Маргааш УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарын гомдлыг Улсын дээд шүүх хэлэлцэхээр товлосон. Ж.Эрдэнэбатын хувьд хэрэв цагаатгах шийдвэр гаргахгүй л бол ОУПХ болон Европын холбооноос эдийн засгийн олон хориг орж мэдэхээр байна.
Харин Н.Номтойбаярыг хамтад нь цагаатгахгүйн тулд шүүх байгууллагын нэр хүнд талаасаа тактикийн аргаар яллаад явуулж мэдэхээр дүр зураг харагдаж буй. Уг нь энэ хэрэг Н.Номтойбаярын өмнөх сайд С.Чинзориг яг ийм тогтоол үйлдсэн, хэлбэрийн болон бодит хохирлоороо ч Н.Номтойбаяр сайдын тогтоолоос илүү байтал түүнийг ийнхүү сонгуулийн үеэр шоронд хорьж аавтай нь хамт “тамлан” зовоосон нь улс төрийн шалтгаантай холбож үзэхээс аргагүй юм.
Учир нь 2020 оны гуравдугаар сард хэргийг хаах саналтай байсан хэргийг 2020 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр УИХ-ын сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэнтэй нь холбоотойгоор ганцхан шөнийн дотор яллах дүгнэлтийг нь шүүх рүү бичээд явуулчихсан гэдэг. Тэр ч байтугай Шүүх хурлыг даргалсан үзмэрч агсан Дашцэрэнгийн хүүн Ренченхорлоод хуваарилуулсан нь ч цаанаа учиртай юмсанж.
Шүүгчийн зүгээс Эрүүгийн хуульд Сонгуулийн тухай хуулийн 35.2.1 заалт уялдаж тусгагдаагүй. Бид зөвхөн Эрүүгийн хуулиа л мэднэ гэсэн байр сууринаас хандан гуйвуулж тайлбарласан бөгөөд тухайн үеийн парламентын цөөнгүй гишүүн, Засгийн газрын гишүүд гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг.
Энэ хэргийг зохион байгуулалттай үүсгэсэн хэрэг хэдий ч хохиролгүй, хохирогчгүй гээд хаах гэж байсан гэдэг. Гэтэл уг хэрэгт холбогдсон боловч хамгийн багаар торгуулсан, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын Мониторингийн хэлтсийн мэргэжилтэн, Төсөл шалгаруулах комиссын нарийн бичгийн дарга Н.Баттөгсийн өгсөн мэдүүлгүүдээс үүдэн “эрүүгийн хуулийн хэлбэрийн бүрэлдэхүүүнтэй байж болно” гэж тайлбарлаад ял өгсөн нь шүүх хурлын мэдүүлгүүд, протоколоос тодорхой харагддаг.
Н.Баттөгс нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “......Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Б.Н /Б.Нямдаваа/ даргын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөвийг нотолж байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Мөрдөгч, прокурор намайг дарамталсан зүйл огт байхгүй. Миний ажлын үүрэг бол бүх гишүүдэд зарлах, хурлын тэмдэглэл хөтлөх юм. Ажлын хэсэг нэг л удаа хуралдсан. Бусдыг нь даргын хууль бус шийдвэрээр хийсэн. Б.Н дарга үүрэг чиглэл өгсөн. Анх ажлын хэсэг хуралдахад нөлөөлөл орно гэж бодоогүй, Б.Н, Б.Ш дарга хоёр ажлын хэсгийг хуралдуулах шаардлагагүй гэсэн. Шижирээ дарга бол мэдэж байсан. Салбар зөвлөлөөс шалгарч ирсэн төслүүд байгаа, үүнийг ажлын хэсэг эцсийн шийдвэр гаргаж шалгаруулсан. Ажлын хэсгийн гишүүд нэг ч хүн материал аваагүй. Б.Ш/Б.Шижиржаргал/ дарга бас үзэж байсан. Б.Н дарга гарын үсэг зуруулаад аваад ир гэсэн. Тэмдэглэлийг би бичиж байсан.М.Н намайг орсноор биччих гэсэн, бусдыг нь Б.Н дарга хэлж бичүүлсэн, мөн Б.Ш даргад хурлын тэмдэглэлээ хянуулдаг байсан. Б.Н дарга үүрэг өгч байсан. Хууль бус гэдгийг ойлгож байсан. Хариу хэлж байсан, тэгэхэд надруу муухай хараад гарч бай гэдэг байсан. Хурлын тэмдэглэл дээр бүгдээрээ л зурсан. Зөвлөмжинд бас зуруулсан. Татгалзсан хүн байгаагүй, зүгээр асууж байсан. Д.