x

Чингисийн цэргийн тактик

Чингис хаан тухайн үедээ хамгийн сайн зохион байгуулагдсан төдийгүй хамгийн орчин үеийн техникээр зэвсэглэсэн аугаа армийг үлдээжээ. Нүүдэлчид цэргийн зохион байгуулалтаа аравтын системээр бүтээдэг байсан нь өнө эртний зүйл боловч энэ нь тухайн овог, аймгийн хүрээнд хийгддэг байсныг Чингис шинэчлэн холимог нэгжийг буй болгосноор цөөхөн монголчууд үндэстэн болгоноос бүрдсэн сахилга баттай том армийг захиран нэгэн үзүүрт зорилго руу тэмүүлүүлэх ид шидийг гарган авчээ. Карпини бичихдээ:

Татаарын хаан дайнд мордохдоо 100 мянган морьтон цэрэг авч явна. Тэрээр аравт, зуут, мянгат, түмтийн дарга нарыг томилно, тэгэхээр хаан өөрөө ердөө аравхан хүнийг л удирдана гэсэн үг. Энэ арав нь цаашаа арвыг, тэр нь цаашаа арван хүнийг л удирдана. Ингэхээр дайчин болгон өөр өөрийн үүргийг гялалзтал биелүүлж, эцэст нь сайн сахилга баттай гайхамшигт цогцолбор бүтэж байгаа юм.[i]

Цэргийн түүхийн олон сурах бичигт Чингисээс буюу монголчуудаас гаралтай хэмээн өнөө хүртэл дурдсаар байгаа олон тактик, стратегийн ихэнх нь түүнээс өмнө нүүдэлчний цэргийн сургуульд байсан зүйл авч Чингис л чухам түүнийг цэргийн номлол болгон шинэчлэн төгөлдөржүүлж боловсронгуйжуулаад дэлхийн практикт амжилттай хэрэглэжээ. Нүүдэлчдийн цэргийн тактикийн хамгийн гол амжилтын эх сурвалж нь хурд байлаа. Хот балгад, газар тариалантайгаа нягт уялдаатай суурьшмал иргэдтэй харьцуулахад юундч үл уягдсан нүүдэлчдийн арми элдэв байлдаан тулалдаанд маш түргэн маневрлах бололцоондоо дулдуйдан гайхамшигтай түргэн зуурын шийдвэр гаргаж хурдан хөдөлдөг байжээ.

Шинэ тулалдаан, дайн бүрийнхээ төлөвлөгөөг Хурилдай дээр хэлэлцэж стратегиэ боловсруулдаг байж. Тагнуул туршуулууд нь баялаг мэдээллээр хангаж өгнө. Бэхлэлт цайзад дөхөж ирээд ойр хавиас хэрэгцээт нөөцөө цуглуулж, түр бааз байгуулна. Арми нь морин цэргээс бүрэлдэх бөгөөд инженерийн тусгай ангитай. Хүнд морин цэрэг нь хөө хуяг дуулга өмсөж сэлэм жадаар зэвсэглэсэн байхад хөнгөн морин цэрэг нь ердөө л нум сум, хөнгөн жад хэрэглэнэ. Чингисийн байлдагчид тулалдаанд орохдоо эхэнд нь хүнд хуягт морин цэргийг хоёр эгнээгээр, араас нь хөнгөн морин харваачийг гурван эгнээгээр зохион байгуулж давшуулна. Сүүлчийнх нь түрүүчийнхийгээ амсхийх хоорондуур урагшлан, монгол цэрэг бүрт байсан 80 килограмм хүч бүхий 200-300 метр хүртэл тусгалтай нумаараа харван хурц үзүүрт зэв бүхий сумаараа маш оновчтой мөндөр буулгаад эгшин зуур ухрахад харвалтанд мэгдсэн дайсныг бүр сөнөөхөөр хүнд морин хороо давшилтад орох жишээтэй. Карпинийн тэмдэглэснээр тэд ухрахаас огт ичдэггүй бөгөөд харин энэ ухрах нь дайснаа хуурч араасаа хөөлгүүлээд эцэст нь гол хүчнээс нь салгах мэх бааш байдаг аж.[ii] Хятадын Эзэн хаан Канси тэмдэглэхдээ “Монголчууд зөвхөн баталгаатай ялна гэсэн тохиолдолд давшин тулалддаг, харин ялагдахаар шинжтэй болвол ичих нүүргүй зугтдаг” [iii] гэжээ. 

