Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ дахь төрийн айлчлал өчигдөр эхэлсэн билээ. Түүнийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Кун Шюаньёу, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нарын төлөөлөгчид угтан авчээ.
Өчигдөр БНХАУ-ын Дяоюйтай төрийн ёслол, хүндэтгэлийн цогцолборт тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхжээ. Харин өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж албан ёсны хэлэлцээ хийх юм.
Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын багт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Я.Санжмятав, Шадар сайд Ө.Энхтүвшин, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх нарын албан ёсны төлөөлөгчид болон Ажлын хэсэг, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчид дагалдан явж байна.