“Монголын эдийн засгийн чуулган 2018” энэ жил “Хүчээ нэгтгэе” уриан дор болж байна.
Хоёр өдөр үргэлжлэх Эдийн засгийн чуулганд Засгийн газрын гишүүд, бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга, хувийн хэвшлүүдээс гадна 21 аймгийн Засаг дарга нар анх удаа оролцож байна.
Чуулганд Дэлхийн банкны Хөрөнгө оруулалтын орчин, худалдаа, өрсөлдөх чадварын газрын захирал Кристин Жэнвэй Чианг хүндэт зочноор оролцож, “Олон улсын чиг хандлага ба Монгол Улсын боломж” сэдвээр илтгэл тавих юм. Өнөөдөр “Санхүү ба хөрөнгийн зах зээлийн өнөөдөр ба ирээдүй”, “Хариуцлагатай уул уурхай ба хүртээмжтэй өсөлт”, “Аялал жуулчлал ба агаарын тээвэр”, “Мега төслүүд ба төрийн өмчит компаниуд: Сайн засаглал ба хувьчлалын бодлого”, “Бидний үнэт зүйлс, ёс зүй ба нийгмийн зөвшилцөл”, “Улаанбаатар хотын эдийн засаг ба хөрөнгө оруулалт” зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг хийнэ.