Өмнөх өдрийн дугаартаа бид Ерөнхий сайд асан М.Энхсайханы хамгийн сүүлд /2020 оны гуравдугаар сард/ өгсөн ярилцлагыг нийтэлсэн билээ. Уг ярилцлагадаа тэр хүн коронавирусын халдвар Монгол Улсын эдийн засаг, хүн амын амьжиргаанд хэрхэн нөлөөлж буй, ирээдүйд ямар эрсдэл учирч болох тухай, мөн төр засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд байгаа оносон эсэх талаар шүүмжлэн хэлэлцсэн байдаг. Түүнийг шүүхийн шийдвэрээр цагдан хоригдохоос хэдхэн хоногийн өмнө болсон яриа. Харин өнгөрөгч долоо хоногт УДШ-ийн Эрүүгийн танхимаар өмнөх хоёр шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг хэвээр үлдээсэн билээ /Тодруулбал, анхан болон давах шатны шүүхээс түүнд оногдуулсан 4 жил зургаан сарын ялаас зургаан сарыг хасч, дөрвөн жилийн хорих ялаар шийтгэсэн/.
Асуудлын гол юунд вэ гэвэл хэзээ мөдгүй шоронгийн хаалга татах нь тодорхой болчихсон үедээ ч гэсэн тэр хүн өөрөөсөө илүү улс орон, ард иргэдийнхээ аж амьдрал, ирээдүйд санаа зовсоор байсанд юм.
Хамгийн нэгдүгээрт “Коронавирусын аюулыг дутуу үнэлээд байна аа” гэдгийг анхааруулсан байдаг юм. Гэхдээ энэ нь эмч, эмнэлгийн байгууллагууд болон онцгойгийнхонтой холбоогүй. Тэд үргэлж халдвартай тэмцэж, гамшгийг сөрж ирсэн учраас аюулын мэдрэмж өндөр байгаа. Хамгийн гол нь улстөрчид, Засгийн газар, УИХ-ын гишүүдэд энэ аюулын мэдрэмж маш бага байна. Аюулыг дутуу үнэлж байгаа учраас авч байгаа арга хэмжээнүүд нь ч гэсэн дутуу дулимаг болоод байна... гэсэн байдаг. Монгол Улсад коронавирусын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 14 хоногийн дараа болсон яриа л даа.
Тэр үед М.Энхсайхан гэдэг хүн “Коронавирусыг өвчин гэж хараад, эдийн засаг гэж үнэлэхгүй байгаа нь манай алдаа. Хамгийн түрүүнд төсвөө тодотгох ёстой. УИХ үүнийг хийх ёстой. Цемент, шавар шохойнд зарцуулдаг мөнгөө хүн рүүгээ хандуулах ёстой. Эрүүл мэндээ хамгаалах бодлого, эдийн засгийн бодлого хоёр чинь бие биенээ дэмжсэн байх шаардлагатай. Дайны нөхцөлд байна гэдгээ манайхан ойлгочихвол хийх ажил нь их тодорхой болоод ирнэ. Хууль нь хүртэл өөр байх ёстой” гэсэн байдаг.
Дайны нөхцөлд улс орнууд хамгийн түрүүнд юу хийдэг вэ гэхээр эмч, эмнэлгийн байгууллагуудаа чадавхижуулдаг. Эмнэлгүүдийнхээ ор, эмч нарынхаа орон тоог нэмэгдүүлдэг. Гэтэл энэ тал дээр Засгийн газар өнгөрсөн хугацаанд юу хийсэн бэ? ХӨСҮТ, Халдвартын эмнэлгүүд дээр 100, 200 орыг коронавирусын халдварыг эмчлэхэд зориулж сулласан, Яармагт шинээр баригдсан хүүхдийн эмнэлэгт 800 ор дэлгэсэн гэдгээс өөр тоо баримт бий бил үү? Халдварын эхний өдрүүд, анхны хөл хорионы үеэр АШУИС-ийн ресидентүүдийг хотоос гарах, орох товчоод дээр хэд хоног зогсоогоод цалин, урамшууллыг нь өгч чадалтгүй буцаагаад татсан. Улаанбаатар хотоос гадна Дархан хотод коронавирусын шинжилгээ авах ганцхан лаборатори ажиллаж байна. Гэтэл өнөөдөр Хэнтий, Сэлэнгэ, Улаанбаатар гээд гурван ч газар голомтолсон халдвар тархчихлаа. Эрүүл мэндийн төвүүд нь халдварын шинжилгээ авч эхлээгүй байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2000 хүрэхгүй хүн тусгаарлалтад байгаа ч Улаанбаатарт хамгийн ойр, эмнэлгийн стандарт шаардлага хангасан гэж үзсэн “Энхсаран” сувиллын газраас коронавирусын халдвар голомтлоод тархчихлаа. Зөвхөн эндээс халдвар авсан, өвчилсөн хүний тоо 40 гаруй /өчигдөр оройны байдлаар 44/ болсон байна, ердөө долоохон хоногийн дотор. Дээр нь Монголдоо ганц халдварыг тогтоож байгаа ХӨСҮТ-ийн эмч ажилтнууд өөрсдөө халдвар аваад өвчлөөд эхэлчихлээ. Халдвар авсан бүх хүнийг ганцхан газар цуглуулаад, эмч, ажилчдыг нь өдөр, шөнөгүй, ээлж халаагүй ажиллуулсны гай шүү дээ. Ядаж л эмнэлэг дотроо амрах байр ч үгүй.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар халуун савтай аарц, варианы шилтэй хоол бариад хамгаалалтад гарсан цагдаа нараа эргэж тойрч яваа зураг олон нийтийн сүлжээнд тавигдсан байна лээ. Бас нэг байгаа оноогүй, баадуудуулчихсан нөхөр. Хууль зүйн сайд ямар айлын авгай, дуудлагын хоол түгээгч үү? Түүнийхээ оронд цагдаагийн албан хаагч нарынхаа орон тоог нэмэгдүүлэх /өндөржүүлсэн бэлэн байдал байтугай энгийн үед хүрэлцдэггүй/, цалин, нэмэгдлийг нь тодорхой болгох /ядаж төсөвтөө тусгасан байх ёстой биз дээ/ нь салбарын сайдын эрхлэх ажил. Тэгснийхээ дараа харин шөлөө зөөнө үү, цуйвангаа сэгсэрнэ үү хамаатай юу.
