Нэг намаас дэгдсэн хос дуулиан.
МАН-ын ар өврөөс төрсөн хоёр хүүхэд гэсэн ч болно. Хос дуулианы нэг нь 60 тэрбумын авилга, нөгөө нь Засгийн эрх хууль бусаар булаасан гэмт хэрэг. “Хуулиар булаах” гэж байхгүй. Булаасан бол хууль бус. Шат шатны албан тушаалыг хэн хэнд хэдэн сая тэрбумаар зарсныг нотлоогүй ч 60 тэрбумын нууц ноён М.Энхболдыг хусаж, шадар сайдаа тагнасан хэргээр Ж.Эрдэнэбатыг огцруулсан ч концесс, Тосонбумба гээд үнэмшилгүй болсон. 60 тэрбумын авилгыг нийгэм, тэр дундаа МАН хүчтэй жигшдэг ч хэн хэнд ямар ямар алба хэдээр зарснаа тогтоож чадалгүй мэдэн будилаад манантуулж орхисон. Харин Засгийн эрх булаасан хоёр дахь дуулиан тогтоогдсон*. Тогтоогдоогүй-60 тэрбумыг онцолж балбаад, тогтоогдсон-Засгийн эрх булаасныг зуун нас зооглож зургаатай таяг тулсан МАН дурсдаггүй. Дурсвал шанаадна.
*АТГ-аас 2017 оны найман сарын 25-нд мэдээлэхдээ “АТГ-ын мөрдөн байцаалтын явцад Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан гэх хэрэг тогтоогдоогүй бөгөөд харин У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр бусад хамаатныхаа дүү нартай хамтран өөрийг нь тагнаж, мөрдөж байсан нэвтрүүлэг хийж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан. Иймээс АТГ нийслэлийн прокурорын газарт хандан У.Хүрэлсүх нарт эрүүгийн хэрэг үүсгэхээр саналаа явуулсан” гэжээ.
“Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, шадар сайд У.Хүрэлсүх, ТЕГ-ын дарга, АТГ-ын дарга, ЦЕГ-ын дарга, УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны гишүүд Төрийн ордны В танхимд хаалттай хуралдсан. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тавьсан “Үнэн зөвийг тогтоолгоё” гэсэн албан бичгийн дагуу шалгасан дээрх гурван байгууллага тайлбар мэдээллийг өгсөн.
*Энэ асуудлыг шалгахад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат У.Хүрэлсүхийг тагнасан зүйл огт тогтоогдоогүй. Харин өөрийгөө тагнуулдсан гэж жүжиг тавьсан нь гүйцэтгэх ажиллагааны шугамаар тогтоогдсон. Үүнийг шалгасан гурван байгууллагын эрх бүхий албан тушаалтан хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын явцад авагдсан мэдээллийг ил гаргаж үзүүлсэн. Бүр зурагтай, бичлэгтэй нь харуулсан. Энэ үеэр У.Хүрэлсүх хурлыг хаяж гарсан. Ямар нэг тайлбар хийгээгүй. Тагнуулдсан гэх жүжиг зохион байгуулсан хоёр хүн нь Цагдаагийн албан тушаалтан У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр, У.Хүрэлсүхийн төрсөн эгчийн хүү Ганхүү байжээ. Энэ Ганхүү саяхан Улаан-Үдийн ерөнхий консулаар томилогдсон”. (“Өдрийн сонин” 2018-ХI-28).
Эл ноцтой мэдээг АТГ, “Өдрийн сонин” нийтийг мэдтүгэй! гэж сонордуулсан. Шүлс хаях зөрчил төдий бус Засгийн эрх булаасан хөдлөшгүй баримт гээд бодчих. Өөрийгөө тагнасан жүжгийг ТЕГ, АТГ, ЦЕГ нотолсоор атал У.Хүрэлсүх ерөнхий сайд болсон. Ийм том хар нүглийг жигших соргог ариун ёс зүй Монголд үгүй нь гутамшиг. Бид ингэтлээ ялзрах гэж. Засгийн эрх булаасан нь нүүрэн дээр нь бичээтэй, бас 1,3 тэрбумын жидү-зээл төрсөн дүүдээ авч өгсөн Ерөнхий сайд цэнхэр дэлгэцээр иргэдээ “Шударга бай” гэж загнах нь догшин агаад бардам.
