x

Турк улс Монголд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлэв

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахраманы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Истанбул хотод зочилж, тус улсынЭКСИМ банкны удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтад Туркийн талаас ЭКСИМ банкны Дэд захирал Корай Эрдэн, олон улсын төслийн зээл хариуцсан захирал Сюзан Уста, олон улсын худалдаа, санхүүгийн асуудал хариуцсан захирал Үмүт Топал нар оролцож, банкны үйл ажиллагаа, Монгол Улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар танилцуулга хийлээ.

Туркийн төрийн мэдлийн ЭКСИМ банк нь гадаадын улс орон, дотоодын бизнес эрхлэгчдэд төслийн зээл болон зээлийн эрсдэлийн даатгалын үйлчилгээ үзүүлдэг томоохон банк юм. Өнгөрсөн онд гэхэд 40 тэрбум ам.долларын зээл олгожээ.

Тус банкны онцлог нь Туркийн хөрөнгө оруулагчид гадаад улс оронд төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж зээл олгодог бөгөөд тухайн улсын Засгийн газрынх нь болон банкуудын баталгааг шаарддаг, хүүгийн хувьд нэлээд өндөр буюу долоо орчим хувьтай байдаг ажээ. Монголын ХААН, Голомт, Хөгжлийн банканд зээлийн шугам нээж, хамтран ажиллаж байгаа аж.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд тус улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоантай уулзах үеэрээ Орхоны хөндийд аялал жуулчлалын цогцолбор байгуулах, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зэрэг тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх асуудлыг ярилцан, тохиролцсон. ЭКСИМбанкнаас 300 сая ам.долларын зээл авах асуудал олон жил яригдлаа. Зээлийн шугам нээгдсэн боловч бүрэн тохиролцоонд хүрч чадалгүй өдий хүргэснийг нэг мөр шийдэж, дээр дурдсан болон бусад төслүүдийг хэрэгжүүлэх нь ирэх жил тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд та бидний барих бэлэг болно. Зээлийн хүү өндөр, баталгаа шаарддаг гэсэн хоёр асуудал бий. Ах дүү улсын хувьд асуудлыг хөнгөлөлттэй нөхцөлөөр шийднэ гэдэгт итгэж байна. Дөрөвдүгээр сард Туркийн Ерөнхий сайд БиналиЙылдырымийг Монголд айлчлуулах асуудлыг ярьж байгаа. Мөн удахгүй Монгол-Туркийн Засгийн газар хоорондын комиссын хуралдаан Улаанбаатарт болно. Эдгээр арга хэмжээний үеэр асуудлыг эцэслэн шийдэх нь чухал хэмээн онцоллоо.

ЭКСИМ банкны дэд захирал Корай Эрдэн “Бид зөвхөн Монгол Улсад зориулсан тусгай гарц олохыг хичээж байна. Монголын талын санал санаачилгыг хүлээж авахад бэлэн. Тухайлбал, зээлийн төлбөрийг бүтээгдэхүүнээр хийж болно. Зээлийн хэмжээг 350 сая ам.долларт хүргэх боломжтой гэж бид шийдсэн” гэв. Эдгээр шийдэл өмнөх өдөр нь М.Энхболд, Р.Т.Эрдоан нарын ганцаарчилсан уулзалтын үеэр ярьж тохирсон зүйлүүд юм. Монгол орон, монголчуудыг элгэн саднаа гэж тооцдог туркчуудийн хүндлэл, М.Энхболд, Р.Т.Эрдоан нарын хувь хүмүүсийн нөхөрлөл энэ нааштай алхамд нөлөө үзүүлсэн байна.

Мөн өдөр УИХ-ын дарга М.Энхболд Туркийн Гадаадтай эдийн засгаар харилцах зөвлөл (DIEK)-ийн удирдлагуудтай уулзалт хийв. Энэхүү уулзалтыг өндөр төвшинд, тусгайлан бэлтгэж хийх талаар Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан үүрэг өгсөн гэж Зөвлөлийн тэргүүн НэйлОлпак, Зөвлөл дэх Турк-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны дарга Чэнгиз Гул нар онцоллоо.

Зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг хамтын ажиллагааны улс орон хариуцсан хороо 144 байдаг аж. Уулзалтад Туркийн нэр хүнд, туршлага, чадавхаараа Туркт төдийгүй дэлхийд үнэлэгддэг томоохон аж ахуйн нэгжийн 20 шахам удирдлага ирсэн байв. Тэдгээр нь уул уурхай, өнгөт болон хар төмөрлөг, мах, махан бүтээгдэхүүн, газар тариалан, ноос ноолуур, нэхмэл сүлжмэл, авто зам, тээвэр, хот байгуулалт, орон сууц, эрчим хүч, төмөр зам, зочид буудал, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд гэх мэт бүхий л салбарт үйл ажиллагаа явуулдаг аж.

Тэд өөрсдийн үйл ажиллагааны чиглэл, цар хүрээний талаар танилцуулж, Монголтой хамтран ажиллаж, төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлж байлаа.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд Монгол, Туркийн бизнес эрхлэгчдийн хооронд амьд хэлхээ холбоо тогтоож, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх сайхан эхлэл тавигдаж байна хэмээн онцлоод, “Энд яригдсан асуудлууд, тодорхой саналуудыг ажил хэрэг болгоход бид онцгой анхаарна. Монгол Улс Европын холбоотой “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр” байгуулсан. 7200 нэрийн бүтээгдэхүүнийг Европын холбооны 28 оронд татваргүй гаргах боломжтой. Орос, Хятад хэмээх дэлхийн хоёр том зах зээлтэй хаяа дэрлэн оршдог. Ази-Европыг холбох хамгийн дөт замын зангилаан дээр байрлалтай. Ази, Номхон далайн бүс нутагтаа хамгийн бага татвартай улс бол манайх. Энэ мэт давуу талууд бизнест сайнаар нөлөөлөх нь дамжиггүй. Та бүхнийг Монголд урьж байна” гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд энэ өдөр Туркт ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Уг уулзалтыг Истанбул хот дахь Монгол Улсын Ерөнхий консул Э.Мөнх-Очир зохион байгуулсан юм.

Иргэд УИХ-ын даргын айлчлалын үеэр иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, нийгмийн даатгал, халамжийн үйлчилгээ хүртэх нөхцөлийг бүрдүүлсэн чухал гэрээ байгуулсанд талархаж байгаагаа илэрхийлж байлаа. Тэд гадаадад ажиллах хүч гаргах бодлогод өөрчлөлт оруулах, турк сургууль төгсөгчдийн боловсролын гэрчилгээг хүлээн зөвшөөрдөг болгох, гадаадад байгаа иргэдийнхээ соёл, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд анхаарал хандуулах, орон сууцны ипотекийн зээлд хамруулах, албан ёсоор оршин суух зөвшөөрөл авах нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг саналыг хэлж байлаа.

Иргэдийн асуултад УИХ-ын дарга М.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Истанбул дахь Ерөнхий консул Э.Мөнх-Очир нар хариулт өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 2 цаг 40 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 2 цаг 54 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 3 цаг 1 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 4 цаг 7 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 4 цаг 28 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 17 цаг 30 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 22 цаг 44 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 23 цаг 1 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 23 цаг 44 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 23 цаг 54 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top