УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр талийгаач Г.Батхүүтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Талийгаач Г.Батхүү гишүүнд тохиолдсон золгүй явдлын талаар харамсаж байгаагаа илэрхийлье. Энэ бол АН-ын харамсал биш, Монголын ард иргэдийн хувьд золгүй явдал тохиолоо.
Тавдугаар сарын 17-ны орой талийгаач Г.Батхүүтэй парламентад хамт ажиллаж байсны хувьд, адилхан авто спортоор хичээллэж, энэ спортын холбоотойн хувьд уулзаж, манай өрөөнд 10-15 минут саатаад гарсан. Тиймээс хамгийн сүүлд уулзсан МАН-ын гишүүн гээд байх зүйл байхгүй. Сүүлд уулзсан хүмүүсийнх нь нэг би. Талийгаачийг манай өрөөнөөс гарсных нь дараа 19:18 цагт миний бие бүлгийн хуралд орсон. Цагдаагийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгсөн" гэв.
Тэрээр үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Та тэр өдөр халамцуу байсан гэдэг нь үнэн үү?
-БНХАУ-д айлчлалаар яваад ирсэн гишүүдтэй өдрийн хоолонд хамт орсон. Ши Зиньпин даргын өгсөн бэлэг гээд шилтэй архи задласан. Гэхдээ халамцуу, гөлөмцүү явж байсан зүйл байхгүй.
-Авто раллигийн хуралдаанд ОХУ-ын төлөөлөгчидтэй уулзсан. Энэ үеэрээ оролцогчдын зардлыг ОХУ-ын тал даах ёстой гэж ярьсан гэсэн. Энэ үнэн үү?
-Тэр чинь болохоор Монголын автомашин, мотоциклиудын холбоо. Манайх болохоор Монголын офроадын холбоо гээд тусдаа. Тэр хурлын талаар юу болсныг надад хэлээгүй. Ямар ч байсан Торгоны зам уралдаан долдугаар сард болно гэдгийг ярьж байсан. Тэрийг би мэдэж байсан. Хурал нь гурван давхарт З.Энхболд даргын өрөөнд болсон шиг байгаа юм. Тэнд ОХУ-ын талаас зочид нь ирсэн. Бид хоёрын ярьдаг зүйл бол, энэ жил манай төрлийн спортын таван жилийн дүгнэлт буюу зургаа дахь жилийн ажил. Тамирчдын цол зэргийн асуудлыг Г.Батхүү гишүүнээр ахлуулсан холбоо шийддэг. Олимпийн хороо, спортын агентлагаас гурав гурван хүн оролцсон холбоо шийддэг юм. Миний зүгээс, “Манай тамирчдын цол зэргийн асуудлыг шийдэж өгөөч ээ. Зургадугаар сарын 15, 16-нд эхний том тэмцээн болно. Долдугаар сарын 20-27-нд олон улсын тэмцээн болно. Ийм учраас үндсэн холбоотойгоо нийлээд 44 мянган автоспорт сонирхогчдынхоо өмнө хэвлэлийн хурал хийгээд явъя” гэсэн. Гуравдугаар давхарт болсон хуралд би оролцоогүй.
-Талийгаач сэтгэл санааны хувьд ямар байсан бэ, тантай уулзахдаа?
-Зүв зүгээр явж байсан. Ер нь өөрөө жин нэлээд хассан нь анзаарагдаж байсан. Ер нь 2016 оны сонгуулиас хойш бид хоёр таараагүй. Жин нь нэлээд хасагдсан, нүүрний судас нь улайлттай харагдсан. Ах нь эмчилгээ хийлгэж байгаа гэдэг зүйл надад ярьсан.
-Талийгаач ганцаараа явж байсан уу?
-Ганцаараа. Төрийн ордонд уг нь битүү камер баймаар юм. Дээрээс нь намайг бүлэг рүү 19.18 цагт орж байхад сэтгүүлчид байж л байсан. Төрийн тусгай хамгаалалтын газрынхан байсан.
-Сэтгүүлчид та хоёрыг өндөр дуугаар ярилцаж байсан гэж ярьж байсан. Тийм зүйл байна уу?
-Тийм юм байхгүй. Юу чанга ярих вэ дээ.
-Талийгаач тантай уулзаж байхад хүн нэмэгдэж орж ирсэн үү. Утсаар ярьсан уу?
-Үгүй. Хэн орж ирээгүй. Миний өрөөнд миний зөвлөх байсан. Талийгаач ганцаараа орж ирсэн. Уулзалт 10-15 минут орчим л болсон байх. Талийгаач явснаас тав орчим хоногийн дараа би бүлгийн хурал руу орсон. Гарахдаа “Гадаа хүн хүлээгээд байна. Ах нь утсаар ярья” гэсэн.
-Та бүлгийн хурал дээр намын дарга У.Хүрэлсүхтэйгээ маргалдсан гэсэн?
-Маргаан байнга л явдаг шүү дээ. Тэр өдөр хоёр гишүүний асуудлыг ярилцсан. Ер нь таалагдахгүй бол улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, намаас хөөдөг гэсэн хандлага гараад байгаа. Тэр хандлагын хүрээнд би ч гэсэн ноднин арваннэгдүгээр сард өртөөд явж байсан. Сүүлийн үед удирдлага, зохион байгуулалттай холбоотой, 1072 хувьцаатай, мах, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой маргаан гарч байгаа. Намын мөрийн хөтөлбөртэй холбоотой ажил хэрэгч маргаан болж л байдаг.