасрах билээ? 

Айлаас айл хүртэл өртөө зайтай тул өвчний голомт хэсэг сүйрүүлээд бусад зарим нь дуулах ч үгүй өнгөрөх энүүхэнд. Монголчууд тарваган тахалтайгаа зэрэгцэн оршоод зогссонгүй түүнийгээ ашиглан бактериологийн зэвсэг хийж, хот балгадын сүйрүүлж байсныг судлаачид хэлдэг. Бактериологийн зэвсэгээ бэлтгэх, зөөх явцаа өөрсдөө сүйрчихгүй байсныг бодоход тарваган тахалтай ажиллаад сурчихсан байжээ гэж бодмоор. Өнөө ч тарваган тахал жил бүр гарсаар, тухайн голомтод нь дарсаар, өвчний үндэс болсон тарвагаа алж идсээр байгааг одоо “ Тарваган тахал ба Монголчууд энхтайвнаар зэрэгцэн оршиж байна” гэх ч хаашаа, байх ч хаашаа.

Вирустэй тэмцэх “Вышинскийн” арга

Нэг талаасаа, байнгын “Онцгой байдал”-тай, нэмэх нь нам дарагдтал хөл хорих ганц тактиктай нүүдэлчид ХXI зууны босгоор алхан орж ирлээ. Харин өөрсдийнхөө аж төрөл, хүний мөн чанарт асар их өөрчлөлт гарсныг төдий анзаарсангүй бололтой. 

Ингээд Ковидын жил гарлаа. 2020 онд анхны тохиолдол илрэнгүүт уламжлалаараа хатуу хөл хориогоо хэрэглэлээ. Засгийн газарт ч хүний хөлийг туших юм бол вирусын хөл цуг чөдөрлүүлнэ гэдгээс өөр туршлага байсангүй. 

Нүүдэлчид, даа ялангуяа бидний хэдэн монголчууд бусдын хуримтлуулсан туршлагыг ашиглахаасаа илүү өөрийгөө хашраасан сургамжаар хичээллэдэг учраас буруутгах арга алга. Олон түмэн ч уухайлан дэмжиж, хөл юугаан гэртээ тушлаа. Ковидын вирусын гарыг гавлаж хөлийг дөнгөлсөн хэрэг.

Анхны “ковидчин” болж таарсан Франц эрийг “Анх-Отгон” хэмээн авгайлсан нь ч их учиртай. Хувийн хичээл зүтгэлээсээ илүү хувь заяандаа найдах дуртай монголчууд гай зовлон үүгээр дуусахыг бэлгэдсэн ажгуу. Тал нутгийн хувирамтгай уур амьсгал, тогтворгүй улс төр нь нүүдэлчдийн ямар ч сайхан бизнес төлөвлөгөө, хичээл зүтгэлийг агшин зуур сүйдэлсээр ирсэн тул аз заяандаа л найдаж амьдрахаас өөр замгүй болсон хэрэг. 

Өнөөгийн иргэншсэн ертөнцөд утга учиргүй мэт санагдаж болох ч, гагцхүү аз заяандаа л найдаж амьдарна даа. Гэвч, ертөнцийн хөгжлөөс гээгдэн, соёлт ертөнцөөс улаан, цагаан хэрмээр таслагдаж үлдсэн манай улс үндэстний тэсч үлдсэн нууцыг эндээс хайгууштай. Бидний олонтаа сонсож өссөн “Халхын(Монголын) заяа их юм гэнэ лээ”, “Тийм, заяа нь хаясан юм гэж юу байх билээ. Үзээд алд” гэхчлэнгийну рмын үг өвөг дээдэст маань тоо томшгүй гамин цэргийг эх нутгаасаа хөөж чадна гэх итгэл, коминтерн-Зөвлөлт засгийн аймаглан устгах яргаллыг даваад үлдэнэ гэх найдвар болон зүрхэнд бамбарласан болов уу? Тэр л бамбараар тэжээгдсэн итгэл найдвар, урам зориг нь улс үндэстнийхээ голомтыг нурманд үлдсэн цог шиг энхрийлэн авч үлдсэн гэлтэй.

Аа, тийм. Ковидын халдварыг илрүүлэх тактик нь бас наргианы. Зөвлөлтийн КГБ-ын яргаллыг даган монголд нэвтрээд үлдсэн “Вышинскийн” гэх аргаар цар тахлыг илрүүлэх гэж үзэв. Цар тахалтай жилийн турш тэмцсэн улсаа буруутгах гээгүй юм шүү, ердөө л бидэнд байсан уртаашаа ганц арга тактик энэ. Тухайн цаг үед, Зөвлөлтийн ерөнхий прокурор байсан хүний нэрээр нэрлэгдсэн энэ арга бол хэлмэгдүүлэлтийн гол түлхүүр байлаа. Тэрээр,гэмт хэрэгтэн хэргээ л өөрөө хүлээж байвал, нотлох баримтыг чухалчлах хэрэггүй хэмээн сургажээ. Хүн байхад хэрэг олдох төдийгүй хэрэг байхад хүн олдох аж. Лхүмбийн, Саж ламын, Гэндэн-Дэмидийн хэргүүд үнэхээр ч бодож олсон том хэрэгтээ эзэн холбогдогч бодож олох замаар өрнөсөн бөлгөө.

Эндээс л хэлмэгдүүлэлт хууль ёсны дүр төрх олжээ. Манай хууль цаазын салбарт байсан, тулгах хэргээ эхэлж бэлдээд, дараа нь өдөр шөнөгүй байцаан, эрүүдэж тэрийгээ хүлээл гэдэг аюулт практик ийн нэвтэрчээ.

