БНХАУ сүүлийн жилүүдэд ядууралтайгаа эрчимтэй тэмцэж байгаа бөгөөд оновчтой бодлогыг төрөөс хэрэгжүүлж байгаа юм.
Тухайлбал, Хятадын дарга Ши Зиньпин хамгийн их ядууралтай байгаа 23 мужийн дарга болон Коммунист намын түр хороотой ядуурлыг бууруулах гэрээ байгуулж, ядууралтай бүс нутгийг нарийвчлан тогтоож, тухайн бүс нутгийн давуу тал, онцлогт нь тулгуурласан эдийн засгийг тэтгэх, хүн ардын орлогыг нэмэх, ядуурлыг бууруулах тусгай бодлогыг хэрэгжүүлж байгаа аж. Хамгийн түрүүнд, тухайн муж, тосгонд ямар хүмүүс ядуу амьдарч байгааг тогтоож, нэгдсэн системд оруулна. Дараа нь түүнд чиглэсэн бодлого боловсруулж, хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг бүх талаар дэмжин ажилладаг аж. Мужийн дарга нарт өгсөн үүрэг даалгавар биелж байгаа эсэхэд хяналт тавьж, хугацаандаа биелээгүй бол сануулга өгч, цаашлаад зарим тосгоны намын үүрийн дарга нарын ажлыг иргэдээр дүгнүүлж, муу оноо авсан даргад нарыг ажлаас нь чөлөөлөх, намын албан тушаалыг нь хураан авах хүртэл арга хэмжээ авдаг байна.
Тэгэхдээ хятад улс ядуу амьдарч байгаа иргэдэд сар бүр бэлэн мөнгөний тэтгэмж олгохыг илүүд үздэггүй бөгөөд иргэдээ нээн хөгжүүлэх бодлого баримталж байна. Энэ нь тэтгэмж өгөхөөс илүүтэйгээр тухайн ядуу өрх, иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, өөрсдийнх нь чадварыг дайчилж тогтмол ажилттай болгодог. Түүнчлэн Хятадад хөгжлөөрөө тэргүүлж буй бүсийнхэн нь баруун хойд хөгжөөгүй бүсээ тэтгэж, хүн арддаа туршлага солилцох замаар ядуурлыг бууруулж байна. Хятадын төрөөс халамжийн хавтгайруулсан тэтгэмж олгохоос илүү ядууралтай онцгой бүсүүдийг тогтоож, түүн рүүгээ чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, жишиг болгожээ.
Харин ӨМӨЗО-ы Ядуурлыг бууруулах албаны дэд дарга Фэн Айшя Хятад Улс, Өвөр Монголын ядуурлыг бууруулах тухай мэдээлэл, арга туршлагын талаар ядуурлыг бууруулах нь хүн төрөлхтөнд нүүрлэж буй хамтын сэдэв юм. Хятад улс 20-дугаар зууны 80-аад оноос эхлэн анхлан зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй, өргөн цар хүрээтэй хөдөө орон нутагт ядуурлыг бууруулах бүтээн байгуулалт хийж, Хятадын Коммунист Нам ард түмнээ удирдан ядуурлын эсрэг тэмцэж, үр дүнтэй ажилласан. 20 гаруй жилийн хугацаанд Хятад улсын ядуурлыг бууруулах бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдан, үсрэнгүй хөгжилд хүрч, бүс нутгийн хэмжээнд ядуурлыг бууруулж байсан нь зорилтот ядуурлыг бууруулах чиглэлд шилжсэн” гэж онцолж байсан юм.
Тэр бүү хэл, ХКН-ын 18 дугаар их хурлаас хойш Намын төв хороо ард түмнээр төв болгосон хөгжлийн үзэл баримтлан, 2020 онд өнөөгийн нөхцөл байдалд хөдөө тосгоны ядуу иргэдийг ядуурлаас бүрэн ангижруулж, ядуу тосгоныг бүгдийг ядуу нэрнээс нь салган, бүс нутгийн ядуу буурай асуудлыг бүгдийг шийдэх зорилт тавин ажиллаж байна.
Өнөөгийн байдлаас үзвэл ядуурлаас ангижруулах ажлын ахиц урьдчилан төлөвлөсний дагуу явж, дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа юм. Түүнчлэн Одоогоор Өвөр Монголын хот, хөдөө орон нутагт онц ядуу 98 мянган иргэн байгаа гэх мэдээлэл бий. 2017 онд амьдралын чадвараа бүрэн буюу зарим талаар алдсан ядуу иргэдэд зориулан сувилахуйн тусламж тэтгэмж олгох стандарт тогтоож, сард иргэн бүрд тус тус 1006 юань болон 396 юань олгосон байна. Улмаар ядуу иргэдийн тоо 2012 оны эцэст 98.99 сая байсан бол 2019 оны эцэс гэхэд 5.51 сая болж буурчээ. Мөн ядуурлын түвшин 10.2 хувь байсан нь 0.6 хувь хүртэл буурав. Долоон жил дараалан жил тутамд 10 саяас дээш иргэнээ ядуурлаас ангижруулж чадсан гайхалтай туршлага байна. Ядуурлаас ангижруулах ажлын зорилгоо үндсэндээ биелүүлсэн хэмээн үзжээ.
Сэтгүүлч Б.Пүрэвжав
solongonews.mn