Монгол улсын Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өчигдөр хэлэлцэн хуулийн төслийг баталлаа. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм.
Монгол Улс анх 1964 онд Австрийн Вена хотноо болсон их хурлаас хэлэлцэн баталсан ДШХ-ны дүрмийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсныг 1968 онд БНМАУ- ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар соёрхон баталжээ. Улмаар 2003 онд уг дүрмийн 3, 4, 5, 6 дугаар нэмэлт протоколыг, 2006 онд 7 дугаар нэмэлт протоколыг, 2011 онд 8 дугаар нэмэлт протоколыг Улсын Их Хурлаас тус тус соёрхон баталсан байна.ДШХ-ны Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит 26 дугаар их хурал 2016 оны 9 дүгээр сард Туркийн Истанбул хотноо хуралдаж, холбогдох баримт бичгүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь дүрмийн 9 дүгээр нэмэлт протокол юм. Иймээс Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу ДШХ-ны дүрмийн 9 дүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулжээ. Манай улс тус холбоонд элссэнээс хойшхи хугацаанд хүлээсэн үүргээ тасралтгүй биелүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бүс нутгийн болон олон улсын түвшинд зохиогддог үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн. Тухайлбал, тус холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр 2003 оноос “Олон талт" төслийг хэрэгжүүлсний зэрэгцээ Шуудангийн тухай хуулийн төслийг боловсруулах, салбарын боловсон хүчнийг сургах, чадавхижуулах зорилгоор Дэлхийн шуудан холбооны зөвлөх мэргэжилтнүүдийг урьж ажиллуулсан. Мөн тус холбооны зардлаар олон улсын хурал, зөвлөгөөн, богино хугацааны сургалт, семинарт дотоодын мэргэжилтнүүдээ хамруулдаг талаар Засгийн газрын гишүүн танилцуулгадаа дурдав.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа танилцууллаа.
Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд ОХУ болон БНХАУ дэлхийн шуудан холбоооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон баталсан эсэх, шуудан харилцаанд нэгэн адил нөхцөлөөр дамжин өнгөрөх гэдэгт үнийн адил нөхцөл багтаж байгаа эсэх, УИХ-ын гишүүн А.Ундраа энэхүү нэмэлт протоколыг соёрхон баталснаар Монгол Улсын дотоодын шуудан харилцааг сайжруулах, шуудангийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгоход чиглэсэн ямар ахиц, дэвшил, боломжийг бий болгох талаар тус тус асуулт асууж, хариулт авсан. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн хэмээн дурдлаа.
Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ундраа, С.Бямбацогт асуулт асууж, хариулт авсны дараа Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.4 хувь нь дэмжив.