Манай улсыг Хятадын далбаагаар хучиж дүрсэлжээ. Зах дэлгүүрийн лангуун дээрээ бид нуль хятад бараа овоолчихоод манаад сууж байгаа. Бүү эмзэглэ, худлаа биш. Тодорхой тайлбарлая.
Худалдааны сэдэв. Коронавирүс гэж нэг гай гарч ирээд даян дэлхийн эдийн засгийг саатуулчихлаа. Эдийн засаг саарчихтай зэрэг санхүү-худалдаа нь дагаад нурчихдаг. Худалдаагаар аж төрж амиа авч явдаг манай мэт улсад худалдааны алдагдал хүндээр тусч бүр барьц алдлаа. Энэ тухай мэдлэгт тань өчүүхэн боловч нэмэр өгөх мэдээллийг дор хэлхлээ.
Дэлхийн, үгүй ядахнаа бүс нутгийн худалдаанд бид хэн бэ гэдэгтээ Та бүхнийг сэтгэл чилээлгэх гэсэн юм л даа. Дэлхийн хамгийн том худалдааны гүрэнтэй хил нийлж оршдог. Худалдан авагч гэвэл чухам тэд л байна. Тэдэнд зардаг нийлүүлдэг юу л байна, шингээх чадвартай гэж би бичээд буй, төр-засаг ч тэгж уриалдаг.
Өмнөд хөрш бол дэлхийн маш том эдийн засаг. Тэр чигтээ. 2019 оны ОУВС-гийн үнэлгээгээр $27.307 триллионы эдийн засаг эргэлдэж байв. Худалдан авах чадвараараа АНУ-ын дараа хоёрт бичигдэнэ. Бас хамгийн том экспортлогч. 2019 онд $ 2. 499 триллионы экспорт хийсэн нь мөнгөн дүнгээрээ сүүлийн 5 жилд 10 хувиар өсгөсөн гэсэн үг. Талаас илүү нь Азийн орнууд руу, Умард Америк, Европ руу тус бүр 20 хувь нь экспортлогджээ. Forbes Global гэх агентлаг 2020.03.14-нд хятадын 150 компанийн рейтингийн судалгаа гаргасан мэдээлэл буй. Үүнд толгойд нь дараахи нэрс жагсаж байна. Хятадтай худалдаа эрхэлдэг монгол компаниуд, иргэд анхааралдаа авахад илүүдэхгүй.
-
Alibaba Group (электрон бараа таваар) - $ 539.7 тэрбум.
-
Tencent Holdings (конгломерат, хөрөнгө оруулалт, IT) - $ 533.9 тэрбум.
-
ICBC (арилжааны банк) - $ 258 тэрбум.
-
Kweichow Moutai (архи дарсны худалдаа үйлдвэрлэл) - $ 237 тэрбум.
-
China Construction Bank (арилжааны банк) - $ 225 тэрбум.
-
China Mobile (телекоммуникац) - $ 173 тэрбум.
-
Petro China (нефть, газ) - $ 116 тэрбум гээд жагсаж байна.
2019 оны байдлаар Хятадын барааг хамгийн ихээр худалдан авсан нь АНУ ($418.6 тэрбум), Хонконг ($279.6 тэрбум), Япон ($143.2 тэрбум) гэсэн бас нэг баримт байна.
Гадаад худалдааны алдагдал гээч юм Хятадад бараг байдаггүй. Баланс нь ямагт ашигтай гардаг. АНУ-тай худалдаа хийлээ гэхэд $ 295.3 тэрбумын ашигтай гарсан. Хятадтай худалдаа хийгээд хамгийн их алдагдал хүлээсэн нь АНУ, Британи, Энэтхэг гээд бичээтэй байна.
Энд толилуулан буй газрын зурагт эмзэглэхгүй байхыг уншигчдаасаа хүсье. Хараал багахан хэлээрэй. Оросын сайтаас эшлэсэн юм шүү. Зарим улсуудын далбаагаар улс орнуудыг хучсан харагдаж байгаа бол импортын бараа бүтээгдэхүүн хэнээс их хамааралтай вэ гэдгийг дүрсэлсэн ухаантай юм. Манай умард хөрш Орос хүртэл Хятадын бараанд дарагдсан, тийм учраас Оросыг Хятадын далбаагаар хэргээр хучжээ. Манай улсыг Хятадын далбаагаар хучиж дүрсэлжээ. Зах дэлгүүрийн лангуун дээрээ бид нуль хятад бараа овоолчихоод манаад сууж байгаа. Бүү эмзэглэ, худлаа биш. Тодорхой тайлбарлая.
