УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны "Б" танхимд хуралдаж байна. Бүлгийн хуралдаанаар АТГ-ын дарга, дэд дарга нарыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэж байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын удирдлагыг чөлөөлөх саналаа УИХ-д албан бичгээр ирүүлжээ. Уг албан бичигт УИХ-ын 2011 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр 52 дугаар тогтоол гаргаж, АТГ-ын даргаар Н.Ганболдыг, дэд даргаар Б.Хурцыг тус тус томилсон бөгөөд энэ томилгоогоор АТГ-ын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон. Харин Н.Ганболд, Б.Хурц нар нь бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө чөлөөлөгдсөн учраас нөхөн томилгоогоор томилогдсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын бүрэн эрхийн хугацаа ч мөн 2011 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон гэж үзэж байгаа юм. Тиймээс Авлигын эсрэг хуулийн 21.21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилуулах саналаа хүргүүлж байгаа бөгөөд ажлын долоо хоногийн дотор шийдвэрлэж, дүгнэлт гаргаж өгнө үү гэсэн агуулга тусгажээ.
Сануулахад өнгөрөгч онд Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга Х.Энхжаргалыг албан тушаалаас нь чөлөөлөх саналаа УИХ-д оруулсан боловч "бүрэн эрхийн хугацаа дуусаагүй" гэдэг шалтгаанаар чөлөөлөх боломжгүй болсон. Үүний дараа УИХ төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж, томилгоот албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд нөхөн томилгоо хийсэн бол өмнө томилогдсон хүний бүрэн эрхийг хугацаанд ажиллах тухай шинэ заалт оруулсан байна.
АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа нь Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байгаа бол дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан нь ШШГЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд эдгээр нэр дэвшигчдийг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлээд байгаа гэнэ.
АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа нь:
Мэргэжил: Эрх зүйч, хууль зүйн ухааны магистр
Боловсрол:
- 1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль
- МҮДС Хууль зүйн ухааны магистр
Ажлын туршлага:
- 1995-1996 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч;
- 1996-2001 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч,
- 2002-2003 онд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч;
- 2003-2006 онд Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;
- 2006-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;
- 2008-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга;
- 2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал;
- 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн даргаар тус тус томилогдон ажилласан.
- Одоо Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байна.
АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан нь:
Боловсрол:
- Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулт
- Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн
- Мөн ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
- 2007-2016 оны хооронд АТГ-т хэлтсийн дарга
- 2016-2017 оны хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан туршлагатай юм байна.