Монголд хуулиа мөрдөхгүйгээс бүтэж үхэм. Хогоо зам талбайд хаяж, шүлсээ хандсан зүгтээ нулимж, нусаа өөдөөс нийж, улаан гэрлээр увайгүй дайрагч сүрэгт шаардлага тавиад үз. Ад болно. Шаардлага тавьсан чамайг дэмжих зоригтон нэг ч гарахгүй. Яагаад? Ялагдаж хашраад тэр. Хууль зөрчигчөө бид өмөөрч давруулаад, хуулиа мөрд гэж шаардсанаа элбэж гөвшдөг. Засгийн эрх булаав гэвэл нэр төрд халдсан гээд шоронд. Монголд хууль уг нь бий. УИХ цоорхой хуулиар бөөлждөг.
Булаалт бүхэн гэмт хэрэг гэдгийг бид-гурван саяул мэднэ. Хүүхний цүнх бус Засгийн эрх булаасан У.Хүрэлсүхээ МАН шударга ёс тогтоогч туг болгон өндөрт мандуулав. Хийрхүү хурандаа ч хийсэж гарлаа. Мананг арилгаж, хонгилыг нураах сэлэм толгой шүргэн сэнсрэв. Сэлмээр цус урсгахаас баялаг бүтээдэггүй. Юу л болдог бол доо бурхан минь. Х.Баттулгатай хоёулхнаа Ерөнхийлөгчид өрсөлдвөл би У.Хүрэлсүхийг сонгоно. Арай дээр нь гэх үндэслэл бий. Ядаж хүрэн бөөргүй.
Засгийн эрх булаах шударга ёс мөн үү? “Мөн” гэж нийгэм судалгаа нотолжээ. Судалгаагаар У.Хүрэлсүх шилдгийн шилдгээр бусдаасаа тасрав. Нийгэмд ингэж их бишрэгдсэн түүний өөдөөс “Засгийн эрх булаалаа” гэвэл хохь болно. Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих сангаас 50-иад гишүүнд 950 саяар дундчлан тарааж, тэднээр дэндэгнэсэн хууль бус Засгаа огцруулалгүй авч үлдсэн У.Хүрэлсүхээ шударга ёсыг мандуулагчаар өргөмжилсөн. Ийм ялзарсан ёс зүйтэй улс Монголоос өөр бий юү. Ингэтлээ бузартсан Төрдөө залбирч дээжээ өргөх үү. Хүрэлсүхдээ бус гол нь Үндсэн хуулиа гишиглэж, Засгийн эрх булаахад монголчууд уухайлан дэмжсэнд зөнөг өвгөний нойр хулжиж билээ. Соёлт ертөнцөөс ичих юу ч биш болсон.
Ард түмний захиалгат 5 хүү
“Ард түмний захиалгат 5 хүү” гэх сүржин алдрыг ард олон тэдэнд өгөөгүй. Өөрсдөө тараасан. Гүтгэх-эрх мэдэлд хүрдэг үнэт зүйл болж тэд ялав. УИХ-ын танхимд 5-уул эгнэж жагсаад гүтгэж эхлэснээр МАН-ын бүлэг 32-33-аар, АН С.Эрдэнэ Л.Болдоор хагарч, сонгуульт хугацаанд ажил бус хэрүүл дагнаж Монгол дампуурахдаа тулсан. Дөлгөөн авиртай М.Энхболд Ж.Эрдэнэбатаа шахамдуулаад эв эеэр мөлхсөн бол ахих байсан бус уу? Тэр хоёрын үйлдсэн хэрэг нотлогдож шоронд ороогүй л байна. Нэгийг нь ОУПХ өмөөрөөд байдаг.
