x

С.Ганбаатар: 2018 онд багтаж УИХ-ыг тараана

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд МАХН-ын бага чуулган болж, намын даргаа өөрчилсөн гэнэ, МАХН хоёр хуваагдсан гэнэ гэх дуулиан тараад байна. Та төрийн ордонд болсон намынхаа хуралд оролцсон уу?

-МАХН-ыг хагараасай, бутраасай, хуваагдаасай гэсэн хүсэл мөрөөдөл МАНАН-гийн олигархи бүлэглэлүүдэд асар их байгаа. Тэд мөрөөдлөө л ярьж байна. Тэдний захиалгаар МАХН хоёр хуваагдсан, даргаа сольсон мэтээр харагдуулах, өөрийгөө даргаар тавиулах жүжгийг О.Баасанхүү, н.Бямбасүрэн хоёр хийлээ. Одоо удахгүй МАН нууцаар хуралдаж О.Баасанхүүг МАН-ын даргаар тавилаа гэдэг мэдээ цацагдахад би лав гайхахгүй.

-Яагаад? МАН яах гэж О.Баасанхүүд намаа өгөх юм?

-Бид тэгвэл О.Баасанхүүд намаа өгөөгүй шт. Авсан юм шиг жүжиглэж бол хэн ч чадна.

-360 гишүүн төрийн ордонд шөнийн 12.00 цагт ороод намын даргынхаа төлөө саналаа өглөө гэдэг мэдээ яах аргагүй үзсэн дээ?

-360 гишүүн биш шүү дээ. Хаа хамаагүй хүмүүсийг автобусаар ачаад авчирсан л байхгүй юу.Тийм учраас жүжиг гэж хэлээд байгаа юм.

-Та тэгээд яагаад тэр хуралд оролцсон юм?

-Хурал биш шүү дээ, цуглаан. Би тэнд очиж тэр цугласан хүмүүст “Та нар минь МАХН-ын нэрийг барьсан ийм муухай, бузар булай, хуулийн үндэслэлгүй, дүрэм журамгүй юманд битгий оролцоорой” гэж хэлээд гарсан. Үүнийг сонсоод маш олон хүн тэр цуглааныг хаяж гарсан. Дүрмийн дагуу МАХН ирэх хоёрдугаар сард хурлаа зарлаад одоо бэлтгэл ажилдаа орчихсон шүү дээ. Үүнийг манай намын гишүүд мэдэж байгаа.

-Та жишээ нь тэнд тийм цуглаан болох гэж байна гэдгийг яаж мэдсэн юм?

-Би тэр өдөр нь сонсоод л очсон.

-Бусад хүмүүс хаанаас ямар мэдээлэл авсан юм бол?

-Мэдэхгүй.

-Намын даргаа солиход та байсан уу?

-Байгаагүй.

-Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаяр хэвээрээ байгаа гэсэн үг үү?

-Хэвээрээ байгаа.

-О.Баасанхүү МАНАН-гийн захиалгаар хийсэн гэж та яагаад гэж бодсон юм?

-Энэ олон хүнийг хөдөө орон нутгаас авчрахад, зочид буудалд байрлуулж, мөнгө төгрөг өгөхөд хэр их мөнгө орох вэ? Нэлээд хэдэн зуун сая төгрөг орсон байгаа шүү дээ.

-Орон нутгаас хүмүүс ирсэн юм уу?

-Ирсэн байх магадлалтай. “Христийн итгэгчдийн цуглаан болно” гэж хэлээд зах дээр явж байсан хүмүүсийг ачаад ирсэн гэдэг мэдээлэл бидэнд байгаа. Тэгээд “Баянгол” зочид буудалд байрлуулсан. Мар том ашиг сонирхлын төлөө асар их мөнгөөр хөдөлж байна гэдгийг ямар ч тэнэг хүн ойлгоно. Би АН, МАН-ын шударга гишүүдийг хэлээгүй шүү. Тийм учраас МАНАН гэж яриад байгаа юм. АН, МАН-ын дээр байгаа Тавантолгой, Оюутолгойд савраа шургуулчихсан бүлэглэлүүдийг хэлж байна. Нөгөө 30 гэр бүл гэж яриад байгаа биз дээ. Энэ хүмүүсийн амьдрах хугацаа дуусч байгаа. МАНАН Монголын ард түмэнд жигшигдэж амь тасарч байна. Тэд амьдрах хугацаагаа жаахан сунгая гэвэл дараачийн сонгуульд ялах магадлалтай МАХН-ыг хувааж, хүчтэй сайн лидер, удирдагчдыг нь үгүйсгэх хэрэгтэй. Үүний төлөө л тэд мөнгө төлж О.Баасанхүү, н.Бямбасүрэн хоёроор энэ хоёр өдрийн цуглааныг зохион байгуулуулсан гэж би хувьдаа бодож байна.

