АНУ-ын Ерөнхийлөгчийн 2016 оны сонгуулийн Бүгд найрамдах намын (БНН) сунгаанд хамгийн олон буюу 17 хүн, түүний дотор Дональд Трамп нэрээ дэвшүүлэхэд хүмүүс гайхаагүй боловч, нэг их дэмжлэг авахгүй хасагдана гэж бодож байв. Учир нь тэрээр Америкийн бэрхшээлтэй асуудлууд, тэр байтугай дэлхийн цөмийн зэвсгийн асуудлыг бизнес хэлцэл хийх авьяасаараа дор нь шийднэ, Обама бол АНУ-д төрөөгүй, муслим шашинтай учир Ерөнхийлөгч болох эрхгүй хүн гэж ярьдаг, улс төрийн ямар ч туршлага мэдлэггүй хүн байв.
Эхнээсээ л өрсөлдөгчөө юу ч гэж хамаагүй гүтгэж, хэзээ ч байгаагүй бүдүүлэг соёлгүй зан гаргаж, бизнесийн болон хувийн амьдралын олон дутагдал нь илэрч эхэлсэн боловч мужаас муж улсад хүч авсаар 5-р сарын эцэс гэхэд намынхаа нийт 2472 электоратын 1237-ын санал авч түрүүлсэн ба 7-р сард болсон БНН-ын Үндэсний конвенц 1976 онд Рейганы эсрэг Фордыг дэвшүүлснээс хойшхи хамгийн цөөн буюу 69.8 хувийн саналаар түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээрээ батлав. БНН-ын томчууд, бодлого боловсруулагчид түүнийг дэмжихгүй, Конвенцоос өөр хүн гаргаж ирэх арга хайсан боловч намын дэмжигчдийн олонх саналаа өгсөн учир яах ч аргагүй байв. Энэ бол 2017 оны манай сонгуулийн “цагаан хуудас” саналтай төстэй, уламжлалт элитийг эсэргүүцсэн “protest voting” сонголт байв.
Улмаар Хиллари Клинтоны эсрэг Оросууд хулгайлж Викилигээр тараалгасан хар пиар болон нийгмийн сүлжээ ашигласан disinformation өргөн явуулахын зэрэгцээ, даяарчлал ба олон талт хамтын ажиллагааны эсрэг Америк хувиа бодох “isolationism” уламжлалыг сэргээх “Make America Great again” гэсэн арьсны үзлийн далд утгатай уриа дэвшүүлж, offshoring хийж байгаа Америк компаниудыг болиулж, өрсөлдөх чадвараа алдсан аж үйлдвэр, нүүрсний салбарыг сэргээнэ, гаалийн татварыг нэмэх замаар гадаад худалдааны алдагдлыг арилгаж эдийн засгийн өсөлтийг 4-5 хувьд хүргэнэ гэх зэрэг онолын хувьд буруу, огт бүтэхгүй популист амлалт өгч, гаалийн татварыг Америкийн хэрэглэгчид биш Хятадууд төлнө, урд хил дээр барих хана хэрмийг Мексик төлнө гэх зэрэг илэрхий худлаа ярьж байв. Гэвч даяарчлалын ачаар хөгжил нь хурдассан Хятад мэтийн орны өрсөлдөөнд цохигдож ажлаа алдсан, гол нь боловсрол багатай цагаан арьстан ажилчид, шинэ технологийн үр шим бага хүртэж байгаа хөдөөгийнхний дунд “мэдлэг боловсрол, ёс суртахуун муутай нь хамаагүй, энэ бол манай талын, бидэнтэй адилхан” хүн байна, бидний зовлонг тоохгүй өөрсдөө дээшилж байгаа нийгмийн элит, хуучин улс төрчдийн эсрэг дэмжие гэх уур амьсгал газар авсан байв.
Трамп ч тэднийг онилж, та нарын хэцүү байдалд улс төрчид, түүний дотор БНН-ын өмнөх Засгууд ба гадаадынхан буруутай, би Америкийн сүр хүчээр далайлгаж бүгдийг нь өөрчлүүлнэ, цагаачдыг хориглож цагаан арьстнуудынхаа уламжлалт эрх дархыг сэргээнэ гэсэн мессеж цацаж байв. Энэ бол ядарсан хүмүүсийн бусдаас бурууг хайж, өрөөлийг хохироогоод ч гэсэн байдлаа дээрдүүлэх “instinct” буюу далд хүслийг ашиглан нийгмийн бүлгүүдийн зөрчлийг дэвэргэн хагаралдуулах замаар “mob rule” буюу улангассан дэмжигчдийн сүрэгтэй болох сонгомол арга байв.