Хэрүүл тэмцлээ эргэн сана: Л.Оюун-Эрдэнэ “Хуулийнхан М.Энхболдыг хамгаалахаар УИХ-ын гишүүдийн гэр бүлийнхнийг баривчилж, гишүүдийг дуудаж хэрэгт холбогдуулна гэж заналхийлж эхлэв” гэж телевизээр туулаа. (Өнөөдөр нэг ард ингэсэн бол Х.Нямбаатар сайд яах бол?) Спикерийгээ чирээд гаргадаг цоо шинэ туршлага гадаадад гарч гээд тэр үед Х.Нямбаатар мал төхөөрөгч шиг ханцуй шамлан дайрлаж байв даа. Хэн нэгнээс хутаг ч гялалзсан. Т.Аюурсайхан гар утсаараа, санаж буй бол, чуулганы танхимыг “Парламент” сувгаар харуулаад “Манан-мафын загалмайлсан эцэг оргочихлоо” гэж шөнөжин дамжуулсан. Завсар чөлөөгөөр нь “Парламент” суваг М.Энхболд байнгын хорооны хуралд сууж буйг үе үе тодотгов. Харьшгүй Аюурсайхан “4-5 машин чухал баримт хуулийнхан устгаж гэмт хэргээ балласан” гэж залаад, нотлооч гэхээр зугтсан. Хожим С.Баярцогтын Швецарийн банканд нуусан хэн ч олошгүй оффшор дансыг би ганц явалтаараа олоод ирлээ гэж цэнхэр дэлгэцээр ханхалзав. Тэр гүтгэхгүй сууж чаддаггүй хүн.
Харилцагчийнхаа нууцыг хадгалах талаар алдартай Швецарийн банк Аюурсайханыг хараад өмдөндөө харвасан болтой. Гэтэл Аюурсайханы авч ирлээ гэх бичиг цаасыг Баярцогт аль эрт хуулийн байгуулагад өгөөд шалгуулчихсан байжээ. Тэр ясны гүжирдэгч аж. Саявтар 2,4-4,5 саяын цалинтай шүүгчдийг 7-8 саяыг авдаг гэж гүтгээд суудал дээрээ Дээд шүүхийн шүүгч Ц.Цогтоос няцаалт авсан ч нийтийн сүлжээгээр гүжрээ цацав. Худал мэдээ тараах хуультайг хамдаа Х.Нямбаатар сайд сануулаач. Ард түмний захиалгат 5-ын 2 нь биз дээ та хоёр.
“Жагсагчдыг цус урсган дарах 200 алуурч Мөнхбат гишүүн бэлтчихээд байна” гэж Болд гишүүн зарласнаа төдөлгүй ташаа мэдээ цацсандаа уучлалт гуйв. Мөнхбат “30 тэрбумын хэрэг” гэсэндээ Болдоос өршөөл хүслээ. Тэгснээ хоёул “Уучлалт гуйхгүй, 200 алуурч 30 тэрбум яг үнэн” гээд дахин уралцав. Иймэрхүү гүтгэлгүүдийг одоо бол Х.Нямбаатарын хуулиар худал мэдээ тараасан гээд алж өгөх байлгүй. Сануулахад эрх баригчдын, сэтгүүлчдийн гээд гүтгэлэгт ялгаатай хандах нууцыг сайдын улалзах нүүрнээс уншихад түвэггүй.
Идэр есийн тэсгим жаварт жанжны талбайд 20-30 мянгуулаа, өөрсдийгөө даажигнагчдыг шударга ёсны баатрууд гээд, УИХ-ынхаа даргын (гашуудлын хар улаан туузтай) том хөргийн толгойг уруу харуулж бариад, таван гүжирдэгчийг мандтугай гэж орилолдсон. Голдуу хонжоо хайж нохойтогчид цугларсан байх: хэдэн төгрөг атгах, сиймхий таарвал талбайд эгнүүлсэн гэрүүдээс ачих. Харин цуглааныг зохион байгуулагчдын зорилго том. У.Хүрэлсүх Ерөнхий сайдад, Ц.Нямдорж УИХ-ын даргад, таван гишүүн-балиус сайдад санаархаж буйгаа мэдээж зарлаагүй. Гэвч андашгүй байв. Өндөр индрээс албан ёсоор гүжирдэх-журамлаг оронд бол ноцтой гэмт хэрэг. Монголд гүтгэхийг эмзэглэх бүү хэл эх оронч үзэл гэж өргөмжилж, оргүй гүжирдэгч Оюун-Эрдэнэ, Энх-Амгалан нар сайд болсон. “Мишээл экспо”-гоо цулайлгаж, Дарханы замыг бантагнуулж, олон хүний амь, эд хөрөнгө сүйтгэсэн Энх-Амгалан Говь-Алтайчуудад ариун бүрэлбаа гэгдэв.
Ёс зүйн ялзрал ийнхүү Төр Засагт далдын хүч болсонд эмзэглэсэндээ бичих юм. Хийрхүү жагсагчдын тэнэглэх цус харавмаар. Миний цус харвах юу ч биш. Ёс зүй бол барагдашгүй цэнэг, мөнхөд хөтлөгч луужин шүү. Ганц хонолгүй илэрдэг худал мэдэгдлүүдэд мэхлэгдсэн харанхуй олон гол буруутан гэдгийг онцолъё.
УИХ-ын дарга огцрох хуулийн дөрвөн заалттай аж. Тэр дөрвийн аль нэгийг ч атугай зөрчсөнийг нотлоод намайг огцруул. Эс тэгвээс УИХ-ын дарга хууль зөрчиж огцорсон болчих гээд байна гэж М.Энхболд олон хоног тайлбарлав. Хууль зөрчиж огцрох гэмт хэрэг гэсэн М.Энхболдыг, журам дагаж сураагүй нүүдэлчид ойлгоогүй. М.Энхболд аргаа барахдаа УИХ-ын даргыг огцруулах шинэ хууль зохиож өөрийгөө огцруулахыг санал болгосноор Ерөнхийлөгч уухайн тас шинэ хууль өргөн барьж, М.Энхболд өөрийгөө огцруулах төслийг УИХ-аар батлуулсан. Хуулиа зөрчөөгүй энэ гаргалгаанаас С.Эрдэнэ Ц.Туваан нар сургамж авч асуудлаа маргаанаар бус дүрмээрээ шийдэхийг зөвлөе.
Манангийн таглааг авч хаях хамгийн аюултай торгон мөч ирлээ. Ард түмээн, өнөө шөнө нүдээ хором ч анилгүй сонор сэрэмжээ өндөрсөг гэж сүржигнэсэн ч нөгөө дайсан өөрийг нь огцруулахад зориулж шинээр зохиосон инээдэмтэй хууль дэгээр захих үгээ хэлээд намдуухан буув. Анхааруулаад байсан дайн дажин зодоон нүдээн гарсангүй. Ард түмнийг нүдээ хором ч анилгүй сонор сэрэмжээ өндөрсөг гэж сүржигнэсэн Оюун-Эрдэнэ яаж дуугүй байхав “Зэс” корпораци Эрдэнэтийн 49 хувийг Сингапурт худалдсан нь үнэн байна гэхэд Батзандан “Зэс”-ийн удирдлага шөнө дундуур М.Энхболдтой нууцаар уулзсан нь туйлын үнэн гэж үймүүллээ. Худал хэлэхэд байтугай хувьсгал хийхэд ч хуульгүй гэж Батзандан онолдов. Төр Засгийн эрхэнд ичгүүргүй улайрсан зодоонд ёс зүй яаж байхав. Хожоо нь дүрэмгүй зодоонд гарамгай хулигаанууд шунасан эрх мэдлээ авч Чингисийн цус буцалсан харанхуй масс алга нижигнүүлэв. Хохирол нь ёс зүй хог дээр үсэрч, гүтгэлгээр өрсөлдөх-уламлал болж, дараагийн баг бэлтгэлдээ гарсан.