-“Баянгол” зочид буудалд байрлуулсан гэхээр одоогийн Ерөнхийлөгч ч гэсэн үүнд оролцсон гэж бодож байна уу?

-Мэдээж тийм. Энэ бол баримтаай, нотолгоотой зүйл. Энэ үйл явдал харин ч биднийг эв нэгдэлтэй, анхаарал сэрэмжтэй байхад түлхэц болж байна гэж би хувьдаа ойлгож байгаа.

-Циркэд бас ямар хурал болсон юм?

-Тэр бол манай намын удирдах ажилтны зөвлөгөөн болсон юм.Манай намын түмт, мянгат, зуут, аравтын дарга нарын болон идэвхтэн сонгуультнуудын улсын зөвлөгөөн болсон.

-Өнгөрсөн сонгуулиар та маш өндөр хувийн санал авсан. Гэвч санал хураалт болдог өдөр нэг факт гарсан, гадаадын иргэнээс 50 сая воннын хандив авсан гэж. Тэр яг юу болоод өнгөрсөн юм бэ? Та энэ талаар тайлбар хийгээгүй шиг санаж байна?

-Тайлбар хийгээгүй. Хийх ч үндэсгүй. Яагаад гэвэл бүх телевиз, хэвлэл мэдээллийн олон байгууллагууд, шүүх, цагдаа, тагнуулын байгууллага, СЕХ бүгд нөгөө хоёр том тэрбумтны гарт орчихсон байгаа шүү дээ. Би үндсэндээ хоёр том тэрбумтантай л өрсөлдсөн. Тэд ард түмнээс хандив гуйхгүй, яагаад гэвэл дээрэмдчихсэн, хулгайлчихсан. Би бол гуйдаг. Би найз нөхдөөсөө, ард түмнээсээ хандив авсан. Түүнээс биш мөнгө хулгшайлаагүй, дээрэмдээгүй. Гуйх бол хулгайлахаас хамаагүй дээ. Ингээд миний их олон жил найз гэж итгэж явсан хүнээр дамжуулж тэд мөнгө өгсөн. Хажууд нь гадаадын иргэн сууулгасан нь л гол байхгүй юу. Түүнээс биш би ерөөсөө хууль зөрчөөгүй, тэр гадаадаас аваагүй. Манай гэрт орж ирээд нөгөө хүнээ суулгаж байгаад бичлэг хийж байгаа юм. Түүнээс биш мөнгө авсан өгсөн юм байхгүй. Харин тэр монгол залуугаас мөнгө авсан шүү, би хаана ч тэрийгээ хэлж байгаа. Тэрийг гадаадын хүнээс авсан мэтээр харагдуулахаар бичлэг хийгээд гүйцэтгэх ажиллагаа явуулсан.

-ТЕГ-ынхан уу? Дээрээсээ зөвшөөрөл авч уу?

-Зөвшөөрөл авсан байх гэж бодож байна. Тэгээд би энэ талаар ТЕГ-ыг шүүхэд өгчихсөн байгаа. За тэгээд нэг нэгэндээ барьцаалагдчихсан улсууд олигтой шийдвэр гаргах болов уу даа, би нэг их итгэхгүй байна. Одоо бүр шүүхдээ, цагдаадаа итгэхгүй ийм л цаг үе ирсэн. Гэхдээ би шударга ёсны үүднээс шүүхэд гомдол гаргасаан.

-Танд ямар нэг байдлаар шүүхээс хариу өгсөн үү?

-Одоохондоо өгөөгүй байна. 

-Хэдэн сар хүлээж байгаа юм?

-Төрийн өндөр албан тушаалтны захиалгаар МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байгаа нэр дэвшигчийг хилсээр хэрэгт гүтгэж, тагнаж чагнана гэдэг бол төрийн эсрэг гэмт хэрэг. Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн хэрэг. Одоогоос хориод хоногийн өмнө шүүхэд өргөдлөө өгсөн.

-Ийм орой юу? Яагаад тухайн цагт нь өгөөгүй юм?

