УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Тэр УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд дарга Г.Батхүү амиа алдсанд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд түүнийг нас барсан байхыг анх олж харсан гэдгээ хэллээ.
Ингэхдээ тэр "Талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авсан, цагдаагийн байгууллага, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс дүгнэлт нь гарч байгаа учраас, мөн зарим сэтгүүлчид, хэвлэлийн байгууллага буруу, зөрүү мэдээлэл түгээж байгаа учраас нөхцөл байдлын талаар үнэнийг ярих нь зөв гэж үзлээ" гэв. Түүний ярьсан зүйлийг ямар нэг засваргүйгээр хүргэж байна.
О.Баасанхүү:
-Миний өрөө 111 тоот буюу хэрэг болсон газрын наад өрөө. 18.00 цагт УИХ-ын чуулган тараад, хүмүүстэй уулзаад гарч байгаад хэрэг учралтай таарсан. Би өөрөө хуульч хүн учраас, 20 гаруй жил эрүүгийн хэрэг учралын хавтаст хэргийг үзэж, иймэрхүү хэргийг харж байсан учраас тухайн үед авах ёстой зохих арга хэмжээнүүд юу байх вэ гээд шийдвэрүүдийг гаргасан.
Төрийн ордон бол хуультай, төрийн тусгай хамгаалалттай газар бөгөөд Тагнуулын ерөнхий газрын харьяанд байдаг. Тиймээс ТЕГ-ын зохих удирдлагуудад мэдэгдсэн. Хоёрдугаарт, уг хүн нь амь насаа алдсан эсэхийг тогтоох ёстой. 103 буюу эрүүл мэндийн байгууллагаас ирээд амь насаа алдсан байна, зохих газруудад мэдэгд гэсэн учраас нөхцөл байдлыг баримтжуулаад цагдаагийн байгууллагад өгсөн.
Манай өрөө хоёр давхар, хоёр хаалгатай тул тухайн үед дуу чимээ сонсогдох боломжгүй. Талийгаачийг унасан гэж ойлгож байгаа. Унасных нь дараа харсан. Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүйн тулд цаг, минут хэлэх боломжгүй. Сэтгүүлчид тэнд мөн байсан юм билээ.
Тухайн үедээ толгойдоо гэмтэл авсан уу, өөр байдлаар амиа алдсан уу гэдгийг мэдэхгүй. Толгой орчимд нь нэлэнхүйдээ цус болчихсон, хамар, амнаас нь цус гарсан байдалтай байсан. Тухайн үед Г.Батхүү агсныг гэж анзаараагүй, мэдэх боломж ч байгаагүй. Энэ золгүй явдал гадны нөлөөтэй байсан эсэхийг хуулийн байгууллага тогтооно.
Сэтгэгдэл (2)