Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Б.Хурцыг С.Зориг агсны хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан өнгөрсөн сарын 23-ны орой хойшлуулашгүй ажиллагаа явуулж баривчлан, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорьсон юм. Түүнийг энэ сарын 8-ны өдөр 15 хоногоор үргэлжлүүлэн, хоёр удаа хугацааг нь сунгаж хорьж байсан бөгөөд өнөөдөр түүний цагдан хоригдох хугацаа дуусгавар болж байна.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр яллагдагч Б.Хурцын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах тухай санал ирүүлсэнийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2018.05.23/ хэлэлцжээ.
Шүүх хуралдаанд прокуророос дээрхи үндэслэл буюу “шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэснийг нотлох баримтыг ирүүлээгүй тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хугацааг сунгах саналыг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргалаа.
Өөрөөр хэлбэл, хэн гэдэг шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулсан гэх баримт мэдээг ирүүлээгүй байна.
Сэтгэгдэл (3)