Дорнын байлдаанчдын зугтах цэргийн тактикийг европчууд уг нь аль эртнээс мэддэг байжээ. Хүн нарын ийм тактикийг IV зууны сүүлчээр Ромын алдарт цэргийн түүхч Аммиан Марцеллин  маш тодорхой бичиж үлдээсэн. Хожим нь Европ руу аваар, мажаар, монголчууд довтлохдоо бүгд Марцэллины хэлж байсан тактикаар байлдаж байлаа. VI-VII зуунд аваарууд Визант руу довтолж энэ тактикаараа амжилт олж байсан. Харамсалтай нь үүнээс хойш хэдэн зуун жил өнгөрөхөд европчууд энэ талаарх туршлагаа таг мартжээ. Монголчууд 1241 онд гэнэт довтлон тэдэнд дахиад л маш том сургамж өгөх нь тэр.[iv]  Ийм маневр сайтай, нум саадаг агссан, түүгээрээ галт зэвсгээс доргүй хөнөөл учруулж чаддаг цэргүүдтэй бүр хожим 1807 онд Фридландын тулалдаанд Наполеон тулгарч байв. Энэ нь Оросын армид тулалдаж явсан Халимаг цэргийн хороо байлаа.[v] Халимаг цэрэг Их Пётр хааны армид ч зүтгэж Шведтэй хийсэн дайнд оролцож байсан ба Кавказыг эзлэх олон жилийн тулалдаанд голлох үүрэг гүйцэтгэж байв.[vi] 

Төв Азийн нүүдэлчдийн байлдааны тактик нь олон зуун жил үргэлжлэн уламжлагдаж төгс болсон арга юм. Тэд байлдахдаа гэнэдүүлэх, маш түргэн арга тактикаа өөрчлөх хурд, байлдаан болох газраа урьдчилсан сайтар судалсан байдаг. Байлдахаар товлосон бол тэндхийнхээ цаг агаар, улс төрийн болон эдийн засгийн байдал, хүн ам, газарзүй, зам харгуйг урьдчилан маш сайн судалж энэ талын бүрэн мэдээлэлтэй болно. Үүнийг түрүүлж явуулсан тагнуулуудаар гүйцэтгүүлэхээс гадна байлдаанаас өмнө бага хэмжээний цэргийн хүчээр үймүүлэн маш хурдтайгаар бужигнуулчихаад зугтан алга болно. Энэ болгоноос цугласан мэдээллээр болох тулалдааны төлөвлөгөөг зохионо. 

Тухайн үеийн монгол цэргийн нум шиг сайн нь иргэншсэн аль ч орны цэрэгт байгаагүй юм. Нумыг бургас, эвэр, шөрмөс зэргийг нимгэн давхарга болгон эвийг нь олж давхарлан нааж бүтээнэ. Нум эвшээж эргэж агшихад шөрмөс маш их хүч оруулдаг. Түүнээс гадна харьцангуй жижиг нум нь морин дээрээс харвахад оноч сайтай байдаг. Монгол цэргүүд нум сумаас гадна бороохой, сүх зэргээр зэвсэглэнэ. Үзүүртээ дэгээтэй жадтай байсан нь эсрэг талынхнаа мориноос нь татаж унагахад хэрэг болно. Бамбайг үхрийн хүзүүний ширээр үйлддэг байсан нь нэг талаас маш хөнгөн, нөгөө талаас хамгаалахын хувьд төмөр бамбайнаас ер дутахгүй.

Нум сум, бороохой, жад, бамбайг айл бүр гэрийн нөхцөлд өөрснөө үйлдэнэ. Харин үйлдвэрлэл үгүй нүүдэлчид сэлэм, хутга зэрэг төмөр ган зэвсэг гэртээ үйлдвэрлэх бололцоо үгүй. Тэрдундаа ийм том армийг сэлэм, дуулгаар хангахын тулд томоохон нэгдсэн үйлдвэрлэл хэрэгтэй. Иймээс аян дайнд олзолж авсан төмөр зэвсгийг л хэрэглэх аж. Ер нь сэлэм нь довтолгооны гэхээсээ хамгаалалтын зэвсэг юм. Нүүдэлчдийн арми үргэлж довтлогч байсан болохоос хамгаалагч биш учир тэдэнд сэлэм онцын шаардлага байсангүй.

