Ардчилал гэдэг их энгийн ойлголт. Ард түмэн өөрсдийг нь хэн удирдахыг шийддэг байхыг л хэлж байгаа юм. Үүнийг хуулийн хэллэгээр засгийн эрх ард түмний мэдэлд байна хэмээн томъёолдог. Энэ эрхээ ард түмэн чөлөөт сонгуулиар хэрэгжүүлдэг.
2027 оны 6-р сарын 30-ны өдөр Монголд ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт боллоо. Яагаад ч юм Сонгуулийн Ерөнхий Хороо нэгхэн өдрийн дотор сонгуулийн албан ёсны дүнг гаргаж ард нийтэд мэдээлэв. Тухайн үед бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан Ерөнхийлөгч буюу МАН-ын нэр дэвшигч нь сонгогчдын 80 хувийн саналаар яллаа гэв.
Үүнийг сонссон Монголын ард түмэн шоконд оров. Учир юу гэвэл, МАН-ын нэр дэвшигч Ерөнхийлөгч нь рэйтинг тун муутай, ялагдах нь нэгэнт тодорхой болсон байж. Сөрөг хүчний нэр дэвшигч түүнээс 30-40 хувийн саналаар хол тасархай түрүүлж явсан аж.
Гэтэл сөрөг хүчний тэр нэр дэвшигч 15 хувийн, МАН-ын нэр дэвшигч 80 хувийн санал авах нь тэр. Төд удалгүй олны хардлага ортой гэгчээр Ерөнхийлөгч санал луйвардаж ялсан нь олон баримтаар нотлогдов.
Өөртөө байх учиртай засгийн эрх мэдлийг луйвардуулан алдсанаа мэдээд ард түмэн хилэгнэн, жагсаал цуглаан болов. Сүхбаатарын талбай, Энхтайваны өргөн чөлөө олон түмнээр дүүрэв.
Сонгууль луйвардсан Ерөнхийлөгч, цагдаа хүчний байгууллагыг, иргэдийнхээ өөдөөс хүч хэрэглэхээр үүрэгдэн гаргав. Өрсөлдөгчөө болон сөрөг хүчний удирдагчдыг барьж цагдан хорив.
Улмаар, өөрийг нь хамгаалах дэмжлэг авахаар Бээжин, Москваг зорилоо. ШХАБ-ыг тэргүүлэгч хоёр хөрш маань, мань эрээс, өөрсдийнх нь хүсэл зоригт нийцүүлэн дуулгавартайгаар явна гэсэн ам өчгийг аваад, “цэрэг”-ээ оруулан түүнийг дэмжих болов.
ШХАБ-ын орнуудын төрийн тэргүүн гэгдэх дарангуйлагчид, “өнгөт хувьсгал”-ыг дарах зориулалтаар аль 2025 оны намар цэрэгжсэн хүчин байгуулсан. Ийм хүч байгуулах “санал”-ыг Хятадын гадаад харилцааны сайд Ван И “гаргасан” аж.
Тэгсний хэрэг гарах цаг нь болжухуй. Өнгөт хувьсгал болон өргөжсөн монголчуудын эсэргүүцлийн тайван жагсаал, цуглааныг мөнөөх ШХАБ-ын “цэргийн хүч”-ээр нухчин дарав. Ийнхүү Монголын ардчилал, дагаад монголчуудын жинхэнэ тусгаар тогтнол, эрх чөлөө дуусгавар болвой!
Миний фантазилж буй энэ түүх өдгөө Беларусийг тойрон болж байгаа үйл явдлаас сэдэвлэсэн юм.
Саяхан 8 сард Беларусьд ерөнхийлөгчийн сонгууль болсон. 9-ний өдөр сонгуулийн дүн гарахад өрсөлдөгч Светлана Тихановскаягаас даруй 40 орчим хувийн доогуур саналын рэйтингтэй байсан ерөнхийлөгч Лукашенко 80 хувийн саналаар ялсан гэж зарлагдсан. Үнэндээ беларусьчууд 26 жил засагласан дарангуйлагч Лукашенкогоос залхаад байсан юм.
Ерөнхийлөгч Лукашенкод саналаа луйвардуулсан ард түмэн тайван замаар жагсах, цуглах эрхээ эдлэн тэмцэл өрнүүлэв. Лукашенко цагдаа болон дотоодын цэрэгтээ үүрэг өгөн жагсаал цуглаан руу дайруулан, мөн сөрөг хүчний удирдагчдыг хомроголон баривчлав.
Орос, Хятад хоёр Беларусийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч байгаагаа яаран мэдэгдэв. Лукашенког дэмжиж буйгаа илэрхийлэв. Путин, Лукашенког үг хэлээр дэмжээд зогссонгүй, шаардлагатай бол цэрэгжсэн тусгай үүргийн хүчнээ оруулах болно гэв.
ШХАБ-ын гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Хятадын сайд Ван И, ШХАБ-ын орнууд “өнгөт хувьсгалаас сэрэмжлэх ёстой” хэмээн мэдэгдсэн. Ван И-гийн хэлсэн үгийг сайд нар ихэд талархан хүлээж авсан аж. ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн 8 орны Энэтхэгээс бусад нь дарангуйллын дэглэмтэй билээ.
Лукашенко одоо Москвад ирээд Путинг “ах” гээд ичгүүргүй зулгуйдан сууна. Сар хагасын өмнөхөн л Путинг тун эвгүй доош нь хийн тавлаж, барууныханд нэр нүүр олох гэж явсан юм шүү дээ!
Ардчилал гэдэг их энгийн ойлголт. Ард түмэн өөрсдийг нь хэн удирдахыг шийддэг байхыг л хэлж байгаа юм. Үүнийг хуулийн хэллэгээр засгийн эрх ард түмний мэдэлд байна хэмээн томъёолдог. Энэ эрхээ ард түмэн чөлөөт сонгуулиар хэрэгжүүлдэг.
Беларусийн ард түмний мэдэх ёстой засгийн эрх мэдлийг Лукашенко луйвраар авчихсан. Ийм үнэтэй зүйлийг нь шаачихсан учраас беларусьчууд бухимдаад байгаа юм.
Ямар ч өнгөт хувьсгал хийх санаа беларусьчуудад анхнаасаа үгүй. Гэтэл бараг л “дарангуйлагчдын клуб” мэт болсоор буй ШХАБ харин, өнгөт хувьсгал хийх гэлээ хэмээн сөрөг хүчнийг нь гүжирдээд, ард түмнээсээ засгийн эрхийг нь луйвардан авсан дарангуйлагчийг дэмжин Беларусь руу “цэрэг” оруулж мэдэхээр болчихоод байна. ШХАБ-ын дарангуйлагчдын улс төрийн мораль ийм бөлгөө!
Э.Бат-Үүл /baabar.mn/
Сэтгэгдэл (5)