-Ийм юмтай зууралдах цаг зав гарахгүй байна шүү дээ. Байнга хөдөө явж байна. Гурав хоногийн өмнө л би Дорнодоос ирлээ.

-Ямар ажлаар явж байгаа юм?

-Баярлалаа гэдэг аянаар. Ард түмэндээ баярлалаа гэдгээ илэрхийлж бүх аймгаар яваад сая Дорнодод өндөрлөөд ирсэн.

-Ард түмэндээ баярлажээ, мэдээж. Харин түмнээ яаж баярлуулах вэ?

-Шинэ дээд үндсэн хуулиа баталж ард түмнийхээ төлөө зүтгэнэ дээ.

-Намар хэлэлцүүлэг нь яваад дууссан төсөл мөн үү?

-Мөн мөн.

-Танд хандив өгсөн хүнийг хуулийн байгууллага хайгаад олохгүй байна гэсэн. Хэн нь алга болсон юм бэ?

-Гадаадын иргэнийг цагдаагийн байгууллага хайгаад олохгүй байгаа. Монгол залууг бол би шүүх хуралдаанд гэрчээр оролцуулаач ээ гээд шүүхэд хүсэлт тавьчихсан байгаа. Шударга үнэнээ тогтоолгохын төлөө. Шүүхэд дуудаад ирдэггүй юм. 

-Та нийт хэдэн төгрөгийн хандив авсан бэ, өнгөрсөн сонгуулиар?

-Хоёр тэрбум гаруй төгрөгийн хандив цугларсан. Бүх тайлангаа ном ёсоор нь аудитын газарт хүлээлгэж өгсөн. Дундаж хандив 5000-10000 төгрөгийн дотор байсан. Ингээд хоёр тэрбум гаруй төгрөгийн хандив цугларсан нь шударгаар, ард түмнийхээ дэмжлэгийг авч өрсөлдөж болдог юм гэдгийг Монголын улстөрчдөд харуулсан гэж би бодож байна. Шинэ жишиг болсон.

-Хуулиараа иргэнээс бол нэг сая, байгууллагаас таван сая хүртэл төгрөгийн хандив авах эрхтэй байдаг билүү? 50 сая вонн гэдэг арай л их...

-50 сая вонн гэдэг маань 100 сая төгрөг шүү дээ. Манай намд хандив хүлээн авах эрх бүхий этгээд гэж байдаг. Тэр хүнд иргэд, намын гишүүд хандиваа аваачиж өгдөг. Тэр хүн хэдэн хүн хандив өгсөн, хэн өгсөн гэдгийг бүртгэж хүлээж аваад дараа нь зарцуулдаг. Хугацаа хэтэрсэн өр зээлтэй ч юм уу хүнээс бид хандив авах эрхгүй. Тэр эрх бүхий этгээд нь үүнийг тодруулдаг. Тэрийг нь тодруулах гэсэн чинь нөгөө хүн маань гадаад руу нисээд явчихсан, олдоогүй. Ингээд энэ мөнгө зарцуулагдаагүй учраас бид хууль зөрчөөгүй байхгүй юу. Уг нь их л олон жил бие биенээ мэддэг улс л даа. Одоо яая гэх вэ, монголчууд маань ядуу байна.  Мөнгөний төлөө юу ч хийхээс буцахаа байж. Дарханд намайг нэр дэвшиж байхад бас ийм юм болж байсан. Алтанцэцэг гэдэг хүн 10 мянган төгрөгийн хандив өгөөд тэрийг нь шалгах гээд иргэний үнэмлэхийг нь нэхтэл олдоогүй. Манай намынхан өөрсдөө хөөцөлдөөд шалгаад үзтэл ОХУ-ын иргэн болчихсон монгол хүн байсан. Бид энэ хүнээс нэг ч төгрөгийн хандив авах эрхгүй. 10 мянган төгрөг авахад л хууль зөрчдөг байхгүй юу. Тиймээс бид хандивыг нь орж ирсэн дансаар нь буцаасан.

-Бас зориуд зохион байгуулсан уу?

