“Монголын эдийн засгийн чуулган-2018” Төрийн ордонд эхэллээ. “Хүчээ нэгтгэе” уриан дор болж байгаа энэ чуулганаар төр, хувийн хэвшил хамтран эдийн засагт тулгамдаж байгаа асуудлуудаа ярилцан гарц, шийдэл хайж, бодит үр дүн гаргахыг зорьж байна.
Нэгдсэн дөрөв, салбар 12 хуралдаанаар:
Засгийн газраас баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх бодлого,
- Халамжаас бүтээмж рүү, Хөдөө аж ахуйн хөгжил-Хөрөнгө оруулалт,
- Цахим шилжилт-Блокчэйн, Санхүү, хөрөнгийн зах зээлийн өнөөдөр ба ирээдүй,
- Хариуцлагатай уул уурхай-Хүртээмжтэй өсөлт, Мега төслүүд ба төрийн өмчит компаниуд, Хувьчлалын бодлого,
- Аялал жуулчлал-Агаарын тээвэр
- Бидний үнэт зүйлс, ёс зүй ба нийгмийн зөвшилцөл
- Улаанбаатар хотын эдийн засаг-Хөрөнгө оруулалт
- Монгол Улсын Брэндинг
- Эргэх холбоотой, хариуцлагатай манлайлал зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Эдийн засгийн чуулганыг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг товчлон хүргэж байна.
- Бид өмнөх алдаа оноогоо дэнсэлж, цаашид бодлогоо зөв зүйтэй, тогтвортой авч явах вэ гэдгийг ярилцаж дотооддоо ойлголцон, шийдлүүдээ хэрэгжүүлж эхлэх нь маш чухал.
- Олон жил улстөржиж, талцан хуваагдсанаас болж эдийн засаг, нийгмээ савлуулсаар өдий хүрлээ. Итгэл үнэмшил арилж, эргэлзээ тээнэгэлзэл, хүлээлтийн байдалдаа цэг тавих цаг болсон.
- Бид дотооддоо бодлогоо, эрч хүчээ нэгтгэх цаг болсноор барахгүй бүр оройтчихоод байна.
- Бид урагшаа харж, өрсөлдөх чадвар бүхий эдийн засагтай, хамгийн сүүлийн үеийн техник, технологийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн, бүр манлайлж алхах нь туйлын чухал байна.
- Монголтой бизнес хийж болж байна, бизнес хийж болно гэдгийг гадны түншүүддээ тодотгож хэлье. Бид хуулийн хүрээнд асуудлаа шийддэг, байгуулсан гэрээгээ биелүүлдэг.
- Энэ оны эхний байдлаар худалдаа, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах салбар 35 хувиар өсч, эдийн засгийн бодит өсөлт 6.1 хувьд хүрч, гадаад валютын нөөц 3.2 тэрбум долларт хүрээд байна.
- Миний тэргүүлж байгаа Засгийн газар 2.8 их наяд төгрөгийн өрийг барагдууллаа. Энэ бол түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх нэг төрлийн амжилт. Үүнийг Та бид хамтдаа хийж чадсан.
- Бид бизнес эрхлэгчид ажлаа хэвийн явуулах, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, макро эдийн засгийн эрсдэлийг бууруулахад онцгой анхаарч байна.
- Бизнесийн таатай орчин бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, татварын орчныг илүү сайжруулах, шударгаар татвар төлөгчийг дэмжин татварын зардлыг бууруулна. Бид ХҮЧЭЭ НЭГТГЭЖ хамтдаа энэ бүхнийг хийх болно.
- Монгол Улсын Засгийн газрын нүд, чих та бүхний өмнө үргэлж нээлттэй. Миний зүрх, сэтгэл Монголоо гэсэн Та бүхэндээ ямагт нээлттэй байгааг хэлье.
Хоёр өдөр үргэлжлэх “Монголын эдийн засгийн чуулган-2018” хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ, Санамж бичигт гарын үсэг зурснаар өндөрлөнө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.