Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүргэдийн баяр-2025” наадам “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болж байна.
Тус наадам энэ амралтын өдрүүдээр үргэлжилж, Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Архангай аймгаас нийт 22 бүргэдчин, Казахстан, Киргизстан улсаас төлөөлөл оролцож байна.
Наадмын үйл ажиллагааг нээж, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа:
-“Нүүдэлчдийн дайчин уламжлал, ёс зан заншил, дахин давтагдашгүй өвөрмөц соёл, ахуй амьдралын онцлогийг ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, Монгол орныг дэлхий дахинд сурталчлан таниулах, үндэсний ёс зан заншил, өв уламжлалаар дамжуулан гадаад, дотоодын жуулчдыг татах зорилгоор “Бүргэдийн баяр” наадмыг 19 дахь жилдээ зохион байгуулж байна. Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, олон талт арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлсний үр дүнд бид түүхэндээ хамгийн өндөр буюу 805 мянга гаруй жуулчин хүлээж авсан амжилтаар шинэ оныг угтаж байна. Энэхүү үйлсэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа байгууллагууд, аялал жуулчлалын мэргэжлийн болон хувийн хэвшлийн байгууллагууд дор бүрнээ манлайлан оролцож, ихээхэн хувь нэмэр оруулан ажиллаж байгаад талархаж байна. Энэ удаагийн наадамд Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Баян Өлгий аймаг, Төв аймаг, Сэлэнгэ аймгаас бүргэдчид, соёлын биет өвийг тээгчид оролцож буйгаараа онцлог. Цаашид Улаанбаатар хотын эдийн засагт төдийгүй соёлын болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд “Бүргэдийн баяр” наадам тодорхой хувь нэмэр үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Түүнчлэн аялагч, жуулчдын хүсэн хүлээдэг наадам болж, Монгол Улсыг дэлхий дахинд сурталчлан өргөжин тэлэхийг ерөөе” хэмээлээ.
“Бүргэдийн баяр-2025” наадмаар:
Монгол анч тайга нохойны гэр музейгээр зочлох
Морь, тэмээ унах
Нум сум харвах
Алтыбакан казак үндэсний савлуур
Казак гэрт, казак үндэсний дээл хувцас өмсөж зураг авхуулах.
Худалдааны хэсгээр зочилж, гар урлалын үзэсгэлэн худалдаанд оролцож худалдан авалт хийх
Бүргэд, харцага, шонхор шувуудтай зураг авхуулах
360 камераар зураг даруулах боломжтой.
Мөн “Бүргэдийн баяр-2025” наадмаар дараах үзүүлбэрийг үзэж сонирхоорой.
Монгол анч тайга нохойны үзүүлбэр
Эвт сум морьт харвааны клубийн Морьт харвааны шоу тоглолт
“Бүргэдээр ан бариулах тэмцээн"
Харцага, Шонхор шувуудын шоу тоглолт /Монголын шувуулахуйн холбоо/
Казах үндэсний тоглоом
Kөкбар-тулам булаалдах,
Газраас зоос шүүрэх тэмцээн болно.