Хишигтэн гэж Чингис хааны хамгаалалтын ангийг хэлнэ. Энэ нь монгол армийн нэн чухал хэсэг байжээ. Хишигтнүүд эхэндээ зуу орчим цэрэг байдаг байснаа өссөөр түм хүрсэн ба Хубилай 12 мянган хишигтэн цэрэгтэй байжээ.[vii] Хишигтэнг дотор нь хэвтүүл, торгууд, хорчин гэж гурав ангилна. Хэвтүүл нь шөнийн харуул бол торгууд нь өдрийн харуул. өдрийн харуул бол арай цөөн тоотой харуул цэрэг байсныг хэвтүүл гэдэг байжээ. Хэвтүүл цэргийн тоо эхэндээ 80 байснаа улмаар 800 – 1 000 болтлоо өсчээ. Хорчин нь аян замд хааны ачаа тээш, зэр зэвсгийг авч зөөж явна.

Монголын арми морьт цэргээс гадна явган цэрэгтэй байлаа. Чингисийнхэн анхлан маш хүчтэй хамгаалагдсан хэрэм цайзтай учирснаасаа хойш явган цэрэг, инженерийн ангитай байхын ач холбогдлыг ойлгосон юм. Задгай талд тааваараа байлдаж дадсан Чингисийн цэрэг анхлан Алтан улсыг довтлоход суурин иргэний хот балгадтай таарч яваагүй монголчууд ихэд балмагдан, хэрэм ханыг нь гэтэлж чадахгүй сандарч байсан бол хэдхэн жилийн дараа Сартуултай байлдахад хотын хана хэрмийг чулуугаар буюу аварга том чулуу шидэгч оньсоор эвдэн, шатамхай тос, догшин шүү зэрэг янз бүрийн шатах бодисыг хоолой гуурсанд хийн тэсэлж дайсны хамгаалалт руу гал тавьдаг болсон байсан нь тэд тухайн үеийнхээ цэргийн хамгийн дэвшилт техник оньсны үнэ цэнг үнэлдэг төдийгүй маш хурдан өөриймшүүлж чаддаг байсан авьяас билгийг харуулж байна. Чингисийн зарлигаар эзэлсэн орны олзлогсдоос аль өөдтэй дархчууд, техникийн мэдлэгтнийг шилэн армийн инженерийн корпус байгуулдаг байсан нь сүүлдээ олон жил уламжлагдсан юм. Ингэсээр сүүлдээ хот балгадыг эзлэх системчлэгдсэн арга барилтай болжээ. Гол хүч нь чулуу шидэх, харвах оньсоор тоноглогдсон ангиуд. Тэнд гол төлөв олзнынхноос бүрдсэн чадварлаг инженерийн корпус ажиллаж байлаа. Хотыг эхлээд галтай сумаар харвана. Дараа нь том чулуугаар дүүгүүрдэгч машинаараа хэрмийг нь нураана. 

Талын морьтон баатрууд хятадуудтай байлдаж байхдаа 1232 онд Кайфэн хотын хэрмийн гадна галан мөндрөөр нүдүүлжээ. Энэ бол дарь байсан юм. Гэтэл археологийн сүүлийн үеийн судалгаагаар тэд 1274 онд Японд довтлохдоо цаас болон төмөрт боосон дарийг гранат маягийн зэвсэг болгон шидэлж байсан нь тогтоогдлоо. Энэ маягийн зэвсэг нь их чимээ, гэрэл гарган дайсандаа биет хохирол учруулахаасаа илүү айлгах, сандаргах зорилготой юм.

