Европын Төв банкнаас (ЕТБ) дөрөвдүгээр сарын 18-нд болсон хурлын үеэр бодлогын хүүг 25 суурь нэгжээр бууруулж, 2.25 хувь болгон шинэчлэв. Энэ нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд долоо дахь удаагаа дараалан хүү бууруулж буй шийдвэр бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шинэ тарифын бодлогоос үүдэлтэй тодорхойгүй байдал нэмэгдэж буй үед гарч буй онцгой алхам юм.
ЕТБ-ны мэдэгдэлд дурдсанаар, дэлхийн худалдаанд үүсээд буй хурцадмал байдал нь еврогийн бүсийн эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөвт сөргөөр нөлөөлж байна. Тус банк 2022–2023 онд инфляц хэт өндөр үзүүлэлттэй байсан тул хүүгээ тогтмол өсгөж ирсэн ч 2024 оны зургадугаар сараас хойш хүүг бууруулах бодлого руу эргэн шилжжээ. Одоогийн байдлаар инфляц 2.2 хувьтай байгаа нь банкны зорилтот түвшин болох 2 хувьд ойртсон үзүүлэлт боловч тогтворжсон гэж үзэхэд эрт байгааг анхааруулж байна.
Гэсэн хэдий ч эдийн засгийн өсөлтийн сул дохио энэ удаагийн шийдвэрт голлон нөлөөлсөн. Еврог гүйлгээнд ашигладаг 20 улсын эдийн засаг 2024 оны сүүлийн улиралд ердөө 0.2 хувиар өссөн нь эдийн засгийн идэвхжил сул байгааг илтгэж байна. Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дөрөвдүгээр сарын 2-нд дэлхийн улс орнуудад шинэ татвар ногдуулах тухай зарлаж, үүний дотор Европт 20 хувийн татвар ногдуулах магадлалтай болсон нь бизнес эрхлэгчдэд тодорхойгүй байдал үүсгээд байна.
АНУ-ын эдгээр татварыг 90 хоногийн дараа хэрэгжүүлж эхлэхээр хойшлуулсан ч Европын улс орнуудын хувьд экспортын зардал нэмэгдэх, бизнесийн үйл ажиллагаа хумигдах эрсдэлтэйг эдийн засагчид онцолжээ. Энэ нь ч Кристин Лагардын гуравдугаар сарын 6-нд хэлж байсанчлан, хүү бууруулах үйл явцыг түр зогсоох боломжийг үгүй болгосон юм.
Эх сурвалж: DW