Монгол Улсад анх удаа хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тендерийг өнөөдөр 16:00 цагт нээх гэж байна. Уг үйлдвэрийг Морингийн даваа болон Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийг түшиглэн байгуулах бөгөөд хог хаягдлын менежментийг сайжруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрс, орчны бохирдлоос сэргийлэх, хүлэмжийн хийг бууруулах чухал ач холбогдолтой юм.
Жилд 300-400 мянган тонн хог шатааж, 24 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр ашиглалтад орсноор зөвхөн шинэ хог хаягдлыг бус, сүүлийн таван жилд булсан хогийг ч цэвэрлэх боломж бүрдэх аж.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийслэлийн удирдлагын баг ажлаа авснаас хойш хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх эрх зүйн гацааг арилгах, төлөвлөлт, судалгааны ажлыг нарийвчлан хийхэд анхаарлаа хандуулсан. Ингэснээр томоохон төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхэд бэлэн болсныг дуулгахад таатай байна” хэмээн онцоллоо.
Үйлдвэрийг 24 сарын хугацаанд барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл (4)