Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрладаг уурхайд хоолны хордлого гарсны улмаас Халдварт өвчин судлалын үндэсний төвд (ХӨСҮТ) хэвтэн эмчлүүлж байсан 119 иргэнээс 91 нь эмнэлгээс гарсан тухай мэдээллээ тус төвийн холбогдох албаны хүмүүс өглөө.
ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний нэгжийн дарга Н.Сувдмаа "Одоогоор Цогтцэций болон Гурвантэс суманд гарсан хордлогын голомтод ажиллаж, нийт 758 хүнээс асуумж судалгаа авсан. Эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн 117 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдгээр нь голдуу 19-60 насны хүмүүс байна" хэмээн мэдээлжээ.
Эдгээр өвчтөнүүдэд илэрч буй шинж тэмдэгт:
-
Усархаг суулгалт
-
Толгой өвдөх
-
Гэдэс базлах
-
Халуурах зэрэг багтаж байгаа аж.
Нян судлалын шинжилгээгээр сальмонелла төрлийн бактери илэрсэн бөгөөд энэ нь сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, цөцгийн тосонд үрждэг, ахуйн замаар дамждаг гэдэсний халдвар юм. Тус халдвар нь хөнгөнөөс хүнд хэлбэртэй илэрч, антибиотик болон шингэн нөхөх эмчилгээ хийдэг байна.
Халдварт өвчин дэгдэж буй энэ үед иргэд дараах зүйлд анхаарах шаардлагатайг мэргэжилтнүүд анхааруулж байна:
-
Гараа тогтмол угаах
-
Баталгаатай, эрүүл хүнс хэрэглэх
-
Хоол хүнсийг зөв хадгалах
Учир нь дулааны улиралд хоолны хордлогын эрсдэл эрс нэмэгддэг хэмээн эмч нар зөвлөж байна.
Сэтгэгдэл (1)