Б ах миний дэргэд Б.Ш дарга руу утсаар ярьсан. Ер нь дарга, сайд нарын нэрс байхаар нь айгаад л. Хааяа Б.Ш дарга чиглэл өгч байсан. 2017 оны 07 дугаар сарын 17-нд 27 аж ахуй нэгжийг шалгаруулсан. Амралттай байхад нь зуруулж байсан, Б.Ш даргын хувьд амралтын дундуур ажил дээр ирэхэд нь зуруулсан. Ер нь бол энэ төслийг шалгаруул гээд хамаарал бүхий этгээдүүд байсан. Жагсаалтан дээр томчууд л байсан. Н.А-ын хувьд эхний хуралд бол суусан. Наадмаас өмнө тэмдэглэл дээр зуруулсан санагдаж байна. Наадмаас өмнө буюу 7.17 өмнө гэсэн үг. Өөрөө дэмжихгүй гэдгээр оруулаад гарын үсгийн зуруулсан. Н.У-аар ажил дээр байхад зуруулсан. М.Н-тэй биечлэн уулзаж гарын үсгийг нь зуруулсан. Өөрийнх нь хэлснээр ирснээр биччих гэхээр нь оруулсан.Дарга зурчих гэж байна гээд л зуруулдаг тэмдэглэл дээр. Сайнбаяраас өөр надад заналхийлсэн хүн бол байхгүй. Би энэ яаманд 2016.10.16-нд ажилд ороод 2017 оны 4 сард жинхлэгдсэн. Миний ажлын компьютер дээр жагсаалт хийсэн болохоор флаш дээр суулгаад дараа нь хэрэг болж магадгүй гээд авчихсан.Сайд, дарга нарын нэрс байсан, би хамааралтай л хүмүүс гэж бодсон. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хууль бус шийдвэр дагасандаа харамсаж байна...”гэж мэдүүлсэн байдаг.
Тэрээр Шүүх гэм буруутайд тооцсон шийдвэрээ танилцуулсны дараа шүүхэд хандаж хэлсэн мэдүүлэгтээ: “Бага насны хүүхэдтэй, гэм буруугаа хүлээж байгаа зэргийг харгалзан үзнэ үү” гэжээ. Та бүхэн санаж байгаа бол Салхитын ордын хэргийг шүүх явцад авлига авсан гэх хэрэгт талийгаач шүүгч Л.Бямбаатай үгсэн тохиролцож 2017 оны 5 дугаар сарын17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Макс тауэр” оффист 10сая төгрөгийн авлига зуучлахаар авсан нь тогтоогдсон боловч ганцаархнаа ялгүй тусгаарлагдаж үлдсэн Ш.Энхтөрийн хэрэгтэй тун төстэй. Үүнийг ХУД-ийн эрүүгийн хэргийн шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны 319 тоот болон 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн Нийслэлийн эрүүгийн хэргийн шүүхийн давах шүүхийн 974 дэх магадлалаас уншихад ойлгомжтой. Уг хэргийг тун удахгүй Улсын Дээд шүүхээр хэлэлцэх бөгөөд тов гарсны дараа энэ тухай тодорхой бичих болно. Үүгээр Ш.Энхтөр “Жаст”-ын Ш.Батхүүгийн хөрөнгийг зувчуулах ажиллагаанд хэрхэн оролцсон, Салхитын хэргээр яллагдагч болсон байсан энэ хүн “ангийн хүүхдийн нөлөө” гэгчээр хэрхэн сугарахыг тайлбарлахад хялбар болно. Тэгвэл Н.Баттөгсийн мэдүүлэг Н.Номтойбаярыг яллахад ямар нөлөө үзүүлсэн, улс төрийн ямар үүрэг рольтой байсан нь тодорхой болно.
Улсын Дээд шүүх дээр Н.Номтойбаярт холбогдох хэргийг шүүх Дээд шүүхийн бүрэлдэхүүнд Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нар шүүнэ.
Хэргийг сануулахад, 2020 оны 07 дугаар сарын 07-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренчинхорлоогийн даргалж хийсэн шүүх хуралдаанаас гарсан 546 тоот шийтгэх тогтоолоор Монгол улсын иргэн Н.Номтойбаярыг бусадтай бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий 29 иргэн аж ахуйн нэгжид давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5 жил 5 сарын хорих ялаар шийтгэсэн .
