Манай улсын Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд “Транспэрэнси интернэшнл” олон улсын иргэний нийгмийн эвслээс хөндөнгийн үнэлгээ хийснээ өнөөдөр танилцууллаа. Өнгөрсөн оны 12-р сараас өнөөдрийг хүртэлх үйл ажиллагаанд нь ажиглалт, үнэлэлт дүгнэлт өгч, улмаар цаашид хэрэгжүүлэх зөвлөмжүүдийг гаргасан байна. Дэлхийн хэмжээнд 129 улс оронд Авлигатай тэмцэх дагнасан байгууллага ажилладаг бөгөөд тэдгээрээс 29 нь Ази, номхон далайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж.
"Транспэрэнси интернэшнл"-ийн дүгнэлтээр манай улсын АТГ-ын ажлын гүйцэтгэл 77 хувь байгаа ч хөндлөнгийн нөлөөлөл 59 хувь байгаа нь авлигатай тууштай, үр дүнтэй тэмцэхэд саад болж, ерөнхий үзүүлэлтийг доош нь татаж байна гэлээ. Мөн олон нийтийн төсөөлөл хэт сөрөг байгаа нь авлигын эсрэг үйл ажиллагаанд тушаа болж, популистуудын зэвсэг болсон хэмээн дүгнэжээ. Олон нийтийн ойлголт хууль хүчний байгууллагуудын эрх хэмжээ, ажлын хамрах хүрээг ялгахгүй, нийтэд нь хамруулж дүгнэлт хийх хандлагатай байгаа тул авлигын мэргэшсэн шүүх, шүүгч, прокурортой байх шаардлага бий болсныг мөн дурдлаа.
Хөндлөнгийн үнэлгээний дүнд нийт 8 асуудлын хүрээнд санал зөвлөмж гаргасан байна. Тухайлбал, АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацааг бүрэн дуусгах эрх зүйн баталгаа, нөхцөлийг бүрдүүлэх, тус газрын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх, мэдээллийн нууцлалын баталгаажуулах стандарт загвартай болох, АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд идэвхжүүлэх зэрэг хэд хэдэн зөвлөмжийг тус байгууллагаас гаргажээ.
Сэтгэгдэл (1)