Тэрээр Ерөнхийлөгч болсныхоо дараа ч нийт ард түмний дэмжлэг биш, сонгогчдын 30 орчим хувийг бүрдүүлж байгаа энэ нийгмийн баазынхаа нөлөөг нэмэхэд гол анхаарлаа хандуулж, ажлаа хийхээсээ илүү байнга хөдөө явж сонгуулийн кампани шиг хурал цуглаан зохион, өөрийгөө дэмждэг хэт даварсан үзэлтнүүдийг шагнаж, өршөөж, өөрт нь үнэнч байж өрсөлдөгчийг нь мөрдөж шийтгэхээс татгалзсан төрийн болон хуулийн ажилтнуудыг халах, өөрийн хүнээр солих болов. Түүнийг нь шүүмжилсэн хэвлэл мэдээллийг “ард түмний дайсан” гэж зарлаж, намайг муулсан бүх мэдээ худлаа “fake news”, үзсэн сонссондоо биш надад итгэ гэж дэмжигчдээ ухуулж, өөрийнх нь эсрэг “deep state” буюу төр хуулийн байгууллагуудын хуйвалдаан байна гэж үнэмшүүлж байв.
Боолчлолыг устгах уриатай A.Линкольны байгуулсан намыг ганцхан жилийн дотор цагаан арьстны “white supremacy” илүү эрхийг сэргээх төдийгүй, олон улсын хамтын ажиллагаа, чөлөөт гадаад худалдаа, төсвийн сахилга дээдлэх уламжлалт үзэл баримтлалынх нь эсрэг эргүүлжээ. Хамгийн сүүлд Ковидын эсрэг хүн бүрд 600 доллар өгч, зөвхөн туслах онц шаардлагатай хүмүүст илүү өгөх Конгрессийн шийдвэрийн эсрэг хүн бүрд 2000 доллар өгөх популист нөхцөл тулгаснаараа Сенатад дахин ялж, БНН-ын зонхилох байр суурийг хадгалах боломжийг үгүй хийж Сенат, Төлөөлөгчдийн танхимыг хоёуланг нь өрсөлдөгч намд алдав.
“Загалмайлсан эцэг” кинонд хамгийн дуртай, Маккартизмын гол хуульч байсан Рой Конийг “ментор” багшаа гэж ярьдаг, Ерөнхийлөгчөө болимогц татвараас зугтсанаас эхлээд бусдын болон хандивын хөрөнгийг завшсан, Оросын мөнгө угаалтад үйлчилж барьцаалагдсан байж болзошгүй, Ерөнхийлөгч байхдаа бизнесийн орлого олохыг хориглосон “emolument” хууль зөрчсөн хүртэл хэд хэдэн хэрэгт татагдах болоод байгаа Трамп хүч, хууль шүүхийн байгууллагыг өөрт үнэнч хүмүүсээр дүүргэх гэж ихээхэн оролдсон билээ. Хамгийн эхлээд Ерөнхийлөгчийн сонгуулиар өөрчилдөггүй, голдуу 10-аас дээш жил ажилладаг FBI буюу үндсэндээ авлигатай тэмцэх гол газар болох Холбооны мөрдөх товчооны даргыг, дараа нь түүний түр орлогчийг, мөн өөрийг нь хамгийн түрүүнд дэмжсэн учир Хууль зүйн сайд болгосон Сенатораа, дараа нь түүний орлогчийг өрсөлдөгчдийг нь мөрдсөнгүй, өөрийг нь шалгалтаас хамгаалсангүй гэж халж байв.