Н.Номтойбаярын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад Засгийн газрын 2017оны гуравдугаар сарын 20-ны өдрийн хуралдааны видео бичлэгийг нотлох баримтаар гаргуулан авах хүсэлт тавьсан. Энэ нь түүний буруугүй гэдгээ нотлох маш чухал баримт байсан боловч шүүх санаатайгаар хүлээж аваагүй! Уг видео бичлэгээр юу нотлох байв? 2017оны гуравдугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар ХНХ-ийн сайд танилцуулга хийхдээ “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээлийн зориулалтын мөнгийг хүү төлдөггүй учраас хэт өндөр шалгуур тавьж байгаагаас болж зээл зохих эзэндээ очих боломжийг банк хааж байна”, “Нийгмийн даатгалын сангийн мөнгийг банк бизнесийн зориулалтын өндөр хүүтэй зээл олгож иргэдийг хохироож байна гэх гомдлуудыг шийдвэрлэж 7-8хувийн хүү тооцдог болгосон” зэргийг ярьж хурлын дараа “танилцуулга”, “шалгуур үзүүлэлт” гээн хоёр баримт бичгийг хавсаргасан Засгийн газрын13дугаар хуралдааны тэмдэглэл” албан бичгийн хамт ЗГХЭГ-аас ХНХЯ-д хүргүүлсэн байдаг. Гэтэл видео бичлэгийг нотлох баримтад тооцуулахгүйгээр цагаан дээр хараар бичсэн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн утга санааг гуйвуулан тайлбарлаж өөрсдийнхөөрөө дүгнэж яллахад ашигласан байдаг.
Мөн Засгийн газрын шинжээч, референт, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан, ямар ч хамааралгүй, Г.Оюунтунгалагийг хэргийн гол гэрчээр татан түүний байр суурь, санаа бодлыг үндэслэн “Засгийн газрын гишүүд буруу ойлгосон байх” гэсэн ташаа мэдүүлгээр Н.Номтойбаярыг буруутгасан. Гэтэл Г.Оюунтунгалаг нь Засгийн газрын шийдвэрийг тайлбарлах эрх бүхий субъект биш, Засгийн газрын гишүүдийн өмнөөс шийдвэрийг таамаглах эрхгүй. Энэ мэтчлэн “Нотолбол зохих байдлыг” бүрэн нотлоогүй, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш явагдсан байхад шүүх үндэслэлгүйгээр дүгнэлт хийсэн хэргийг өнөөдөр Улсын Дээд шүүх хэрхэн засч залруулан шийдвэр гаргах бол гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байна.
Засгийн газар болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс хэрэгжүүлж ирсэн төсөл хөтөлбөр арга хэмжээ хэрэгжсээр ирсэн, цаашид ч хэрэгжсээр байх нь тодорхой боловч үүнээс үүдэн шүүхээр шийдвэрлэгдсэн маргаан Н.Номтойбаярынхаас өөр байхгүй. Үүний нэг жишээ нь С.Чинзориг. Харин Монгол Улсын шүүх засаглал хэнээс хараат байх, улс төрийн өрсөлдөгч нь хэн байхаас шалтгаалан ийнхүү агнагдаж байгаа бол Н.Номтойбаярт холбогдох энэ кейс тод жишээ болж байна.
Нэг ч төгрөгийн хохиролгүй хэрэг дээр 5 жил 5 сарын хорих ял,300тэрбум төгрөгийн хохиролтой ЖДҮД сангийн хэрэгт холбогдогчид 40 сая төгрөгийн торгуулийн ял өгч байгаагаас шүүхийн шударга ёсыг эрхэмлэдэг эсэх, захиалгат, захиалгат бус шийдвэрүүд гаргадаг ньмаш тодорхой харагдаж байна.
Олон улсын гэрээ, Монгол улсын Үндсэн хуульд заагдаж хамгаалагдсан хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг нь хүртэл хязгаарлаж, ноцтой зөрчсөн үйл ажиллагааг анхан шатны шүүх явуулсан байхад давж заалдах шатны шүүх хүний эрх огт зөрчигдөөгүй мэтээр шийдвэрлэсэн. Түүнийг улс төрийн хоригдол болгосон шүүх байгууллага алдаагаа засах эсэхийг маргааш болох Улсын Дээд шүүхийн хурлаас харцгаая!
У.Оргилмаа /baabar.mn/
Сэтгэгдэл (1)