Төрийн тэргүүн маань ирэх жилийн сонгуульдаа бэлдээд улсынхаа нутаг дэвсгэрийг хөндлөн гулд явж байна. Аймаг болгонд 100, 100-гаар нь “Алдарт эх”-ийн одон тарааж “Ээж бидний хамгийн дотнын хүн юм” гэх алдарт афоризмаа хэлж, эхчүүдтэй зургаа татуулж явах зуур хүүхдүүд эндсээр, эхчүүдийн нүднээс нулимс урссаар л байна. Малаа сайн төллүүлсэн хүнд “Мянгат малчин” цол өгдөг шигээ Монголын хүн амыг өсгөх үйлсэд хүчин зүтгэснийх нь төлөө эхчүүдэд одон гардуулна. Хүнээ малтайгаа жишсэн нийгэм...
Ерөнхий сайд бас юу дутах вэ, өчигдөр Батлан хамгаалах яамны харьяа анги, нэгтгэлүүдээр зочилж, “Эр цэрэг бол эрх хүнийг, өрхийн тэргүүнийг бэлтгэдэг сайхан алба” хэмээжээ. Гэсэн ч араар нь хүүхдүүд төрсөн, тэлсэн эцэг, эхийнхээ гарт амь үрэгдсээр. Аль нь ч манай хүүхдүүдэд ач тусаа өгсөнгүй. Яагаад гэвэл хүүхэд төрүүлэх тусдаа, хүн болгох нэг тусдаа асуудал. Эр хүн байх нэг хэрэг, эцэг байх бас өөр хэрэг.
Хэдхэн хоногийн өмнө 9 настай охин хойд эцгийнхээ гарт амиа алджээ. 36 настай эрхтэн бүтэн, эр бяр нь тэгширсэн залуу “Дүүгээ сайн харсангүй” хэмээн дагавар охиноо зодож аминд нь хүрсэн байна. Хэрэг үйлдэх үедээ хэрэгтэн согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг хуулийн байгууллага тогтоов. Хууль тогтоогчид маань "гэр бүлийн хүчирхийллийн 50 гаруй хувь нь согтуугаар үйлдэгддэг" тухай цагдаагийн мэдээг авангуутаа “Амралтын өдрүүдэд архи зарахыг хориглох” хуулийн төсөл санаачилсан гэнэ. Урд хөл нь бүдрэхэд хойд хөлийг ташуурдах гэдэг бил үү?
2013 онд таван настай хүү бас л хойд эцэгтээ заазуурдуулаад золоор амьд үлдэж, түргэн тусламжийн тасагт ирэхэд ч бас бид ийн цочирч байсан. Өнгөрсөн зун Дэнжийн 1000 гэр хорооллоос дөрвөн хүүхэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тоглох гэж ирээд барилгын суурь нүхэнд тогтсон шалбааг усанд амиа алдахад ч бид бас ийн халаглаж байсан. Цэцэрлэгт хүлээлэнгийн удирдлагууд, барилгын компани хоёрыг баахан буруутгаж байгаад мартсан. Өнөөдрийг хүртэл хэн ч хариуцлага хүлээгээгүй.
“Лантуун дохио” ТББ-ын Ч.Ганжавхлан “Бид цагдаад, сайн төр засагт, сайн хуульд найдаж чадахгүй. Найдаад хэчнээн хүүхдээ алдсан билээ. Хүүхдүүдийн амь эргэж ирэхгүй. Хэнд ч бүү найд” хэмээн анхааруулав. Цөхөрсөн хүний үг.
“Хөршгүй хүчирхийлэл гэж байдаггүй. Зээлээр юм өгөөд байдаг дэлгүүр, худаг, хөрш нь хамгийн ойрын мэдээлэгч. Эр эмийн хооронд илжиг болж ороод ч хамаагүй хүчирхийллийг зогсооё” хэмээн уриалав.
“Есөн настай охины үхэлд бидний ихэнх нь хойд эцгээс илүү ээжийг нь буруутгасан. Гэтэл бодит байдалд тэр ээж өөрөө хохирогч байсан. Сэтгэцийн өөрчлөлттэй болтлоо зодуулсан, олон жилийн хүчирхийлэл, дарамтанд байсан. Хүчирхийлэл гэдэг энэ чөтгөрийн тойргоос хүн тийм амархан гарчихдаггүй юм” хэмээн тэр ярив.
