Өнгөрөгч баасан гаригийн орой Ардчилсан намын дэд дарга Г.Батхүү Төрийн ордонд гэнэтийн байдлаар амиа алдсан эмгэнэлт хэрэг гарсан билээ. Үүнтэй холбогдуулан АН-ын удирдлагууд Ардчиллын ордноос мэдээлэл хийлээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан:
Тавдугаар сарын 17-нд 19:00 цагийн орчимд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд гэнэтийн байдлаар амь насаа алдсан цочирдом хэрэг боллоо. Гадны нөлөөтэйгөөр амиа алдсан байж болзошгүй байна. Учир нь талийгаач өнгөрсөн онд гадаад улсад иж бүрэн шинжилгээ хийлгэсэн байдаг. Эрүүл мэндийн хувьд ямар ч асуудалгүй байсан
АН-ын дэд дарга хүн ажлаа хийж яваад учир битүүлгээр амь насаа алдсанд бид гайхаж, цочирдож байна. Гэнэтийн энэ үйл явдлын жинхэнэ учрыг олохын төлөө хүлээлтийн байдалтай байна. Цагдаагийн байгууллагаас төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн амь насаа алдсантай холбоотойгоор үнэн мөнийг нэн даруй олно гэдэгт итгэж байна.
АН-ын дэд дарга Х.Тэмүүжин:
Төрийн ордонд 2-3 камер л байна. Үйл явдал гарсан газар ямар нэг хяналтын камер алга байна. Цагдаагийн байгууллага албан ёсны мэдээлэл хийгээгүй байхад зүрх нь хаагдсан гэх мэтээр янз бүрийн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр хурдтай тархаж байна. Энэ үйл явдал шатны ойролцоо болоогүй. Гонх гэж хэлдэг газар өндрөөс унасан байдалтай олсон. Их хэмжээний гэмтэл авсны улмаас нас барсан гэх урьдчилсан дүгнэлт гарсан.
Шүүх эмнэлгийн дүгнэлт эцсийн байдлаар гараагүй. Химийн шинжилгээний хариу гэхэд 14-21 хоногийн дараа гарна. Гадна талын үзлэг, задлан шинжилгээний хариу эхнээсээ урьдчилсан байдлаар гарч, их хэмжээний гэмтлийн улмаас нас барсан байж болзошгүй гэж байгаа.
Тухайн өдөр буюу баасан гаригийн орой 18:20 орчим цагт авто раллигийн хуралдаан тарсан. 18:30 цагт хуралдааны танхимаас гарсан гэж байгаа. 18:30 цагийн орчимд Б.Дэлгэрмаа даргатай утсаар ярьсан байсан. Хамгийн сүүлд УИХ-ын чуулганы танхимын камерт баруун тийш алхаж явсан бичлэг үлдсэн байсан. 19:30 цагт нэг давхарт унасан байдалтай олдсон ч 19.57-д цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг.
Камерийн бичлэгт бичигдсэнээс хойш хаана, юу хийсэн нь тодорхойгүй ч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн өрөөгөөр ороод гарсан мэдээлэл бий гэв.
Сэтгэгдэл (6)