Хэнтий аймгийн 42 дугаар тойргийнхон парламентад төлөөлөлгүй болсоор нэг орчим жил өнгөрч буй. Учир нь УИХ гишүүн асан Д.Гантулга хүчингийн хэрэгт нэр холбогдож, өнгөрсөн жилийн зургадугаар сард гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.
Тиймээс УИХ-аас тус тойрогт нөхөн сонгууль явуулахаар шийдвэрлэж, сонгуулийн санал авах өдрийг 2019 оны зургадугаар сарын 30-нд байхаар тогтоосон. Ийн Хэнтийн тойрогт нөхөн сонгуулийн тоолуур гүйж эхлээд буй.
Тэгвэл энэ цаг үед 2020 оны УИХ-ын сонгуулийн өнгийг тодорхойлох Хэнтийн 42 дугаар тойрогт улс төрийн нам, эвслээс хэн гэдэг нэр дэвшигчийг сойж, бие даагчдаас хэн гэдэг аавын хүү “тоглох” бол гэсэн таамаг ирэх наадмын бөхийн таавраас илүү олны анхаарлыг татаж байна.
Ямартай ч, Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд хэн өрсөлдөж, намдаа ялалтын тугийг мандуулах вэ гэдэг хүлээлтийн хариу гарахад ердөө хоёрхон сарын хугацаа үлдлээ. Тэгвэл улс төрийн хүрээнийхэн дунд яригдаж буй нэрсийг эхний байдлаар таамаглах гээд үзье.
Юуны өмнө, 2016 оны УИХ-ын сонгуулиар тус тойрогт МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон Д.Гантулгатай хамт АН-аас Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар, МАХН-аас улсын начин Б.Одхүү нар нэр дэвшин өрсөлдөж байсныг эргэн сануулъя.
МАН
Нөхөн сонгууль болох нь тодорхой болмогц хамгийн түрүүнд МАН-аас тус намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэр яригдаж эхэлсэн. Гэсэн ч тэрбээр нөхөн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ МАН-ынхаа бүлгийн хурал дээр УИХ-ын гишүүн М.Билэгтийн тавьсан асуултад хариулсан байдаг. М.Билэгт гишүүн “Хэнтийд нөхөн сонгууль болох нь тодорхой боллоо. Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх та нутагтаа нэр дэвшинэ биз дээ. Хариулт өгөөч” гэхэд нь Засгийн газрын тэргүүн “Би Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшихгүй. Надад нэр дэвших шаардлага байхгүй. Хангалттай давхар дээлтэй байна” гэснээр У.Хүрэлсүх сайдын нэр жагсаалтаас хасагдсан. Гэсэн ч нэр дэвшихгүй гэж байгаад ард түмний хүслээр нэрээ дэвшүүлэхээр боллоо гэдэг нь улстөрчдийн гэм биш зан болсон. Хэрэв У.Хүрэлсүх сайд нэр дэвшвэл, түүний ерөнхий менежерээр Л.Оюун-Эрдэнэ дарга ажиллах сурагтай. МАН-ын бас нэгэн нууц хөзөрт эмэгтэй хүн байна гэсэн мэдээлэл гарсан. Тэд “хэн бэ” гэдгийг нь тун чиг нууцалж байгаа гэнэ лээ.
Мөн нөхөн сонгуульд Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга, “Идеал” группын ерөнхийлөгч М.Батбаяр болон гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат нарын нэр жагсаалтын эхэнд байна. Олны яриагаар энэ удаад ч гэсэн МАН залуу боловсон хүчнээ нөхөн сонгуульд сойж магадгүй гэнэ. Хамгийн их яригдаж буй эрхэм бол “Идеал” группын захирал М.Батбаяр аж. Тэрбээр нутаг нэгтэй ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн дэмжлэгийг авах магадлал өндөртэй нэгэн юм байна. Юутай ч, 65-ын бүлэг, Засгийн газрын нэр хүнд тийм ч сайнгүй байгаа энэ үед 42 дугаар тойргийг МАН авахаасаа илүү алдах магадлал байгаа болов уу гэж улс төр судлаачид тааж буй.
АН
АН-аас хамгийн нэр дэвших магадлал өндөртэй хүнээр УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар нарыг нэрлэж болно. 2016 оны сонгуулиар Д.Гантулгад өвдөг шороодсон Ж.Оюунбаатарын тухайд өнгөрсөн хугацаанд зүгээр суугаагүй нь хэнтийчүүдийн түүнд ам сайтай байгаагаас харж болно. Учир нь, өнгөрсөн хугацаанд Ж.Оюунбаатар ялагдлыг боломж болгож, улс төр, нутаг усандаа тун идэвх, санаачилгатай ажиллах болсныг нутгийн зон олон ярьж байна. Тэрбээр УИХ-ын сонгуульд өвдөг шороодож, аймгийн Засаг даргын ажлаа өгснөөсөө хойш Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дэд даргын албыг хашиж буй. Түүнд улс төрийн карьераа үргэлжлүүлэх сонирхол байгаа нь илт. Тиймдээ 42 дугаар тойргийг “онилж” суугаа гэж үзэх нэгэн байна. Гэсэн ч бөмбөг бөөрөнхий байдгийн адилаар Ж.Оюунбаатарын хувьд нөхөн сонгууль гэхээс илүүтэй 2020 онд нэр дэвшихийг илүүд үзэж ч болохыг өөр бусад нь ярьж байна.
