УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар, Иргэдэд итгэлийн зээл олгох хуулийн төслийг дэмжлээ. Энэ талаар тус бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол мэдээлэв.
Тэрбээр, “Барьцаа хөрөнгөгүйгээс иргэд зээлд хамрагдаж чадахгүй байна. Тиймээс МАН-ын бүлгээс нийгмийн итгэлийг бий болгосон зээл олгох шаардлагатай хэмээн үзэж, энэхүү хуулийн төслийг санаачилж, өргөн барилаа. Энэхүү хууль батлагдсанаар, иргэд барьцаагүй, бага хүүтэй, урт хугацааны зээлд хамрагдаж, амьжиргаагаа өөд нь татах боломж бүрдэх юм” гэлээ.
Банкнаас зээл хүссэн мэдээлэлд хийсэн судалгаагаар, иргэдийн 90 хувь нь 20 сая төгрөг хүртэлх зээл хүссэн байна. Тиймээс итгэлийн зээлийн дээд хэмжээг хуулийн төсөлд тусгахдаа, 20 сая төгрөг байхаар тооцоолжээ. Харин зээл олгохдоо тодорхой шаардлага тавих юм байна. Тодруулбал, хугацаа хэтэрсэн зээлтэй, бусдын зээлийг батлан даасан хүнд зээл олгохгүй юм байна. Мөн сүүлийн нэг жилд бизнес эрхэлж байсан, өрхийн тогтвортой орлоготой иргэн зээл авах гэж буй хүнийг батлан дааж, зээл гаргаж өгөх боломжтой аж. Дээрх болзлыг хангасан 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн зээл авна. Төрөөс зээлийг хариуцан, нэг жилийн гурван хувийн хүүтэйгээр олгохоор хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн төслийн ажлын багийн тооцоолсноор, эхний жилд 200-300 тэрбум төгрөгийг Итгэлийн зээлээр олгох юм байна.
Судалгаагаар, Монгол Улсын 869.8 мянган өрхийн 22 хувь нь ядуу амьдарч байна. Тиймээс МАН-ын бүлэг иргэдийн хөдөлмөр эрхлэх, тогтмол орлоготой байх боломжийг бүрдүүлэхэд дээрх хуулийн төсөл шаардлагатай гэж үзсэн байна.
Энэхүү хуулийн төсөл батлагдвал, Нийгэм эдийн засаг, өрхийн аж ахуй, орон нутгийн тогтвортой хөгжил сайжрах, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, бичил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлэх юм. Мөн иргэдийн санхүүгийн боловсрол дээшилж, сахилга бат сайжирна гэж үзсэн талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцууллаа.
Мөн МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт "Иргэдэд барьцаа хөрөнгө шаардахгүй, итгэлийн зээл олгоно" гэж заасныг хэрэгжүүлэхээр Засгийн газрын ажлын хөтөлбөрт суулгасан байна.
Түүнчлэн олон улсын туршлагаас харахад БНХАУ Итгэлийн зээлийг маш амжилттай хэрэгжүүлж иргэдээ ядуурлаас гаргаж байна. Мөн ОХУ 2017 оноос итгэлийн зээлийг 80 хүртлэх сая төгрөг байхаар тооцон иргэдэд олгож байна гэлээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчидийн асуултад хариулт өглөө.
-Хөөн хэлэлцэх хугацаанаас болоод авлигын болон албан тушаалтнуудын хэрэг боловсон байдлаар өршөөгдөж байна гэх шүүмжлэл байна. МАН-ын бүлэг хуулийг эргэж судлах уу?
-Хөөн хэлэлцэх хугацаатай холбогдуулж Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлд Засгийн газар, Хууль зүйн яам ажиллаж байгаа.
-Итгэлийн зээлийн төслийг хэрэгжүүлснээр инфляци нэмэгдэнэ гэж харж байна. Зээлийг арилжааны банкаар олгох уу?
-Итгэлийн зээлийг олгосноор Макро тэнцвэрийг бататгасан, тогтвортой эдийн засгийг бий болгоно гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, үндэсний нийт орлогыг нэмэгдүүлж, дунджаас дээгүүр орлоготой орнуудын эгнээнд оруулахын тулд иргэдэд итгэлийн зээл олгож бүтээгдэхүүн гаргах үүднээс хуулийн төслийг боловсруулсан.
Зээл олгосноор эдийн засагт сөрөг үзүүлэлт гарахгүй. Төрийн банкаар дамжуулж, гурван хувийн хүүтэй олгоно гэж үзэж байгаа. Арилжааны банкиар дамжуулбал хүү дахиад өснө. Иймд төр нэг удаа иргэддээ итгэсэн үйлчилгээг бий болгоод өгөөч гэдэг зорилго тавьж байгаа учраас зөвхөн Төрийн банкиар олгох ёстой гэж харж байна.
Сэтгэгдэл (4)