-
“Хятад бүх дэлхийг хучиж байна” гэх зураглал харагдаж байна. Учир нь газрын зурагт хятадын далбаа их зай эзэлжээ. Энэ нь дэлхий дээрхи бүх бараа бүтээгдэхүүнийг Хятад үйлдвэрлэн худалддаг гэх дүгнэлтэд хүргэнэ. АНУ, Энэтхэг, Австрали, Казахстан, Саудын Араб, ӨАБНУ-ын эдийн засагт Хятад эхний байр эзэлдэг бол Хятадыг Японы далбаа хучсанаар Хятад нь өөрөө Японы гол импортлогч болох ажээ.
-
“АНУ нь зөвхөн Америктаа л хүчтэй” гэх зураглал. Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засаг АНУ-д буй боловч худалдааных нь гол худалдан авагчид тивд нь байдаг юм байна. Канад, Бразил, Мексик гэхчлэн. Яагаад ч юм Египет америкийн худалдан авагч гэсгээд цаашаа алга.
-
“Герман Европтоо эзэн юм байна” гэх зураглал. Герман бол Европын хамгийн хүчирхэг эдийн засаг мөн. Европын Холбооны ихэнхи гишүүн орнууд ХБНГУ-ын далбаагаар хучигджээ. Германы хувьд гол нийлүүлэгч нь Франц аж.
-
“Оросын жин нөлөө бас байна” гэх зураглал. Оросын эдийн засаг сайнгүй, бараа таваар хязгаартай. Гэхдээ Орос бол Узбекистан, Турк, Армен, Украин, Молдова, Беларусь, Болгар, Серби, Литва, Финландын хувьд гол нийлүүлэгч нь хэмээн энэ зурагт өгүүлжээ.
Эхний сэдвээсээ хальж, гарчигт өгүүлсэн хоёр дахь сэдэв, ГАЗ руугаа оръё. Худалдаатай шууд холбогдоно. Уг нь бид Орос-Хятадын дунд хийгдэх хийн худалдааг нутаг дээгүүрээ өнгөрүүлж, завсраас нь зөв ашиг хүртэх санаатай. Үүнд буруу юм ер байхгүй.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БНХАУ руу Алтайн чиглэлээр тавихаар яригдаж байсан хийн хоолойн оронд Монголын нутгаар дайруулан хоолой тавих асуудлыг судлахыг “Газпром” компаний ТУЗ-ын дарга А.Миллерт үүрэг болгосон. Тэр нь “Сила Сибири -2” (“Сибирийн хүч”) гэх төсөл болно. Хайгуул-судалгааны Монголоор дайрах хэсгийн ажил, манай нутгаар өнгөрөх хийн хоолойн трасс, ТЭЗҮ боловсруулах ажлын дүн 2021 оны эхний улиралд сайн мэдээ дуулгаасай хэмээн бид хүлээж байна. Оросын талын үзэж байгаагаарЗүүн Сибирь, Өвөр Байгалийн бүс нутгийг хийгээр хангах нэгдсэн систем буй болно. Үүнд Монгол маань хүндтэй байр эзэлнэ.
Манай нутгаар дайран өнгөрөх маршрутын давуу талыг орос нөхөд ингэж үздэг. 1) Xэрэв хийг Бээжин хавийн бүс нутаг хүртэл нийлүүлнэ гэвэл 1000 гаран километр дөт; 2)Оросын талдаа хүн ам харьцангуй ихээр суурьшсан нутгаар, мөн Монголын хэсэгт байгалийн элдэв саадгүй тал нутгаар өнгөрөх учраас хямд тусна; 3) Оросын нутагт Ямалын орд газраас Томск, Красноярск, Эрхүү зэрэг Сибирийн том хотууд, мөн Монголын нийслэл, төмөр дагуухи хотуудыг нь хийгээр хангах боломж бий болно гэжээ.
