-Гарах уу?
-Гадаа байна.
-Гарах уу?
-Гадаа байна... Ийм нэг хошигнол сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр инээдэм, эмгэнэл дагуулж байна. Мөнөөх Л.Оюун-Эрдэнэ сайдын тойрогтоо бариулсан “Андлалын хөшөө” буюу Тэмүүжин, Боорчи нарын нэрийг зээлдсэн дурсгалын цогцолбортой холбоотой. Хөшөөнд буусан хоёр андын төрх нэг иймэрхүү харагдаж байна гэсэн үг л дээ.
Цааш нь хөшөөг бариулсан шалтаг шалтгаан, ажлын гүйцэтгэл, төсөв мөнгөний талаар бол яриад ч хэрэггүй. Хэнтий аймгийн Батноров суманд бариулсан энэ хөшөө нь хоёр жилийн дотор улсын төсвөөс хоёр тэрбум төгрөг “уужээ”.
Уг хөшөөний ур хийц, төсөв хөрөнгийн талаар өнгөрсөн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд өрнөсөн шүүмжлэлийн хариуд Л.Оюун-Эрдэнэ сайд өөрийн пэйж хуудсаар /дэмчигчдийн хуудас нэртэй/ дамжуулан өөрийг нь “харлуулах, доромжлох зорилготой компанит ажил өрнөж байна. Өөрсдийн эрх ашиг, шуналын төлөө эх орныхоо баялаг, том төслүүдийг хувааж идэн “сэтэртэй мал” шиг болсон эрх мэдэл, ямбыг нь зоригтойгоор илчилж, ард иргэдийн дэмжлэг, итгэлийг авсны төлөө түүнийг харлуулахаар хамаг арга залиа хэрэглэж байна” гэх мэтээр өөрийгөө өмгөөлсөн байна.
Хэрэвзээ тийм бол хөшөөний өнгө төрх, ажлын гүйцэтгэлийг шүүмжилсэн жирийн иргэд биш, харин түүнийг барьж байгуулсан нөхөд л Л.Оюун-Эрдэнэ сайдыг жинхэнээсээ доромжилж, захиалгатайгаар харлуулсан бололтой. Гэтэл тэднийгээ биш, манийгаа зуудаг нь юуных вэ? Анхны гаргасан загвар болоод одоо бий болсон хөшөөний өнгө төрхийг харьцуулаад нэг харчихаарай л даа. Үүнээс илүү доромжлол гэж хаа байх вэ. Өнгөрсөн хавар уг хөшөөний зураг олон нийтийн сүлжээгээр тарсны дараа соошл хэрэглэгчид “Эм хүний умайд зориулж хөшөө босгов” хэмээн элэглэж байсан билээ.
Өөр бас нэг “цементэн овоолго” Л.Оюун-Эрдэнэ сайдын санаачилгаар Хэнтийд боссон нь Биндэр сумын нутагт барьж байгуулсан “Их хуралдай-Орд өргөө” цогцолбор...
2019 оны 12-р сар Хэнтий аймаг Биндэр сум
Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч: “Мөнх Өргөө” ХХК
Зураг төслийн автор: “Хот Төлөвлөлтийн Хүрээлэн” ХХК
Захиалагчийн хяналтын байгууллага: Хэнтий аймгийн ГХБХБГазар
Гэрээний дүн: 1 995 328 603 төгрөг
1,9 тэрбум төгрөгөөр барьж байгуулан “дуусаагүй барилга” гэсэн ангиллаар улсын комисс өнгөрөгч онд хүлээж авсан уг барилгын гүйцэтгэл нэг иймэрхүү. Улсын комисс хүлээж авсан гэдэг нь одооноос уг обьект орон нутгийн өмчид шилжсэн тул Л.Оюун-Эрдэнэ сайдад хамааралгүй болсон гэсэн үг. Мөн барилгын гүйцэтгэлийг төсвийн хөрөнгөөр үргэлжлүүлэн хийх юм байна. Яг нөгөө “Женко” Баттулгын 280 сая доллар /700 орчим тэрбум төгрөг/ элсэнд булсан төмөр замын төслийг өнөөдөр төсвийн мөнгөөр дахин хийж байгаа шиг.
2018 оны намар анх УИХ дээр Хэнтий аймагт барих дурсгалын цогцолборын төсвийн асуудал яригдаж байх үед гишүүдийн дунд “Эдийн засаг хүнд байна, хөшөө дурсгалаа болиоч ээ” гэсэн санал гарч, эдийн засагчдын зүгээс ч нэлээдгүй шүүмжлэл өрнүүлэхэд тухайн үед ЗГХЭГ-ын дарга байсан Л.Оюун-Эрдэнэ гишүүн Байнгын хорооны хуралдаан дээр “Гурван үсэгтэй компанийн гар хөл болсон нөхөд аятайхан байгаарай” хэмээн заналхийлж байсан билээ. “MCS”-ийн гар хөл хэмээн нийгмийн дайсан болохоос зүрхшээсэн нөхөд хэлээ тас хазан төсвийг нь баталж өгсний гор өнөөдөр ингэж гарч байна. “Төсвийн мөнгө уйлдаггүй” гэдэг дээ.
Өнөөдөр ч гэсэн Л.Оюун-Эрдэнэ сайдын талаас соошлаар явуулж буй хариу дайралтаас харвал Хэнтийд босгосон “цементэн овоолгуудыг” харсан, үзсэн хүн бүр “эх орноо хувааж идсэн” урвагчид, нийтийн дайсан болж байгаа юм байна. Бариулсан цогцолборынх нь сайн, муугаас илүүтэй түүнийгээ зөвтгөж байгаа сайдын үг, үйлдэл илүү ой гутам байна. Хэрэг иймдээ тулсан болохоор нийтээрээ тэр “гурван үсэгтэй” компанийнх “гар хөл” гэгдээд Л.Оюун-Эрдэнэтэй жинхэнээсээ нэгийгээ үздэг ч юм уу?
Б.СЭМҮҮН
Сэтгэгдэл (4)