Өнгөрснийг яагаад сануулав гэвэл хуулиа нулимах, гүтгэж гүжирдэх бузрыг Төрд ойртууламгүй. Ёс зүй, мэдлэгтэй МАН-ын Б.Энхбаяр, ХҮН-ын Х.Доржханд, Б.Найдалаа мэтийн залуус Төр Засагт манлайлтал бичнэ. Өөрийгөө тагнасан нь нотлогдоод, улайм цайм гүжирдлэгүүд нь илрэв ч эмзэглэх амьтан алга. Жидүчид сонгуульд бөөнөөрөө ялав. Тэднийг сонгогч үй түм. (АН-д удаа дараа саналаа өгч ялагдагсад харанхуй массын сохор сонголтын ачааг үүрдэг). Нэр дэвшүүлэлгүй гомдоосон ждүчдээсээ Я.Содбаатарыг шадар сайдаар, Л.Энхболдыг хумслахад тохиромтой төрийн өмчит том компаний дэдээр шагнав.
Худал мэдэгдлээ та тав ганц нэг хүний чихэнд шивэгнээгүй телевизээр гурван сая хүн амд цацсан. Гүтгэлэг чинь тэр дороо цэнхэр дэлгэцээр баригдахад та тав гурван сая хүн амаасаа ичээгүй. Дүүрчихсэн улайрагч-ичгүүрийг мэдрэхээ болиод цайрчихдаг. Эрх мэдлийн улангасал чинь бэртэгчин хүсэл болохоос ард түмнээ гэсэн хайр биш. Баяжихыг шорддог ад зэтгэр бол шунал. Яс чанарыг чинь яваандаа таньсан иргэд та хэдэд нэг юм үзүүлнэ ээ гайгүй. Та хэдийн эрх мэдлийн тачаангуй, та хэдийн гүтгэлэг нийтэд жигшигдэж удахгүй дүнгээ тавиулна. Одоо юу дараа юу гэхээс. Эрх мэдлийн төлөө нэр нүүрээ барахыг монголчууд цээрлэдэг. Та хэдийн амины улстөр-чадвал тавуулаа эс чадвал нэг нь сэм-ганцаараа баяжих алалцаан. Уг нь улс баяжвал бүгд баяжих учиртай.
Буруу гарын бузар олзоор хагартал баяжаад мөнхрөхгүй. Ходоодны багтаамж хэмжээтэй, амьд явах хугацаа охор. Үхэл нэг өдөр чамайг багалзуурдна. Чиний эрх мэдэл эд хөрөнгө үхлээс аврахгүй. Энэ агшинд олонд тусалсан ач буянаа чамлаж, эх орон, анд нөхрөө хорлосон мунхаг тархиа шаасаар нүд аньдаг. Шунал-хамгийн ужиг нүгэл. Нүглийн цоож-тэвчээр. Би нүгэл гэх ганц хуультай харанхуй амьтан. Төр Засгийн сэнтий хууль бусаар авах нүгэл. Худлаа хэлэх нүгэл, хулгай хийх нүгэл. Хүн гүжирдэх нүгэл. Би ердөө иймхэн боловсрол хүмүүжилтэй өчүүхэн зохиолч. Нүгэлгүй орлогоор гэдэс муруйлгүй мөр бүтэн ная хүрлээ. Өөр юу хэрэгтэй юм бэ, хуурамч хорвоод.
Өдгөө Оюун-Эрдэнэгүй, Нямбаатаргүй юм алга. Томорч даналзах дур нь ид буцалж байх шиг. Буруу зөвийг ялгахдаа хаа очиж торох ч үгүй хоёр аж. Шинжлэх ухаан ч зөв бурууг тэгж эрс ялгаж дөнгөхгүй л байгаа. Эрдэнэтэд онцгой дэглэм тогтоосон гавъяа Л.Оюун-Эрдэнийх. 49 хувийг нийгэмчилснээр саалийнхаа 51 үнээг 100 болгоод, 51 үнээний сүүнээс 100 үнээний сүү 2 дахин их болсон нь онц дэглэмийн ач гэж Оюун-Эрдэнэ сайд дарцаглав. Малчин-монголчууд 100 үнээний сүү, 51 үнээний сүүнээс их байх нь онц дэглэмийх биш гэдгийг мэдэх ч тэдэнд дээдсийг өөлөх хүмүүжил алга. Татвар төлөгчдийн олон тэрбумаар эзгүй хээр-өвөөгийнхөө гэрийн буйран дээр сүндэрлүүлэх харш нь 4 сая жуулчин татах юм гэл үү? Мөн хуцаж байгаа юм шүү. Элэг бариулаад байвал хуцаад л байх вий.
Худал мэдээ тараавал эрүү үүсгэнэ гэж Нямбаатар сайд өөрсдийгөө өөлөгчдийн амыг барихаар шийджээ. Дарангуйлагч гэдгээ мэдрүүлэх далд санаа. Туршилтын туулайгаар сэтгүүлч хүүхнүүдийг зөөлчилтөл нөгөөдүүл нь шаагилдав. Ардчилал хүний эрх дураараа дургигчдад-гай. Нямбаатар сайд хуульч логикоороо дээрэлхэх дуртай. Тэрээр өөрийгөө их цайлган гэж тодотгоод, Тэмүүжин маш зуумтгай-өөрийгөө өмхийртөл бусдад өс санаж явдаг. Оюун-Эрдэнэ багадаа дээд ангийнхаа сурагчид хусуулчихаад гэрийнх нь гадаа тоосго бариад 24 цаг отсон. Түүний шазруун чанар одоо ч улс төрд хэвээрээ гэж бахархсан өнгөөр ярьжээ. Зуумтгай, шазруун хоёрыг хар цагааны туйл гэж ялгасан Нямбаатар сайд бусдад сайрхдаг хуульч логикоороо зөрчлийн, хөөн хэлэлцэх гэх мэт ойлгох аргагүй гүн хуулиа магтаж маргаан үүсгэв. Мань байтугай хуульчид хүртэл төөрч орхижээ.
Эрдэнэтэд сүр бадруулж тогтоосон онц дэглэмийн үед зөвхөн удирдлагын зардал 30 гаруй тэрбумаар хэтрээд 154 сая долларын хулхи бараа шахсан мэдээ тарж АТГ-т очлоо гэх сураг гараад чимээ тасрав. Овилгогүй “гар”-уудын сагсуурал хаалтгүй ялах-бидний доройнх. 2008 оны 7-р сарын 1-нд МАХН-ын цагаан ордон шатаж, 5 залуу амь алдсан. Энэ аймшигт хэргийн гол турхирагч Батзандан АН-ын босгоор хошуу дэвсэж ороод мэнд мултарсан. Гэвч Батзандан толгой хорогдсон АН-аа тас цавчаад хаяв. Ард түмний захиалгат 5 хүүгийн мөр иймэрхүү. Өтгөс минь нигүүлсэнгүйн ёс зүй-бурханд мөргөж, Төрдөө буртаг ойртуулахгүй гэж дээжээ өргөж ариулсаар өдгөөтэй мэнд золгуулсан билээ.
Ц.Доржготов /baabar.mn/