Трампизмын оргил нь сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, өөрийнх нь эсрэг бөөн зөрчил будлиан болсон мэт дэмжигчиддээ итгүүлж турхирсан нь өнгөрсөн долоо хоногийн эмгэнэлт үйл явдалд хүргэв. Үүнд Америкчууд маш их цочирдож, намын дэмжигчдээ алдахгүйн тулд Трампыг илэрхий эсэргүүцэж чадахгүй байсан БНН-ын улс төрчид ч түүнийг хамгаалж чадахгүй болов. Одоо Трампыг сайн дураар огцрохгүй бол Үндсэн хуулийн 25-р нэмэлтийн дагуу Дэд ерөнхийлөгч болон Кабинетийн олонхын саналаар буюу дахин импичмент хийж огцруулах бололтой байна. Трамп өөрөө өөрийгөө урьдчилан өршөөж болох тухай судлуулахаар Ерөнхийлөгчийн өргөн эрх мэдлийн онолыг баримтлагч Харвардын хуульч Дершовицийг хөлсөлж авав. Батлан хамгаалахын сайд байсан 10 хүн Америкийн зэвсэгт хүчнийг улс төржүүлэхгүй байхыг Трампаас шаардав. Мөн анхаарал сарниулахын тулд дайн өдөөж болзошгүй тул түүний цөмийн зэвсэг хэрэглэх эрхийг хязгаарлаж, эгзэгтэй үед АНУ-ын эсрэг үйлдэл гарахаас сэргийлж Персийн буланд цэргийн хүч нэмэгдүүлж, Тайваньтай харилцахад тогтоосон уламжлалт хязгаарлалтуудыг цуцлав.
Ардчилал хамгийн баталгаатай хамгаалагдсан гэж үзэж байсан АНУ-д болсон энэ явдал ганц хүний эрх мэдэлд тулгуурласан Ерөнхийлөгчийн засаглал популизм ба нийгмийн сүлжээ ноёрхсон өнөөгийн нөхцөлд ямар амархан дарангуйлалд хүргэж болохыг яруу тод харууллаа гэж мэргэжилтнүүд үзэж байна. Гэхдээ чухамхүү хуулийн засаглал, хараат бус шүүхийн тогтолцоо өнөөдөр Америкийн ардчиллыг Трампаас аварлаа гэж тэд дүгнэж байна. Хэдийгээр намынхан нь ч түүнийг огцрохыг шаардаж, импичментийг дэмжих хандлагатай байгаа ч “censure” буюу Конгрессоос донгодож улс төрд оролцох эрхийг нь хасах илүү амар, хамгийн гол нь нийгмийн хагарал зөрчил цаашид гүнзгийрэхээс сэргийлж үндэсний эвлэрэл, дараагийн засаг захиргааны ажил саатахгүй явахад тустай гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.
Эндээс Ерөнхийлөгчийнхөө сонгуульд бэлдэж байгаа Монголд авах сургамж тодорхой. Өнгөрсөн дөрвөн жилд иймэрхүү үзэгдэл бусад оронд ч явагдаж, Трампизмын жишээнд Польш, Унгар, Филиппин, Турк, Энэтхэг зэрэг орны удирдагчдыг нэрлэх болсны дотор манай Ерөнхийлөгчийг ч гадаадын хэвлэл “Талын Трамп” гэж цоллосон удаатай.
Юуны өмнө Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийнхөө үг үсэг, үзэл санааг хүндэтгэн нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ Ерөнхийлөгч мэдэгдэх хэрэгтэй байна. Хоёрдугаарт энэ бүхэн хүнээсээ гэхээсээ системийн чанартай бэрхшээл тул парламентын засаглалтай хэрнээ Ерөнхийлөгчийн засаглалын хамгийн муу талуудад бололцоо олгосон одоогийн тогтолцоог засах шаардлагатай байна. Үүнийг Үндсэн хуулийг өөрчлөх явцад ойлгож ярьж байсан боловч улс төрийн шалтгаанаар унасан билээ. Тийм учраас өөрийн дэвшүүлж батлуулсан саналуудыг Үндсэн хууль өөрчлөх ажлын группууд дахин нягталж, өөрчлөн шинээр сонгогдсон парламентаар батлуулах эх оронч санаачлага гаргахыг Ерөнхийлөгчид уриалж байна. Эцэст нь төрийн удирдах ажилтнууд, түүний дотор одоогийн Ерөнхийлөгч, албан тушаалаа эрхлэж байх үедээ гаргасан шийдвэрийнхээ төлөө эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх хуулийг дээрх ажлуудтай хамт гаргаж өгөхийг УИХ-ын гишүүдээс хүсэж байна.
Ц.Батболд, Хөгжлийн эдийн засагч (PhD), олон улсын хуульч
Сэтгэгдэл (1)