Монголчууд химийн хорт зэвсэг хэрэглэж байсан нь хамгийн хачирхалтай. Ердийн дарийг хорт ургамал болох хорс (Аconitum), хүхэрт хүнцэл зэрэгтэй холин дэлбэлдэг байв.[viii] Хорс нь их хортой, арьсанд хүрэхээрээ түлдэг. Мөн маш хортой кротоны хүчил ч агуулдаг.[ix] Эдгээр хор нь хүнцэлтэй нийлэн шатахаараа хорт утаа болон хөөрч их хөнөөл учруулна.

Заримдаа хотыг усанд авахуулна. Үүнээс өөр ч муу арга бодож олдог аж. Тангадын нэгэн хотыг олон хоног бүслээд эс дийлжээ. Дийлдэхгүй болохоор нь хотын захирагч нартай ийм нэгэн хэлэлцээ хийсэн байна. “Бидэнд нохой, муур их хэрэгтэй байна, хотынхоо бүх нохой муурыг өгчихвөл бид явлаа”. Гэмгүй энэ саналд хотынхон хууртан хамаг нохой муураа цуглуулан өгчихөөд монголчууд буцахыг хүлээж байв. Гэтэл монголчууд буцаагүйгээр барахгүй нохой муурын сүүлийг нь тосолж байгаад гал авалцуулан тавьжээ. Галд идэгдсэн амьтан байгалийн зөнгөөрөө өсч төрсөн газар руугаа тэмүүлцгээж, эцэст нь хот бүхэлдээ түймэрт идэгдэх нь тэр.[x] Ийнхүү хотуудыг бүслэн байлдах цэргийн  урлагийнбүхэл бүтэн онол эндээс үүсэлтэй гэдэг.

Хамгийн аймшигтай нь сэтгэл зүйн дарамт. Эсэргүүцэлгүй бууж өгсөн хотын иргэдийг амьд үлдээнэ, ингэхгүй бол толгой дараалан хүйс тэмдэрдэг мэдээгээ сайн тараана. Цуу тараахын тулд хядлагын гэрч болсон тодорхой иргэдийг амьд үлдээж дутаах бололцоо олгодог байна. Байлдааны янз бүрийн уран тактик байнга бодож олдог байсны нэг нь тусгай салбар болон хөгжсөн сэтгэл зүйн дайн юм. Өөрийн цөөн цэргийг олон болгож харагдуулан дайсныг сэтгэлээр унагах янз бүрийн арга сэтгэн олж байснаас шөнө цэрэг нь түүдгийнхээ тоог нэмэх, эсвэл жишээ нь Унгарт халдахдаа морин дээр хүүхэлдэй суулган олон болгож харагдсан зэрэг нь домог болон үлджээ. 

Тэд сумныхаа үзүүрт газрын тос шингээгээд галаар харвадаг байсан.[xi] Хэрэм шатаадаг энэ аргыг нь өнөөгийн түүхэнд хүн газрын тосыг дайны практикт ашигласан анхны тохиолдол гэж тэмдэглэжээ. Мөн түүх сударт тэмдэглэснээр бактериологийн дайны эх суурийг Чингис анх тавьсан гэх ба энэ нь бууж өгөхгүй удтал хориглох хотын хэрэм дээгүүр өвчтэй амьтны өмхийрсөн сэг давуулж чулуудан тахал  мэтийн гоц халдварт өвчин дэгдээх муу арга сэдсэнийг нь хэлж буй ажээ. Зохион байгуулсан, алсын хараатай, тодорхой зорилгод чиглэсэн тагнуулын бүхэл бүтэн сүлжээг дэлхийд анх Чингис хаан санаачлан хэрэгжүүлсэн гэж үздэг. Дайсныхаа цэргийн чадавх, ард олных нь сэтгэл зүйг урьдчилан тагнахаас нааш тэрээр ямар нэг байлдааны ажиллагаатай зууралддаггүй байлаа. Тагнуул нь аянчин, жуулчин, худалдаачны дүрээр явах ба тэд бүслэгдсэн хотын хэрмийн хаалгыг онгойлгож өгч байсан нь тун ч олон тохиолджээ. Чухам ийм л шалтгаанаар Сартуулын шах Мухаммад 1219 онд Монголын 400 худалдаачныг хороож байв. 

