Монголоор “тархи угаалт” гэх үг бол англи хэлний “brainwashing” гэх үгийн буулгалт. Харин “brainwashing” бол хятад хэлний “洗腦” гэх үгийн буулгалт байдаг. Энэ үг АНУ-ын CIA буюу тагнуулын төв газраас солонгосын хойгийн дайнд олзлогдсон америк цэргүүдийн үзэл бодлын өөрчлөлтийн талаарх судалгааны илтгэлд анхлан хэрэглэгдэж, түүний дараа сэтгүүлч Эдвард Хантер Хятадын коммунист нам (ХКН)-ын тархи угаах технологийн талаар ном бичсэнээр олонд дэлгэрсэн гэдэг.
Солонгосын хойгийн дайны тухайн үед, америкийн цэргийн удирдлага олзлогдсон цэргүүд нь олноороо богино хугацаанд коммунизмд тархиа угаалгаад байсанд гайхширан шаналаад байж. Өнөөдөр тэр үеийн ХКН ямархуу тархи угаах технологи хэрэгжүүлж байсан нь нэгэнт тодорхой болжээ.
Хэн нэгний үзэл бодол, итгэл үнэмшил хийгээд идеологийг өөрчлөхийг зорих үед, бидний ердийн ухаанаар бол үзэл бодлыг нь үгүйсгэн няцааж ятгах ч юм уу, эсвэл тамлан зовоож тулгахгүй л бол барагтай бол өөрчлөгдөхгүй гэж баримжаалах болов уу. Тэгтэл ХКН-ын хэрэгжүүлсэн арга нь түүнээс тэс өөр зүйл байжээ. Тэд олзлогдсон америк цэргүүдээр “Коммунизмд ч бас сайн тал бий” гэсэн хялбархан тэмдэглэл бичүүлээд, шанд нь тамхи, амттан мэтийн шалихгүй өчүүхэн зүйлс өгдөг байсан гэнэ. Ердөө л иймхэн үйлдлийн үр дүнд америкийн олзны цэргүүд ээлж дараалан коммунизм руу ханаралдан урвах нь тэр.
Энэхүү тархи угаах технологийг эгэл бидний хар ухаанаар шүүвэл байж боломгүй учир битүүлэг гэж санагдах вий (эсвэл та цааш уншихаа түр азнаад өөрийнхөөрөө тайлбарлах гээд үзээрэй). Үзэл бодол, итгэл үнэмшлийг нь өөрчлөхийн төлөө шан өгнө гэдэг бол нэг ёсондоо “үзэл бодол, итгэл үнэмшлийг нь хахуульдан авч буй хэрэг” тул их хэмжээний шан харамж л биш бол үр дүн гарахгүй юм шиг санагдана. Гётегийн “Фауст” жүжигт, доктор Фауст үхлийн дараах “сүнсээ худалдана” гэсэн нөхцлөөр энэ насны бүхий л жаргал цэнгэлийг эдэлнэ гэсэн гэрээг Мефистофель чөтгөртэй хийдэг. “Сүнсээ худалдах” гэдэг бол үзэл бодол, итгэл үнэмшлээ худалдаж буй явдал тул, түүний төлөө “энэ насны бүхий л жаргал цэнгэл” гэх дайны шан харамж л авахгүй бол тооцоо нийлэхгүй байсан биз. Харин тэгтэл америкийн олзны цэргүүд үзэл бодол хийгээд итгэл үнэмшлээ өөрчлөхийн төлөөнөө ердөө л тамхи бохь төдийхөн авчээ. Тэгвэл үүнийг чухам хэрхэн ойлгох ёстой вэ?