-Зориуд зориуд. Энэ бол сонгуульд анхлан нэр дэвшиж байгаа гэнэн маягийн хүмүүс дээр манай “акул”-уудын хэрэглэдэг арга. Би бол тийм гэнэн хүн биш шүү дээ. Сая ч гэсэн би гэнэдээгүй. Ганцхан гэнэдсэн мэтээр пиар хийсэн л байхгүй юу, манай өрсөлдөгчид. Нөгөө гадаадын хүн нь өөрөө гүйж очоод СЕХ-д “Би энэ хүнд хандив өгчихлөө” гэж хэлдэг гэнэ. Тэгэнгүүт нь СЕХ, ЦЕГ нь “Энэ хүнийг нэр дэвшигчээс хасахаас аргагүй боллоо” гэдэг мэдэгдэл хийж байгаа юм.

-Гэхдээ таныг нэр дэвшигчийн жагсаалтаас хасаагүй биз дээ?

-Сонгууль болоод өнгөрсний дараа хаслаа гэдэг шүүхийн шийдвэр гарсан шүү дээ. Сонгуулийг хүчингүй болгож дахин сонгууль явуулах гэсэн санаа.

-Хууль ёсны ч бай, хууль бус ч бай, дүрмийн хүрээнд ч бай, дүрмийн бус ч бай МАХН нам хоёр даргатай болчихлоо. Одоо яах вэ?

-Шүүх л шударга ажиллаж үүнийг шийднэ дээ.

-Танайх О.Баасанхүү нарыг шүүхэд өгнө гэсэн үг үү?

-Тэд өөрсдөө хууль бус хурлаа баталгаажуулах гэж шүүхэд хандах байх гэж бодож байна. Тамга тэмдэг бол Н.Энхбаяр дарга дээр байгаа. Шүүх өөрсдийгөө булшлахаар буруу шийдвэр гаргахгүй байлгүй дээ. Үүн дээр би нэг их санаа зовохгүй байна.

-МАНАН-гийн олигархи гээд байгаа нөхдийн хувьд МАХН-ыг хагалан бутаргах санаа байж магадгүй л дээ. Гэхдээ О.Баасанхүү яагаад үүнд оролцоно гэж? Харьцангуй залуу хүн шүү дээ, улс төрийнхөө карьерийг ингэж үгүй хийх үү?

-Мөнгө хүчтэй байна. Барьцаанд орчихсон байна. МАХН-ыг тарааж өгнө гэж амлалт авсан байна. Үүнийг би хэлээд байгаа юм биш. Ц.Нямдорж сайд чуулган дээр хэлсэн Бусдын гар хөл болохоо болиоч ээ гэж. Ц.Батзандан бас “О.Баасанхүү ТЕГ-ын гүйцэтгэх ажилтан болсон шүү” гэдгийг удаа дараа хэлж байсан. Энэ нь ч батлагдаж байна л гэж би бодож байна.

-Тагнуулынхан О.Баасанхүүгээр дамжуулж гишүүдийн талаар мэдээлэл цуглуулдаг гэсэн үг үү?

-Тийм.

-Тодорхой баримт бий юм уу?

-Байгаа. Ж.Батзандангийн хэлснээр бол О.Баасанхүү ТЕГ-ын дарга Б.Хурцын хонины хонхорт явж байдаг гэсэн. Энэ бол ноцтой мэдээлэл. Ц.Нямдорж сайд бол маш өндөр мэдээлэл дунд байдаг хүн. “УИХ дотор гүйцэтгэх ажил хийж, ТЕГ-ын гар хөл болохоо болиоч ээ” гэж өөрт нь удаа дараа хэлж байсан.

-Та өөрөөс нь энэ тухай асууж үзсэн үү?

-Өөрийн гэсэн толгойгүй болчихсон хүн шүү дээ. Түүнтэй ярьснаас эзэдтэй нь ярьчихсан нь бараг шулуухан байх аа даа.  

-Та сая SBN телевизээр “ХҮН намыг УДШ өлгийнд нь авсалсан” гээд ярьчихсан. Гэтэл хүмүүс таныг ХҮН намыг булшилсан гэж яриад байх юм билээ?

