Зайсангийн гүүрний өргөтгөл, шинэчлэлийн ажил энэ оны зургаадугаар сарын 30-нд дуусаж, бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөгдөн, ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Төслийн хүрээнд хуучин гүүрийг 2024 оны нэгдүгээр сард буулгаж, орчин үеийн стандарт хангасан шинэ гүүр барих ажлыг эхлүүлсэн юм.
Замын хөгжлийн газрын гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгийн мэдээлснээр, Зайсангийн шинэ гүүр нь 225 метр урттай, дөрвөн эгнээ бүхий төмөр бетон байгууламж байх бөгөөд барилгын ажил төлөвлөгөөний дагуу амжилттай үргэлжилж байна. Завсрын тулгуур суурилуулалт 80 хувьтай байгаа бол баруун, зүүн, урд болон хойд захын тулгуурын ажил бүрэн дууссан байна.
Одоогоор нийт таван ширхэг дам нуруу угсарч суурилуулсан бөгөөд 18, 21, 25 метрийн урттай нийт 50 дамнуурга байршуулах ажил хийгдэхээр төлөвлөгдсөн байна. Энэ нь гүүрийн бүтцийн ачаалал даах чадвар, бат бөх байдлыг хангах чухал хүчин зүйл болж байгаа юм.
Харин Зайсангийн гүүрний өргөтгөлийн хүрээнд баригдсан баруун гүүрийг 2023 онд ашиглалтад оруулсан бөгөөд одоо баригдаж буй хэсэг нь нийт төслийн хоёр дахь шат юм.
Зайсан орчмын хөдөлгөөний ачааллыг бууруулах, авто замын урсгалыг оновчтой зохицуулах зорилготой тус гүүрийн шинэчлэл дууссанаар нийслэлийн урд бүсийн хөдөлгөөний нөхцөл байдал эрс сайжрах юм.
Эх сурвалж: Замын хөгжлийн газар