Зовж тарчилсан сэжигтэн арга буюу санал болгосон хэргийг нь хүлээсэн болоод мултарна. Мөрдөгчид нь баримт цуглуулж бодит үнэнийг нотлох чадамжаараа бус, дарамталж айлган хэрэг хүлээлгэх аргаараа хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг. Хэрвээ тэгэхгүй бол мөрдөгч өөрөө асуудалд орно. Иймээс, санал болгосон хэргээ хүлээлгэж чадахгүй бол өөр тохирох хэрэг олоод дүйцүүлэн хүлээлгэж хар толгойгоо аврана. Аюултай өв шүү.  Одоо ч байгаа "Шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаав" гэдэг бол  "Наадах чинь хэрэг биш" гэхийн оронд хэргийг нь сайн хүлээлгээд аваад ир л гэсэн утга шүү дээ. 

Хувьсгалт тэмцлийн ийм тактик зөвхөн хүчний байгууллагад ч мөрөө үлдээсэн төдийгүй, нийгмийн сэтгэлгээнд ч хоногшижээ.

Манайхан, өөрийн мэдэлгүйгээр, Вышинскийн тактикаар “Ковид-16”-ийн вирустэй тэмцэж эхлэв. Анагаах ухааны талаас нь халдвар авсан хүн дээр илрэх хугацааг 5-7 хоног гэж үзсээр байтал манайхан хагас сар, бүүр 21 хоног болгож үзэв. 

Гаднаас нь харахад “Найдвартай, бат араанд нь хийж” байгаа л хэрэг гэж л хэлмээр. Дотроос харахад “Эсэргүү вирус”-ыг хэргээ хүлээтэл эрүүдэж, гарч иртэл нь байцааж байгаа. Дахин дахин шинжлээд, сөрөг хариу гарахаар нь “өө энийг тооцохгүй” гэж орхиод л, ингээд сая нэг “эерэг” хариу гармагц л “энэ бол жинхэнэ хариу” гэж үзэж байна. 

Тун саяхан, “долоон удаа шинжлээд илрэхгүй байсан вирус долоо дахь дээрээ гараад ирлээ” гэж бараг л баяр хөөртэйгээр мэдэгдэв. Энэ тактик бол “Сэжигтнийг тав хоног, долоо хоног байцаагаад хэргээ хүлээхгүй байсан, харин сая найм дахь байцаалтан хэргээ хүлээсэн тул шүүхэд шилжүүллээ” гэсэнтэй л агаар нэг юм л даа.

Тэдний муугийнх биш, бидэнд байгаа арга барил, туршлага маань л энэ.Тусгаарлах байрууд нь “Вирусын мөрдөн”,“Муусайн ковидыг гараа өргөөд хэргээ хүлээтэл хорьдог сав” болгож чадсан ч тэндээсээ халдвараа алдсан нь жаахан тиймхэн.

“Пөрл Харбор” маягийн омогшил

Агшин зуур эмхлэгдэх чадвартай цэрэгжсэн нүүдэлчдийн төрөлх чанар эхний удаад өлзийгээ өглөө. Алтан аяганаас ус уух хувьтай Анх-Отгоны заяа тавилан ч итгэл нэмэв. Болох юм байна, чадах юм байна. Ард түмэн ч итгэв. 

Тэнгэрт ивээгдсэндээ итгэж, тэнгэрлэг чадвартаа үнэмшсэн засаг төр нь тухайн үеийн Эрүүл мэндийн сайддаа “Улсын Эх дагина”(билүү?) цол өргөмжилсөн ба нөгөөх нь ичингүй атлаа үнэмшингүй дүрээр цолоо тосохыг цөмөөрөө харж алгаа ташив. Төр нь ч дагинатай ч боллоо, дагина нь ч “тэр нь би юм байна” гэж итгэсэн хэрэг. Муулах юм алга, бидний л байгаа байдал. Өөр хүмүүс байсан арай өөр сценари хэрэглэж, Эрүүлийг хамгаалахын сайдаа жоохон ондоогоор “Дара Эх” болгох л байсан биз?

Хэрвээ, чадна гэдэг итгэл хүнд жигүүр хайрладаг бол, “чадаж байгаа юм байна” гэх тайвшрал тэр жигүүрийг хугалж, баглаж хаядаг. Эхний тулгаралтад ялалт байгуулсан монголчуудыг хөнөөж мэдэх аюул нь “Бид ковидыг энэ мэт ялчих юм байна” гэсэн тайтгарал байсаар үлдэв.

Үлгэрлэвээс, Пөрл Харборыг бөмбөгдсний дараах япончуудад төрж байсан ялалтын мэдрэмжийг санагдуулам хөөрөл олон хүнийг догдлуулсан ажгуу. Өнөөдөр эргэж сөхөгдөөд байгаа, УОК-ын хэн нэгнийх нь хэлсэн гэх “Ковид гарвал би хариуцна” гэсэн утгатай үг чухам энэ хөөрөл дундаас гарсан байж магадгүй.

Сайхан зуссан нь сайн зүйл мөн ч,үүлэн чөлөөний нар сүүдрээр солигдох нь хурдан. Үүлэн чөлөөний нар үзэж баяссан олон түмэнд “Улсын онцгой комисс, Эрүүлийг хамгаалах Яаманд бурхад цугларчээ” гэсэн сэтгэгдэл төрөх магадтай.