-Их цөөхөн хүн тэгж ярьж байгаа байх аа. Би уг нь ХҮН намын 100 хувь сонгогдсон дарга нь байгаа юм шүү дээ. Гэтэл бас нэг О.Баасанхүү шиг нөхөр гарч ирээд “Би дарга нь байгаа юм” гээд тамга тэмдэг булаацалдаад эхэлсэн. Тэрийг бас л МАНАН-гийн захиалгаар хийсэн. Надаас МАНАН-гийн луйварчид айдаг байхгүй юу. Айдаггүй байсан бол илүүдээ гарсан биш, ингэж их мөнгөө үрэх үү? Тэгээд бид хоёрын хэн нь дарга вэ гээд шүүх дээр очсон чинь “ХҮН намыг сонгуульд оруулахгүй ээ” гэдэг шийдвэр гаргасан. Миний хувьд дарга цэрэг болъё гэж ерөөсөө боддоггүй. ХҮН намын сайхан залуучуудыг улс төрд замчилж гаргаж ирье л гэж бодсон. Би тэр үедээ УИХ-ын гишүүн, ард түмний дэмжлэгээр хамгийн өндөр рейтингтэй улстөрчдийн нэг байлаа. Энэ бүх зүйлээ тэр залуучуудад зориулахыг л хүссэн. Тэгээд сайн дураараа намын даргын тамгаа тэр залууст өгсөн.

-Тагнуулын гүйцэтгэх ажил гэж юм эрээгээ алдлаа. Сүүлдээ Ерөнхий сайдаа, Шадар сайдаа, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ, УИХ-ын гишүүдээ хүртэл тагнаж чагналаа гэх шиг. Тэгээд тэр нь шүүхээр шийдэгддэг нэг ч тохиолдол байдаггүй. Хуулийн байгууллагын энэ зах замбараагүй дур зоргыг яаж хазаарлах вэ?

-МАХН УИХ-ын сонгуульд олонхи болсноороо шүүгчдийг ард түмнээс сонгодог болно оо. Шүүгчдийг “овтшаар”-ууд өөрсдөө сонгож болохгүй. Манай намын боловсруулсан Шинэ дээд Үндсэн хуулийн нэг гол зорилго нь энэ улстөрчдийг шүүдэг шүүгчдийг улстөрчид өөрсдөө тавихгүй ээ. Одоо бол УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гурав дархлагдсан хулгайч болчихоод байна шүү дээ. Манай шинэ дээд Үндсэн хуулийн гол онцлог нь бид өөрсдөө эрх мэдэлтэй болъё гээгүй, ард түмэнд эрх мэдлийг өгье л гэж байгаа. Шүүгч нарыг ард түмнээс сонгодог болъё. Сонгууль явуулна гэхээр л “илүү зардал” энэ тэр ярьж магадгүй. Тэгвэл тэрнээс илүү хулгай хийж байхад яагаад дуугүй байгаа юм. Яг ярих юм бол социализмын үед шүүгчдийг ард түмнээс шууд сонгодог байсан шүү дээ.

-Тэр ч нэр төдий байсан байх аа даа?

-Нэр төдий байсан байж магадгүй. Гэхдээ хууль нь тийм байсан. Одоо бол нэр төдий ч байхгүй болчихоод байгаа биз дээ.

-50 сая воннын асуудал сонгуулийн дүнд нөлөөлсөн болов уу?

-Нөлөөлсөн байж магадгүй ээ. Би 13000 саналаар илүү явж байгаад өглөө нь 1800 саналаар ялагдсан шүү дээ. Гэхдээ надад харамсах юм алга. Яагаад гэвэл би энэ олигархиудыг 200 гаруй тэрбум төгрөгөөр ард түмэндээ өглөг өгүүлж чадсан. Эд ард түмэндээ хайртай учраас өгөөгүй. С.Ганбаатарыг хайрлах ард түмний хайраас айсандаа өгсөн байхгүй юу. Хэрвээ би ийм хүчтэй өрсөлдөөгүй бол тэд ингэж айхгүй байсан. Айхгүй учраас өргөл өргөхгүй байсан.

-Сонгуулийн дүнд нөлөөлсөн байж болзошгүй бас нэг зүйл бол таны дипломтой холбоотой асуудал. Маш олон сургуульд сурсан мөртлөө ганц Хөдөлмөрийн дээд сургуулийн димломтой гэдэг нь. Та цаашид үргэлжлүүлж сурах тухай бодож байгаа юу?

-Сурах бодолгүй байна. Яагаад гэвэл надад хангалттай мэдлэг байна.

-Сонгууль нэгээр дуусахгүй шүү дээ. Ахиад ийм асуудал сөхөгдвөл яах вэ?    

