Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар нийт 25 асуудал хэлэлцсэний дотор “Монгол Базальт” хаалттай ХК нь нээлттэй хувьцаат компани болон өөрчлөн зохион байгуулагдсантай холбогдуулан тус компанийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 56.4 сая ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэж, тогтоол гаргалаа.
Үүний 30 хувь буюу 16.9 сая ширхэг хувьцааг тус бүрийг 380 төгрөгийн тогтоосон үнээр нийтэд санал болгон худалдахыг “Монгол Базальт” ХК-д зөвшөөрөв. Гэхдээ нийтэд санал болгон худалдаалах хувьцааг зах зээлд 100 хувь арилжаалсан тохиолдолд үнэт цаасыг анхдагч зах зээлд нээлттэй худалдах ажиллагаа амжилттай болсонд тооцно. Иймд анхдагч зах зээлийн арилжааг хариуцлагатайгаар зохион байгуулахыг үнэт цаас гаргагч болон андеррайтингийн ба бусад үйлчилгээ үзүүлэгч нарт даалгалаа.
Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо