Хотын дарга С.Амарсайхан өчигдөр Нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэн, аж ахуй нэгжүүдэд шагналыг нь гардууллаа. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 191 мянга гаруй татвар төлөгч иргэн, ААН-ийн дийлэнх нь буюу 75 хувь нь Улаанбаатар хотод төвлөрдөг байна. Тэд 2018 онд нийслэл, дүүргийн төсөвт 784.3 тэрбум төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлжээ. Нийслэлийн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр:
- “Жэйкобс инженеринг” ХХК
- “Жи Си Ар монголиа” ХХК
- “НБИК” ХХК
- “Спейшлайзд Карьер консалтинг” ХХК
- “Талх чихэр” ХК
- “Интернэйшнл медикал сентер” ХХК
- “Премиум конкрит” ХХК
- “Мөнххада” ХХК
- “Милко” ХХК
- “Нормет Монголиа” ХХК шалгаруулжээ.
Харин "Шилдэг татвар төлөг иргэн"-ээр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг нэрлэв. Тэр өнгөрөгч 2018 онд нийслэлийн төсөвт нэг тэрбум 300 сая төгрөгийн татвар төлсөн байна. Өчигдөр хотын даргаас өргөмжлөлөө гардаж авсныхаа дараа Л.Энх-Амгалан гишүүн өөрийн фэйсбүүк хуудсаар,
"НИЙСЛЭЛИЙН 2019 оны ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ ИРГЭН"-ээр шалгаруулсанд баярлалаа. Иргэдийн татварын мөнгө үр дүнгүй зүйлд зарцуулагддаг, ирээдүйгүй хөрөнгө оруулалт болдог, салхинд хийсдэг талаарх иргэдийн шүүмжлэлтэй би иргэнийхээ хувиар санал нэгддэг. Төсвийн хууль батлалцдаг гишүүний хувиар иргэдийн төлсөн татварыг үр ашигтай зарцуулах талаар байр сууриа байнга илэрхийлсээр ирсэн. Өөрөө татвар төлөгчийн хувьд миний төлсөн татвар улс орны хэрэгцээтэй зүйлд зарцуулагдаасай гэж өөрийн эрхгүй бодогддог” хэмээн бичсэн байна.
Тухайлбал, Л.Энх-Амгалан гишүүний татварт төлсөн 1,3 тэрбум төгрөг (түүн шиг 700 татвар төлөгч байхад л нийслэлийн төсөв бүрдчих нь байна) бол 150 хүүхдийн ортой нэг шинэ цэцэрлэг барих хэмжээний хөрөнгө. Тиймээс Л.Энх-Амгалан гишүүн татвараа шударгаар төлсөн нь иргэнийхээ үүргийг биелүүлсэн нэр төрийн хэрэг боловч, энэ мөнгө эргээд нийслэлчүүдэд ашиг тустай зүйлд зарцуулагдах ёстой. Тэгвэл жинхэнээсээ хотын даргын хэлсэнчлэн “нийслэл хотынхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, нийгэм, эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулсан” хэрэг болох юм.
Л.Энх-Амгалан гишүүний дараа нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэнээр Л.Элдэв-Очир, Л.Болдхуяг, Т.Баясгалан, Д.Ончинсүрэн нар, урлагийн салбарын шилдэг татвар төлөгч иргэнээр хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б. Чинбат шалгарсан байна.
Сэтгэгдэл (1)