-Ард түмэн намайг “Энэ их олон дипломтой, өндөр мэдлэгтэй юм гэнэ лээ” гэж дэмждэггүй юм шүү дээ. Энэ зөв сэтгэлтэй, үнэн байдаг, цуцахгүй няцахгүйгээр тэмцдэг гэж дэмждэг юм. Би Лондонд маш олон сургууль дамжиж сурсан. Төгсөөгүйгээ би хэлдэг, гэхдээ маш их мэдлэг хуримтлуулсан. Тэгвэл тэр олон докторууд, дипломтонгууд нь яагаад Оюутолгойн гэрээний талаар над шиг гаргалгаа гаргаж ирж чадахгүй байгаа юм. Хөдөлмөрийн дээдийн диплом наддаа хангалттай. Боловсрол хүнд юу өгдөг вэ? гэвэл өөртөө итгэх итгэлийг л өгдөг. Боловсрол хүнд диплом, хавтас өгдөггүй юм. Би энэ овтшааруудаас хангалттай илүү мэдлэгтэй.

-Тэр итгэлийг та хаанаас олж авсан. Үйлдвэрчний эвлэлийн дарга байхдаа юу? Иргэний хөдөлгөөнийг удирдаж байхдаа юу?

-Би Лондонд сурч байхдаа маш ихийг уншдаг байсан. Сайн багш нараар хичээл заалгасан. Би тэр үедээ диплом амьдралд ийм чухал гэж бодоогүй. Гэхдээ би таван дүүгээ Лондонд сургууль төгсгөж дипломтой болгосон. Өөрөө харин дотоодын дипломтой. Яагаад монголчууд дотоодынхоо дипломыг үнэлдэггүй юм.

-Тэгвэл сонгуулийн үеэр таныг боловсролгүй, дипломгүй гээд байхаар дүү нэрт тань эмзэг л байсан байх даа?

-Би зургаан дүүтэй, тав нь Лондонд сурсан. Би өөрөө аравдугаар ангиа улаан дипломтой төгссөн. Миний дүү нар ахыгаа их өрөвдсөн байх аа. Тэгээд өөрсдөө санаачлагаараа “Миний ах ийм ухаантай, ийм их ном уншсан. Та нар дотор К.Марксын “Капитал”-ыг, Адам Смитийг уншсан хүн энэ улстөрчид дотор байна уу?” гээд ахыгаа өмөөрөөд миний уншсан, эрээлээд тэмдэглэцэн баахан номуудыг харуулаад 20 минутын бичлэг хийгээд сошиал дээр тавьсан байсан. Тэрийг нь олон хүн үзээгүй л дээ. Гэхдээ л дүү нарын маань хийсэн зүйл нь надад сайхан байсан. Миний дүү нар ахаасаа болоод зовж зүдэрч, ажил төрлөөсөө хөөгдөж, ядарч зүдэрч яваа байх аа. Бүгдээрээ л төсөл, хөтөлбөр дээр орчуулагч энэ тэр хийгээд явдаг юм шүү дээ.

-С.Гантуяа дүү чинь Оюутолгойд ажиллаж байсан бил үү?

-Одоо гараад Англи явчихсан. Бас л ахыгаа дэмжээд “Монгол ажилчдын цалин ижил мэргэжил дээр ажиллаж байгаа гадаадын ажиллагсдаас 20 дахин бага байна” гэж тэмцээд, шүүхээр ялаад ажлаасаа гарсан. Над шиг байх хэцүү, миний дүү нар арыг нь даахгүй байх аа гэж би бас тэдэндээ байнга хэлж сануулдаг. Би улс төрөөс гараад, бизнесээ хийгээд явахад надад амралт л болно. Гэтэл намайг маш олон хүн хайрлаж итгэж дэмждэг байхгүй юу. тэдний итгэлийг би яах юм? Одоо дахиад нэг Ганбаатар шиг Оюутолгой, уул уурхайн  талаар тэмцдэг, ярьдаг улстөрчийг би болгоё гэвэл хэдэн жил шаардагдах бол. Энэ чинь хүмүүсийн итгэл, нийгмийн бүтээл шүү дээ. Түүнээс биш би дангаараа бий болчихсон юм биш.

-Та жишээ нь хэдэн жил зарцуулсан бэ?

-13 жилийг зарцуулсан.

-Хаанаас эхэлсэн?

-Эрс шинэчлэл хөдөлгөөнөөс

-Та түрүүнд “МАНАН амь тавьж байна” гэж хэлсэн. Гэтэл үнэндээ МАНАН үгүй болох биш, өөр шинэ МАНАН бий болох гэж яараад, бий болчихоод байгаа юм биш үү?

-Тэгвэл тэрнээс салах боломж нь бид байна. МАХН-д хүмүүс итгэх ёстой.