Тэр сэтгэл хөдлөлийг харсан Онцгой комиссынхонд нээрээ ч тийм юм шиг санагдах бас аюултай гэдгийг Засгийн газар хэрээрээ анзаарсан байж магадгүй.Анхны ялалтандаа сэтгэл хөөрсөн жанжин дараагийн удаа ялагдлаа дууддаг гэдэг. Бодит байдлыг харж чадвал “Монгол хүнд Ковид тусдаггүй юм гэнэ” гэж ярихдаа хүртэл тулсан нийгэмд ийм аюул тодхон харагдана.

Гаднаас нь харахад ялсан нам бялуугаа хувааж байгаа мэт харагдах томилгоонууд нь өнөөдрийн өндөрлөгөөс харахад айсуй аюулыг хэр чинээгээрээ бодолцсон юм шиг. (Хүний өөрийн намын бүхий л томилгоог дагадаг “найз нөхөд танил талаа татсан” гэдэг дүгнэлтээс мултрахгүй ч гэсэн)

Ковид түр намжин, ялалтын уриа цуурайтаж байхад Засгийн газраас үл үзэгдэх дайсантай тэмцэх багийнхаа удирдлагыг алгуурхан сольж эхэлжээ. Хүний нөөцийн бодлогоо авч явах, чадваргүйг чөлөөлж чадалтайг дэвшүүлэхэд үнэхээр амаргүй цаг шүү, өнөө үе. 

Үзэл санааны нийтлэг, нийгэм дундын үнэт зүйлийн цоглол бүдгэрсэн ийм цагт хүний өөрийн хэн ч болов өөрийн гэсэн баг, гар нийлэх хамт олонтой байхад дэндүү ярвигтай болсон, ялангуяа улс төрд. Жаахан л гомдоох, нэг л хүслийг нь эс гүйцэхээд “Тэмүүжингийнхээ найман шаргыг нь идшинд хөөлцөх, Өүлэн эхийн өвөлжөө бууцыг нь Таргудайд заах, Есүхэйгээ цайлахын өмнө Татаар иргэдээс “новичиктой” архи сураглах” хамтрагч пиг дүүрэн. 

Тэрээр, заримд нь сүүлийн 100 жил дуулдаагүй цол өгөх, нөгөөгийнх нь үр хүүхдийг нь албанд тавих гэхчлэн зүсэн бүрээр “илбэн тохинуулсаар” анхны ялалтдаа эрдсэн “онцгой үүрэг бүхий баг”-ийг үндсэнд нь өөрчилжээ. Намзасгийн өмнө ч, намынхаа өмнө ч гавъяатай гэдэгтээ итгэлтэй нэгэн бөгөөд нам, эвлэлээр хүмүүжсэн ахмад зүтгэлтэн Энхтүвшинг өөрчилж Онцгой байдлын удирдлагыг харьцангуй залуужуулан солив. Эрүүл мэнд хариуцсан сайдаар урьд нэр нь гараагүй залуухан хүн тавигдав. Нэр нь төдий л дуулдаагүй гэдэг утгаараа урьдын явдал, өнгөрөгч ялалтын сэтгэгдэлд хэтэрхий автаагүй байж болох. 

Хуучин Эрүүлийг хамгаалахын сайддаа “Улсын их дагина”(билүү?) цол өргөмжлөөд өөр яам руу явуулав. Магадгүй, хуучин сайдын “Гавъяаны шинэ, магтаалын оргил дээр амжиж холдох” гэсэн гүйлгээ ухаанаас үүдсэн өөрийнх нь санаа ч байж болох талтай. Угаасаа Д.Сүхбаатар жанжин нь өөрөө амжиж үхээгүй бол юун хувьсгалын удирдагч, МАН-ыг үндэслэгчээр тодрох вэ, эсрэгээрээ ардын дайсан болж буудуулах байсныг л бодолцсон ч юм билүү? 

Харин, алдарт баатруудын дундаас, “Зариг” Өнөрөөд асуугдахынхаа хэрээр олон нийтэд хайрлагдаж явсан Нямхүү эмч л үлдсэн билээ. Олон түмний дундаас олсон хүндлэл, ур чадварыг нь бодолцсон уу, эсвэл хожмын өдөр юм буруугаар эргэхэд, тахил өргөж олныг тайтгаруулахаар нөөцөлсөн үү, хэн мэдлээ?

Шинэчлэгдсэн багийн шинэ замд хөндөлдсөн хамгийн том саад нь өмнөх ялалтын дуулиан, түүндээ хэтэрхий үнэмшсэн эрэмшсэн хуучин бүтэц  өөрөө байсан болов уу? Тэдний алхам бүрийн өмнө “Ингэж болоод байгаа юм”, “Энэ ёстой найдвартай”, “Та зүгээр л бидэнди тгэчих” гэсэн тайлбар-эсэргүүцлийн овоолго л хөндөлдөж байсан нь лавтай. 

Ковидын дараа дараагийн дэгдэлтийн араас Засгийн газар тактикаа өөрчлөх болов. Нуугдсан ковидыг тас хорьж (хүний биед нуугдах тул эзэнтэй нь хамт хорино) “хэргийг нь хүлээлгэсээр” ирсэн зарчмаа өөрчилж, түүнтэй энх тайвнаар гэх нь хаашаа юм бэ, ямар байсан “зэрэгцэн орших”-оос өөр аргагүйг зөвшөөрч, хамгаалалтын арга тактикаа түүндээ зохицуулахаа зарлалаа. Зарим идэвхтэй иргэд болохлоор бид шаргуу шаардсаар ингэлээ гэх байх. Засгийн газар бол “энэ бол бидний “Б” төлөвлөгөө байсан гэж тайлбарлах болов уу?

Өнөөгийн нөхцөл байдал бол харьцангүй боловсорч эрх чөлөөтэй болсон олон нийтийн шахалт санаачилгын ч үр дүн мөн. Бас, Засгийн газар сайн ч муу ч арга тактикаа өөрчилж, халдвартай тэмцэх технологио алхам бүр шинэчилж байгаатайхолбоотой. 

