С.Зориг агсныг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдаж хорих ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргийн харьяаллыг өөрчилж, Авлигатай тэмцэх газраас Цагдаагийн ерөнхий газрын Тусгай субъектийн хэлтэст өнгөрсөн долоо хоногт шилжүүлсэн.
Энэ хэрэгт тагнуулын хоёр, ШШГЕГ-ын хоёр ажилтан буюу нийт дөрвөн хүнийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгахдаа хууль зөрчсөн, эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр цагдан хорьсон байдаг. Түүнчлэн Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцаас дээрх хэрэгтэй холбоотой зайлшгүй тодруулах шаардлагатай зүйлс байсан учир 48 цагийн хугацаатай түр саатуулан, тайлбар авсан байна.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Авлигатай тэмцэх газарт 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл буюу гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчих гэдэг зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан хэргийг Улсын ерөнхий прокуророос харьяалал тогтоож, 2019 оны дөрөвдүгээр сарын 19-нд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд шилжүүлсэн. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Хэрэгтэй холбогдуулан 2019 оны дөрөвдүгээр сарын 23-нд ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцыг хойшлуулшгүйгээр саатуулсан. Үргэлжүүлэн саатуулах эсэх талаар прокурорын газарт санал хүргүүлээд байна" гэлээ.