-Саяны сонгуулиар МАХН нийт сонгогчдын 30 гаруй хувийн санал авсан. Өмнө ийм өндөр санал авсан удаа байхгүй байх аа. 10-11 хувиас хэтэрч байгаагүй.

-Тэрийг би мэдэхгүй байна. Гэхдээ энэ бол олон жил гадуурхаж хавчигдсан ард түмний, манай намын гишүүдийн тэмцлийн үр дүн. Харин үүнийг хэлбэршүүлж, биежүүлэхэд нь би хүчин зүтгэсэн үү гэвэл зүтгэсэн. Зөвхөн МАХН-ын биш, МАН, АН-ын шударга гишүүдийн хүчин зүтгэлээр энэ үр дүн бий болсон.

-Дараачийн зорилго юу вэ?

-Монголоо аварна.

-Яаж?

-2018 онд УИХ-ыг тараана. Дараачийн УИХ-д МАХН олонхи болж шинэ дээд Үндсэн хуулиа батална. Оюутолгойн гэрээг шударгаар өөрчилнө.

-Оюутолгойн гэрээ байгуулагдаад бараг 10 жил боллоо. Одоо Оюутолгойгоо орхиод дараачийн том төслүүдээ бодвол яасан юм бэ? Оюутолгой бол нэг л төсөл шүү дээ?

-Хэрвээ Оюутолгойг хаявал бусад нь бүгд жишиг болдог байхгүй юу. Тийм учраас хаяж болохгүй. Тэмцэж байгаа би халшраагүй байхад харж байгаа та нар яагаад халшраад байгаа юм. Оюутолгой бол хамгийн том проект. Оюутолгой шиг том проект цаана нь байхгүй шүү дээ. Тавантолгойг муу ч, сайн ч үндэсний компани авчихсан байгаа. Гэхдээ би Тавантолгойг шүүмжилэг. Оюутолгойг бол гадныхан авчихсан. А.Эйнштэйны хэлсэн нэг үг бий. “Муу улстөрчид байгаа учраас манай орон ийм бөөлжис цутгамаар байгаа юм биш ээ. Муу улстөрчдийн талаар жирийн хүмүүс бид юу ч хийхгүй байгаа учраас манай орон ийм байгаа юм” гэж дэлхийн нэгдүгээр дайн дууссаны дараа хэлж байсан. Жирийн хүмүүс Оюутолгойн гэрээн дээр юу ч дуугарахгүй байгаа учраас ийм байгаа юм. Анх гэрээ хийх гэж байхад л “Гоё юм болох гээд байхад яагаад тэмцээд байгаа юм бэ” гэсэн. Одоо болохоор “Нэгэнтээ болоод өнгөрчихсөн юмны араас яах гээд тэмцэээд байгаа юм бэ” гэдэг. Оюутолгойд нийт 300 тэрбум ам.долларын баялаг байгаа. Одоо дөнгөж долоон тэрбум гарчихаад байна. Дахиад 97 хувь нь газар дороо байгаа. Хүн болгон Оюутолгой дээр дэрхийтэл босвол Оюутолгой Монголынх болно. А.Эйнштэйны хэлсэн бас нэг үг бий. Миний амьдралын 99 хувь нь тэнэгүүдтэй тэмцэхэд зарцуулагдлаа гэж. Магадгүй ээ магадгүй, миний амьдралын 99 хувь энэ овтшаарууддаа тэмцэхэд зориулагдлаа гэхэд би харамсахгүй.

-Та хуучин бизнесээ хийж байгаа юу?

-Одоохондоо хийхгүй байгаа. Гэхдээ бага ч гэсэн бизнестэй болох бодол байна аа. Зүгээр суугаад байж болохгүй шүү дээ, амьдрал, ар гэрээ авч явах хэрэгтэй.

-Улс төрд мөнгөтэй хүн орж ирэхээр нэг бурууддаг. Мөнгөгүй хүн орж ирэхээр бас “тэрний, энэний гар хөл” гэж хардагддаг. Алинаар нь ч явах ёстой юм? Дан ганц ёс суртахуунд найдах уу?