Нүүдэлчид алив дайн байлдаанд орохдоо хүнсний хангамжийн асуудлыг маш сайн шийдвэрлэж чадсан нь тэдний хэдэн мянган километр газар тасралтгүй дайн хийн давшиж чаддагийн нэг нууц байлаа. Армийн араас асар олон мал хунар дагаж явна. Адуу морьд нь тээвэрлэлтийн нөөц болдог бол үхэр, хонь нь хүнсний нөөц болно. Гол нь нүүдэлчдийн хагас зэрлэг малыг тэжээх хэрэггүй, өөрсдөө ямар ч нөхцөлд өвс усаа олоод явдаг, алс хол туувар даах чадвартай. Асар том армийг үтэр түргэн хооллох аргыг ч тэд олжээ. Эхлээд гол мөрөн, нуурын дэргэд хүнс хариуцсан бүлэг очиж олон түүдэг асаан дотор нь их хэмжээний чулуу хийн улайтган халаана. Араас нь очих цэргүүд өөртөө үргэлж авч явдаг модон аяганд ус хутгаад улайссан чулууг хийж буцалгах ба дотор нь нөөж яваа борц хэмээх салхинд хатаасан махыг хийж болгож иднэ. 

Дайн байлдаанд яваа цэрэг эрс өдөрт 3 600 калори хүнс хэрэглэх ёстой ба үүний 70 - аас доошгүй грамм нь уураг байж турж эцэхгүй байх нөхцлийг хангана гэсэн тооцоо бий. Сартуулыг довтолсон дайны үеэр аравт болгон дундаа гурван хонины борц биедээ авч явжээ. Мөн хэрэглээнийхээ усыг тулманд хийн хөтөлгөө мориндоо бэлэн авч явна. Хүнсний бэлтгэл нөөц болох амьд ямаа, хонь их армийн араас аажуухан бэлчин дагана. Тэндээс байнгын хүнсний хангалт хийнэ. Хүнсний бэлтгэл нөөцийг хангах мал сүрэг мэдээж бэлчээр даган гэлдрэх авч үндсэн армитайгаа байнгын холбоотой байх аж.

Плано Карпини тэмдэглэхдээ, аян дайнд яваа монгол цэрэг нь нохой, чоно, үнэг, адууны гэх мэт идэж болох бүх махыг зооглох ба заримдаа хүний мах ч иднэ гэжээ. Хүний мах идэхийн хувьд хойлог шувууны мах идэж өссөн хүний махыг цэргүүдэд хувааж өгдөг байсан гэх домог бий. Учир нь хойлогийн мах шархыг маш түргэн эдгээдэг гэж одоо ч монголчууд итгэдэг. Алтайн нуруунд хойлог шувуу элбэг, тэндэхийн хүмүүс энэ шувууг агнаж хүнсэндээ хэрэглэдэг байжээ. Хойлог идэж өссөн хүний мах хойлогийнхтой адил шарх эдгээх чадвартай гэж үздэг байсан байж болох.

Нүүдэлчид сүүг хатаан зөөхий, айраг, хурууд, ааруул, ээзгий, бяслаг зэрэг сүүн хатсан олон төрлийн хүнс хийсээр ирсэн. Ийм маягийн хүнс цэрэг болгон биедээ авч явна. Цэрэг болгон 5-8 хөтөлгөө морьтой явах ба үүний хэд нь гүү. Гүүнээс өдөрт 2-2,5 литр сүү саана. Энэ нь 1 400 – 1 600 калори болох учир цэрэгт өдөрт зайлшгүй хэрэгцээт 3 000 калорийн хагас нь болж байна. Бүдүүн тооцоогоор бодоход саалийн үеийн таван сард хоёр гүү нэг цэргийн хүнсний хэрэгцээг бүрэн хангаад явах нь. Жао Хонгийн (Zhao Hong) тооцоолсноор цэрэг нэгэнт дан ганц сүүгээр хооллоод явахгүй нь мэдээж учир нэг гүү гурван цэрэгт элбэг хүрэх аж.