Тэгээд хэвлэлийн хурал зарлах, мэдэгдэл хийх болохоороо “Манай цагдаа нар нойр, хоолгүй ажиллаж байна” гэж ярина. Аминдаа л ажлаа сайн хийж байна гэж хэлүүлэх гээд байгаа бололтой. Тэр нь бүр албан хаагчдынх нь хүртэл амны уншлага болчихсон. Цагдаа нойртой, хоолтой байхыг Хууль зүйн сайд хариуцахгүй юм бол хэн хариуцах вэ?
М.Энхсайхан сайд асан тэр үед хэлж байв. Коронавирусын эдийн засагт үзүүлэх нөлөө хамгийн багадаа 18 сар шүү, тэрнээс их ч байж магадгүй. Тийм учраас бодлого маань сууриараа өөрчлөгдөх ёстой. Европ руу тархсан халдварын хоёр дахь давалгаа Европоос Ази руу эргэж ирнэ. Үүнд бид бэлтгэлтэй байх ёстой юм шүү гэж. Тэр үед манай улстөрчид, бодлого тодорхойлогчдоос ингэж харсан, хэлсэн нэг ч хүн байхгүй. Түүнээс хойш ч байгаагүй.
Засгийн газрын тэргүүн нь хүртэл УИХ-даа “Төсөвт тодотгол хийх шаардлагагүй” гэж хэлээд төсвийн бүх эрх мэдлийг өөртөө аваад явчихсан шүү дээ. Үр дүнд нь Хэнтийд хэдэн балгастай, Улаанбаатарт урсдаггүй усан оргилууртай л үлдсэн биз дээ. “Хүн рүүгээ хий” гэсэн хөрөнгө оруулалтыг цемент, шохойнд өгөөд дууссан байдаг юм. Үүнийхээ оронд хүн ам олонтой, хилийн боомтуудтай аймгууддаа ядахдаа нэг нэг барилга худалдаж аваад оношлогоо, эмчилгээний төв байгуулчихсан бол өнөөдөр ингэж яахаа мэдэхгүй амаа ангайж суух үү? Вакцин худалдаж авах мөнгө байхгүй, зээл тусламж гуйгаад суух байсан уу?
Тэгээд ч төсвийнхоо орлогын гуравны нэгийг шавар шохой овоолоход зарцуулчихдаг, түүнээсээ өөрсдөө цавчаа хийгээд сууж байдаг манайх шиг улсад тусламж үзүүлэх байгууллага, улс олдох уу?
Коронавирусын халдварыг дотооддоо алдсаны дараа Засгийн газрын зүгээс иргэддээ "эерэг байх, дархлаагаа дэмжих"-ийг өдөр болгон сануулж, манай хэвлэлийнхэн хүртэл түүнд нь уусчихсан "Халдварыг дотооддоо тархаалгүй өдий хүрсэн нь харин ч баатарлаг үйл. Засгийн газар сайн ажиллаж байна" гэх мэтээр алга ташаад явдаг болсон байна лээ. Эерэг байх нэг хэрэг. Үнэн бодитой байна гэдэг огт өөр зүйл шүү.
Ингээд харахад Х.Баттулга /сүйрэл, гамшиг ирэх бүрт усанд шидсэн чулуу шиг алга болдог нэг хүн байна/, У.Хүрэлсүх хоёр М.Энхсайхан гэдэг хүнийг шоронгийн хананд хавчуулахын оронд дэргэдээ аваад зөвлөгөөг нь сонссон бол өөрсдөд нь өлзийтэй байж дээ.
Б.СЭМҮҮН
Сэтгэгдэл (1)