“Дүрэмгүй” айдсын мөр

БНХАУ-аас анх дэгдээд, ОХУ-д дэлгэрч тал нутгийг бүслэсэн “Корона вирусын дайн”-ы эсрэг Монголчуудын барьсан хэрэм хаалт ихээхэн өрөөсгөл байв. Төрийн ой санамж, иргэдийн сэтгэлгээнд хүйтэн дайны үеэс үлдсэн уламжлал болох “Аюул зөвхөн Хятадаас ирнэ” хэмээх өрөөсгөл хандлага ноёлсон хэвээр. Энэ хандлага айдас өөрийн түүх, философитой бөлгөө.

Монголын иргэдэд төдийгүй, төрийн ой санамжинд үлдсэн нэгэн айдас бий. Энэ бол Их Оросоос айх айдас. Түүнийгээ Коммунизмын аюул, Коминтерний гай, Марксизмын балаг, Зөвлөлт засгийн хүчирхийлэл гэхчлэн түмэн янзаар нэр цээрлэвч, эцсийн дүндээ Оросын төрөөс айх айдас л байдаг. Нүүдэлчдийн анхны айдас учраас Монголчуудын зүрхэнд ингэтлээ хоногшсон ч юм биш. Түүхийн туршид айж айлгаж л явсан улс.

Хамгийн хэцүү нь Умард хөршийн айдас төрүүлдэг тоглоом ямарч “дүрэмгүй” аж. Тэд тоглоомынхоо дүрмийг хэлж өгөхгүйгээр тоглоно. Хөзөр юм уу гэж бодоод аяыг нь олж ядаж байтал шатрны дүрмээр мадлаад ноёных нь толгойг авчихна. Шатар юм байна гэж итгээд даруухан нүүж байтал бокс болж таараад нармайгаа нээлгэх энүүхэнд.

Монгол үндэсний баатар Чингүнжав Манжийн эсрэг босоод, ялагдан цаазлуулжээ. Манж нар түүнд хорссондоо гэр бүлээр нь хөнөөсөн байна. Тоглоомын дүрэм ойлгомжтой. Манжийн эсрэг босвол цаазлана.

Гэтэл Монгол цэргийн жанжин Дэмид Зөвлөлтийг дэмжсээр яваад зөвлөлтийнхэндээ “цаазлуулсан” байна. Гэм зэмгүй гэргий (жирэмсэн) болоод аавыг нь бас дагалдуулан цаазалсан нь Чингүжавын гэр бүлийн гунигт түүхийг санагдуулам. Гэхдээ, эцсийн мөчөө хүртэл Сталинд үнэнч явсан жанжин Дэмид яаж яваад зөвлөлтийн хүний сэтгэлд “юм хийсэн” нь оньсого.

Цаашлаад, Бодоо, Данзан, Гэндэн, Амар... хэн нь ч Москватай дайсагнаагүй, атлаа Москвагийн шийдвэрээр цаазлагдсан. Тэдний ядаж нэг нь Чингүнжав шиг эзэгнэгч гүрний эсрэг бослого гаргах байтугаа эсэргүүцлийн цуглаан ч хийгээгүй, тийм санаа ч агуулаагүй бөлгөө.

Лам нар Оросын эсрэг ямар ч гэм хийгээгүй. Шарын шашинд “Хар хятадыг сулруулах” зорилготой  уншлага байхаас биш Улаан оросын нэрийг заасан ямар ч тарни шившлэг огоот үгүй. Тэглээ гээд өршөөгдсөнгүй, 700 гаруй сүм хийдийг нь нураан түймэрдэж, лам нарыг нь буудчихав. 

Яавал шийтгээд байгааг нь ойлгохоо байсан монголчууд бие биедээ “Зөвлөлтийн мэргэжилтний сэтгэлд юм хийчихэвзэй” хэмээн учир битүүлгээр болгоомжлуулахдаа тулав. Харин тэдний сэтгэлд ямар юм хэрхэн орохыг ёстой таашгүй.

Тэр үеийн нэгэн онигоонд:

    Дотоод яамны хоёр байцаагч аминчлан ярина.

-Урьд шөнө оройтоод харьсан чинь манай эхнэртэй нэг хүн унтаж байна. Сэмээрхэн хартал боловсронгуй сургагч Иванов байдаг байгаа.

-Тэгээд яасан бэ?

-Аз болоход, сургагч намайг хараагүй.

Москвагийн “дүрэм тодорхойгүй” тоглоомын хамгийн том золиос нь БНМАУ-ын удирдагч Ю.Цэдэнбал байсан юм. Зөвлөлтөд сайнаар үнэлэгдэх гэсэн олон алхамдаа өөрөө ороогдсоор эцэстээ Кремлийн зарлигаар гунигтайгаар зайлуулагдсан бөлгөө. Тэрээр Зөвлөлтийн талаас, Аюулаас хамгаалахын оролцоотойгоор санал болгосон орос хүүхэнтэй гэрлээд, түүнийхээ үгнээс гарахгүй шиг байвал аюулгүй байдлаа бататгана гэж итгэжээ. Гэтэл, яасан гээч. Орос эхнэрээ толгой дээрээ гаргаж, Зөвлөлтийн нэр хүндийг монголчуудын дунд унагалаа хэмээн буруутгаж, албанаас нь авч хаях шалтгааны нэг болгов.