Асуудал нэгэнтээ иймдээ тулсан тул бид овжин зөв ашиглавал шүүрээд авахаар үнэт чулуу сул хэвтэж байна гэсэн үг. Гэхдээ манайхны энэ ухнатсан, олон санаалсан, олон нүүрлэсэн, оргож боссон байдлаас ажвал нураад уначихсан байхад бас гайхах зүйлгүй. Үүнээс л сэргийлэх хэрэгтэй.
Манайхан болсон хойно бэлэн юм их хүсдэг. Оросоос Хятад руу хий нийлүүлэх нь саатчихгүй нь мэдээж боловч урт настай биш бол (хий нэг л өдөр дуусна!) яах вэ гэдэгт бидэнд өөр хувилбар бий юү? “Сила Сибири” хийн хоолойн нийлүүлэлт хааяа тасалддаг ч гэх шиг, Оросын Сибирьт ундарч байдаг хий дундарсанч гэх шиг. Тэгж тэгж Хятад нь Оросын хийнээс татгалзлаа ч гэх шиг таагүй мэдээлэл мэр сэр сайтуудад гараад ирэх юм. Ийм мэдээ олныг унших тусам зүрх зүсүүлэх шиг болох юм.
Орос-Хятадын хийн худалдаа тэгсгээд цуцлагдвал яанаа гэх айдас төрүүлэх мэдээ хятад, оросын хэвлэлүүдэд мэр сэр явсаар байна. Оросын шинжээчид цухалдсан байдалтай ярилцлага өгснөөс дор буулгана. Хавар, зун сайтуудад явж байсан даа.
Хятадад байгалийн хийн асар том орд олджээ. Хятадын China National Petroleum Corporation буюу товчилсон нэрээр нь манайхан CNPC гэж андахгүй болсон. Үндэсний нефть-хийн энэ том корпорац Сычуань мужид хийн ордыг нээжээ. Нөөц нь эхний судалгаагаар нэг триллион куб метр (шоо дөрвөлжин метр), нийт 30 триллион гэсэн тооцоо гарчээ. Сычуаний хөндийн яг голд олборлоод эхэлжээ. CNPC-ийх охин компани болох Petro China Southwest Oil & Gasfield Company гэсэн урт нэр дуулдаж байна. Ганц өдөрт “Пэнтань-1” цооногоос 6376 метрийн гүнээс 1.22 сая куб метр хий оргилон гарсан аж. Ингээд олборлосон хийгээрээ 1000 гаруй том дунд үйлдвэр, 20 сая гэрийн аж ахуй, 10 000 орон сууцыг хангана гэсэн мэдээлэл байна. Энэ бол хятадын албан ёсны мэдээ.
Энэ тухайд эхлээд Оросын үндэсний эрчим хүчний фондын дэд дарга Алексей Гривач анхааруулж ярилцлага өгчээ. Хятадууд тэр их оргилсон хийгээ учрыг нь олж байгаа юм байх. Хятадад байгалийн хийн ордны район дөрөв байдаг ба хүнд хийн нөөц, өөрийн өртөг өндөр боловч хятадууд ажрахгүй олборлоод гаргаад хэрэглээнд өлхөөн нийлүүлчихнэ гэж ярьжээ. Үйл явц тасралтгүй, удаан хугацаанд үргэлжилнэ. Нээх, тооцох, олборлох, түүнийгээ аж үйлдвэрт ашиглах хүртэл дор хаяж 3-5 жил байдаг, энэ хугацаанд бүх дэд бүтцээ байгуулж босгодог. Хятад яг тэр замыг туулна хэмээн шинжээч Оксана Лукичева ярьжээ.
Гэхдээ Оросоос Хятад руу хий нийлүүлэхэд таатай нэг нөхцөл бол Хятадын хийн нөөц хязгаартай, хэрэглээ нь барагдашгүй, Оросоос нийлүүлэлт зогсоно гэж байхгүй хэмээн оросууд үзэж буй. Стратегийн байр сууринаас үзвэл гэж байгаад ноён Гривач– Юу гэвэл Хятадын байгалийн хийн зах зээл бүрэн цэгцрээгүй, тиймдээ ч оросын хий чухал шаардлагатай, Хятадын эрчим хүчний балансыг барьж байх, дотоодынх нь өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахад Орос одоогоор байгалийн хийн гол нийлүүлэгч байна гэжээ.
