"Гэрт нь тушсан хөл хорио монголчуудыг дэндүү цалгар наазгай болгочихсон, ажил хийхгүй гэртээ суугаад байж болох юм байна гэх сэтгэхүй суулгачихаагүй байгаа хэмээн түгших юм"
Шинэ 2021 он гараад нэгэн 7 хоногийг тууллаа. Ертөнцийг ажвал 2020 он ямар он байв, өмнөх онуудаас юугаараа ялгаатай, тэгвэл 2021 ньямар он байх вэ гэдгийг улс төрчид, судлаачид, тэр дундаа астрологчид элдвээр таамаглаж бичиж ярьсаар буй. Нэг л ойлголт дээр төвлөрч байх шиг. Гэнэтийн санамсаргүй цар тахал нэрвэлээ. Хүнд сорилт авчирлаа. Тэгэхдээ энэ нь нөгөө талаас бас ашигтай туслаа. Өөрчлөгд, шинэчлэгд, онцгой нөхцөлд ажиллаж сур, аж амьдралынхаа хэв маяг, ёс жаягийг өөрчлөн сайжруул гэж хүн төрөлхтөнд тулгажээ. Үхширсэн үзэл бодлоо хая, тархи толгойгоо нээ, шинээр сэтгэ, ажлын арга барилаа шинэчил, амьдралынхаа үнэ цэнийг өргө гэж тулгажээ. 2021 он бол тэр чигтээ өөрчлөлт шинэчлэлийн он байна гэж үзжээ. Тулгалтын дотор алтан цагаа дэмий бүү үр, цаг бол алт баялаг гэсэн утга зонхилно.
Шинэ 2021 он гараад манай эх оронд бас нэгэн 7 хоногийг тууллаа. Хөл хорио, цар тахал, шинжилгээ, сунгана сунгахгүй гэж явсаар бид хуучин оноо үдэж, шинэ онтойгоо золгожээ. Хоёр он солигдох мөчид төрийн дээдчүүл маань юу хэлэв, юу амлав гэдгийг иргэд эрхбиш санахтайгаа байгаа байх. Өдөр тутмын ахуйн зовлондоо (идэх уух, дулаан хонох, гал алдахгүй гэх мэт) дарагдаад манайхан мартчихдаг тул би халуун сэргэг дээр нь хэргээр “санахтайгаа” гэж байгаа юм.
Би бол баяр хүргээд шүүрч аваад шууд хэрэгжүүлчихмээр сайхан үгсийг дарга нар хэлжээ хэмээн үзсэн, гарчгаа ч тэгж авлаа. Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлснээс “Хамгийн сайн халамж бол ажлын байр” гэсэн нь хүмүүст ихээхэн таалагдаж сошиал ертөнцөд багагүй дэмжлэг хүлээсэн болов уу гэж бодоод дахин уухайлан сануулж бичиж байгаа хэрэг.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлэхдээ 2021 он бол Ардын хувьсгалын 100 жилийн ойн жил, хөгжил дэвшлийн шинэ эрин зууны эхлэлийг тавих жил болно гэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар ард иргэддээ хандан шинэ 2021 онд тохиож буй Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан Үндэсний гурван хувьсгал хийхээр зорьж байгааг ёс төртэй зарлалаа. Тухайлбал:
-
Хууль засагласан, эрүүл нийгэм шударга ёс сахилга хариуцлагыг эрхэмлэж, иргэнээ дээдлэн төрийг төлөвшүүлэх ЭРХ ЗҮЙН ХУВЬСГАЛ;
-
Өсөлтийн үр шим нь өрх иргэн бүхэндээ хүрсэн дундаж давхарга зонхилсон, ядууралгүй, экспорт эрчимжсэн, тогтвортой хөгжлийн, өөрийгөө тэтгэх бүрэн чадавхтай улс болох ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТОЛЦООНЫ ХУВЬСГАЛ;
-
Эрдэм авьяастай, эрүүл чийрэг, хүнлэг ёс суртахуунтай дэлхийн түвшний монгол хүнийг төлөвшүүлэн, авилгагүй амар тайван нийгмийг цогцлоон бүтээх НИЙГМИЙН ХУВЬСГАЛ гэжээ.
2050 он гэхэд хэрэгжүүлчихсэн байх нөгөө лут хөтөлбөрийг наашлуулж бүр энэ он руу татаж авчирсныг ёстой дэмжээд уухайлаад баршгүй. Төрийн тэргүүний “ажлын байр”, мөн спикерийн хоёр дахь зорилтыг бүр ихээр онцолж байна. “Дундаж давхарга зонхилсон” гэсэн нь нийгмийн харьцангуй олонхи гэсэн санаа бус уу? “Ядууралгүй” гэсэн нь ядуу иргэн, ядуу өрхгүй болно гэсэн санаа бус уу? Зөвхөн энэ хоёр ухагдахуун дээр л би онц их ач холбогдол өгч Төр-засагтаа хүч нэмэр болгохоор энэ нийтлэлээ бичиж байна. Уриалан дуудаж байна. Ярьж ханалаа (30 жил), хэлж ханалаа (30 жил), уран сайхандаж (30 жил) ханалаа. Одоо боллоо!
Төр нь төр шиг байж ядуурал гуйранчлал, золбирол, архидалт дээр Төрийн төмөр нүүр гаргаж, хатуурхаж, энэрэлгүй хандаж, энэ ондоо багтаан ядуурлыг үтэр түргэн арилгахыг уриалан дуудаж байна. Ажлын үй түмэн (зуу зуун мянга!) байр руу эрүүл саруул, насанд хүрсэн, сул дэл яваа иргэдээ шахагтун, албадагтун!