Энэхүү үл ухагдам үйл явдлыг танин мэдэхүйн үл нийцэл (cognitive dissonance) гэх онолоор тайлбарлаж болно. Танин мэдэхүйн үл нийцэл гэх онолын хүрээн дотор америкийн олзны цэргүүдийн дотор ямархуу сэтгэлзүйн процесс өрнөснийг тайлбарлах гээд үзье. Эхэндээ тэд өөрсдийгөө Америкт төрж өссөн бөгөөд коммунизмыг дайсан гэж үздэг байсан. Тэгтэл дайсандаа олзлогдож, коммунизмыг өмгөөлсөн тэмдэглэл бичнэ. Энэ үед бялхсан тансаг шан харамж авсан бол “Тансаг шан харамж өгсөн болохоор арга буюу тийм юм бичсэн” гэх байдлаар “үзэл бодол, итгэл үнэмшилдээ харшлах зүйл бичсэн”-ээс үүдэх стресс бачуурлаа аргадан цайруулж чадах байсан биз. Гэтэл бодитоор авсан шан нь тамхи бохь мэтийн даанч шалихгүй зүйлс. Тийм зүйлс “үзэл бодол, итгэл үнэмшилдээ харшлах зүйл бичсэн”-ээс үүдэх стресс бачуурлыг аргалахад даанч хангалтгүй. Стрессийн уг үндэс гэвэл “Коммунизм бол дайсан” гэх итгэл үнэмшил ба “уг итгэл үнэмшилдээ харшлах юм бичсэн” гэх хоёр фактын дунд үүсэж буй “үл нийцэл” тул энэхүү үл нийцлээ арилгахын тулд аль нэгийг нь өөрчлөхгүй бол болохгүй. Тэгтэл “итгэл үнэмшилдээ харшлах тэмдэглэл бичсэн” гэх факт нэгэнт болсон явдал учир өөрчлөх аргагүй. Өөрчилж болох нь зөвхөн “Коммунизм бол дайсан” гэх итгэл үнэмшил тул түүнийгээ “Коммунизм бол дайсан хэдий ч, түүнд сайн тал ч бий” болгож өөрчлөх байдлаар “хийсэн зүйл” болон “итгэл үнэмшил” хоёрын дундаас үүссэн үл нийцлийн хэмжээг багасгаж болно. Энэ бол америкийн олзны цэргүүдийн тархин дотор өрнөсөн процесс юм. Дашрамд хэлэхэд, Леон Фестингер танин мэдэхүйн үл нийцэл гэх энэ онолоо анхлан зарласан нь солонгосын дайны дараах явдал тул, ХКН тэрхүү тархи угаах аргыг өөрсдөө бодож олжээ гэсэн үг. Хүний мөн чанарыг ажиглан шинжсэн тэдний хурц ухааныг гайхан дуу алдмаар.
Бид бүхэн ердийн үед “Хүсэл зориг үйл хөдлөлийг удирдан чиглүүлдэг” гэж эгэлээр мэдэрдэг авч, бодитоор учир шалтгааны холбоо нь эсрэгээрээ байдаг хэмээн уг онол илэрхийлдэг. Гадаад орчны нөлөөгөөр эхлээд үйлдэл хийгдэж, түүний хойноос хийсэн үйл хөдлөлд тохируулан хүсэл зориг хэлбэржин бүрэлддэг гэсэн үг. Нэг ёсондоо хүн гээч нь “логикоор үйлддэг амьтан” бус, харин араас нь “логиктой болгодог амьтан” юм гэсэн шинэ дүгнэлтэд Фестингер хүрсэн учиртай.
Танин мэдэхүйн үл нийцэл онолоо бататгахаар Фестингер дараах туршилтыг хийжээ. Туршилтад оролцогчдод залхмаар уйтгартай ажлыг урт хугацаагаар хийлгэсний дараа “Туршилт ингээд дууслаа, өнөөдөр туслах маань амарчихсан тул та дараагийн хүнийг дуудаад өгөөрэй. Тэгэхдээ та сонирхолтой туршилт байсан гээд дамжуулаад өгөөрэй” гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл “худал хэл” гэж буй хэрэг. Үнэндээ бол дараагийн хүн нь өгөөшний хүн бөгөөд туршилтад оролцогчийг худал хэлэх эсэхийг хянана. Эцэст нь туршилтад оролцогчоос ажлын агуулгын талаарх сэтгэгдэл бичих анкетыг бөглүүлснээр туршилт дуусна.
Энэ үед, оролцогчдыг 2 групп болгон ангилав. Нэг дэхь группийнхэн туршилтад оролцсоны урамшуулал болгож 20 доллар авсан бол, хоёр дахь группынхэн ердөө 1 доллар авав. Тэгэхээр ийм нөхцөлд ямархуу үр дүнг тааварлах боломжтой вэ?
“Залхмаар уйтгартай ажил байсан” гэх сэрэл мэдрэхүй (буюу танин мэдэхүй) болон “ёстой сонирхолтой байсан” гэх худал хоёр нь зөрчилдөх тул эндээс танин мэдэхүйн үл нийцэл үүснэ. Нэгэнт худлаа хэлчихсэн фактаа үгүйсгэж чадахгүйгээс хойш үл нийцлийг хөнгөрүүлэхийн тулд “залхмаар ажил байсан” гэх сэрэл мэдрэхүйгээ өөрчлөхөөс өөр аргагүй.
Үүн дээр өндөр урамшуулал авсан байвал үл нийцэл бага мэдрэгдэх учиртай. Тааламжгүй зүйл болсон ч гэлээ “мөнгөний төлөө юм чинь” гээд бодчиход л арай зовиур багатай шүү дээ. Гэтэл шалихгүй урамшуулал авсан тохиолдолд худал хэлснээ зөвтгөх нь хэцүү болж ирэх тул “залхмаар ажил байсан” гэх сэрэл мэдрэхүйгээ өөрчлөх өдөөлт илүүтэй хүчтэй илэрч таарна.
Фестингерийн үр дүн ч бас дээрх логикийн дагуу буюу бага мөнгө авсан 2 дахь группийн хүмүүсийн “зугаатай ажил байлаа” гэж анкетад хариулсан хувь хэмжээ өндөр гарчээ. Хар ухаанаар бодоход, хүнээр ажил хийлгэхдээ бид ахиухан юм өгчихвөл хаа хаанаа сэтгэл ханамж өндөр үлдэх байлгүй гэх хандлага элбэг байдаг ч, Фестингерийн туршилтын үр дүнг харвал заавал ч тийм биш бололтой юм.
Болсон факт ба танин мэдэхүйн хооронд үүсэх үл нийцлийг арилгахын тулд танин мэдэхүйгээ засаж өөрчлөх. Энэ бол хүн хоорондын харилцаанд ч элбэг ажиглагддаг яриа. Тоож ч хараагүй залуугаас элдэв янзын заавар зөвлөгөө аван туслуулж явтал нэг мэдэх нь ээ таалагддаг болчихсон мэтийн яриа бол байдаг л амны зугаа. “Огт дуртай биш” гэх сэрэл мэдрэхүй ба “тусалж дэмжиж өгсөн” гэх бодит факт хоёроос үүсэх үл нийцэл. Туслуулсан гэх фактыг үгүйсгэж чадахгүйгээс хойш, үл нийцлийг арилгахын тулд “Дажгүй ч залуу юм уу” гээд сэтгэлээ зассан нь илүүтэй өөрт амар. Ингэж л харь элгийн танихгүй залуугаар элдвээр заалгаж зааварлуулан, эхэндээ тээршаан бодож байсан эмэгтэй хэсэг хугацааны дараа хайранд хавхлагдаж буй нь тэр.
Ойр тойрныхоо нөлөөнд орсноор бодол сэтгэлгээ өөрчлөгдөж, түүний үр дүнд үйл хөдлөл ч өөрчлөгддөг гэж эгэл бид итгэдэг. Хүн бол субъектив оршихуй, ухамсар үйл хөдлөлийг удирддаг гэх бие даасан хүний тухай бидний нийтлэг төсөөлөл. Гэтэл энэхүү хүнийг үзэх үзлийг үгүйсгэж, нийгмийн шахалт нөлөө эхлээд үйлдэл хийхэд хүргэж, дараа нь хийсэн үйлдлээ зөвтгөж хамгаалахын тулд бодол сэрлээ нийцүүлэн зохьцуулдаг нь хүний жинхэнэ төрх юм аа хэмээн Фестингер нотолсон нь энэ ажээ.
Хүн бид дор бүрнээ үзэл бодол, итгэл үнэмшил бүхий бие даасан оршихуй бус, ердөө л тийм гэж итгэх дуртай харалган тархины эзэд гэдгийг хүлээн зөвшөөрөх даанч гунигтай. Хэрэв тийм бол улс төрийн болоод үзэл бодлын эрх чөлөө хэмээн ардчилалд тунхагладаг тэр суурь эрхүүд ачир дээрээ хэлбэр төдий лоозон болж таарах уу?! Нийгэм даяаршихын хэрээр, технологи хөгжихийн хэрээр, эгэл бид улам бүр утсан хүүхэлдэй шиг болчихгүй байгаа?! Эсвэл амьдраад үхэхийн хооронд хамаа ч юм болов уу...
Томё Бодё /baabar.mn/
Сэтгэгдэл (1)