УИХ-ын ээлжит бус чуулган яг хоёр долоо хоног үргэлжлэв. Чуулганаар хэд хэдэн чухал асуудлыг шахаж шавдуулан байж шинээр сонгогдсон гишүүдийг учраа олж ядан мунгинаж буйг далимдуулан “кнопдуулж” амжсан юм. Шинээр байгуулагдсан парламентаас улс орны хөгжил дэвшил, иргэдийн амьдралд дорвитой өөрчлөлт хийчихээр “эрүүл бөгөөд шинэ уур амьсгал” хүлээх шаардлагагүй юм байна гэдгийг саяхан чуулган дээр өрнөсөн нэгэн явдал батлан харууллаа. Энэ оны 8 сарын 27-ны өдөр. УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын эхний хэсэгт “2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл” байсан юм.
Бусад улс орны улс төрийн хүчин төдийгүй иргэд сонгогчид нь төсвийн гүйцэтгэлд асар их ач холбогдол өгч анхаарлаа хандуулдаг. Арга ч үгүй биз. Татвар төлөгч таны мөнгийг юунд зарцуулсан, тэр нь ямар үр дүнд хүрснийг тайлагнаж байгаа болохоор аргагүй юм. Харин манайд бол тэгс хийгээд намдуухан өнгөрөх жишээний. Иргэд нь ч анзаарахгүй. “Дөрөв дэх засаглал” (Fourth Estate. Fourth Power) хэвлэл мэдээллийнхэн ч таг чиг. Хаалттай сэдэв учраас “Хаалтын гэрээ” гэгч нь ажиллаж байгаа юм биз гэж таамаглахаас цаашгүй. Гэтэл УИХ-ын гишүүд нь уг асуудлын мөн чанарыг ойлгоогүй явж байгааг өнгөрсөн долоо хоногт чуулганы тэнхимд “2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл”-ийг хэлэлцэх үеэр харж болохоор байв.
Татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулж байгаад хяналт тавих “бяцхан” бүтэц УИХ-д байдаг. Тэр нь өнөө хүртэл нийтэд танигдаагүй байгаа Төсвийн зарлагын дэд хороо. Тус бүтцийг УИХ-д цөөнх болсон улс төрийн хүчний гишүүн толгойлдог. Энэ удаагийн парламентад тус хорооны даргаар УИХ-ын гишүүн Б. Пүрэвдорж сонгогдсон аж. Төсвийн зарлагын дэд хорооны тайланг УИХ-ын чуулган дээр заавал хэлэлцэх ёстой байдаг юм.
Ийнхүү тус хорооны шинэхэн дарга индэрт гарч, УИХ-ын Тамгын газрын Төсвийн байнгын хорооноос бэлдэж өгсөн тайланг биш харин өөрийн бичсэн тайлангаа уншина хэмээн зарласан нь эрх баригчид үймж шуугих эхлэлийг тавив. Түүний уншсан тайланг “эсэргүү” гэж адлахаас өөр аргагүй байв. Уул нь монгол хүн бүр, үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж бүрд чухал ач холбогдолтой сэдэв хөндсөн боловч УИХ хүлээж авч хэлэлцэхийг огт хүссэнгүй. Иргэдийн хөлсөө дуслуулан хөдөлмөрлөж олсон орлогоосоо төлдөг татварын хөрөнгөөр эрх баригчид хэрхэн “найрлаж” буй талаарх “нүцгэн үнэн” чуулганы танхимд цуурайтсан юм.
Хэдэн зуун сая төгрөгөөр ажлын өрөөгөө засварлаж, хэдэн зуун саяар унах унаагаа ээлжлэн сольж эгээтэй “Арабын шах” мэт аашилж буй дарга нарын тухай олон жишээ дурдагдлаа. Харамсалтай нь, тэр өдрийн орой зарим нэгэн телевиз УИХ-ын гишүүн Б. Пүрэвдоржийг удаа дараа УИХ-ын дэг зөрчдөг “сахилгагүй нөхөр” гэж нийтэд хов зөөснийг эс тооцвол “эсэргүү тайлан” иргэдийн чихэнд огт хүрсэнгүй. Харамсалтай.