Рубрукийн ажигласнаар замд адуу нь үхчихвэл тэр дор нь идчихээд үлдсэн махыг нь жиргэн дараа хэрэглэхээр борц болгодог аж. Нэг хонины махыг жижиглэж жиргээд давстай усанд чанан 50-100 цэрэг хувааж иддэг гэнэ. Рүбрүкээс 50 жилийн дараа Монголд очсон Марко Поло ийм шөл нь монгол цэргийн өдөр тутмын жишиг хүнс гэжээ. Монгол цэрэг хүнсний дутагдалд орсон хүнд үедээ мориныхоо гүрээг зүсч түүхий цусыг нь уучихаад судсыг нь эргүүлж битүүлдэг гэж Поло ярьсан байдаг. Морь цусныхаа гуравны нэгийг алдахад биед нь ямар ч эрсдэл үүсдэггүй гэнэ. Гуравны нэг гэдэг нь ойролцоогоор 7 литр гэсэн үг. Энэ нь 2 184 калори болж буй нь өдрийн зайлшгүй хэрэгцээт энергийн гуравны хоёр болж байна. Нэг цэрэг найман хөтөлгөө морьтой гэж тооцвол цусыг нь уугаад явахад зургаан өдөр калориа бүтэн нөхөөд явах нь. Дан цус уусаар монгол цэрэг тэр байтугай арван өдөр зүв зүгээр тэсээд гардаг гэж Марко Поло өгүүлсэн байх.

Нүүдэлчид өөрийн армийг хүүхэд ахуйгаас нь бэлтгэнэ. Ерөөсөө аж төрлийн нэлээд нь цэргийн эрдэм юм. Хөлд оруутаа морь унаж бүх насаа морин дэл дээр өнгөрөөнө. Хар багаасаа харвах, намнах, ноцолдох эрдэм эзэмшинэ. Нүүдлийн амьдрал, аян дайн, ав хоморго тэдэнд хатуужил тэвчээр олгохоос гадна байнгын дасгал сургууль болно. Цэргийн дарга нарыг дайнд байгуулсан гавьяагаар нь үнэлэн дэвшүүлнэ. Даргын тушаалыг хэн ч зөрчих эрхгүй. Ийм хатуу сахилга бат тухайн үеийн аль ч армид байсангүй. Төмөр дуулганаас өөр хуяггүй хөнгөн морин цэрэг нь армийн талаас илүү хувийг эзэлнэ. Бас өөрсдийгөө төдийгүй морио хүртэл ширэн хуягаар хамгаалсан хүнд морин цэрэгтэй. Тулааны өмнө цэргүүдэд торгон цамцыг норгож өмсгөнө. Энэ нь заримдаа сум биед тусахад хамгаалахаас гадна нэвт орсон сумыг эргүүлж сугалахад дөхөм болно. 

Чингис хаан асар том эзэнт улсынхаа дотор гайхалтай зохион байгуулсан холбоо харилцааны сүлжээг буй болгон үлдээжээ. Энэ бол морин өртөө. Гол замыг даган хоорондоо 30 километр орчим зайтай байрлах морин өртөө нь элч нарыг түр амрааж, морийг нь юүлж өгөх цэг болж байсан. Чухам л энэ өртөөгөөр дамжин хэдэн мянган километр зайн алсад цэрэг, эдийн засаг, улс төрийн маш чухал мэдээ хүний ухаан санаанд багтамгүй хурднаар тарах буюу цуглардаг байсан байна. Хэдийгээр Монголын нууц товчоо-нд морин өртөөний сүлжээг Өгөөдэй бүтээсэн хэмээн тэмдэглэсэн байдаг авч Чингисээс санаачилж хэрэгжүүлж эхэлсэн энэхүү гайхамшигт холбооны сүлжээ түүнээс хойш олон янзын төрийг дамжсан ба XX зууны дунд үе хүртэл, өөрөөр хэлбэл Төв Азид орчин үеийн тээврийн хэрэгсэл ба цахилгаан холбоо нэвтрэх хүртэл Монголд өртөөг албан ёсоор хэрэглэж байлаа. Тухайн үеийнхээ технологийн түвшинтэй харьцуулахад мэдээллийг үнэмшимгүй хурдацтайгаар тарааж, цуглуулж чаддаг байсан морин өртөөг эдүгээ зарим судлаачид интернэтийн эх ч гэж нэрлэх нь бий.