Энэ ээж 2019 онд мөн л аймшигтай зодуулаад хүчирхийлэгчийг цагдаад өгчээ. Цагдаа авч яваад маргааш нь тавиад явуулсан. Хүчирхийлэгч эргэж ирээд “яасан их цагдаа дууддаг хулгайч вэ” гээд нэмээд зодсон. Өөр нэг эмэгтэй хүчирхийллийн талаар дуудлага өгтөл эргээд өөрөө дарамтанд орсон. Дуудлагаар ирсэн цагдаагийн ажилтан “танд талархал илэрхийлнэ гэхээр нь утсыг чинь өгсөн шүү дээ” гээд зогсч байсан... гэх мэт.
Нэгдүгээрт, хүчирхийлэл юунаас болж гараад байна вэ гэдэг уг үндсийг нь олж харахгүй байна. Хоёрдугаарт, үүнтэй яаж тэмцэх, урьдчилан сэргийлэх, үр дагаврыг нь хэрхэн арилгах талаар ямар ч бодлого, хамгийн гол нь хүсэл зориг алга аа гэсэн үг.
Архидан согтуурсан үедээ хүчирхийлэл үйлдсэн гэдэг бол зүгээр л энэ гэмт хэргийн субьектив тал. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй этгээдүүдийн 98 хувь нь хэрэг хүлээх чадвартай, эрүүл саруул нөхөд. Харин маш олон судалгаагаар “хүчирхийллийн уг үндэс нь ядуурал, ажилгүйдэл, үүнээс болж гэр бүлд бий болдог бухимдал, стрест байна” гэдгийг тогтоочихсон. Тэгэхээр хүчирхийлэл нийгмийн өвчин болчихоод байна. Түүнийг эмчлэх ч гэсэн нийгмийн асуудал гэсэн үг. Архи зарахыг хориглосноор хүчирхийлэл үгүй болох уу? Аав, ээжийг нь барьж хориод асуудал шийдэгдэх үү?
Үүний оронд хүчирхийлэлд өртөх магадлалтай буюу өртөмтгий гэр бүлүүдийн судалгаагаа гаргаад, үүн дээр ажилладаг нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, мэргэжлийн хүмүүсийг бэлтгэх, нийгмийн зүгээс нөлөөллийн арга хэмжээ авах ёстой баймаар. Ядаж л энэ төрлийн гэмт хэрэг дээр ажилладаг цагдаагийн мэргэшсэн албатай, хуульч, өмгөөлөгчтэй, хяналт тавьдаг тусдаа бүтэцтэй, түүнд нь зориулсан хөрөнгө төсөвтэй, тэр нь байнгын үйл ажиллагаатай байж гэр бүлийн орчинд хүний амь, хүүхдийн амь эндэхээс сэргийлж чадна шүү дээ.
Уг нь бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлаад дөрвөн жил өнгөрч байна. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль батлаад 25 жил, Хүүхэд хамгааллын тухай хуультай болоод бас дөрвөн жил өнгөрч. Гэсэн ч хүүхдийн эсрэг хүчирхийлэл жил ирэх тусам нэмэгдсээр.
Тэдгээр хуульд нь “эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд” гэж хэнийг хэлэх, нийгмийн ажилтан ямар үүрэгтэй, хороо, дүүргийн захиргаа ямар эрх, хэмжээтэй оролцох гээд бүгдийг нь заагаад өгчихсөн. Гэтэл аль нь ч хэрэгждэггүй. Ер нь Монгол Улсад Эрүүгийн хуулиас өөр хэрэглэдэг хууль тогтоомж байдаг юм уу? Хэрэгжүүлэхгүй бол хичнээн хууль батлаад яах юм. Хуулиа хэрэгжүүлэхгүй юм бол төрийн байгууллагын энэ олон шат дамжлаг, салбар, бүтцээр ямар хогоо хийж, мөнгөө төлж тэжээх юм бэ? Ялгаагүй татвар төлөгчдийн мөнгөөр л амьдарч байгаа шүү дээ.
Ядаж ийм зүйл дээрээ анхаарлаа хандуулж, хяналтаа тавихын оронд юм л бол "хорино, цагдана, хаана, торгоно" гээд байвал хүчирхийлэл үгүй болох уу? Хүчирхийлэл бий болоод байгаа уг үндэстэй нь биш, илэрч байгаа хэлбэртэй нь тэмцээд байна шүү дээ. Өвдөхөд эмч эмнэлэг байдаг шиг хүчирхийлэл гарахад таслан зогсоодог, үр дагаврыг арилгадаг, эмчилдэг бүтэц хэрэгтэй. Нийгмийн халамжийн биш, хамгааллын байгууллагуудаа чадавхижуулах хэрэгтэй гэсэн үг. Урд хөл нь бүдрэхэд хойд хөлийг ташуурддаг бил үү?
Б.СЭМҮҮН