Ингээд тус тайлангийн товч утга санааг сийрүүлье. Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн нийт зарлага 11 их наяд 661.7 тэрбум төгрөгт хүрч урд онуудаас огцом нэмэгджээ. Төсвийн зарлага хэдхэн жилийн өмнө 5-6 их наяд төгрөгт эргэлдэж байв. Гэвч уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх ханш нэмэгдэж, тэр хэмжээгээр төсвийн орлого өсөх тутам төсвийн зарлагаа данхайлгадаг “өвчин” сүүлийн жилүүдэд хавтгайрчээ. Олон улсын санхүүгийн байгууллагууд ч “орлого дагасан зарлагын хэт тэлэлт”-ийг хазаарлах ёстой гэж зөвлөсөөр ирсэн.
Гэтэл У. Хүрэлсүхийн Засгийн газар Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн саналд тусгагдаагүй 266 төсөл арга хэмжээг төсвийн төсөлд нэгтгэн УИХ-д өргөн барьсан байх юм. Энэ нь салбарын хөрөнгө оруулалтын бодлого алдагдаж, төсөл арга хэмжээг хэрэгцээ, шаардлага, үр ашгаар нь эрэмбэлэх шаардлагагүй болсны жишээ гэж илтгэгч дүгнэжээ.
Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд төсөвлөлтийн шаардлага хангаагүй 538 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан байх юм. Төсвийн зарлагын дэд хорооны хурал дээр Үндэсний Аудитын Газрын захирал энэ тоог баталж хэлээгүй бол хэн ч итгэх аргагүй тоо. Монгол улсын түүхэнд урд өмнө ийм их мөнгөн дүнтэй зөрчил гарч байсангүй. Мөрдөх ёстой хуулиудаа ч төсвийн зарчмуудаа уландаа гишгэсэн дэндүү бүдүүлэг явдал гэж тодорхойлохоос өөр үг үл олдоно.
Өнгөрсөн парламент сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх зорилт тавьж байсан. Багагүй бүтээн байгуулалт ч өрнөсөн. Гэтэл Монгол улсын сум, дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилгын хүчин чадлыг норматив хэмжээтэй, суралцаж буй хүүхдийн тоотой харьцуулж үзэхэд: Барилгын хүчин чадал норматив хэмжээнээс хэтэрсэн сургууль 159 сум, 4 дүүрэгт байна. Суралцаж байгаа хүүхдийн тооноос барилгын чадал нь хэтэрсэн цэцэрлэг 10 суманд байгаа аж. Татвар төлөгчдийн асар их хөрөнгө ийнхүү салхинд хийсэж байна.
Барилгын зураг, төсвийг иж бүрэн боловсруулж, баталгаажуулаагүй төсөл, арга хэмжээ төсөвт өртөг нэмж байгаа гэнэ. Мөн газрын зөвшөөрөл нь гараагүй, техникийн нөхцөл олгогдоогүй байхад төсөл арга хэмжээг хуульд тусгасан, барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажил эхлүүлсэн гээд зөрчил түгээмэл байгаа талаар тайланд дурдагдлаа. Ийнхүү төрийн байгууллагуудын ажлын уялдаа туйлын хангалтгүй, хуулиа мөрдөж ажилладаггүй, хариуцлагын асуудал огт байхгүй болсныг нотлох жишээ захаас аван байгаа аж.
2019 онд хөрөнгийн зардалд улсын төсвөөс 1 их наяд 422.6 тэрбум төгрөг, төсвөөс концесст 137.4 тэрбум төгрөг, стратегийн болон бусад хөрөнгийн санхүүжилтээс 96.6 тэрбум төгрөг, гадаад зээлийн эх үүсвэрээс 891.6 тэрбум төгрөг, орон нутгийн төсвөөс 468.5 тэрбум төгрөг гаргаж санхүүжүүлжээ. Нийлбэр дүнгээр бараг 3 их наяд төгрөг. Улсын төсвийн 2019 оны хөрөнгө оруулалт өмнөх онтой харьцуулахад төсөл, арга хэмжээний тоо 71.5 хувиар, санхүүжих дүн 1.2 дахин буюу 931.9 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгджээ.
