x

Капитал банкны “капитал”-ыг залгигчдыг шүүх цаг ирлээ!

Капитал банкны хувьцаа эзэмшигчид Монголбанкийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн. Капитал банкнаас гадна Чингис хаан банк хууль бусаар 100 сая төгрөгөөр торгууль тавьсан гэж, Хадгаламж банк хэвийн байхад дампууруулсан гэж, Ариг банк өөрийн байгууллагын дотоод хэрэгт хэт оролцлоо гэхчлэн тус тусын үндэслэлээр Монголбанкийг шүүхэд өгөөд байгаа юм билээ. 

Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 16 үйлдвэр, аж ахуйн байгууллагын хөрөнгө оруулалттайгаар 1990 оны 9 дүгээр сарын 15-нд анх байгуулагдаж “Үйлдвэрийн хувь нийлүүлсэн банк” нэртэйгээр арилжааны банкны анхны зөвшөөрлийг авч байсан, хожим нь“Шинэчлэл”, “Капитал” нэрээр өөрчлөгдөөд байсан Капитал банк 2019 оны дөрөвдүгээр сарын 8-нд татан буугдсан. Татан буугдсанаас хойш 2020 оны зургадугаар сарын 30-ныг хүртэлх нэг жил хоёр сар орчмын тайлант хугацаанд нийт 377 харилцагчдаас нэг нь ч зээлээ төлөөгүй байна. Одоогоор эрх хүлээн авагчийн зүгээс зээлүүдийг өөр банк руу шилжүүлээгүй. Харин хадгаламж эзэмшигчдээс ангиллын дагуу өөр банк руу шилжүүлсэн тохиолдол бий. Тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан энэ талаар 2019 онд хоёр удаа ярилцлага өгсөн байдаг. Нэг нь УИХ-ын чуулганы танхимд, нөгөө нь ETV телевизээр ярьсан. Тэр хоёр ярилцлагад хоёр тооны зөрүү гардаг. Эхнийхэд нь “Өөрийн хөрөнгийн дутагдалтай долоон банк байна” гэсэн, дараагийн ярилцлагад энэ тоо нэгээр хасагдаж “зургаан банк өөрийн хөрөнгийн дутагдалтай” гэж ярьсан байдаг.

Энэ хооронд нэг банк нуусан уу гэх хардлага төрж байна. Тухайн банкуудаас нэг л банкийг ил нэрлэсэн нь Капитал банк. Тодруулбал, эхлээд “511 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдалтай, үүнийгээ нөхөх зургаан сарын хугацаатай үүрэг өгсөн” гэж ярьсан. Зургаан сарын дараа “Банкууд 460 тэрбум төгрөгийн дүнтэй өөрийн хөрөнгийн дутагдлаа нөхсөн. Нэг банк өөрийн хөрөнгөө нөхөж чадаагүй. Тэр нь Капитал банк” гэж ярьсан. Тэгэхээр Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханы ярианаас Капитал банк 50 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдлаа нөхөж чадаагүй учраас асуудалд орсон” гэж ойлгогдож байгаа юм. Олон нийт ч тэгж ойлгосон байх. Гэтэл Капитал банк хүндэрсэн талаарх албан ёсны дүгнэлтэд өөрийн хөрөнгийн дутагдлын хэмжээ нь 50 тэрбум биш 245 тэрбум төгрөг гэж бичсэн байдаг. Яагаад 50 тэрбум төгрөгийн дутагдал 245 тэрбум төгрөг болтлоо өсөв гэдгийг хэн ч ярьдаггүй.

Бас нэг асуудал. Хөгжлийн банк Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээндзээл олгож Капитал банк дамжуулан зээлдэгчийн үүрэг гүйцэтгэсэн. Гэтэл Хөгжлийн банк тэр мөнгөө 2015 оны зургадугаар сараас 12 дугаар сарын хооронд үе шатлалтайгаар татаад авчихсан. Уг нь гэрээнд заасан хугацаа нь болоогүй байхад Хөгжлийн банк байгуулсан гэрээнээсээ өмнө, Монголбанкны даалгавраар Капитал банкинд зээлүүлсэн бүх мөнгөө татаад авчихсан. Энэ нь банкинд хүндрэл учрахад нөлөөлөөгүй гэх аргагүй юм. Үүнийг ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж ч тухайн үед Эрдэнэтийн 49 хувьтай холбон ярьж байсан билээ. Тэнд дурдагддаг 400 сая ам.доллар гэгчийн 73 хувийг нь Төр буюу Засгийн газар, Монголбанк, Хөгжлийн банк нийлж гаргасан, үлдсэнийг нь ХХБ гаргасан гэдэг. Энэ 73 хувь дотор арилжааны бусад банкуудын активыг хүчээр татаж аваад туйлдуулчихсан юм биш биз гэсэн хардлага төрдөг. Эсвэл цаг хугацааны давхцал тэгж таарсан тохиолдол байсан уу? 

Ямар ч байсан үүнээс болж Капитал банк төлбөр түргэн гүйцэтгэх чадварын алдагдалд орсон нь ойлгомжтой. Хамгийн хоржоонтой нь Монголбанк өөрөө Капитал банкийг өөрийн хөрөнгийн дутагдалтай гэдэг мэдээллийг тараасан явдал. Энэчлэн зөвхөн Монголбанкнаас болж Капитал банк дампуураагүй, өөр олон шалтгаан байсан боловч Монголбанк төрийн өмнө, олон нийтийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу банкны салбарыг эрүүл байлгахын төлөө чадах бүхнээ хийсэн үү, эсвэл асуудлыг нь нэмж, нэрвэгдэхэд нь дэм болсон уу гэдэг талаар эргэлзээ төрдөг юм. 

2015 оны 11 дүгээр сард Капитал банкны зээл гаргах эрхийг хаасан байдаг. Ингэхдээ нийт зээл дотроо бага хувийг эзэлдэг тэтгэвэр барьцаалсан зээл болон хадгаламж барьцаалсан зээлийг үлдээгээд бусад зээл гаргах эрхийг хязгаарласан. Аливаа банкны нийт орлогын эх үүсвэрийн 80 хувь нь зээлийн хүүний орлого байдаг тул Капитал банкны орлого, ашиг хаагдсан. Зээлийн хүүнийхээ орлогоос хадгаламжийн хүүг төлөх ёстой, дээр нь тэндээс бусад зардлаа олдог байгууллагын хувьд энэ бол том цохилт байсан. Дээр нь Монголбанк дахь Капитал банкны данснаас 6 сарын хугацаанд, 3 удаагийн татан авалтаар нийт 133 тэрбум төгрөгийг зээлдэгчдийн өмнөөс татаад авчихсан. Төсөөлж байна уу? Төлөвлөгдөөгүй энэ бүх эсрэг реакцын эсрэг арилжааны жижиг банк юу хийж чадах вэ? Үүнийг баримтаар харуулах гэхээр хуулиар нууцад хамааруулж хамгаалсан болохоор боломжгүй. 

2016 оны Монголбанкны ээлжит шалгалтаар Капитал банкийг хэвийн гэж дүгнэсэн. 2017 онд ОУВС-тай өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлэхэд Чехийн PWC компани үнэлгээ хийсэн. Тэр үнэлгээгээр Капитал банк нийт 48 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдалтай гэж дүгнэгдсэн нь Н.Баяртсайхан ерөнхийлөгчийн ярьж байсан 50 тэрбумтай дөхөж байгаа юм. Гэтэл 2018 онд дахин шалгалт оруулаад “Энэ бол 48 тэрбум биш 245 тэрбум төгрөгийн дутагдалтай байна гэсэн дүгнэлт гаргасан байдаг. 

Төрийн мөнгө аль нэг банкаар дамжаад жишээ нь 2006 онд Зам хөгжүүлэх сан гэж байсан. Зам хөгжүүлэх сан Анод банктай гэрээтэй, тэр гэрээгээр тус сангийн зээлийг замын компаниудад олгох зээлийг тус банкаар дамжуулан олгодог байв. Энэ нь Анод банкны нийт зээлийн 23-41 орчим хувь нь байсан гэдэг. Монгол газар компани том хувийг эзэлсэн ч дийлэнх нь замын компаниудын зээл байсан. Дараа нь Анод банк дампуурсан. Зам хөгжүүлэх сангийн мөнгө хэрхсэн талаар хэн ч ярьдаггүй. Тус сангаас зээл авсан Б.Гарамгайбаатар, Д.Дамба-Очир нарын оролцоо Анод банкийг дампуурахад ямар оролцоотой байсныг мартахыг, мартуулахыг хүссэн. Лүнгийн замыг барих хөрөнгө гэж гарсан ч тэр замын асуудал одоо ч дуусаагүй. Хэн хохирч үлдэв? Анод банкны дампууралтай холбоотой, “Иточу” корпорацид төлөх өрийн асуудал мөн л эцэслэгдээгүй. Энэ байдал өнөөдөр ч үргэлжилсээр байна. Тухайлбал, Капитал банкны дампууралд ЖДҮХС, НДС, ЭМДСзэрэг сангуудын зээл жин дарж л байгаа билээ. 

