Үндэсний статистикийн хороо болон НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын хамтран хийсэн судалгаагаар Хүн ам, орон сууцны тооллогоор гадаадад тоологдсон иргэдийн тоо 2024 оны байдлаар 187,000 мянган иргэн байна гэсэн судалгаа гарсан. Тэгвэл эдгээр иргэдийн хувьд төрийн үйлчилгээг цахимаар авах хэрэгцээ шаардлага багагүй тулгардаг хэдий ч хараахан И-Монголиа системд бүртгэлгүй учир төрийн үйлчилгээг авах боломжгүй асуудлууд тулгараад байгаа юм.
Хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдэд учирдаг төрийн үйлчилгээг авахад дотоодын үүрэн холбооны үйлчилгээний хэрэглэгчийн дугааргүй байх хүндрэлийг шийдвэрлэх, LIME аппликэйшн болон түүний онлайн утасны дугаар, холбогдох үйлчилгээг ашиглан хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдэд Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (E-Mongolia)-ийн үйлчилгээг илүү хялбаршуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээ авахад тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэр зорилгоор “И-Монгол академи” УТҮГ болон “Онлайм Нетворк” ХХК өнөөдөр /2025.04.18/ хамтран ажиллах гэрээ байгууллаа. Хамтран ажиллах гэрээнд “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран, “Онлайм Нетворк” ХХК-ийн захирал С.Тулга нар гарын үсэг зурлаа.
Цаашид хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхээс гадна дараа дараагийн удаад Монгол Улсын иргэдийг гадаад улс руу зорчихоос нь өмнө энэ талын мэдлэг мэдээллээр хангаж ажиллах ажлыг шат дараатай зохион байгуулна гэдгийг онцолсон юм.