Дараа нь, БНМАУ-ыг алхам алхмаар өөртөө нийлүүлж байгааг нь хараад нэгмөсөн “ЗХУ-тай нэгдье” хэмээн санал гаргатал зөвшөөрөөгүйгээр үл барам “Зөвлөлт улсыг эзлэн түрэмгийлэгч болгож харуулах гэлээ” хэмээн зэмлээд арай л Москва руу аччихсангүй.

Гэтэл, умард хилийн тодорхой нутаг, давсны орд газрыг ЗХУ-д өгөхгүй хэмээн В.Молотовтой зүрхлэн зөрсөн БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайд Аварзэдийг буудан хороогоогүй, шоронд хийгээгүйгээр барахгүй автомашины жолооч болгоод орхижээ. Автомашины жолооч бол ХХ зууны Монголын топ мэргэжил байсан юм шүү

Дүрмээ нуусан тоглоомонд оноо цуглуулах санаатай Цэдэнбал дарга мятарсангүй. Угаасаа, зөвлөлтүүд байнга л оноо цуглуулахгүй бол нэг мэдэхэд “дүрэм зөрчсөн” ялд унагаадаг хойно, ингэхээс өөр гарц түүнд байсангүй.

Хятадтай дайсагнахын хэрээр үнэлэгдэж байгааг мэдэх учир, Улаанбаатар дахь хятад иргэдийг хөөгөөд үзтэл Кремлийн эздийн толгойд түймэр дэгдэж “Москва-Бээжингийн харилцааг арай гэж сайжруулах гэж байтал хөндлөнгөөс нэрмэсэн” буруутан болж таарав. 

Эцэст нь Монгол-Зөвлөлтийн найрамдлын бэлгэ тэмдэг бол Эрдэнэт үйлдвэрийг “БНМАУ-д ашиггүй нөхцөлтэй” хэмээн хэлж зориглосон Сайд нарын Зөвлөлийн дарга болон танхимын зарим гишүүдийг орвонгоор нь дарахаар бэлдээд тусламж хүстэл юу туслах вэ, "Перестройкад саад болов" гээд өөрийг нь хусч хаяв. Зүгээр нэг хуссангүй, Москвад аваачин гэрийн хорионд хийлээ. 

Зөвлөлийн улс төрийн тоглоомийн нууцлаг дүрмийг Монголчууд удирдагчаасаа эхлээд энгийн ард нь хүртэл дүрмийг нь ойлгоогүй үлдсэн учраас “зөвхөн айх”, “айж байгаагаа байнга нотлох”-оос өөр ямар ч аргагүй үлдсэн бөлгөө. Ямар сайндаа л Монгол улсын иргэдийн дунд гарсан цар тахлын халдвар ОХУ-аас хүнээр дамжин орж ирснийг цайруулах гэж “Сибирийн салхины нөлөөгөөр цар тахал орж ирж байгаа” мэтээр тайлбарлаж суухав дээ, хөөрхий. Үгүй тэгээд, Монголыг Зөвлөлтийн хяналтаас гаргасан үйл явц болох Ардчилсан хувьсгалын лидерын нэг Да.Ганболдыг улс төрийн хэргээр шоронд суулгахад, өмгөөлөгч ньямар зүйл ангиар ялласныг ойлгохгүйдээ тулаад байхад тэр хөөрхийг аймхайгаар нь дуудаад ч яалаа, байлаа ч яалаа. 

Гэхдээ айдсын алтан дүрэм нь “Чи айж байгаа цагт чамайг айлгасаар байна” хэмээх аксиом байдаг нь хоржоонтой. Энэ аксиом “Хэрвээ чи айж л байгаа бол дараагийнхаа илүү хүчтэй айдсанд биеэ бэлдэж байгаа хэрэг” хэмээн сургадгийг “айдсандаа жаргалтай” народад хэллээ ч яалаа, байлаа ч яалаа. 

Энэхүү түүхэн айдас нь Монголчуудын Короновирус орж ирэх замыг бодитойгоор харахад, бас бодитой харсан нэгэндээ үнэмшиж дагахад саад болсон юм.

Улстөрийн дээд давхрага дахь ийм үзэгдлийг сөрөөд нийгмийн дундаж хэсэгт “Оросын дээрэнгүй хандлагад дургүйцэх” үзэл санаа хүчтэй болж байгаа нь нийгмийн сүлжээнээс харагдав. Тэд “Хятадууд бол угаасаа Монголын дайсан” гэдэг ХХ зууны үзэл сурталд эргэлздэгээ нууж хаахаа болив.  Хэрвээ "Хятад дайсан юм бол Орос яагаад дайсан биш болдог юм бэ" гэсэн гаргалгааг сөргүүлэн тавив. 

Түүний оронд өмнөд хөрштэйгээ эв зүйгээ олох, Хятадын хүчирхэг эдийн засгийн хаялгаас хүртэх, хөгжлийн хурдацаас зүүгдэж урагшлах арга замыг чухалчлан үзэж байна. Цаашдаа, монголчуудыг хятадаар айлгах замаар нэгтгэх нь өөрөө утга учраа алдсаар байна. Өөрөөр хэлбэл, дараа дараагийн сонгуулийн уриа нь хятадаар айлгах тактик хэвээрээ байх юм бол, арай л хуучдах талдаа оржээ.

Ковидын жилийн улс төрийн өнгийг нэг талаас төрийн удирдагчдын хуучин айдсын хүчин зүйл, нөгөө үзүүрээс шинэ үеийнхний бодит нухацтай хандлага хоёр тулсан өвөрмөц байлдлаар тайлбарламаар.

Гурван фронттой дайн

Монголчуудын УОК зөвхөн ковидтой тулгарсангүй. Ковидын жил нь Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жилтай таарав. Улсын наадмаар тодрох бөхийн өнгө цагаан сараар тодроно гэгчээр сонгуулийн үр дүн өмнөх жилээсээ их хамаарна.