Доцент Сергей Кукушкины тооцоо байна. Хятадад одоо 149.2 тэрбум куб метр хий олборлож байгаа нь тэдний хэрэглээнд хүрэхгүй, Сычуань мужид нэмж илрүүлэн олборлоод ч энэ асуудал шийдэгдэхгүй, гэхдээ хаа нэгтэйгээс тэр дефицитээ нөхнө, тэр нь оросынх байж таарна хэмээн ярьжээ. Шинжээч Александр Сидоров “Сила Сибири”-г мандуулсан ярилцлагадаа Хятадад нээгээд олборлоод байгаа нь Оросын байгалийн хийн экспортод нөлөөлөхгүй, ирээдүйн контрактад аюул учрахгүй, харьцуулаад үз, Хятадад одоо илрүүлээд тооцоолоод байгаа ордуудын нөөц нь 1.1 триллион куб метр, тэгвэл “Сила Сибири” гол нөөц баазаа гэж тооцдог Чаяндинскийн ордны нөөц 1.4 трилллион куб метр гэсэн байх юм.
ОХУ-аас БНХАУ руу хийн хоолойг хаагуур яаж оруулах бол гэдэг сэдэв манайханд шууд хамаатай тул Монголоор хэд хэдэн хонгил байж болохыг авч үзье.
-
Хий дамжуулах хоолой Оросоос Хятад руу Ковыкта хэмээх ордоос “Сила Сибири” гэх хоолойгоор явна гэж үзвэл, Ковыкта нь нэгэнтээ Эрхүү мужид, Байгаль нуурын баруун эрэгт байдаг гэж тооцвол, Эрхүү, Улаан-Үдээр дайраад Монгол руу орж ирэн Хиагт-Алтанбулагаар дайрч, төмөр зам дагаад байгалийн саадгүй урагшилсаар Замын-Үүдээр урагшаа гараад явчих нэг хувилбар байна.
-
Бас нэг чиглэлийг би Монголд хамаатуулах санаатай. Оросоос манай баруун талаар Хятадын Шинжаан руу нэвтрэх хоолойАлтайн өндөр уулсыг чанх араас нь нэвтлэх байгаль газар зүйн бэрхшээлтэй (өмнө нь яригдаж байсан Орос-Хятадын хий нийлүүлэлтийн “Алтай” хувилбар цуцлагдаж буй) байгаа бол Барнаулаас Бийск, тэндээсээ Тува, Тувагаас манай Баян-Өлгийн Цагааннуурын хөндийгөөр оруулаад ирэх боломж буй. Цагааннуураар орж ирээд манай нутгаар ердөө 216 км яваад Шинжаан руу гарчих нэгдүгээр суваг байж болно. Эсвэл Баян-Өлгийгөөс Ховдоор дайруулаад Шинжаан руу гаргах хоёрдугаар хувилбар, эсвэлбаруун гурван аймгаар дамжин “Алтайн хязгаар–Тува–Баян-Өлгий –Ховд–Говь-Алтай–Ганьсу” буюу Говь-Алтайгаар урагшаа гаргах гурав дахь хувилбар.
-
“Сила Сибири”-ээс чанх урагш салбарлаад Чита-Эрээнцав-Чойбалсан гээд Хятадын хил хүргэх бас нэг хоолой байж болно.
-
Эцсийн нэг хувилбар. Хий шахаж талст болгодог үйлдвэрийг бид Оросоос худалдан авч нутагтаа байрлуулаад шоо дөрвөлжин хий өөрсдөө үйлдвэрлэх.
Хоёр хөрш хүсвэл эдгээрийг өлхөн бүтээчихнэ. Бид судлан үзээд, угтуулаад хөөцөлдвөл болох юм биш үү?Харин олон санаа бүү оргож босоосой гэдгийг монголчууддаа ятган уриалах нь иргэдийн ба Төрийн хяналт шүү!
О.Баярхүү /baabar.mn/