Дэлхийн аялал жуулчлалын өдөр өчигдөр тохиож, энэ жил "Аялал жуулчлал ба орон нутгийн хөгжил" уриатай тэмдэглэв. Энэ өдрийг тохиолдуулан манай улсад аялал жуулчлалын салбарыг сэргээх талаар мэргэжлийн байгууллагууд уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулав.
Салбарын яам БОАЖЯ-наас аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд тухайн орон нутгийн онцлогийг харгалзан үзэж, бүсчилсэн байдлаар төрөлжүүлэн хөгжүүлэх бодлогыг ирэх 4 жилд барина. Энэ талаар БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын дарга С.Баясалан хэлэхдээ, Засгийн газраас аялал жуулчлалыг бүс нутгийн байдлаар орон нутагт түшиглэн жигд хөгжүүлэх бодлого барьж буйг дуулгаад, ингэхдээ жишээ нь, Хөвсгөл аймгийг байгалийн буюу амралтын аялал жуулчлалын гол бүс нутаг бүхий аймаг, Хэнтийг түүхийн аялал жуулчлалын төв болгохоор төлөвлөөд байна гэв.
Цаашлаад, баруун аймгуудыг адалт явдалт буюу байгалийн аялал жуулчлалын бүс нутаг болгож биет бус соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх түшиц газар болгох, мөн говийн чиглэлд палеонтологийн олдворын танин мэдэхүйн буюу говь нутгийн онцлогт таарсан аялал жуулчлалыг хөгжүүлэхээр төлөвлөн ТЭЗҮ-ийг боловсруулж байна гэв. Нэг ёсондоо дээрх чиглэл, төрлөөр аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл хөтөлбөр боловсруулан хөрөнгө оруулалтыг татаж эхэлжээ.
Манай улсад албан ёсны аялал жуулчлал хөгжиж эхэлсэн нь 1954 онд Жуулчдад үйлчлэх товчоо нэртэй байгуулагдсанаар тооцдог аж. Тухайн социализмын үед манай улсын аялал жуулчлалын гол маршрут нь Хөвсгөл, Хархорин, Тэрэлж, говийг чиглэл байгаа юм. Түүнээс хойших 60 жилд тэр үеийн үндсэн чиглэл маршрутууд хэвээр, аялал жуулчлал төрөлжиж хөгжсөн зүйл алга байгааг саяхан болсон аялал жуулчлалын салбарын хэлэлцүүлгээр хөндөж байв.
Дэд бүтцийг илүү сайн хөгжүүлбэл манай улсын баруун болон зүүн бүсийн чиглэлд аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөц боломж, бүтээгдэхүүн үйчилгээ байгааг хэлж байлаа. Төр, засгаас аялал жуулчлалыг аймаг, орон нутгийг түшиглэн хөгжүүлэх бодлого барьж буй нөхцөлд боломжуудыг нээж ажиллах цаг ирж буйг хэлэлцсэн юм. Мөн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгаатай байдлыг бий болгох шаардлагатайг онцлон ярив.