Харин Б.Гарамгайбаатарын тухайд 2000 оноос хойш АН-ынханд нүүр өгөлгүй, сонгуулийн газрын зураг дээр улаанаар тэмдэглэгдэж ирсэн Хэнтий аймгаас 2012 онд анх удаа сонгогдсон АН-ын гишүүн. Хэдийгээр замын компани нь тийм ч сайнгүй ч хувь улстөрчийнхөө хувьд нуруутай нэгэн гэж яригддаг. Бас нэгэн сонирхолтой хүний нэр дуулдсан нь мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж. Түүнийг Хэнтийн нөхөн сонгуульд АН-аас нэр дэвшиж магадгүй гэсэн үнэн худлын аль нь үл мэдэгдэх таамаг ч хөвөрч явна лээ. Ямартай ч тэрбээр, нөхөн сонгуультай холбоотойгоор ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байгаа юм.
МАХН
МАХН-аас тус намын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нарын хэн нэг нь нэр дэвших болов уу гэсэн ч эцэстээ, намын дарга Н.Энхбаяр дэвшихээр болсноо зарлачихсан байгаа.
Бие даагчид
Сүүлийн үед Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Хэнтийн тойргийг нөхөн сонгуулийг сонирхож байгаа гэх албан бус мэдээлэл гарсан. Хэрэв үнэн бол АН-аасаа, эсвэл бие даан нэр дэвших үү гэсэн бас л тааварлашгүй таамаг гарч ирж таарна. Түүнчлэн хуульч Л.Батжав 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвших нь тодорхой болчхоод буй. Мөн Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул Монгол Улсын начин Б.Одхүү 2016 оны сонгуульд тус тойрогт МАХН-аас нэр дэвшин өрсөлдөж байсан. Гэсэн ч намын даргадаа тойргоо “булаалгасан” учир бие даан нэр дэвшихээр болсноо олон нийтэд илэрхийлээд буй. Бие даагчдын жагсаалт үүгээр дуусахгүй хөвөрсөөр байх бололтой. Хэнтий аймгийн уугуул, өрх толгойлсон н.Нарантуяа гэдэг бүсгүй хэдийнэ бие даан нэр дэвшихээ илэрхийлсэн бол Улаанбаатар хотод томоохон бизнес эрхэлдэг нэгэн эрхэм бас дэвшинэ гэдгээ олон нийтэд зарлажээ. Ийн бие даагчид эдгээр таван эрхмээр тогтохгүй байх нь бололтой.
Ямар боловч, энэ бүх таамаг ердөө ес хоногийн дараа хэн гэдэг нэр дэвшигчид 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн гараан дээр зогсох нь тодорхой болно. Хэн ч нэр дэвшлээ гэсэн Хэнтийн тойргийн нөхөн сонгууль бол ирэх 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөх том бие халаалт, намуудын рейтингийг тогтоох сунгаа гэдгээрээ чухал ач холбогдолтой.
Нэмж мэдээлэхэд, улсын дээд шүүхэд бүртгэлтэй 31 намаас 27 нам Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох боломжтой. Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт Мөрөн, Жаргалтхаан, Цэнхэрмандал сумд багтдаг. Тус тойргийн нөхөн сонгуульд нийт 17 мянга 450 сонгогч санал өгнө. Энэхүү нөхөн сонгуульд 287,6 сая төгрөг зарцуулахаар баталсан. Сонгуульд оролцох нам, эвсэл ирэх тавдугаар сарын 1-нээс өмнө СЕХ-нд хүсэлтээ гаргаж, тавдугаар сарын 24-30-нд нэр дэвшигчдээ тодруулж, бүртгүүлэх ёстой. Хэнтий аймгийн сонгуулийн хороог өчигдөр буюу энэ сарын 21-ний өдрөөс өмнө байгуулж, аймгийн сонгуулийн хороо нь сумын сонгуулийн хороодоо дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөс өмнө байгуулах юм байна. Ийнхүү нөхөн сонгуулийн аймаг, сумын хороод байгуулагдсанаар сонгуульд оролцох нам, эвслүүдийг бүртгэх ажиллагаа эхэлнэ гэсэн үг.
Б.Бямбасүрэн
Сэтгэгдэл (2)