Монголбанкин дотор улстөрчдийн захиалгаар томилогдож ажиллаж, аль сангийн зээлийн мөнгө ямар банкинд хэдэн хувийг эзэлж байгаа талаарх мэдээллээр хангадаг, улмаар хамгийн хүндрэлтэй байгаа банкинд тухайн сангийн зээлийг улстөрчдийн хамаарал, нөлөөлөл бүхий буюу “мэдээлэлд ойр” компаниудад ахиухан хэмжээгээр олгуулж нэлээд шавхагдаад ирэнгүүт нь хүчээр дампууруулаад өнөөх зээлүүдийг нь төр хариуцдаг парадокс ажиглагдаад удаж байна. 

Мөн Капитал банк дампуурсан. Үүнийг одоо хэн ч үгүйсгэж, цаг хугацааг буцааж, хэн нэгнийг өмөөрөх аргагүй, холбогдох хүмүүс ял аваад, хохирох нь хохироод, төр гэгээнтний дүр үзүүлж цэвэрхэн сугарч үлддэг нь тогтсон схем болж үлдсэн. Хамгийн гол нь дараагийн банк аль бол, яах бол гэдэг айдас хүйдэс нөмөрсөн. Харин банкнаас, тухайлбал жишээ нь Капитал банкнаас хурааж авсан эд хөрөнгийг төр, улстөрчид ямар замаар өөрийн болгодог вэ? Хоёр тэрбум төгрөгийн барилгыг 400 сая төгрөгөөр дуудлага худалдаа нэрийн дор нэгэндээ аваад өгчихсөн түүхийг санаж байна уу. Анод банкны, Хадгаламж банкны байр, эд хогшил, захирлуудынх нь нэр дээрх хураагдсан өмчүүд хаана, хэнд очив? Энэ бүхэнд хэн хяналт тавьж байна вэ? Дараагийн банкуудад энэ bully ирвэл яах вэ? 

Одоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхааралтай ажиглацгаая!

 Эндээс “Засгийн газар, Монголбанкнаас гаргасан шийдвэртэй холбоотой Захиргааны ерөнхий хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтын “Захиргааны акт, захиргааны гэрээ” гэсний өмнө Засгийн газар болон Монголбанкнаас гаргасан захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус болохыг тогтоох, бусад захиргааны байгууллагаас гаргасан гэж, мөн зүйлийн 106.3.8 дахь заалтын“захиргааны хэм хэмжээний акт”гэсний өмнө Засгийн газар болон Монголбанкнаас баталсан захиргааны хэм хэмжээний акт хууль бус болохыг тогтоож, бусад захиргааны байгууллагаас гаргасан гэж тус тус нэмсүгэй гэсэн байгаа юм. Тийм ч учраас цаг хугацааны хувьд Капитал банкинд холбогдох хэргийн үеэр Банкны тухай хуулийн 75 дугаар зүйлийг шинээр нэмсэн байдаг. Энэ хуулийн төсөл батлагдчихвал Монголбанкны гаргасан шийдвэр шүүхийн өмнө буруутахгүй, “дархлагдах” бололтой юм. 

Үргэлжлэл бий

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2 цаг 43 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 3 цаг 5 мин 1924 оны Үндсэн хууль 4 цаг 46 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 4 цаг 57 мин Энгийнийг ухаалгаар 5 цаг 4 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 6 цаг 32 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 7 цаг 44 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 7 цаг 58 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 8 цаг 5 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 9 цаг 11 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 9 цаг 32 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 22 цаг 34 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top