Засгийн газрын хориглолтын нөгөө талд Коронавирусын арми ганцаараа зогссонгүй. Ар, өвөр, баруун, зүүнгүй ил далд фронтын шугам татаастай, их бууны ам цухуйгаастай.

Дахин сонгогдох сонирхолтой ерөнхийлөгч, МАН-аас нэрээ гаргаад үзэх сонирхолтой олон өрсөлдөгч, “Юмыг яаж мэдэх вэ төрийн эрх гудамжинд унаад ирвэл шүүрчих” санаатай гудамжны сонирхогчид нийлээд Засгийн газрын гаргасан байтугаа гаргаагүй алдааг өдөөн дэврээхэд бэлхэн жагсаастай. 

Бүгдээрээ биш юмаа гэхэд, цөөнгүй нь “Ковидыг хяналтгүй алдаасай, уурсан хилигнэсэн олон түмэн гудамжинд гараасай, үймээн самуун дэгдэж төр хямраасай” хэмээн ханцуй дотроо залбирч гүрэм хийлгэх нь холгүй.

Улмаар ардчилсан монголын төрийг “Ковид тойрсон” нийтийн үймээн самуунаар далимдуулан найдвартай ганц хүнийхээ гарт хийгээд авах сонирхол Хятад, Орос хоёрт хоюуланд байгаад байдаг. Бээжин, Москвагийн үгнээс гардаггүй “Чойбалсан II” юмуу, “ хоёрдугаар Цэдэнбал” гаргаад авбал, 

           -ОюутолгойгоосооРио Тинтог хөөгөөдөх

           -Мэдлээ, гүйцэтгэе.

           -Одоо Хятадын компанид наадахаа өг

            -Өгчихлөө даргаа...

...гээд хэдэн нүүдэлчнийг дагуулахад хичнээн амар болох билээ л.

Цар тахал, айдас, хөл хорионоос үүдсэн сэтгэл зүйн дарамт сэлт нь олон нийтийг турхирахад маш амархан болгодог ба үүгээр далимдуулан нийгмийн эрүү саруул хэсгийг шахахад хэцүү биш. Тусгаар тогтносон Монгол улсын Засгийн газар үүнтэй бас тэмцэх хэрэгтэй болсон.

Үүн дээр нэмэгдсэн “лай” нь МАН-ын үйлийн үр, албан тушаалын наймааны золиос болон ялзарсан нийгмийн салбар юм. Эрүүлийг хамгаалах салбарт “капитализм дахь социалист өмч” болон үлдсэн улсын эмнэлгүүд бүх зардал, хариуцлага, эрсдлийг нь улс үүрдэг “хувийн салбар” болон хувирсан. Ямар ч тэнэг хүн өөрт хариуцлага нь ногдоогүй юмыг засч сайжруулаад явна гэж үгүй. Хүний аминд хүрсэн, хүрэнгээ алдсан бүхий хариуцлагагүй явдлуудын эх сурвалж ч энэ. Одоо л мэдэгдэж байгаа болохоос аймаар юм их бий дээ.

Чухам эндээс “Төрийн өмчийн байгууллагыг улст ашиггүй, өөрт унацтай авч яв. Төрд ашиг өгч байгаа нь харагдвал хэн нэгэн ирээд суудлыг чинь булаана” гэсэн афоризм хүртэл гарчээ. Уг нь өмч хувьчлалын зөвлөхүүд үүнийг л сануулж анхааруулсаар ирсэн.

Нийгмийн салбар хэмээх томилдог томилуулдаг хоёрт өгөөжтэй, ард түмэн, төр хоёрт ашиггүй байгууллагууд үлдсэн түүх энэ. Үүнийхээ горыг уг тогтоцыг голлон бүтээгч МАН ба түүний байгуулсан засгийн газар үүрлээ. Бусдын эрхэнд социализм байгуулсных нь лай биш, харин социализмаас салах процесст өөрийн дураар гай болсных нь хариу. Үйлийн үр л юм даа, “болж” гэх юм шүү.

Наргианч, жиргээч “Артанъян” гэдэг залуу “Ковид дангаар нь бол аргалж болж байна. Харин УОК-той нийлчихээрээ л арга барж байна” хэмээн гашуунаар егөөдсөн нь өнөөдөр ишлэгдэж байна.

Гэтэл УОК-ын хувьд “Ковид дангаараа бол аргалж болж байна. Харин хөрш гүрнүүдийн улстөрийн сонирхол, дотоодын өрсөлдөгчдийн явуулга, улмаар өөрийн хийсэн үйлийн үртэй нийлчихээрээ л арга барах гээд байна” хэмээн хариу жиргэмээр байдалтай ажгуу.

Араасаа “вирустэв”

Дэглэмийн хувьд бидэнтэй нийцэхгүй ч төр нь болоод үндэстэн нь хариуцлага хүлээх чадвартай улс юм, БНХАУ. Тэд цар тахлын вирус илэрч тогтоогдон, тэмцэж эхэлсэн цаг мөчөөсөө хойш нутагтаа гаднаас нэвтрүүлэхгүй, өөрснөө гадагш гаргахгүй зарчим барилаа. 

Ийм байдлыг ярих юм бол Засгийн газар нь “Хятадын тал” болж харагдана гэж айгаад хэлсэнгүй, харин ч Оросын талын хэт дэврэгчдийн шаардлагад буулт хийж улсын чухал байгууламж болох Дархан-Улаанбаатарын замд ажиллах хятад мэргэжилнүүдээ оруулсангүй. Нийтээрээ хохироод өнгөрлөө.