“Төрийн төмөр нүүр” гэдгийг би юу гэж уриалаад байнав гэхлээр одоо нэгэнтээ улиг болсон үзэгдлүүдийг халуулна хэмээн ойлгож байна. “Уран сайхандах” гэдэг сондгой үг би хэргээр оруулж ирлээ. Утга нь: аливаа ажил хийхдээ сүржин ярьж, баахан уриа лоозон болж сурталчлаад дараа нь таг мартчихдаг, хариуцлага огт тооцдоггүйг хэлж байна. Энэ удаа бүү тэгээсэй! Хоёрын хооронд популист царайлах, өрөвдөх, халамжлах, толгойг нь илэх, зөнд нь хаях үзэгдэл хэтэрчихсэн байгаа учраас Төр төмөр нүүрээ гаргаач гээд байгаа юм. Шувтан довтолсоор, амсхийх завгүйгээр ажил хийлгэж, орлоготой болгосоор дундаж давхарга руу оруулаад ирээч хэмээн уриалан бичиж байна.
Толгойг нь илэх л юм бол УИХ-ын даргын уриалсан гурван хувьсгал нурна шүү. Гэрт нь тушсан хөл хорио монголчуудыг дэндүү цалгар наазгай болгочихсон, ажил хийхгүй гэртээ суугаад байж болох юм байна гэх сэтгэхүй суулгачихаагүй байгаа хэмээн түгших юм. Монголчууд маань болохгүй болчихсон, дэндүү ихээр ужиграад өвчилчихсөн байгаа учраас одооноос эрхлүүлэхгүй, ажиллуулна гэх дайралтаа эхлүүлье. Спикерийн хэлсэн тэр шударга ёс тогтоох эрхзүйн хувьсгал гэдэг чинь цаанаа ядуурал гэх суурьтай үлдвэл юу ч болохгүй нурна шүү.
“Төрийн төмөр нүүр” гэдгийг би юу гэж уриалав гэхлээр 2019 онд хүн амын 62.5 хувь нь төрөөс халамж авч байснаа 2020 онд бүр нэмэгдсэн хэмээн хөдөлмөр, нийгмийн халамж эрхэлсэн сайд бүсгүй Live ТВ-ээр ярихыг сонсоод энэ хувийг 50-иас доошоо, бүр 30 хувиас доошоо оруулж ирээч хэмээн төр-засагтаа уриалж байна. Нийт 243 мянган иргэн (тахир дутуу, өвчин эмгэгтэй, хөдөлмөрийн чадваргүй нь хэд юм?) төрөөс хүнс тэжээл авч гол зогоодгийг болиулаад тэднээр хүнсний жижиг үйлдвэрлэл, өрхийн жижиг тариалан, жижиг аж ахуй эрхлүүлээч хэмээн төр-засагтаа уриалж ятгаж байна.
Ерөнхийлөгчийн “Хамгийн сайн халамж бол ажлын байр” гэснийг би юу гэж ойлгов гэхлээр, Хөдөлмөр, нийгмийн халамжийн сайдын Live ТВ-д ярьсан нь хамгийн түрүүн санаанд буулаа. Германы туршлага гэж хэллээ. Манайд шууд л одоо хуулбарлаад авчихмаар. Халамжийн хажуугаар хариуцлага тооц гэж байна. Халамжилж болно, харин хариуцлага ямагт нэхэхдэх учиртай, харамсалтай нь манайд бол халамжийг хариуцлага дагалдахгүй ардчиллын 30 жилийг туулчихсан. Халамж үзүүлэхийг ажлын байртай холбон германы туршлага гэснийг нь манай улс төрчид шүүрч аваасай. Ажилгүй байгаад (бодвол хөдөлмөрийн насны эрүүл саруул хүн!) нь тэтгэмж өгдөг, гэхдээ төр-засгаас ажлын байр хоёр удаа санал болгоод хүлээн аваагүй бол халамжийн мөнгөө өгөхөө больдог гэнэ. Ажилгүйдлээ, амьдралаа өөрчлөхийг Германы төр ажилгүйчүүддээ байнга шахаж шаардаж байдаг юм байна. Өөрөөр хэлбэл ажилгүй байлаа гээд адлаж албадаж дарамталж байдаг юм байна, ардчилалтай, хүний эрхийг дээдэлдэг тэр улсад.
Ерөнхий сайдын хэлсэнчлэн энэ 2021 оныг хөгжил дэвшлийн шинэ эрин зууны эхлэлийг тавих жил болгох гэж л байгаа юм бол миний дээр бичсэнүүдийг дээрээ ч, дороо ч дор бүхнээ нэгд нэгэнгүй нягтлан судлан үзнэ үү. Хэрэв хэрэгжүүлж чаддагсан (төр-засгийн зориг зүрх байвал өлхөн хэрэгжүүлж чадна!) бол нөгөө гурван хувьсгал, ажлын байрны жил, шинэ эрин зууны эхлэлийг тавих жил маань шууд биелчэх учиртай бус уу?
Нэг жил юу ч хийж амжилгүй жирэлзээд өнгөрчихсөн, 2021-2022 оны зааг дээр нөгөө уриануудаа яриад сууцгааж байвал мөн тоогүй яа!
Далайд дусал нэмэр гэдэг шиг төр-засагтаа санаа сэдэл өгөх зорилгоор нэг иргэн чинь бичлээ шүү!
Д.Баярхүү /baabar.mn/
Сэтгэгдэл (1)