-Улстөрч хүн бизнесгүй л байвал сайн. Яагаад гэвэл улс төрд явж байгаа хүн бизнес хийхэд жирийн иргэнээс 10 дахин давуу талтай шүү дээ. Тэр хүнд зээл олдоно, хангалттай тендер, хангалттай контакт олдоно, хангалттай мэдээллүүд нь байна. Улстөрч хүн бизнес хийснээрээ үргэлж бусдын боломжуудыг хулгайлж байдаг учраас ёс зүйн хувьд сайхан юм биш. Англид жишээ нь улстөрч хүн хувийн машин унаж болохгүй гэсэн жишиг байдаг. Яг хуульчлаагүй л дээ, гэхдээ л тэд унадаггүй. Олон түмний үйлчлэгч юм бол олон түмний унаагаар явах ёстой гэж үздэг. Таксийгаа олон түмний унаа гэж үздэг. Черчилийн нэг алдартай зураг байдаг шүү дээ. Лондон каап гэж хар таксинаас бууж байгаа. Би улстөрч хүн ядуу бай гээгүй. Гэхдээ нэгэнт түмний төлөө үйлчилнэ гэсэн бол тодорхой хэмжээгээр эрх нь хязгаарлагдаж байх ёстой.

-Гэхдээ хүн л юм чинь ард нь амьдрал байна. УИХ-ын гишүүний цалин гэхээр нөгөө нэг сая 800 мянган төгрөгөө л хасна, хасахгүй гэсэн хэрүүлээ хийдэг. Та УИХ-ын гишүүн байсан хүн. Энэ мөнгөөр танай гэр бүлийн амьдрал жишээ нь хангалттай хүрэлцэх үү?

-Хангалттай авч явсан. Мэдээж элбэг дэлбэг биш л дээ. Хоёр өрөө байрандаа хоосон хонохгүй амьдраад л байсан. Гишүүн болохоосоо өмнө 13-р хороололд хоёр өрөө байртай байсан, одоо ч тэндээ амьдарч байгаа. Үнэнийг хэлэхэд Оюутолгойн гэрээг шударгаар өөрчлөх л юм бол УИХ-ын гишүүний цалинг 18 сая төгрөг болгож болно. Монголчууд нийтээрээ баяжина. Би жишээ нь энэ нэг мөчиг тачиг амьдралдаа дурлаад улс төрд яваад байгаа юм биш. Сайн дураараа, дурлаж хийж байгаа ажил байхгүй юу. Олон түмний төлөө сэтгэл зүрхээ зориулж зүтгэнэ гэдэг мөнгө олохоос илүү гоё ажил.

-Үйлдвэрчний эвлэлийг удирдаж байхад ямар байсан?

-Би хоёуланд нь чин сэтгэлээсээ ажилласан. ҮЭХ-ны ерөнхийлөгч гэдэг карьерийг би амь оруулсан. УИХ дахь бие даагч гишүүний статусыг өргөж өгсөн. Энэ УИХ-д чинь дандаа  бие даагчдыг сонгоод байвал яасан юм бэ гэдэг яриа хүртэл гардаг байсан шүү дээ, намайг УИХ-ын гишүүн байхад.

-Даанч тэгж болохгүй юм даа. Болохгүй гэдгийг нь та  бас хэлж байсан биз дээ. 76 бие даагч гараад ирвэл парламент юу болох вэ?

-Хэлж байсан, хэлж байсан. Миний хэлэх гэсэн санаа бол хүн ямар ч ажил хийсэн бай тэрэндээ сэтгэлээ өгч ажиллах ёстой. АН, МАН-д ород ирээч ээ, сайдын албан тушаал өгье гэлээ гээд л сонингоор шуугидаг байсан. Яагаад гэвэл тийм яриа болдог л байсан байхгүй юу. Аргаа бараад “МАНАН-д орсноос үхсэн нь дээр” гэж мэдэгдэл хийж байж энэ яриа зогссон шүү дээ. Тэгэхгүй бол сар болоод л МАН-д орох нь, дараа нь АН-д орох нь гэсэн яриа гардаг. Яг амьдралаа бодвол сайдын албан тушаал аваад л явчихна биз дээ. Даанч тэгж болохгүй. Сүнсээ тэгж худалдахгүй. Одоо ч гэсэн МАХН-ын дэд даргын ажилд сэтгэлээ өгч ажилладаг.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2 цаг 43 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 3 цаг 5 мин 1924 оны Үндсэн хууль 4 цаг 46 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 4 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар 5 цаг 3 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 6 цаг 32 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 7 цаг 44 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 7 цаг 58 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 8 цаг 5 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 9 цаг 11 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 9 цаг 32 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 22 цаг 34 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top