Үүнд урамшсан “зарим” монголчууд ч, өдөөн хатгагч троллууд “Хятадаас л халдвар ирнэ”, “Өмнөд хилээ яаралтай хаа” гэсэн уриа месежийг зарим дэвэргэж байлаа. 

Харамсалтай нь умард хөрш ОХУ улс “хилээрээ “Ковид-19” вирус оруулахгүй тал дээр анхаарсан ч, харин “ коронавирис гарна уу байна уу хамаагүй” гэх маягаар хандлаа, лав л Монгол улстай хиллэдэг хэсгээрээ. 

Орост сурч байсан цэргийн сургуулийн сонсогч-курсантуудыг зүгээр л онгоцоор ачиж авчраад асгачихлаа. Оросын хилийн дотор байсан монголчуудыг автобус автобусаар буцаан хүргүүллээ. Ковид тээж ирэх “аюул дагуулсан илгээмж” болсон тэдгээр десантуудаас халдвар тараачихгүй гэж монголын тал хэр чадлаараа чармайсан даа. Хэр чадлаараа ч хамгаалж чадсан.

Дээр нь “бэлчээрийн өнгө малаас мэдэгдэнэ” гэгчээрурд, хойноос ирж тусгаарлагдагсдын араншин хүртэл ялгаатай. Хятадаас ирж тусгаарлагдсан оюутнууд хорио цээрийн дүрэм журмыг үлгэр жишээ сахиад гарахдаа УОК-д хандив цуглуулж талархаад явах жишээний. Гэтэл араас ирсэн нөхөд “эс хэрэгссэн”, “эс тоосон” араншин, “нахальный”байдал үзүүлнэ, наад зах нь “өнөө нөхөр” карантийнаас гарангуутаа тэнэсэн зугаалсан маршрутыг сана л даа.

Оросын тал “Ковидын экспорт” дээр туйлыг хайхрамжгүй байгааг сануулах зориг төр засагт байсангүй. Хилээр гарч байгаа иргэдийг орж байгаагаасаа дутахгүй хянаж гаргадаг Хятадын замчдыг оруулаагүй атлаа Оросын төмөр замын засварчид ямар ч саадгүйгээр “зохих журмын дагуу” нэвтрээд буцсан нь хожим тодорхой болов. Тэд “Ковид-19”-ын вирус тээгчид байсан эсэхийг “нягтлалгүй” орхив.

Тэр байтугаа “Төмөр замын баярт, Ковид-19 хамгийн их дэгдэлттэй Оросын бүс нутгаас, хорио цээрын дэглэмээс гадуур, хүмүүс ирж баяр тэмдэглээд буцсан” тухай мэдээллийг УОК-т хамаарах хариуцлагатай ажилтан, парламентын гишүүнээс гарсан ч Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам”-ын орос захирлын гомдолд дарагдан унтрав.

Ямарч чиг л байсан Ковид дагасан хийрхэл, бодит байдал хоёроор давхар хуяглагдсан өмнөд хилээр бус, харин хамгаалах хэрэгтэй гэж хэлэхээс эмээсэн умард хилээр, Орос улсаас нэвтэрч дэлгэрлээ.

Сургамж нь, өвчнийг өчигдрийн “их ах”-аас байтугаа, өнөөдрийн төрсөн эхээсээ ч авч болно. Итгэл бус сэрэмж л аварна. Ялангуяа, хэнэггүй байдлаа өөртөө итгэх итгэл гээд андуурчихдаг бидний хувьд сэрэмж чухал. 

Төгсгөл: Ковидын жилийн гурван хичээл.

Манайхан хөлөө хорьж аваад харсан чинь амь биеэс өөр алдах юмтай болчихсон байж таарав. Амиа л авраадахвал хамаг юмаа аварсантай дүйдэг цаг өнгөрчээ. Амьд байх нь амьдралын зөвхөн нэг л нөхцөл болчихсон байв.    

Суурин иргэншлийн ертөнцөд хүн гэдэг бол “амь нас+бүтээсэн үнэт зүйл” буюу өөрийн бүтээсэн ертөнц, нийгэмд эзлэсэн байр сууртайгаа нэгэн цогц болдог. Монгол хүн анх удаагаа өөрийгээ нийгмийн салшгүй эд эс, тэднийхээ хөгжил хөдөлгөөний нэг хэсэг болохыг ингэж харав. Өөрөөр хэлбэл, амьд үлдсэн төдийгээр амьдралаа аврахгүйнэ ээ. Гэртээ хөл хоригдохын хэрээр амь бие бүтэн үлдэвч нийгэмтэйгээ хэлхэлсэн холбоосууд нь тасарч, хүмүүний хорвоод цогцлоосон хувийн ертөнц нь мөхөх ажээ. 

Бүтэн жил, бүтэн хагас харинтийнд яваа хэрнээ, эдийн засаг нь жилийн 3 хувийн өсөлттэй гардаг Хятадаас бусад газарт хатуу хөл хорионы аяыг даахгүй болохыг дэлхий даяараа харлаа. Удаан, хатуу хөл хориог манай эдийн засаг, бидний бүрдүүлсэн бяцхан иргэншил аяыг нь даахгүй тул “Ковид-19” зэрэгцэн оршиж, мөнхөд тулалдахаас өөр гарцгүйг болохыг мэдсэн нь 2020 оны анхдугаар хичээл ажгуу.

