УИХ-ын дарга Г.Занданшатарт хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар “Нийтийн сонсгол зохион байгуулах тухай” албан бичгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, О.Баасанхүү нар өнөөдөр өргөн барив. Уг албан бичигт Улсын Их Хурлын 22 гишүүн гарын үсгээ зуржээ.
УИХ-аас Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай зэрэг хуулиудыг баталсан.
Гэвч бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг, бага насны хүүхэд элдэв гэмт хэргийн хохирогч, золиос болох, амийг нь хөнөөх, гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн осолд өртөх зэргээр хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдсөөр байна. 2018 оны байдлаар, нийт 34 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсноос дийлэнх нь төрсөн эцэг, хойт эцэг, хамаатан садан, эцэг эхийн найзуудад хүчирхийлүүлсэн байна. Үүнээс үзвэл хүүхэд гэр бүлийн хүрээнд хүчирхийлэлд өртөх нь их байгаа юм.
НҮБ-ын Хүүхдийн сангаас дэлхийн нийт хүн амын дөрвөн хүн тутмын нэг нь хүүхэд байхдаа ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж байсан гэсэн судалгаа гаргажээ. Үүний 12 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн байхад дөнгөж гуравны нэгийг нь л хуулийн байгууллага шалгадаг байна. Тус байгууллагын өөр нэгэн судалгаагаар хүүхдэд ээлтэй дэлхийн улсуудыг жагсаахад манай улс Пакистан, Бүгд Найрамдах Мозамбик Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтаар сүүлийн байрыг эзэлсэн байна. Мөн хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлт болон хөдөлмөрийн мөлжлөгийн үзүүлэлтээр ч сүүлийн байрт орсоор ирснийг гишүүд хэллээ. Иймд хүүхдийн эсрэг гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудал, бууруулах арга зам, цаашид авах арга хэмжээний талаар Нийтийн сонсголыг яаралтай зохион байгуулах, сонсголоос гарах санал зөвлөмжийг холбогдох байгууллагад хүргүүлэх, бодлогын баримт бичигт тусгуулах шаардлагын үүднээс уг албан бичгийг өргөн барьжээ.