Монголчууд эзэлсэн газар нутаг дээрээ юун түрүүн хүн амын тооллого хийдэг байв. Энэ нь татвар авах, хамгийн гол нь тухайн нутгийн иргэдийг цэрэгт татан дараагийн дайн байлдаанд оролцуулах зорилго агуулна. Өөрсдөө хүн ам цөөтэй тэд гадагш аян дайн хийхдээ эхэлж эзэлсэн газартаа өргөн хэмжээний цэрэг татлага явуулж хүчээ зузаатгадаг байв. Шинээр цэрэгт татагсдыг байлдааны тэргүүн шугамд хөөн оруулж аль л эрсдэл ихтэй, хохирол илүү амсах газарт ашиглах аж. Хожим Дэлхийн II дайны үед энэ аргыг Сталин өргөн дэлгэр ашиглаж Гулагт хоригдож байсан олон зуун мянган улс төрийн хэрэгтнүүдийг “торгуулийн батальон” нэрээр их бууны зууш болгож байлаа.

Бэрх Польш руу довтлоход цэргийн ихэнхийг славян үндэстнүүд, Хүлэгү Багдадад довтлоход армян, гүрж цэргүүд, Хубилай Японд дайрахад зүрчид, солонгосчууд цэргийн ихэнхийг бүрдүүлж байв.[xii] Хубилай Өмнөд Сүн улсыг даран сөнөөхөд цэргийн бүрэлдэхүүний дийлэнх нь умард Хятадыг хань үндэстнүүд байжээ.[xiii] Үүнээс гадна монголчууд алив хот балгадыг эзэлсний дараа дархчууд, зэвсгийн мэргэжилтнүүдийг олзлон амийг өршөөж өөрсөддөө ажиллуулдаг байв.

Олон үндэстний эрчүүдийг, тэр дундаа дайсагнагч талынхныг өөрийн цэрэгт татан амжилттай байлдаж чаддаг байсан нэг нууц нь дайны олзын тэгш хуваарилалт юм. Алив хот балгад, газар нутгийг эзэлсний дараа дайны олзыг бүх цэрэгт хүртээдэг “шударга” зарчим нь Чингисээс хавьгүй өмнө талын нүүдэлчдийн дунд тогтсон хатуу зарчим байлаа.

[i] Марко Поло Орчлонгийн элдэв сонин (Улаанбаатар 1987) [Livre des Merveilles du Monde;  The Travels of Marco Polo]

[ii] Карпини, Плано Монголчуудын түүх (Улаанбаатар 1988) х-54 [Giovanni da Pian del Carpine  Ystoria Mongalorum]

[iii] Spence, Jonathan. D. Self Portrait of K`an-hsi  (Vintage books 1988)

[iv] Maron, Jerzy Legnica 1241 (Warszawa Bellona, 2008) p-61

[v] Hoang, Michel Genghis Khan (Saqi Book, London 1990)

[vi] Потто, В.А. Кавказская война в отдельных очерках, эпизодах, легендах и биографиях: в 5 томах. (2-е изд.) (СПБ., 1887-1889)

[vii] May, Timothy The Mongol Art of War (Westholme Yardley. 2007. pp-32)

[viii] Maron, Jerzy Legnica 1241 (Warszawa Bellona 2008) p-52-54

[ix] Мэндсайхан, З., Ариунаа, З., Пүрэвжав, М., Эмт ургамал (NEPKO publishing 2016) х-136-146 [Mendsaikhan, Z., Ariunaa, Z., Purevjab, M. Medicinal herbs]]

[x] Hoang, Michel Genghis Khan (Saqi Book, London, 1990)

[xi] Severin, Tim In Search of Genghis Khan (Athenium New York, 1992) pp-170

[xii] Allsen, Thomas.T Mongol Imperialism (University of California Press, Berkeley, 1987) pp-189-210

[xiii] Waterson, James .Defending Heaven: China`s Mongol Wars. 1209-1370 (Pen and Sword Books Limited. 2011)

Б.Баабар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2 цаг 12 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2 цаг 34 мин 1924 оны Үндсэн хууль 4 цаг 15 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 4 цаг 25 мин Энгийнийг ухаалгаар 4 цаг 32 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 6 цаг 1 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 7 цаг 13 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 7 цаг 27 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 7 цаг 34 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 8 цаг 40 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 9 цаг 1 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 22 цаг 3 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв
Top