Хоёрдугаарт, бид өөрсдийгээ хотшин хөгжиж байгаа дэлхий ертөнцийн салшгүй нэг хэсэг болсныг харлаа. Эргээд бид амиа аргацаасан, амин зуулгын хэрэгцээгээ өөрөөсөө хангасан, нүүдэлчин болохгүй, хэзээ ч. Амиа аргалж явсан өчигдөр, нүүдэлчний тавилан минь баяртай.

Гуравдугаарт, хотшин хөгжихөд садаа болж үлдсэн олон хуурмаг дүр төрхөө харж танилаа. Өөрийн гэсэн бизнесийн ертөнцөө босгоод адлуулж яваа хэдээс уучлал хүсээд өчихөд: Дотоодын болон “Үндэсний үйлдвэрлэл” хичнээн шалихгүй бас хуурмаг зүйл болох нь илэрлээ. Ялангуяа, “Үндэсний үйлдвэрлэгч миний бие болбоос” хэмээн цээжээ дэлдэгчид, “Миний юмыг авахгүй бол хятадын тал мөн шүү!” хэмээн дарамтлагчид ямаршуу хуурмаг хөгийн амьтас болохыг ковидын шуурганд хууларсан баг нь хэлээд өгөх жишээний.

Хилийн боомтууд түр хаагдмагц, зөвхөн монголдоо ургуулаад, тариад, монгол шороотой нь хураадаг ургац, эсвэл бүх деталийг нь монголдоо монгол ухаанаар хийгээд, монгол хадаасаар хаддаг үйлдвэрлэл ерөнхийдээ хаагдах нь тэр. Дээр нь “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошгоны үйлдвэрлэл ч зогсч энэ тэр, айн? 

Олон жишээ ярихын оронд “Хятадаас ногоо орж ирлээ. Одоо манай үндэсний үйлдвэрлэгчдийн хүлэмж ургаж эхэлнэ”, “Оросоос өндөгтэй контейнер орж ирсний маргааш монгол тахиа өндөглөж гарав” гэхчлэнгийн наргиануудыг дурьдахад л хангалттай. “Хил бушуухан нээгдээсэй, Дэшвил компанийхаа өгөрций помидортой залгах юмсан” гэдэг хэдэн хошигнолыг дурьдаад өнгөрье.

Дөрөвдүгээрт, бид цар тахлын эсрэг өөрт байсан туршлагыгболомжоороо л ашиглаж,хэр чадлаараа л шинэлэг хандахыг хичээж иржээ гэхээр байна. Шоолмоор боловч, муусайн вирусыг хэргээ хүлээтэл байцаах арга, тактикийн буян, төөрсөн оносон алхмуудынхаа хүчээр манайхан Ковидтой дэлхий дээрх ковидгүй орон зай болж, эрх чөлөөтэй зуслаа. 

Хэдийгээр “Тэгсэнд орвол ингэдэг байхгүй юу, ингээд болчихдогийг хэлээд байхад” гэсэн чөлөөт санал, шүүмжлэл дүүрэн байгаа ч бидэнд байснаас маань өөр туршлага, байгаагаас минь өөр менежмэнт юусан билээ.

Умард хөрш Орос орон гадаадад гацсан иргэдээ бараг л заяанд нь даатгаад хаясан. Харин бид санасан шиг сайн биш, бодсон шиг хурднаар биш ч хаваржин, зусан, намаржин, өвөлжин тэднийгээ зөөсөөр л байгаа. Тусгаарлах байр нь мөрөөдлийн биш ч гэсэн, дотроосоо халдвар алдсан ч гэсэн, хэрдээ харинтийлээд гаргаад л байгаа. 

Гадаадад хөл хорио хийхгүй байна. Өвчтнийг гэрээр нь эмчил хэмээн шаардах хүмүүс бишгүй. Гэхдээ гадаад янз бүр. Хамгийн ойрын гадаад болох ОХУ-ын зарим хотуудад эмнэлэг, моорог хоёр дүүрчихээд, яахаа мэдэхгүй түргэний жолооч нар нь хотын захиргаан дээрээ жагссантай харьцуулахад сайн ч муу ч тусгаарлаад л байгаа. Тусгаарлалт бол муухай, гэхдээ бидний чадах хувилбаруудын л нэг.

Мэдээж, ард түмэн үүнээс илүүг хүснэ, хүсэх ч эрхтэй л дээ. Гэхдээ бидэндээ байгаа туршлага, байгаа л засаг маань, уртаашаа олдсон Хүрэл маань, авдрын хөндийгээс олдсон Сүх маань л энэ.

Биднээс хол илүү хотшил-иргэншлийн туршлагатай, хөгжлийн эрэмбээр хэтэрхий дээгүүр явдаг Англиас ирж байгаа сүүлийн мэдээллийг үзвээс “Ковид туссан гурван хүний нэг нь эмнэлэгт хэвтэхээс аргагүй болж, наймын нэг нь нас барж байна” гэжээ. (Хөнгөн өвчтнүүдийг их төлөв өөрт нь даатгаад, болж өгвөл гэрээр эмчлээд байгаа Өрнөд газар шүү дээ)

Хөгжлөөр хоцорч явсан орнуудаасаа ковидоор ч бас хоцорсон нь сохорсон биш завшив гээч боллоо. Цар тахалт нэрвэгдсэн орнуудын туулсан зам, амссан сургамжийг хичээл болгох боломж бүрдсэн хэрэг. Гэвч “сохлон байж олддог” завшааныг гэрэл үзэх боломж болгож чадсан эсэх нь өөр асуудал бөлгөө.

Б.Цэнддоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 57 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 1 цаг 11 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 1 цаг 18 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 2 цаг 24 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 2 цаг 45 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 15 цаг 47 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 21 цаг 2 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 21 цаг 19 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 22 цаг 1 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 22 цаг 11 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top