Ер нь төсөв нь хяналттай байж, зөв зүйлд зарцуулагддаг улс орон хөгжиж дэвшдэг. Монгол улсын иргэн төсөвт хяналт тавих үүргээ өөрийн сонгосон УИХ-ын гишүүнээрээ дамжуулж хэрэгжүүлдэг гэж өдий хүртэл төөрөгдөж иржээ. Ийм хяналтын тогтолцоо аль хэдийн “эвдэрсэн” байна.
Хэдэн жилийн өмнө талх авах гэж 10 мянган төгрөг хулгайлсан нэгэн ээж олон жил хоригдох ял авсан талаар нийгэм даяараа шуугисан. Гэтэл УИХ дээр их наядаар хэмжигдэх зөрчил гарчихаж. Түүнийг нь илчилж ярьсан гишүүнээ барьж идэх нь холгүй аашилж байна. Их наяд гэдэг бол 10 мянгаас 100 сая дахин их хэмжээтэй тоо. Монгол улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр хууль зүйн этгээд байна” гэж заасан байдаг. Гэвч ардчилсан нийгмийн суурь болсон үнэт зүйлсийн нэг “тэгш байх” зарчим УИХ-ын танхимд лав алдагдсан байна.
Сүүлийн жилүүдэд УИХ-ын сонгууль гээч нь “хэн нь их мөнгө тарааж чадах вэ” гэсэн уралдаан болж хувирсан. Сонгуульд тэрбум, тэрбумаар хөрөнгөө зарцуулсан гишүүд төсөв гээч савнаас ахиухан халбагадах сонирхолтой болсон нь нууц биш. Тэр төсөв нь хяналтгүй байвал халбагаа гүн дүрэх боломж гарч таарна. Гэтэл Б. Пүрэвдорж гишүүн төсвийн хяналт гээч зүйл байдгийг эрх баригчдад сануулж “Та нар дэргэдээ сөрөг хүчинтэй, дээрээ ард түмэнтэй гэдгээ үргэлж санаж яв” гэсэн нь эрх баригчдыг бачимдуулж, цочирдуулжээ.
Татвар төлөгч нь зөвхөн аж ахуй нэгж байдаг юм биш. Монгол улсын иргэн бүр татвар төлөгч. Тухайлбал, иргэн таны нярайдаа сүү авахдаа төлсөн 1000 төгрөгийн 100 нь улсын санд НӨАТ-ын татвар хэлбэрээр ордог. Өөрөөр хэлбэл, таны нялх хүүхэд хүртэл татвар төлөгч байгаа биз. Татварт өгсөн төгрөг бүр чинь чухам юунд зарцуулагдаж байгааг хянаж чадах тэр үеэс улс орныхоо хөгжилд иргэн бүр хувь нэмрээ оруулж эхэлдэг. Иргэн хариуцлагатай байх аваас эрх баригчид дураараа дургиж чадахгүй нь лавтай. Гэтэл өнөөгийн Монголын төр саяар биш, бүр тэрбумаар тогтохгүй, их наядын хэмжээнд хяналтгүй төсөв баталж сууна. Иргэд ядуу хирнээ боловсролгүй байх нь эрх баригчдад ашигтай юм байна гэдгийг УИХ дээр өрнөсөн дээрх явдал харууллаа. Тиймээс Монгол улсын иргэн бүр “дээр чинь ард түмэн бий” гэдгийг эрх баригчдад өдөр бүр сануулж байх учиртай юм.
Раднаасэдийн Даваадорж /Эдийн засгийн ухааны доктор/
Сэтгэгдэл (2)